Арав.мн

Киев тахиа Украиных уу, рангун хавч Бирмийнх үү?

Киев тахиа Украиных уу, рангун хавч Бирмийнх үү?

-Газар орны нэрээр нэрлэгдсэн хоол хүнсний түүхээс-

Аляск амттан, лондон шарсан мах, сингапур гоймон, япон темпура гээд ямар нэг газар орон, улс үндэстэн, хот суурингийн нэрээр нэрлэгдсэн хоол хүнсний жагсаалт уртаас урт хөвөрнө. Харин иймэрхүү нэр сонссон хүн тухайн хоол ундыг ямар ч эргэлзээгүйгээр мөнөөхөн газар оронтой холбоотой, чухам тэр л улс үндэстнээс гаралтай гэж ойлгох нь хэвийн үзэгдэл. Гэвч бодит байдал үргэлж ийм байдаггүй, ихэвчлэн орчуулгын алдаа, бизнес маркетингтай холбоотой байдаг байна. Хамгийн захын жишээ дурдахад л англи хэлтнүүд цацагт хяруулыг turkey хэмээдэг нь удаан болхи хөдөлгөөнтэй ч гойд амтлаг махтай уг аварга шувууг ердөө л одоогийн Турк орчмын нутгаас гаралтай гэж үзсэнийх билээ.

Хоол ундны оноосон нэр цөөнгүй тохиолдолд ердөө үйлчлүүлэгч татах гэсэн арга заль байх нь бий. Америк, Европоор нэг тархсан киев тахиа гэхэд л Киев хоттой, Украин улстай огт холбоогүй атлаа Хүйтэн дайны улмаас Орост элэггүй болсон хүмүүсийг “хуурч” ийм нэрээр өрнөдөд танигджээ. Голдоо амталсан халуун цөцгийтэй амтлаг тахианы маханд дургүй хэн байлаа? Гэтэл хэчнээн сайхан амттай байгаад орос тахиа гэж нэрийдвэл 1960-70-аад оны барууны зоогийн газрууд үйлчлүүлэгч татаж чадахааргүй байв.

Киев тахиа угтаа жинхэнэ орос зоог юм. 19 дүгээр зууны сүүлчээр анх дэлгэрсэн энэ хоол эзэн хааны гэр бүлийн зоог гүнцэгийг бэлтгэж байсан франц тогооч нарын бүтээл байх магадтай агаад анх гахай, тугалын татсан махаар хийдэг, тун ч тансаг идээнд тооцогддог байж. Харин 20 зууны эхээр эгэл ардын дунд тархаж, аажмаар Англи, Америкт нэвтрэхдээ зөвхөн тахианы цээж махаар хийдэг, тансаг зэрэглэлийн зоогийн газруудын бүтээл болжээ. Киев хотын зоогийн газрууд 1970-аад оны сүүлчээс буюу барууны зочид гийчид Англи, Америкт идэж үзсэн “жинхэнэ украин хоол”-оо асууж сурах нь нэмэгдсэн тул киев тахиаг арга буюу хоолны цэсэндээ нэмсэн байна. Киев тахиа тун ч эрэлттэй байснаас голдоо цөцгийтэй шарсан тахиаг зайдасны урт саваа модонд хатган гадаа гудамжинд бүр ч олноор  нь худалдах болжээ. Киев хотын “Киев тахиа” рестораны үүдэнд 2018 онд энэхүү алдартай хоолны хүрэл хөшөөг босгосон нь Киевийн биш киев тахиа украин хоолны соёлын салшгүй хэсэг болсныг гэрчилнэ.

Зарим хоол хүнсний нэр цэвэр маркетингтай холбоотой. Хавч, бяслаг, чинжүү холин шарж хийдэг рангун хавч нэртэй нэгэн зүйлийн банш хуучнаар Бирмийн Рангун буюу одоогийн Мьянмарын Янгон хотын нэрийг “зээлдсэн” хэдий ч угтаа дэлхийн нөгөө захад, Калифорнийн алдартай тогооч Виктор Ж.Бергероны галтогоонд “мэндэлжээ”. Тэрээр “Trader Vic’s” зоогийн газартаа Ази, Полинезийн хоол хүнс нэмж, сонирхолтой содон цэсээр үйлчлүүлэгч татахыг бодож. Тиймдээ ч хаа холын Рангун, Тахитийн нэрийг ашигласан байна. Өдгөө рангун хавч, тахити фламбе (шарз, дарсаар амталсан мах), катай дэгдээхий нь ганц Бергероны зоогийн газруудаар тогтохгүй Америкийн дээд зэрэглэлийн тансаг ресторанууд дундаа хамгийн алдартай зоогуудын тоонд багтжээ. 1950-иад онд анх хоолны цэсэнд багтсан рангун хавч гэхэд Атлантагаас эхлээд Арабын Нэгдсэн Эмират хүртэл тархсан “Trader Vic’s”-ийн нийт 17 салбарт одоо ч хамгийн ихээр борлогддог зууш хэвээр байна. Энэ мэт бусад газар орны нэрийг “хулуулсан” америк хоол хүнсний жагсаалт цааш лондон шарсан мах (угтаа америк стейк), герман шоколадтай бялуу (Техасаас гаралтай), аляск амттан (энэхүү зайрмагтай бялууны жорыг анх Нью-Йоркт гаргаж авсан) гэхчлэн үргэлжилнэ.

Харин зарим тохиолдолд бээжин шарсан нугас үнэхээр ч Бээжингээс, Буффало тахиа Нью-Йорк мужийн умард хэсэгт орших ижил нэрт хотоос, бельги өрмөнцөр Бельгиэс, филадельфи бяслаг ахан дүүсийн хот гэгддэг Филадельфигээс гаралтай байдаг. Жишээ нь, бээжин нугас ямар ч эргэлзээгүйгээр жинхэнэ хятад зоог бөгөөд бүр 1330 онд хэвлэгдсэн “Унд, зоогны бүрэн цоморлиг” нэрт бүтээлд хүртэл жор нь багтсан нь бий. Харин бээжин нугасаар төрөлжсөн анхны зоогийн газар “Бианифань” тэртээ 1416 онд буюу Мин гүрний үед одоогийн Бээжин хотод үүд хаалгаа нээсэн түүхтэй. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start