Хамгийн хачирхалтай 10 цэцэрлэгт хүрээлэн
Байгаль эх өөрөө хэнтэй ч зүйрлэшгүй шидэт зураач билээ. Гэхдээ хүн төрөлхтөн түүний аугаа бүтээлд хачир нэмснээр үзгээр бичиж, үгээр илэрхийлэмгүй уран тансаг байдлыг бий болгох нь бий. Хүн, байгалийн харилцан цогцлоосон манай гаригийн хамгийн ер бусын, гайхамшигт цэнгэлдэх хүрээлэнгүүдийг танилцуулъя.
Энэхүү цэнгэлдэх хүрээлэн Австрийн Трагоэсс хотноо байрладаг агаад өвлийн улиралд модот гудамж, ногоон төгөл, цэцгийн мандлаар дүүрэн орчин болж хувирдаг нь гайхамшигтай. Энэ үед байгалийн сайханг мэдэрч тухлахыг хүссэн бүхэн ийш зүглэж, уул, нуурын гайхамшигт төрхөнд сэтгэл алдарч алжаалаа тайлдаг. Энд орших нуурын ус гүн ногоон өнгөтэй харагддаг нь амрагчдын сэтгэлийг гойд тайвшруулдаг шидтэй гэх. Харин зуны улирал болоход нуурын ус хүрээгээ тэлэн усны төвшин хоёроос 10 метр хүртэл дээшилдэг байна. Энэ үед уг цэнгэлдэх хүрээлэн бүхэлдээ усанд автан, усан доогуурх хүрээлэн болж хувирна. Чухам энэ л гайхамшгийг хүлээж байсан жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс ийш зүглэдэг аж. Усан доогуур нуугдсан ер бусын гайхамшигт ертөнц зөвхөн энд л байдаг болохоор тэр. Цэнгэлдэх хүрээлэнгийн модот гудамж, амралтын сандал тэргүүтэн бүгд байр байрандаа усан дор оршино. Харин жуулчид усан онгоц хөлөглөн усан цэнгэлдэх хүрээлэн дээгүүр зорчино. Болор мэт тунгалаг устай цэнгэлдэх хүрээлэнгийн усанд хуурай газрын ургамлаас гадна төрөл бүрийн загас өнгө нэмдэг. Ирэх өвөл хүртэл үргэлжлэх усан доогуурх цэнгэлдэх хүрээлэн өдий хүртэл ижилгүй гайхамшиг хэвээр байна.
09
200 Буддагийн цэнгэлдэх хүрээлэн, Лаос
Лаосын шашны их удирдагчдын нэг Бунлыа Сулитатын санаачилгаар 200 Будда бүхий цэнгэлдэх хүрээлэнг саяхан байгуулсан аж. Энэхүү гайхамшигт цэнгэлдэх хүрээлэнг бүтээн босгох ажил олон жил үргэлжилсэн агаад үндэслэгч Сулитат гайхалтай ажлынхаа үр дүнг мэдэрч чадалгүй ухаан самуурсан гэдэг. Цэнгэлдэх хүрээлэн тийм ч их газар нутгийг эзэлдэггүй бөгөөд харьцангуй жижиг талбай ашиглан 200 Буддагийн хөшөө болон төрөл бүрийн могой, бурхан, энэтхэг болон буддын домогт өгүүлдэг баатар тэргүүтнийг босгосон нь гайхамшигт бүтээлүүдийг нэг дор цоглоосноороо улам онцгой болгожээ. Нарийн төлөвлөгөө, чамбай ажлын хүчээр боссон эл паркаар зорчсон хэн ч чулуугаар ямар гайхамшигт сийлбэр бүтээж болохыг бишрэх болно. Хамгийн гайхалтай нь чулуун будда бүр дахин давтагдашгүй өөр агаад тус бүрдээ өөр өөр нүүрний хувирал илэрхийлсэнд оршино. Хөшөө тус бүр ямархуу нарийн чимхлүүр ажлаас бүтсэн нь чулуун могойн арьсан дээрх хээ хуар, баатруудын хувцасны хуниас, нүүрний хувирал зэргийг хэрхэн товойлгон сийлснээс харагдана. Зарим хөшөөний өндөр 20 метр хүрэх бол зарим нь таван настай хүүхдийн өндөртэй дүйцэхүйц намхан аж. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн тус улсын Нонг Кхаи хотоос таван км-ийн зайд оршдог тул хотоос унадаг дугуй болон явган алхаад ч хүрэх боломжтой гэнэ. Хөшөө, дурсгалт зүйлсээс гадна уг паркийг үндэслэгч Бунлыа Сулитатын занданшуулсан шарил бүхий шилэн хорго энд байрладаг гэнэ.
Энэхүү ер бусын цэнгэлдэх хүрээлэнд зүрх муутай, сэтгэлийн хат багатай хүмүүсийг орохыг хориглодог гэнэ. Учир нь энд “газрын там” л ийм байх болов уу гэмээр аймшигт дүр зураг ноёрхдог нь нэрнээсээ л илт. Энд загалмайд цовдлуулж нас барсан, гарцгүй харанхуй нүхэнд үй олноороороо булшлагдаж буй болон үлгэр домогт өгүүлдэг аймшигт амьтдын идэш болж буй зэрэг аймшигт мөхлүүдийн бусад арга барилыг ашиглан үхсэн болон тарчлан зовж буй хүмүүсийн дүр зургийг элдэв хөшөө, баримлаар хуулбарлан бүтээсэн байдаг аж. Түүнээс гадна парк дундуур явахад хэсэг бүр өөр өөрийн онцлогтой ёрын муухай дуу, хашхираан, аймшигт чарлаан бүхий тарчлагчдын зовлонг илэрхийлсэн хөгжим явуулдаг нь тухайн орчинг улам ч аймшигтай болгодог байна. Сонирхолтой нь тайландчууд энэ парк уруу хүүхдүүдээ дагуулан ирэх нь түгээмэл гэнэ. Магадгүй энэ нь хүмүүжил, боловсролын зорилготой байх л даа. Гэхдээ л хүүхэд байтугай насанд хүрэгчдийн хувьд аймшигт мэдрэмж төрүүлэхээр ийм парк энэ ертөнцөд байдаг нь хачирхалтай. Нүгэлтнүүдийн парк Бангкок хотоос 40 км-ийн зайд буддын сүмийн нутаг дэвсгэр дээр оршдог аж.
07
Огторгуйн оюун ухааны парк, Шотланд
Чарльз Женкс, Мэгги Чесвик гэх гэр бүлийн хоёр ийм парк нээх санаа гарган, бүтээжээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд зочилсон хүмүүс хорвоо ертөнц болон түүнд орших хүний байр суурь ямархуу болох, орчин үеийн шинжлэх ухаан нь ямар нэг төгс ер бусын зүйлийг таних үйл явцын шат төдийхөн зүйл юм гэсэн санааг өөр өөрийнхөөрөө ухамсарлах ёстой. Ирээдүйн объектуудыг дүрсэлсэн ер бусын хэв загвар бүхий хиймэл дов сондуул, гүүр, шат тэргүүтнийг зөгнөн байгуулжээ. Энд бид бүхний уншиж л танилцсан “огторгуйн хар нүх”-ийг хиймлээр дууриалган бүтээсэн байдаг аж. Хүний гараар бүтсэн хамгийн гайхамшигт, үзэсгэлэнт газруудын нэг хэмээн нэрлэгдсэн эл хүрээлэнд зочилсон хэн боловч хүний ертөнцөөс ангид сэтгэгдэлтэй үлддэг гэнэ.
06
Аугаа бүтээгчийн парк, АНУ
Бурхан дэлхийг бүтээхдээ хувьслын онолд өчүүхэн төдий ч саад болох юмуу сөргөөцөлдөөгүй гэсэн санааг хүн төрөлхтөнд ойлгуулах зорилгоор эл паркийг байгуулжээ. Парк сонирхогчдод асар том хөдөлдөг динозавр болон нүүдэлчин ноевчуудын ахуйг илэрхийлсэн цогц байгууламжийг бүтээн толилуулжээ. Мөн эндхийн асар том шилэн хоргуудад түүхийн өмнөх амьтдын олдвор яс болон Библийн үүсэл гарлыг баримтжуулсан бүтээлүүд байдаг. Паркийн зохион байгуулагчдын тайлбарлаж буйгаар, бурхан динозавр гэх аугаа амьтныг бусад амьтдын адил бүтээж чадсан ч тэд их мөстлөгийн үеийг давж чадалгүй мөхсөн аж. Энд тавигдсан динозаврын дууриамал дүрсүүд бүгд археологийн олдворын хуулбар тул ямар нэг хиймэл төсөөллийн зүйл бус болохыг ч онцолсон байдаг ажээ. Харин библийн түүхийг шинжлэх ухаантай харьцуулсан санаа нь онцгой сонирхолтой юм.
05
Кёкенхоф цэцэгсийн парк, Нидерланд
Кёкенхофийн талбайд асар том алтан зул цэцэгс ургадгаараа дэлхий дахинаа алдартай. Эндхийн 32 гектар талбайд алтан зул цэцгийн 100 гаруй төрөл ургадаг гээд төсөөл дөө. Мэдээж, алтан зул цэцгээс гадна голт борын цэцэг, цахирмаа, сарнай, нил ягаан цэцэг зэрэг төрөл бүрийн гоёмсог цэцэг дүүрэн бий. Хаврын улирал бүр энэ цэнгэлдэх хүрээлэнг 800 мянга гаруй жуулчин тогтмол зорин ирдэг агаад алтан зул цэцэгсийн эмзэгхэн чанараас шалтгаалан зөвхөн гурваас тавдугаар сар хүртэл нээлттэй байж, жуулчид хүлээн авдаг аж. Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээр эл цэнгэлдэх хүрээлэнд цэцэгсийн сүрт жагсаалыг зохион байгуулдаг бөгөөд Лисса хотын гудамжаар төрөл бүрийн цэцэгсээр бүрсэн асар том индэр цуваа болон хөдөлөг гэнэ.
04
Журон дахь шувуудын парк, Сингапур
Дэлхийн орон бүрээс цуглуулсан төрөл бүрийн шувуу энд төвлөрдөг. Эл паркийн шувуудын дийлэнхийг зүүн өмнөд Азиас цуглуулсан шувууд эзэлдэг бөгөөд Европ, Америк, Африкийн орны төрөл бүрийн шувууд ч цөөнгүй бий. Шувуудыг төрөл, зүйлээр нь ялгаж тус бүрийнх нь амьдралын хэв маягт тохирсон орчинг бүрдүүлж чадсанаараа онцлог. Тухайлбал, оцон шувуудад зориулан хөргөлтийн систем бүхий асар том мөсөн орчинг бүрдүүлжээ. Эндхийн хиймэл хүрхрээ нь парк сонирхогчдын анхаарлыг ихэд татдаг агаад 1500 гаруй төрлийн шувуу эл хүрхрээг тойрон амьдардаг аж. Төрөл бүрийн жигүүртэн хэрхэн унтаж, хооллож, үр удмаа үлдээдгийг бодитоор ажиглах боломжийг олгодог нь эл паркийн онцлог юм.
03
Одойчуудын хаант улс, Хятад
Эл байгууламжийг одойчуудын хаант улсын тосгон гэж болно. Паркийн нутаг дэвсгэр дээр жинхэнэ одой хүмүүс амьдардаг бөгөөд өөрийн гэсэн сургууль, эмнэлэг, дэлгүүрийг ажиллуулдаг. Гэхдээ одойчууд өөрсдийн тосгоноо хүрээлэн мэт болгон хөгжүүлсээр байгаа бөгөөд өөрсдийг нь зорин ирэгсдэд зориулсан тусгай ёслолын хувцастай болсон төдийгүй хүссэн хүн бүрийг гэрээрээ дагуулан явж, амьдрал ахуйгаа сонирхуулдаг байна. Тэдний амьдардаг гэр нь бүгд мод болон мөөгөн хэлбэртэй. Паркийн бүхий л үйлчилгээг оршин суугчид дангаараа үзүүлдэг тул “гадны” оролцоогүй гэж ойлгож болно. Цэцэрлэгт хүрээлэн гэдэг нь олон нийтийн оюуны болон биеийн алжаалыг тайлж, цэнгэн хөгжүүлэх, танин мэдүүлэх зорилго бүхий нийгмийн хариуцлага бүхий байгууллагын салбар билээ. Гэтэл жирийн бус хөгжилтэй төрсөн эдгээр хүмүүсийн эл ер бусын парк нь олон нийтэд зориулагдсан төв болж чадах эсэх нь эргэлзээтэй асуудал дагуулдаг. Гэсэн хэдий ч төр засгаас хамааралгүйгээр өөрсдийн хүчээр багагүй орлого олж, амьдралын эх үүсвэрээ бүрдүүлж чаддаг тэднийг буруутгах нэгэн хараахан алга байгаа аж.
Японы
Осака хотын нэгэн эргийг дан шатрын хөлөг маягаар тохижуулжээ. Тэнгисийн эрэг
дээрх явган хүний зам, амралтын сандал ширээ, хүүхдийн тоглоомын талбай зэрэг
бүх объектийг шатрын хөлөг мэт байдлаар бүтээжээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд хаа
сайгүй шатрын хөлөг байх тул нутгийн иргэд хүүхдүүдээ дагуулан байнга энд ирж
шатар тоглохыг эрхэмлэдэг гэнэ. Паркийг тохижуулахад тийм ч их хөрөнгө
шаардагдаагүй төдийгүй байгаль орчинд ээлтэй мод, хатуу цаас тэргүүтнийг
ашиглан бүтээсэн аж.
01
Хайрын цэцэрлэгт хүрээлэн, Солонгос
Монголчуудын хамгийн сайн мэддэг цэцэрлэгт хүрээлэн бол яахын аргагүй Хайрын цэцэрлэгт хүрээлэн. Солонгосын дайны дараа Чежү арал Солонгос хосуудын бал сараа өнгөрөөдөг газар болоод зогсохгүй олон орны жуулчдын очих дуртай газрын нэг болсон юм. 2002 онд Сөүлийн Хонгик их сургуулийг төгсөгчид тус арлын Хайрын цэцэрлэгт хүрээлэнд олон эротик хөшөө бүтээж 2004 оны 11 сарын 16-ны өдөр нээлтээ хийжээ. Чэжү аралд аялаж байгаа жуулчдын заавал очиж үзэх газрын нэг болсон энэхүү паркад зөвхөн 18 нас хүрсэн иргэд орохыг зөвшөөрдөг аж.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.