Арав.мн

Дэлхийг тойрсон нууцлаг хүрээнүүд

Дэлхийг тойрсон нууцлаг хүрээнүүд

Английн нутаг дахь алдарт Стоунхенжийг эрдэмтэн судлаачид сансар судлалын төв, саранд зориулсан сүм, оршуулгын газар, эмнэлэг, эсвэл бүр харь гаригийнхны буудал байв уу гэхчлэн олон таамаг дэвшүүлдэг. Одоогоос 6500 орчим жилийн өмнө баригдсан гэх уг байгууламжийг эртний хүмүүс өргөн уудам тал хөндийд хэрхэн яаж сүндэрлүүлсэн нь өнөө ч тайлагдашгүй нууц хэвээр байгаа. Гэвч Стоунхенж ийм төрлийн ганц байгууламж биш ажээ. Энэхүү ер бусын чулуун хүрээтэй төстэй, эрт балрын хэдэн арван чулуун болон модон хүрээ, тойргууд дэлхийн өнцөг булан бүрт байна.


10

Ооюүгийн хүрээ (Ōyu Stone Circles)

Японы хойд хэсэгт орших энэхүү чулуун хүрээ 4000 гаруй жилийн настай. Хоёр том тойрог болон хэд хэдэн жижиг овооноос бүрдэх энэхүү цогцолборын аварга чулуунуудыг тус газраас бараг таван км зайд орших Акуяа мөрнөөс авчирсан гэлцдэг. Хоёр тойргийн нэг нь буюу Нокакадогийн тойргийн диаметр 42 метр бол нөгөө нь болох Манзагийн тойргийн диаметр 48 метр аж. 

Ооюүгийн балгас Японы нутаг дахь эртний ганц чулуун байгууламж биш бөгөөд тус улсад Ошорогийн хүрээ хэмээх аварга том чулуун балгас мөн бий. Эрдэмтэд энэ байгууламжийг оршуулгын газар байсан гэж таамагладаг.


09

Нарны сүм (Alberta Sun Temple)

Номхон далайн нөгөө захад буюу Канадын Альберта мужийн өмнөд хэсэгт өргөн уудам талбай эзлэх Нарны сүм хэмээгдэх чулуун хүрээ нь Ошорогийн хүрээтэй ерөнхий хэлбэрээрээ төстэй. 5500-гаад жилийн настай нь батлагдсан Канадын Нарны сүм Стоунхенж болон эртний Египетийн их сац суваргуудтай ч зарим талаараа төстэй юм. 28 чулуун багана бүхий уг байгууламжийн дөрвөн багана нь ертөнцийн дөрвөн зүгийг заадаг аж. Эндээс хэдхэн метрийн зайд мөн үүнтэй ижил загвараар баригдсан хоёр ч жижиг тойрог бий бөгөөд томоосоо ялгаатай нь голдоо аварга том цохиотой.

Төв болон Өмнөд Америкт голлон хөгжсөн гэгдэх одон орон судлалын ухаан умард тийш “нүүдэллэхдээ” ийн өөрчлөгдсөн байх магадлалтай юм.


08

Нуурын гүн дэх байгууламж (Lake Michigan Stonehenge)

Харин Канадын хилээс өмнөд зүгт АНУ-ын нутагт орших өөр нэгэн эртний чулуун байгууламж эл таамгийг эргэлзээтэй болгоно. Мичиган нуурын ёроолд, 12 метрийн гүнд орших энэхүү чулуун байгууламжийн зарим багана дээр үсэрхэг том арслан зааныг хүртэл дүрсэлжээ. 10 мянган жилийн настай гэж судлаачдын таамаглаж байгаа уг байгууламж Их мөстлөгийн дараах хүн, арслан заан хоорондын харилцааг харуулсан одоогоор олдоод буй хамгийн эртний олдвор юм. 

Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд хамгийн “залуу” тивд тооцогдох Америкийн эх газарт Английн Стоунхенжээс ч эрт үед хамаарах чулуун байгууламж байна гэдэг үнэхээр гайхалтай сонин. Үүнээс ч илүү гайхмаар зүйл юу гэвэл Америкийн нууцлаг чулуун байгууламжийн түүх үүгээр дуусахгүй.


07

Майамигийн тойрог (The Miami Circle)

Өмнө зүгт Флорида мужийн Майами хотын ойролцоо байх Майамигийн чулуун тойрог нь Майами мөрний эхэнд оршдог бөгөөд Колумбын нээлтээс өмнөх үеийн Америкийн уугуул соёл иргэншилд хамаарна. Тэкиста индианчуудын байгуулсан гэх эл байгууламж 2000-гаад жилийн настай. Энэ нь одоогийн Юкатаны хойг, Белиз, Гондурас болон Гватемалын хойд хэсэгт цэцэглэж асан майячуудаас дутахааргүй одон орны мэдлэгтэй байсан гэгддэг тэдний цаг тооны бичиг бололтой.

Тойргийн баганууд дээр яст мэлхий, далайн гахай зэргийг дүрсэлсэн нь судлаачдын анхаарлыг бүр ч татжээ.


06

Амазоны тойрог (Amazon Stonehenge)

Үүнтэй төстэй чулуун байгууламж Бразилийн хойд хязгаарын Амапа мужийн нутгаас олдсон нь Америкийн уугуул иргэдийн соёл иргэншил дэлхийн бусад хэсэгт хамаарах эртний бусад соёлын адил олон талаараа гайхамшигтай байсныг гэрчилнэ. Халуун нутгийн Стоунхенж гэгддэг Амапагийн тойрог ойн цоорхойд байх толгодын оройд байдаг бөгөөд 127 баганатай. Зарим нь 2.7 метр өндөр байх тэдгээр багана өөр хоорондоо хол зайтай, нийлээд 30 гаруй метр диаметрийн титэм мэт өргөн хүрээг толгодын оройд үүсгэжээ. 

Жилийн хамгийн богино өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд нэг баганых нь сүүдэр тойргийн яг голд тусдаг ч тэр дорхноо замхардаг байна. Археологичид 4200 орчим жилийн настай уг газрыг бөмбөрцгийн баруун хагас дахь одон орон судлалын хамгийн эртний төвийн нэг байжээ гэж үздэг.


05

Гилгаль Рефаимийн тойрог (Gilgal Refaim)

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ариун дагшин газрын нэг Израиль ч мөн аварга том чулуун тойргуудтай. Тэдгээрээс арабаар Ружм эль-Хири, орчин цагийн иврит хэлээр Гилгаль Рефаим гэгддэг хамгийн том чулуун тойрог нь 42 мянга гаруй жижиг чулуунаас бүрдэх бөгөөд 5000-гаад жилийн настай юм. Эрдэмтэд жижиг, том тэр олон чулууг зөөвөрлөж, аварга том хүрээ үүсгэхэд ойролцоогоор 25 мянган өдөр буюу 68-72 жил зарцуулсан гэж таамагладаг.

Харин ийм хүрээ үүсгэх нь чухам ямар зорилготой байв? Судлаачид уг газрыг булш бунхан, эсвэл мөргөлийн газар, газар дээрх аварга том цаг тооны бичиг гэх зэргээр таамагладаг ч Гилгаль Рефаимийн чулуудыг судлах ажил одоо ч үргэлжилж байна.


04

Хуанлийн тойрог (Nabta Playa Calendar Circle)

Эндээс холгүй Египетийн нутагт байх Нубийн цөлд буюу Абу Симбелээс баруун зүгт 100-гаад км-ийн зайд дэлхийн түүхэн дэх хамгийн эртний одон орны төвийн нэг оршдог. Набта Плаяа нэрт тэрхүү газрын Хуанлийн тойрог хэмээх байгууламж 6000 орчим жилийн настай.  

Нийтийн тооллын өмнөх V зууны эцсээр цөлийн гүнд бий болсон уг тойрог одоогоор мэдэгдээд буй дэлхийн хамгийн эртний археоастрономийн байгууламж юм. Зуны өдөр, шөнө тэнцэх өдөр гол чулуудынх нь сүүдэр тойргийн дунд голлож үзэгдэх энэхүү хуанлийн зарим том багана элэгдэж жижгэрчээ. Нубийн цөл дэх ийм тойргуудыг нийтэд нь Египетийн археоастрономийн цэгүүд нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгээд байна.


03

Вүүдхенж, Сихенж (Woodhenge, Seahenge)

Энэ мэт нууцлаг газрын жагсаалт олон хүний таамагладгаас ч урт хөвөрнө. Ирландчууд хүртэл юу нь үл мэдэгдэх, олон мянган жилийн тэртээд хамаарах чулуун тойрогтой. Тарагийн толгодын оройд орших 4500-гаад жилийн настай тэрхүү байгууламжийг Вүүдхенж буюу модон хүрээ гэдэг. Тус газарт Ирландын эртний ихэс дээдэс төрийн хэрэгт амь, биеэ үл хайрлан зүтгэнэ хэмээн андгай тангараг өргөдөг байжээ. Вүүдхенжийг алдарт Стоунхенжтэй холбодог домог хүртэл бий. Домогт өгүүлснээр үлэмж биетнүүд Стоунхенжийн аварга чулуудыг Африкаас авчирсан гэх бөгөөд замд нь жижиг чулуунууд мод ихтэй газарт унаж, Вүүдхенж бий болжээ.

Вүүдхенж, Стоунхенжтэй ойролцоо Сихенж буюу тэнгисийн тойрог гэх чулуун хүрээ мөн бий. Английн Норфок тойргийн нутгаас 1998 онд олдсон Сихенжийг 4000 гаруй жилийн настайг нь эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ Стоунхенж болон Вүүдхенжтэй эл газар хэрхэн холбогдохыг, чухам ямар зорилготой баригдсаныг нь түүхчид бас л мэдэхгүй.


02

Хүйст толгодын цогцолбор (Göbekli Tepe)

Туркийн Урфа нэрт суурингийн зүүн хойд захад орших Гэдэст буюу Хүйст толгодын дэргэдээс турк, америк эрдэмтдийн хамтарсан баг нийтийн тооллын өмнөх X зууны үед хамаарах нэгэн чулуун байгууламжийг 1963 онд илрүүлжээ. Харин толгодын ойр орчмыг нарийвчлан шинжих, олдворуудыг судлах ажлыг Турк, Германы эрдэмтэд 1996-2014 онд хийсэн байна. Нийтийн тооллын өмнөх X зуун гэхээр энэхүү цогцолбор Английн Стоунхенжээс даруй 6-7 мянганы өмнө баригдсан гэсэн үг. Хүйст толгодын чулуун байгууламжийг анчид барьсан гэж зарим судлаач таамагласан бол турк эрдэмтдийн олонх нь уг цогцолборыг хүний гараар бүтсэн, хамгийн эртний мөргөлийн газар гэж үзжээ. Толгодын орчмоос бодон гахай, үнэг, арслан, шувуу, могой, хилэнцэт хорхой зэрэг олон амьтныг дүрсэлсэн хэдэн арван чулуун хөшөө олдсон бөгөөд олонх нь Т хэлбэртэй аж.

Хүн хэсэг бүлгээрээ амьдрах болж, газар тариалан эрхэлж сурсныхаа дараа л чулуу, мод ашиглан барилга байгууламж барих болсон гэдэгт судлаачид саяхныг хүртэл итгэлтэй байсан. Гэтэл Хүйст толгодын чулуун байгууламж эл явц эсрэгээрээ явагдсаныг баталсан байна. Нэг үгээр, биеэсээ том байгууламж, хөшөө дурсгал барих хүний чадвар газар тариалан хөгжсөн үеэс бус, бүр өмнө буюу хүн гээч “амьтан” отоглон амьдарч эхэлсэн үеэс эхтэйг уг олдвор нотолжээ. Мөн энэ мэт бүтээн байгуулалт хүй нэгдлийн эхийг тавьсан гэж дүгнэхэд ч хүргэж болох юм.


01

Харилцааны хэлбэр байв уу?

Эртний нууцлаг газруудыг ийнхүү дурдахын хэрээр хариулт нь эс олдох олон арван асуулт ар араасаа хөвөрнө. Бүгд нийтийн тооллоос өмнөх үед хамаарах эдгээр байгууламж чухам ямар зорилготой баригдсан юм бол? 10-12 мянган жилийн тэртээх өнөөгийн Хойд Америкийн уугуул иргэд чухам юуны учир аварга том чулуун хүрээнүүд үүсгэв? Эртний хүмүүст өөр хоорондоо харилцах боломж бараг байгаагүй гэдэгт орчин цагийнхан итгэлтэй байдаг. Иймд эдгээр чулуун хүрээ тэдний харилцаа холбооны гол хэрэгсэл байсан байх магадтай юм.


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Saa
Их сонирхолтой байлаа. Цаг хугацаан дээрээ нилээн будилаа юу? Эсвэл би буруу ойлгов уу? Нийтийн тооллын өмнөх 5-6 зуун нь одоогоос 2500 гаруй жилийн өмнөх үе, гэтэл 6000-7000 мянган жилийн настай болоод явчих юм....
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start