Чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үе гэдэг шиг алтан, төмөр, цаасан, цахиуран мөнгөний үеүд дуусаж биткойн тэргүүтэй блокчэйн мөнгөний эрин үе дөнгөж эхэлж байна. Мөнгө өөрчлөгдөх тутам хүн төрөлхтөнд мөнгө гэж юу вэ гэсэн асуулт ахин дахин урган гарч ирдэг, харамсалтай нь өдийг хүртэл энэ асуултын хариулт олдоогүй, нэг үгээр хүмүүс өөрсдийнхөө юу зохиосныг одоо хүртэл мэдээгүй яваа. Мөнгөнд өгсөн тодорхойлолт мөнгө өөрчлөгдөх тутам даган өөрчлөгдөж байдаг, блокчэйн технологи ч ялгаагүй, мөнгөний тухай ойлголтоо дахин харж, шинээр тодорхойлох цаг болсныг сануулж байна. Мөнгө гэж юу вэ?
Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн аугаа бүтээл бол мөнгө гэлтэй, эсвэл мөнгө хүн төрөлхтнийг бүтээсэн ч гэж хэлж болох юм. Хүн анхдагч уу? Мөнгө анхдагч уу? Мэдээж хүн. Гэвч мөнгө бий болохоос өмнө хүн бусад амьтдаас гойд ялгарах зүйлгүй байв. “Хүн бол наймаалцдаг амьтан” хэмээх үг гүн ухааны түвшинд хүчинтэй, нэг үгээр хүний амьтнаас ялгарах хамгийн онцгой зүйл нь мөнгө гэчихвэл буруудна гэж үү?
Зуугаад мянган жилийн өмнөөс хүмүүс наймаалцаж эхэлсэн ч тэр үед мөнгө байгаагүй, баруун зүүнээрээ бартердаж байх үеэс мөнгөний анхны хэрэгцээ бий болж эхлэв. Хаана ч, хэн ч “ОК” гээд шууд авчихдаг барааг хүмүүс хүсч байв. Шоронд бол тамхийг мөнгө болгож ашигладаг, хүн бүр тамхи татах албагүй ч тамхичид нь тамхийг эрэлттэй болгож, үнэ цэнийг нь хадгалж байдаг, тиймээс тамхи татдаггүй хүн ч тамхийг дуртайяа халааслана. Баян наймаачид наймааныхаа үнэ цэнийг хадгалахын тулд зөөж авч явахад авсаархан, удаан хадгалахад муудчихгүй, элэгдэж ууршаад дуусчихгүй, мөн жижиглэж хуваахад хялбар, тийм л барааг хүсэж байв. Тавхан мянган жилийн өмнөөс үр тариа эдгээр шаардлагыг бүрэн хангаж, нэгээхэн үед мөнгөний анхдагч хэлбэрийг тодорхойлж, нэгдсэн нэг наймааны хэрэгсэлтэй болж болох алтан санааг хайрлав.
Яваандаа дун, хясаа, явуу, цаашлаад алт, мөнгөөр наймаалцах болсон нь дэлхийн стандарт болсоор өдийг хүрлээ. Гурав хүрэхгүй мянган жилийн өмнөөс зоос бий болж, улс үндэстэн өөрсдийн хаадаар, шашин номынхон өөрсдийн бурхдын дүрээр зоос дэлдэж эхлэв. Зоосон дээр дэлдсэн үг үсэг, дүрснээс шалтгаалж алтны үнэ цэн өөр өөр байгаа нь мөн л мөнгөний тухай хүн төрөлхтний ойлголтыг үндсээр нь өөрчлөв. Христийн нэрийг нь ч сонсохоос цээрлэдэг исламын шашинтнууд Есүсийн дүрээр дэлдсэн зоосыг халааслан явахаас татгалздаггүйгээр барахгүй харин ч дуртай байв. Христийнхэн ч мөн адил Мухамедийг, ер нь л дайсан улсынхаа хааны зургийг зүрхэн тушаа газраа нандигнан хадгалах нь сонин үзэгдэл биш гэж үү?
Төр эргэж хаан солигдоход зоосон дээрх царай ч солигдоно, хуучин хааныхаа зоосыг шинэ хаан өөрийн зоосоор худалдан авч, зарим шуналтай хаад өөрсдийн зоосонд хямдхан металл холин дэлдэж эхэлсэн нь яваандаа алтан зоосыг хэрэглээнээс шахаж, илүү хатуу, илүү хямдхан металл зооснуудыг моодонд оруулав. Төр солигдох тоогоор зоосон дахь алтны хэмжээ буурсаар байсан нь алтан зоосыг наймааны хэрэгслээс илүүтэй хадгаламжийн хэрэгсэл болгож, алт хадгалсан хүмүүс төр солигдохыг тэсэж ядан хүсэх болж, хуучин хаад ирээдүйн хааддаа эрдэнэсээ алдах шалтгаан болов. Өөрсдийн эрдэнэсийн санг салаагаараа урсгаж, иргэд нь төрөө нураасай хэмээн залбирах хэврэг гүрэн байхаас болгоомжилсон Их Юань улс мянга ч хүрэхгүй жилийн өмнө хамгийн анхны алтан баталгаат цаасан мөнгийг барлав. Хуурамчаар барласан хүнийг гэр бүлээр нь цаазлах ял бүхий уг цаасан мөнгө өнөөдөр бидний халаасанд халтайх хэдэн халтар мөнгөний өвөг эцэг юм. Одоо ч Хятад улсад мөнгөө юань гэж нэрлэдэг нь ийм учиртай. Ийнхүү алтаар баталгаажиж, хааныхаа нэрээр барлагдсан цаас өвөрлөсөн иргэд нь харин ч төрөө үүрд оршин байж, улам хүчирхэг болоосой хэмээн залбирдаг болцгоов.
Одоогийн мөнгөнөөс тэр үеийн анхны цаасан мөнгөний ялгаа нь алтан баталгаа байв. Шуналтай хаадын алдаа бидэнд цаасан мөнгийг бэлэглэсэнтэй ижил шуналтай төрийн алдаа бидэнд орчин үеийн модерн мөнгийг бэлэглэв, нүдийг нь сохлох гэж байгаад нуухыг нь авав. Байгаа алтнаасаа илүү хэмжээгээр цаасан мөнгө нууцаар хэвлэж, ард иргэддээ молиго үмхүүлж байсан төрийн луйвар ирээдүйн аугаа санааг хүмүүн төрөлхтөнд хайрласан нь фиат мөнгө байсан юм. Фиат мөнгө гэж юу вэ?
Тэр үеийн худалдаа наймааны төв болох Италид газар газрын наймаачид газар газрын мөнгөөр наймаа хийж байсан нь бандан сандал дээр суун валют арилжих эрхмүүдийн эрэлтийг ихэсгэж, энэ нь цаашлаад анхны банк үүсэх шалгаан болов. Бандан сандлыг банко гэх бөгөөд Стокхолмд байгуулагдсан анхны банкийг Банко гэдэг байжээ. Банк гэдэг үг нь үнэндээ бандан сандал гэсэн үг аж. Өчүүхэн хэрэгцээнээс бий болсон энэ банк гээч зүйл нь ирээдүйд мөнгийг төрийн мэдлээс булааж, дэлхийг эзлэх ойлголт байсныг тэд мэдэж байсан болов уу? Банк өөрсдийн мөнгийг хэвлэж, зөвхөн тэр мөнгөөрөө бусад мөнгийг арилжих болсон нь эртний бартерын наймааны үеийн үр тариа мэт эрэлттэй болж, хүмүүс улам бүр банкны мөнгийг шүтсэнээр төд удалгүй банк төрөөс ч илүү хүч чадал, эрх мэдэлтэй болов.
Дэлхийн дайнуудаас далайн хэрмийнхээ дотор нуугдсан Америкийн хүч чадал хоёрдугаар дайны дараа гэхэд хязгаартаа хүрч, хамгийн хүчирхэг гүрэн болсон байв. Монополь эрхээ ашиглан Дэлхийн төв банкийг байгуулж, бүх улсуудад мөнгөө алтан биш төв банкны хэвлэсэн долларын баталгаатай болгох, улс хоорондын наймааг зөвхөн доллараар хийх шаардлагыг тулгав. Дэлхийн алтны 70% буюу бараг бүх алтыг татан төвлөрүүлсэн Америкийн шунал байж болох хэмжээнээс хэтийдсэн байсан нь булавч бултайн, доллараа байх ёстой хэмжээнээс нь нэг хоёр дахин биш, арав хорь дахин биш, зуу, мянга, сая дахин ч биш, даруй хорин нэгэн сая дахин их хэмжээгээр хэвлэснээ азаартжээ. Энэ хэрэг ил болоход Америк улс долларын алтан баталгааг албан ёсоор цуцалж, долларыг бие даасан валют болгож орхив, энэ нь хамгийн анхны ямар нэгэн бодит баталгаагүй, зөвхөн банкны нэр бүхий цаасан мөнгө буюу фиат мөнгө байв. Ийнхүү бүх улсын мөнгө албан ёсоор фиат болж, орчин үеийн модерн эдийн засгийн суурь тавигдсан юм.
Энэ зууны эхэнд хагарсан дотком хөөсийн шалтгаан бол бас л мөнгө, гэхдээ цахим мөнгө. Үр тариа, алт, металл, цаас, одоо харин цахиур. Анх интернет гэх үг дэлхий нийтийг эзэмдэж, интернетийн хувьсгал хаяанд ирснийг дуулган сүр жавхлантай байгуулагдаж байсан Цахиурын хөндий дэлхийн эдийн засгийн од болон гялалзаж, тодорхой болсон ирээдүйд хүн бүр хөрөнгө оруулснаар бий болсон энэ хөөс хагарахад хүн төрөлхтөн хувьцаа ч үгүй, интернет ч үгүй хоцорсон юм. Интернет технологийн анхны төсөөлөл нь төвлөрсөн бус, тархмал бүтэц бүхий сүлжээнд, ямар ч төр, засгийн газар, банкны хяналтгүй, хараат бусаар хоорондоо холбогдож, харилцаж, наймаа хийж болох виртуал дэлхий байсан юм. Иймээс ч хүмүүст таалагдаж, хөрөнгө оруулах хүмүүсийн тоо геометрийн прогрессоор өсөн нэмэгдэж байв. Хэдий компьютерийн сүлжээ нь бодит технологи байсан ч дээр дурдсан Утопийг байгуулах нь уран төсөөллөөс хэтэрсэнгүй. Учир нь компьютер дотор мөнгө хэмээх файл үүсгэлээ гэхэд копи-пааст хийж чадах захын хүүхэд ч мөнгийг хурууныхаа үзүүрээр хязгааргүй олноор нь хэвлэх боломжтой. Ийнхүү шийдэл олж чадалгүй паник болсон технологийн салбарт гал асаж, хөөс хагарах шалтгаан болов. Харин интернетийн төвлөрсөн бүтэцтэй загвар нь амжилт олж, тэрийг нь бид ашиглаж сууна. Интернет анхны төсөөлж байсан шиг тархмал биш, интернет түгээх провайдер, үйлчилгээ үзүүлэх сервер, клийринг хийх банк гээд л цэвэр төвлөрсөн бүтэц дээр суурилсан. Харин блокчэйн технологи нь дээрх орхигдсон төсөөллийг бодит болгох шийдэл болж байгаагаараа онцлог юм.
Үргэлжлэл бий...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна