Камерын өмнө буй хүнийхээ мөн чанарыг хальснаа буулгах нь Филипп Халсманы уран бүтээлийн гол онцлог байлаа. Иймээс ч тэрээр уран бүтээлийн анд, дотнын нөхөр, сюрреалист зураач Сальвадор Далигийнхаа зургийг 1948 онд буулгахдаа түүнийг номхон зогсоож байгаад жирийн нэг хөрөг бүтээхгүй нь бүр анхнаасаа тодорхой байв. Халсман зураачийн “Leda Atomica” хэмээх бүтээлээс санаа авч, хөдөлгөөнт зүйлсээр хүрээлэгдсэн “галзуу” туурвилчийн дүрийг гаргахыг зорьжээ.
Зургийн эд эс болох тэдгээр хөдөлгөөнт зүйлсэд газраас үл ялиг хөндийрсөн “Leda Atomica” зургаас гадна агаарт хөвж буй сандал, нэг нь усан зам татуулан дүүлэх нисэж байгаа гурван муур тэргүүтэн багтана. Чухам Далид л тохирох энэ ахуй орчныг бүтээхэд Халсманд хэд хэдэн хүн, түүний дотор эхнэр, охин хоёр нь тусалжээ. Тэд гэрэл зурагчны дохиогоор, Далийг үсрэхтэй зэрэгцэн мөнөөх гурван муурыг шидэж, араас нь хувинтай ус цацан, хуучин модон сандлыг төмөр утсаар дүүжигнүүлж Халсманыг хүссэн кадраа автал нь энэ үйлдлээ 26 дахин давтсан гэдэг. Үр дүнд нь Далийг бүрнээ тодорхойлох төгс бүтээл мэндэлсэн нь энэхүү зураг бөгөөд эл бүтээл анх LIFE сэтгүүлийн хуудаснаа хэвлэгджээ.
1906 онд Латвийн Рига хотод мэндэлсэн Халсман 1928 онд эцгээ хөнөөсөн хэргээр хилс яллагдаж, торны цаана дөрвөн жил суун, тэндээ сүрьеэ өвчнөөр шаналж байгаад төрсөн эгч Лиюба болон тухайн үедээ хараахан нэрд гараагүй байсан Альберт Эйнштейн нарын хэсэг залуусын өргөдөл, гомдлын ачаар шоронгоос суллагджээ. Эйнштейн 1940 онд Халсманд дахин тус болж, түүний гэрэл зурагчны карьерийг Парист эхлүүлэхэд нь гар бие оролцон, төд удалгүй Америкийн визтэй болоход нь мөн холбоо сүлбээ тогтоон өгч, нацистуудад эзлэгдсэн Францаас зугтахад нь аминд нь орсон байдаг. Халсман Америкт хөл тавиад удаагүй байхдаа буюу 1941 оны эхээр Далитай танилцаж, 1940-өөд оны сүүлчээр хэд хэдэн зураг дээр хамтран ажиллажээ.
Хожим Халсманы охины дурссанаар гэрэл зурагчин, сюрреалист зураач хоёр бие биедээ ихэд итгэдэг, маш ойр дотнын нөхөд бололцсон агаад "Хоёр биеийнхээ чухам юуны учир зураг зурж, хөрөг зураг авдагийг хэнээс ч илүү мэддэг" байж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна