Эртний Египтийн хамгийн түгээмэл 10 хоол хүнс
Нил мөрний эрэг дагуу амьдарч байсан гайхамшигт соёл иргэншил бүхий эртний Египтчүүд пирамид, Сфинкс, түүхт Фараонууд гээд олон зүйлээрээ алдартай.
Эртний өндөр соёлт тэр ард түмэн өдөр тутмын хүнсэндээ чухам юу хэрэглэдэг байсан бол? Ямартай ч тухайн үед зэрэгцэн оршин тогтнож байсан бусад улс үндэстнүүдээсээ хавьгүй илүү зүйл хүнсэндээ хэрэглэдэг байсан бололтой. Египтийн эртний бунханы ханан дээрх зураг, бичээсүүд, булшнаас олдсон таваг зэргээс бид тэдний хоол хүнсний тухай зарим зүйлсийг мэдэх боломжтой. Маш олон бунханы зурганд тариа тарьж, ан хийж, загас барьж буй хүмүүсийг дүрсэлсэн байдаг.
10
Шувууны гаралтай бүтээгдэхүүн
Эртний Египтед шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тариачин ардаас эхлээд баяд, язгууртнууд хүртэл бүгд хэрэглэдэг байжээ. Галуу, хун, бөднө, тогоруу, тагтаа төдийгүй тэмээн хяруул зэрэг шувуудыг хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг байв. Баячууд нь тагтаа, галуу, нугасыг гаршуулан тэжээдэг байсан бол тогоруу, хун, зэрлэг тэмээн хяруул зэрэг шувуудыг ядуус олж иднэ гэдэг тун ч хүнд ажил байжээ. Харин галуу, хун, нугасны өндгийг хүн бүр идэх боломжтой байсан байна. Шувууг ихэвчлэн удаан хугацааны турш идэхээр амтлагчинд дарж, боловсруулдаг байжээ.
Эртний Египтед газар тариалан, хөдөө аж ахуйн хөгжил тогтвортой байсан нь тухайн үед үхэр өсгөн үржүүлж байснаас тодорхой харагддаг. Хонь, ямаа, үнээ зэрэг амьтдыг сүүг нь авахын тулд гаршуулан тэжээж байв. Мал сүргийн тоо толгой нь эзнийхээ нэр сүр, хөрөнгө чинээг илтгэх бөгөөд мал сүрэгт зориулсан ариун сүм хүртэл байжээ. Зөвхөн сүү төдийгүй ээдэм, шар ус, цөцгий зэрэг сүүн бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа ашигладаг байсан аж. Гэвч сүсэг бишрэлээс шалтгаалан зарим газарт сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хориотой байжээ.
Хүнсний ногоо бол эртний Египтчүүдийн өдөр тутмын хамгийн түгээмэл хүнс байв. Нил мөрний үржил шимт хөндийн оршин суугчид хэчнээн ядуу байсан ч хүнсний ногоогоор дутагддаггүй байлаа. Мөн хүнсний ногоог мах, талх гэх мэт онцгой хүнстэй холин хэрэглэх нь түгээмэл байжээ. Бөөрөнхий сонгино, сармис, зэрлэг сонгино, сэвэгзарам, улаан лууван, манжин, өргөст хэмх, улаан лооль зэргийг хамгийн түгээмэл тариалдаг байв.
Эртний Египтчүүдийн хүнсэндээ хэрэглэж байсан бүх жимсийг тооцох боломжгүй. Ямартай ч Хиксосын үед (НТӨ1550-1100 он) анар, чидун, алимны мод тариалах болсон байна. Усан үзэм, инжир зэрэг жимснүүд нь хаанаас ч олж идэх боломжтой түгээмэл хүнс байв. Харин наргил модны самрыг зөвхөн баячууд хилийн чанадаас авчирч иддэг тансаг жимсэнд тооцогддог байжээ. Дээрх жимснүүдийн үлдэгдлүүд олон булш, бунхнаас гардаг байна.
06
Олон төрлийн жимсний шүүс
Эртний Египтчүүдийн хувьд хамгийн өргөн сонголттой байсан хүнс бол жимсний гаралтай бүтээгдэхүүн юм. Цитрусын төрлийн жимс нь жимсний шүүс бэлтгэх гол түүхий эд болж байв. Түүнчлэн хамгийн түгээмэл байсан усан үзэм, инжир жимсний шүүсийг шахаж хэрэглэхээс гадна зөгийн балаар чихэрлэг амт оруулдаг байжээ. Зөвхөн зөгийн бал төдийгүй усан үзмийн исгээгүй, өтгөн шүүс, үзэм, инжир, голын эрэг дагуу ургадаг Чуба хэмээх ургамлын үндэс зэргийг чихэрлэг амт оруулахад ашигладаг байсан байна.
Египтчүүд эрт үед бусад үндэстнийг бодвол маш их нэмэлт бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Эдгээрээс хамгийн элбэг нь тос байв. Тосыг бүх төрлийн хоолондоо ашиглах бөгөөд гүнжидийн үр, маалингын үр, улаан луувангийн үр, цагаан гаа гэх мэт 21 төрлийн ургамлаас 21 янзын тос гаргаж авдаг байсан аж.
Мөн гоньдны үр, шанцай, үүсүү, гоньд, ногоон гоньд, грек чирэг, майоран, гич, ганга, давс зэрэг амтлагчуудаар хоолоо амтлах дуртай байв. Элсэн чихэр энэ үед Египтед байгаагүй боловч зөгийн бал, усан үзэм, инжрийн шүүсээр хоолондоо чихэрлэг амт нэмдэг байжээ.
Мах нь ядуусын хувьд тийм ч элбэг зүйл биш байсан бөгөөд ихэвчлэн галуу, нугас зэрэг гаршуулсан шувууд эсвэл хаана ч тааралддаг тогоруу зэрэг шувуу ядуусын хоолны ширээн дээр харагддаг байв. Түүнчлэн Египтүүдийн шүтээн Озирис бурханы гэгддэг зарим төрлийн загаснаас бусад Нил мөрний бүх загасыг хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Харин баячуудын хувьд загас, шувууны махнаас гадна үхрийн болон ангийн мах иддэг байсан хэмээн зарим Египет судлаачид үздэг байна. Энгийн иргэд дунджаар хоёр долоо хоногт нэг удаа мах иддэг байжээ.
Дарсыг Египтчүүд харьцангуй эрт үеэс буюу НТӨ 3000 оны үеэс хэрэглэж эхэлсэн байдаг байна. НТӨ1550-1292 онд улаан, цагаан дарс нь бүх давхаргыхны хэрэглэдэг ундаа болсон байв.
Талх нь эртний Египтчүүдийн хоол хүнсний салшгүй хэсэг байв. Гэвч энэ нь бидний өнөө үед иддэг талхнаас тэс өөр зүйл байжээ. Учир нь талх хийх багаж нь боловсронгуй бус байснаас талхны зуурмагаа хийх үед элдэв янзын чулуу, гадны биетүүд зуурмагтай холилдог байсан аж. Гурил бэлэн болмогц хоёр гар бүр хөлөө хүртэл оролцуулан зуурмагаа бэлддэг байжээ. Зуурмаг бэлэн болмогц хэсэглэн хувааж жигнэхэд бэлдэх бөгөөд хуваасныхаа дараа хөөлгөгч, давс, сүү, амтлагч, өндөг нэмээд жигнэдэг байв. Дөнгөж барьсан шинэхэн талх нь ч эдгээр бүх нэмэлтүүдээс болоод хатуу, зарим газраа түүхий байдаг байжээ.
Талхнаас гадна шар айраг бол Египтчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг ундаа байжээ. Ёстой л наян настай буурлаас найман настай балчирууд хүртэл шар айраг уух бөгөөд баян, ядуу хамаагүй өдөр тутамдаа хэрэглэж мөн бурхдад хүртэл шар айргаар тахил өргөдөг байсан байна. Өглөөг шар айргаар эхлүүлж, орой унтахдаа ч мөн шар айраг уудаг байжээ. Архидан согтуурах нь хэвийн үзэгдэл байсан бөгөөд ихэнх хүмүүс нь “халамцуу” явдаг байсан байна. Талх, шар айраг, тос, хүнсний ногоо, амтлагч зэрэг нь хөлсний ажилчдын хувьд эздээсээ авдаг чухал зүйл байв. Фараонуудын хаанчлалын үед нэг хүн өдөрт тус бүр хоёр литрийн багтаамжтай хоёр шил шар айраг уудаг байсан аж. Тухайн үеийн шар айргийг бохирдоогүй цэвэр, усаар хийдэг байсан байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.