2018 оны онцлох 10 мэдээ
Өнгөрсөн 2018 онд олны анхаарлыг татсан шинжлэх ухаан, танин мэдэхүй, байгаль орчны мэдээ мэдээллүүдээс BBC агентлаг 10-ыг нь онцолсныг хүргэж байна.
Энэ зууны эцэс гэхэд дэлхийн дундаж температур цельсийн хоёр хэмээр өснө, энэ нь байгалийн гамшгийн давтамжийг ойртуулж, далай тэнгисийн эрэг дагуух хот суурингуудыг сүйтгэн хэдэн сая хүнийг орон гэргүй болгоно гэж эрдэмтэн судлаачид олон жилийн турш анхааруулж ирсэн. Хоёр хэм гэсэн энэ тоо дэлхийг нөмрөн авах уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын аюул ослын улаан шугам, гол харанга болоод удаж буй. Харин өнгөрсөн 10-р сард Өмнөд Солонгост чуулсан олон улсын уур амьсгалын шинжээч мэргэжилтнүүд дэлхийн дундаж температур одоогийнхоос хоёр хэмээр биш ердөө 1.5 хэмээр нэмэгдэхэд л гараг дэлхий "ачаалал"-аа дийлэхээ болино, энэ өсөлт 2030 он гэхэд бодит байдал болно гэсэн дүгнэлт гаргажээ. Харин энэ зууны төгсгөлд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтээс өмнөх үетэй харьцуулахад мөн л хоёр биш, харин цельсийн гурван хэмээр өснө гэсэн тооцоолол гарсан байна.
Эдүгээ дэлхий дээр буй чийгийн улаан өтнөөс эхлээд аварга цэнхэр халим хүртлэх сая, сая төрөл зүйлийн амьд амьтад бүгд нэг эст амьтнаас үүссэн. Гэвч тэрхүү эхлэл үе тун бүдэг бадаг бөгөөд эрдэмтэд дэлхий дээр үүсэж бий болсон анхны амьд биетийн ул мөрийг эрсээр байгаа билээ. Ихэнх эрдэмтдийн үзэж буйгаар 500 гаруй сая жилийн тэртээ амьдарч байсан Ediacaran biota хэмээх нэгэн зүйлийн бүлэг организм ямар нэг хэлбэрээр амьдралын шинж чанарыг агуулсан, одоогоор мэдэгдээд буй дэлхий дээрх хамгийн эртний олон эст "амьтад" байжээ. Энэхүү бүлэгт хаг өвс, мөөгөнцрөөс эхлээд амьтан, ургамлын эрлийз гэж болох организмууд ч багтана. Харин Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд өнгөрсөн 9-р сард Оросын баруун өмнөд нутгаас зууван хэлбэрт нэгэн амьтны 558 сая жилийн настай чулуужсан үлдэгдэл илрүүлсэн нь Ediacaran biota бүлэгт хамаарах ямар нэг организмын хамгийн эртний ул мөр болоод байна.
Дэлхийн хэмжээнд хуванцар хог хаягдал хэрээс хэтэрсэн тухай 2018 онд хангалттай ярилаа. Олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд хуванцар хог, гялгар уут далай тэнгисийг хэрхэн бохирдуулж, усны амьтдыг яаж хэдэн мянгаар нь устгаж байгаа тухай, дэлхийн өнцөг булан бүрт эрэг хөвөө газрууд эгээ л мөсөн уул адил хуванцар уул нуруу, дов толгодтой болсон тухай мэдээ, нийтлэлүүд бэлтгэсэн. Өнгөрсөн 3-р сард Британийн Засгийн газрын санхүүжилтээр хийгдсэн олон улсын судалгаа ч үүнийг батлав. Судалгааны дүнд далайн усан дахь гялгар уутны хэмжээ ирэх 10 жилд гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан юм.
Нейтрино нь орчлон ертөнцийн суурь бөөмсийн нэг юм. Энэхүү эгэл бөөм нь сансрын уудмаар бараг юунд ч үл торон хэрэн хэсэж байдаг бөгөөд нейтриний нэг нэгж гэрлийн жилийн зайд буюу ойролцоогоор 10 их наяд км-т нэг ч атом "мөргөлгүйгээр" зорчдог гэх тооцоо бий. Дэлхий дээрх ихэнх нейтрино нь агаар мандлаас буюу нарнаас ирдэг. Харин их энергитэй нейтрино хэрхэн, хаанаас ирдгийг өнгөрсөн жилийг хүртэл хэн ч мэддэггүй байв. Үүний нууцыг олон улсын эрдэмтдийн баг алсын нэгэн одноос илрүүлснээ өнгөрөгч долдугаар сард зарлажээ. Блазар гэх төрлийн хар нүх нь маш өндөр энергитэй цөмтэй, маш хүнд хар нүх юм. Матер үүн рүү унах үед жет гэж нэрлэгддэг бөөмсийн их энергитэй урсгал бий болдог. Эрдэмтэд их энергитэй нейтринийг Антарктидад бүтэн зургаан жил судалсан ч үүслийг нь анх удаа тогтоосон нь энэ юм.
06
Ангарагаас нуур, сарнаас мөс олдов
Улаан нүдэн гариг устай болохыг хүн төрөлхтөн мэдэх болоод удаж байгаа. Харин өнгөрсөн долдугаар сард олон улсын эрдэмтдийн баг уг гаригийн өмнөд туйл орчмын өнгөн хөрсний дороос бараг 20 км өргөн нуур буюу тогтоол усны ул мөр илрүүлсэн нь дуулиан дэгдээсэн юм. НАСА-ийн "Curiosity" хөлөг Ангараг гаригийн гадаргууг олон жил судалсан ч ийм хэмжээний ус олсон нь анхны тохиолдол болов. Сарнаас мөн усны ул мөр илэрсэн нь харин наймдугаар сарын явдал. Энэтхэгийн "Чандраяан-1" хөлгийн илгээсэн мэдээллүүдийг судлахад сарны өмнөд, хойд туйл орчмоос хоёулангаас нь мөсөн бүрхэвчийн ул мөр илэрсэн нь хожмын нэг өдөр саран дээр хүн хөл тавилаа гэхэд усны эх үүсвэртэй байх нь гэх найдварыг төрүүлээд байна.
05
Стөүнхэнжийн барилгачдад юу тохиолдсон бэ?
Стөүнхэнжийг ямар хүмүүс барьсныг орчин цагийн бид сайн мэдэхгүй. Харин эртний хүмүүсийн ДНХ-г шинжилсэн анхны томоохон судалгааны дүнд одоогийн Британийн нутагт Шинэ чулуун зэвсгийн үед аж төрж байсан хүмүүс ор мөргүй шахам устаж үгүй болсныг тогтоожээ. Тэднийг Стөүнхэнжийг барьж дуусаад удаагүй байхад халдаар ирсэн бийкир буюу шилээр эд зүйл урлаачид гэгдэх хүмүүс бараг бүрэн орлосон байна. 4500 гаруй жилийн тэртээх энэхүү эрс өөрчлөлт маш хурдан явагдсан бөгөөд Стөүнхэнжийн үеийн хүмүүсийн генийн сан хэдхэн зуун жилийн дотор бараг 90 хувь өөрчлөгджээ. Харин энэ шилжилт чухам ямар шалтгаанаар, хэрхэн явагдсан нь тодорхойгүй байна.
Эрдэмтэд Гринландын мөсөн бүрхэвчийн доороос аварга том солирын ул мөр илрүүлснээ өнгөрөгч 11-р сард зарласан юм. Ойролцоогоор 31 км өргөн мөнхүү тогоог судлаачид арлын хөрсний зураг авч байхдаа санамсаргүй олжээ. Тогоог үүсгэсэн солир 12 мянгаас гурван сая жилийн тэртээх аль нэгэн цаг үед манай гариг дээр унасан 1.5 км голчтой, төмөр ихээр агуулсан аварга солир үүсгэсэн бололтой. Зарим судлаач уг солирыг сүүлийн Их мөстлөгийн дараахан гариг дэлхийд тохиосон гэнэтийн дулаарлын дунд үед гэнэтхэн зэрвэс хүйтрэл болсны гол шалтгаан болов уу гэж таамаглаж байна.
Африкийн гадна амьдарч буй орчин цагийн ихэнх хүний дээд өвөг 60 мянга гаруй жилийн тэртээх нэгэн том нүүдлээр эх тивээсээ гарч, дэлхийн бусад хэсэгт суурьшиж эхэлснийг батлах баримт нотолгоо хангалттай байдаг. Харин хүн төрөлхтний их нүүдэл үүнээс ч өмнө эхэлсэн байх магадтайг харуулсан нэгэн олдвор өнгөрсөн оны нэгдүгээр сард олдож ихээхэн дуулиан дэгдээв. Өнөөгийн Израилийн нутагт 185 мянган жилийн өмнө өөд болсон нэгэн хүний эрүүний яс тэрхүү эртний их нүүдэл судлаачдын бодож байснаас ч цааш хүрч, олонхын таамаглаж байснаас хамаагүй “амжилттай” үргэлжилсний нотолгоо гэнэ. Африкаас түрүүлж гарагсад Евразийн гүнд неандерталь, денисованчуудтай зэрэгцэн амьдарч байсан бололтой. Харин тэдний генийн сангаас хэр хэмжээний ул мөр орчин цагийн хүмүүст үлдэж хоцорсон нь тодорхойгүй байна.
02
Ангарагийн чулууны эрэлд
Олон жил ярилцаж, нэг удаа бүтэлгүйтсэний эцэст Европ, Америкийн сансрын агентлагууд Ангараг гаригийн чулууг эх дэлхийд авчрах анхны томоохон ажлын гэрээг өнгөрөгч дөрөвдүгээр сард үзэглэлээ. НАСА болон ЕСА-ийн мэргэжилтнүүдийн энэхүү хамтын ажиллагааны дүнд Улаан нүдэн гариг дээр нэгэн цагт амьдрал байсан уу, үгүй юү гэх мөнхийн гэж хэлж болох асуултад хариулт олдох юм. Үгүй гэхэд Ангарагийн түүхэн дэх геологийн гол үйл явдлуудыг тандаж мэдэх боломж нээгдэнэ.
01
Цэвэр усан дахь хуванцар
Хуванцар хог хаягдал бидний өдөр тутмын хэрэглээ болох савласан цэвэр усанд хүртэл бага хэмжээгээр агуулагддагийг "Orb Media" эрэн сурвалжлах байгууллагынхан тогтоосон байна. Энэ нь ийм төрлийн одоогоор хийгдээд байгаа хамгийн том судалгаа бөгөөд мэргэжилтнүүд савласан ус үйлдвэрлэдэг томоохон компаниудын, нийт есөн орны 250 бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд литр тутмаас нь хуванцрын дунджаар 10 жижиг хэсэг илэрчээ. Дэлхийн хамгийн ариун дагшин, эрүүл цэвэр газар гэгддэг Хойд туйл орчмоос ч их хэмжээний хуванцар хог хаягдал, усанд нь хүртэл энгийн нүдэнд үл үзэгдэх жижиг хэсгүүд илэрсэн нь 2018 оны хамгийн "аймшигтай" мэдээний нэг байв.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.