Арав.мн

Далайн гүний дуу

Далайн гүний дуу

Хүн шиг тогтмол шахуу, саадгүй харилцдаг маш цөөхөн амьтан бий. Тэднээс хамгийн том, хамгийн ухаалаг нь халим юм. Дуу авиа ихтэй ч гэрэл багатай орчинд амьдардаг далайн гахай болон халимнууд ижлээ татах, хооллохдоо хүртэл онцгой хэлээр ярьдаг. Зарим зүйлийн халимны “үгсийн сан” тун баялаг бөгөөд хүнээс бусад бүх амьтныг ардаа орхино. Харин зарим нь алсын зайнаас ч бие биетэйгээ харилцаж чаддаг гэнэ. Судлаачид халимны оюуны чадавхийн талаар тэр бүр санал нийлдэггүй ч хоорондоо хүнээс дутуугүй харилцдагийг нь дуу нэгтэйгээр баталжээ.

Халимны олонх төрөл сүрэг сүргээрээ ан хийдэг. Олз хэр арвин байх нь тэдний онцгой харилцаанаас шалтгаална. Аляскийн Чатамын хоолой орчмоор нутагладаг бөгтөр халимны нэгэн зүйл гэхэд л “хөөсөн тор” хэмээх өвөрмөц аргаар хоорондоо ярилцдаг. Сүргийн хэсэг гишүүд жижиг загаснууд руу сэм ойртож баримагцаа халим, загасны аль алинд нь ойлгомжтой “хэл”-ээр мэдээлэл дамжуулна. Аварга биетнүүдэд баригдсан хэдээс бусад нь халимнуудын яриаг ойлгож тухайн газраас холддог бол “Олз оллоо” гэх чимээгээр бусад халимнууд анч сүрэгтэйгээ нийлнэ. Зарим тохиолдолд халим жижиг загасыг татах авиа хүртэл гаргадгийг судлаачид тогтоожээ. Анхаарал татахуйц “уянгалаг” хэлбэлзэлд нь хууртагдсан бяцхан загаснууд шуудхан л “хөөсөн тор”-нд орно.

Цахим сүлжээ, зурагт үүсэхээс өмнө, ноён Бэлл зохион бүтээсэн харилцуураараа Уатсонтой ярихаас өмнө, Марконигийн радио, Морзийн үсэг мэндлэхээс ч өмнө халимнууд хөлгүй их далайн хязгаараас бие биеэ дууддаг байв. Хүйтэн дайны үед Зөвлөлтийн шумбагч онгоцыг тандахаар далайн гүнд байрлуулсан Америкийн тэнгисийн хүчний дуу, хяналтын систем энэхүү гайхамшигтай харилцааг анх нээсэн гэдэг. Тэрхүү дэвшилт технологи шумбагчаас илүү халимны дуу чимээг илүүтэй мэдрээд байгааг америкчууд ажиглажээ. Гэвч өдгөө жил ирэх тусам далай тэнгисийг гатлах хөлөг онгоцны тоо нэмэгдэхийн хэрээр холын зайнаас харилцаж сурсан халимны онцгой чадвар алдагдаж байна. Ирэх 10 жилийн хугацаанд далай гатлагчдын тоо даруй гурав дахин нэмэгдэхэд халимны харилцааны зай хоёр дахин багасна гэсэн тооцоо бий. Харин хүний зүй бус үйлдэл байгалиас заяасан онцгой чадварт нь нөлөөлөхгүй бол халимны дуу далайн нэг захаас нөгөө зах хүртэл, тэр ч бүү хэл маш цөөн тохиолдолд нэг далайгаас нөгөө далай хүртэл түгэх боломжтой гэнэ. Алсын зайны энэхүү харилцаа нь далайн гүн дэх долгионтой холбоотой. Далайн гүнд “аялах” дуу авиа усанд гэрэл хугардгийн адил дууны хурдаар хугарна. Гэхдээ цаг уур, даралт зэргээс шалтгаалж хурд нь өөрчлөгдөж байдаг.

Халим бүр төрөл зүйлээсээ үл хамааран хоорондоо төстэй харилцаатай байдаг бол дээр дурдсан бөгтөр халимны дуу бусдынхаас нь нэг л өвөрмөц болохыг 1971 онд Америкийн эрдэмтэн Рожер Паин, Скот Маквэй нар анх тогтоожээ. Хамгийн том нүүдлийн амьтны нэг болох уг халим Хойд туйлд зусаж, баруун Энэтхэгийн эрэг болон Хавайн арлууд орчимд өвөлждөг. Өвлийн цагт бөгтөр халимнууд олон зуун метрийн гүнд сэрвээгээ урд зүгт хандуулан “дуулж” эхэлнэ. Гэхдээ авиа гаргахдаа амаа нээдэггүй, усанд бөмбөлөг үлдээдэггүй. Тэдний дуулах урлагийг бие биеийнхээ дотор нуугддаг модон орос хүүхэлдэйнүүдтэй зүйрлэж болох юм. Бөгтөр халим эхлээд ганц хөг буюу ноот аялах бөгөөд салангид авиа нь дунджаар 10 секундийн дотор тархана. 

Эхний авианы тархалт дуусахын хэрд дахин нэгийг, хоёр дахиа дуусахад дахин нэгийг гэх зэргээр гинжин авиа цааш үргэлжилдэг байна. Дөчөөд км хүртэлх зайд түгэх бөгтөр халимны дуу 30 минут хэртэй үргэлжлэх бөгөөд салангид авианууд нь эвлүүлдэг тоглоом мэт “барьцалдаж” хэдэн цагаар, заримдаа хэдэн өдрөөр ч цуурайтна. Судлаачид энэхүү гайхалтай авианы нарийн учрыг өнөө хэр тайлаагүй ч үржлийн улирлын үед эхэлдэг учир эсрэг хүйстнээ татах арга гэж үздэг байна. Хачирхалтай нь эр халимны дуунууд хоорондоо ихэд ялгаатай бөгөөд нэг дуугаа дахин хэзээ ч гаргадаггүй аж. Тэр ч бүү хэл сүрэглэдэг тойрог бүсээрээ ялгаатай байдаг нь хүний хэлээр бол нутгийн аялга юм. Байгалийн олон тайлагдашгүй нууцын нэг далайн гүний дууг бүрэн судлахын тулд өдрөөс өдөрт хүний гарт сүйдэж буй далай тэнгисийн эздийг хайрлаж хамгаалахыг эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид уриалж байна.


9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start