Арав.мн

Нэгэн зургийн түүх: Мөнгөн нуруутыг оршуулсан нь

Нэгэн зургийн түүх: Мөнгөн нуруутыг оршуулсан нь

Эмгэнэн гашуудсан байгаль хамгаалагчид дайны хөлд эндсэн мөнгөн нуруут аварга гориллаг оршуулахаар авч яваа энэ зургийг тогтож харсан хэн ч хүн болоод адгуусны араас харуусах нь угтаа ав адилхан болохыг ойлгох вий. Америкийн гэрэл зурагчин Брэнт Стиртоны 2007 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улсын нутагт авсан уг зурагт засгийн эрхийг булаахаар улайран тэмцэж байсан зэвсэгт босогчид хийгээд тэдний өдөөсөн үймээн самуунаас Вирунга үндэсний цогцолборт газраа,ан амьтдаа хамгаалах гэж зүтгэж байсан байгаль хамгаалагчид хоорондын ширүүхэн тэмцлийн нэгээхэн агшин үлдэж хоцорчээ. 

Вирунгын ангийн байцаагчид тухайн үед цогцолборынхоо гориллын сүргийг хамгаалж байсан ганц хүмүүс байлаа. Тэдний ажилд зэвсэгт босогчдоос гадна дайн дажнаас дайжсан хүн зоны урсгал, хулгайн анчид тээг саад болж байж. Тэгтэл Стиртоныг Вирунгад очсоноос гурав хоногийн дараа тэндхийн нэг горилла алагдсан тухай мэдээ иржээ. Стиртоны дурссанаар эл аймшигт мэдээг дуулаад байгаль хамгаалагч залуус дуугаа хурааж, зарим нь нулимс унагасан гэнэ. Тэрээр Вирунгын ажилчдын хамт гориллын сүрэг нуугдаж байсан ой ширэнгийн гүн рүү бүтэн таван цаг алхаж очтол нэг биш бүр долоон гориллаг буудаж алсан байж. Тэдний дунд хээлтэй эм горилла, мэндлээд удаагүй хэдхэн долоо хоногтой монш ч байлаа. Байгаль хамгаалагч залуус тэдний араас эмгэнэн дуугаа хурааж хэсэг зогсоод хөөрхий гориллуудыг нэг нэгээр нь хүндэтгэлтэйеэ булжээ. Харин сүргийн тэргүүн, зоо нуруундаа мөнгөлөг сортой мөнгөн нуруут аварга гориллаг нутгийн заншлаар зулзаган модны мөчрөөр зангидаж хийсэн тэгнүүр дээр хэвтүүлэн бусдаас нь арай өндөрлөг газарт нутаглуулахаар бүтэн долоон цаг үүрч дүүрэн явсан байна. Амь, амьдралаа нутаг ус, газар шороо, ан амьтдаа хамгаалахад зориулсан Вирунгын байгаль хамгаалагчид тэр бүхнийг үйлдэхдээ нэг ч үг дуугараагүй тухай Стиртон хожмоо дурсчээ. 

Гориллуудын биеийг зэрэмдэглээгүй байснаас харахад тэднийг хулгайн анчид хөнөөгөөгүй нь илэрхий байлаа. Харин нүүрсний хууль бус худалдаа хийдэг дамчид ойгоор дайран өнгөрөхдөө хөөрхий бичнүүдийн ойр хавьд байсан чулуужсан модыг түүж яваад тийн хэрэг үйлдсэн нь удалгүй илэрсэн байна. Тэд ердөө л өөрсдөөсөө өөр хөдөлсөн бүхэн рүү утга учиргүй баахан буудчихаад зорьсноо аваад арилж өгчээ. 

Стиртон мөнгөн нуруутын зургийг авсныхаа дараа өдөр, Конгын Зэвсэгт хүчнийхэн өөрийг нь хайж байгааг дуулаад тус улсаас зугтсан аж. Гэхдээ Вирунгад харсан зүйлээ тэр үргэлжид санаж явсан бөгөөд нутагтаа ирмэгцээ мөнгөн нуруутын зургийг дэлгэсэн нь 2007 оны шилдэг гэрэл зургийн нэгээр шалгарчээ. Тэрээр өдгөө жил бүр Вирунгад очдог, тэндхийн гориллын тоо толгой бага ч атугай өсөж байгааг хараад сэтгэл нь жаахан ч гэлээ сэргэдэг. Гэхдээ Конгын иргэний дайны шуурганд мөнөөх байгаль хамгаалагч залуусын олонх нь өртөж, зарим нь амь үрэгдэж, зарим нь эрхтэн дутуу болсныг сонсоод сэтгэлээр ихэд унажээ. “Гэвч тэд одоо амар амгаланг олсон байх аа. Хайрлаж, хамгаалсан Вирунга нь ямар ч байсан бүрэн бүтэн байна. Горилла нь ч олуулаа болж байна. Тооны хувьд хангалтгүй байгаа ч энэ сүрлэг сайхан амьтан тэсэж үлдэхийнхээ хэрээр ертөнцийн хамгийн эрхэм нандин, нууцлаг үзэсгэлэн бүрдсэн газрын нэгийг оршоож байна даа” хэмээн Стиртон дурсан бичжээ.


8.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


нэг муу нүүрснээс болж...
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start