Арав.мн

Сальвадор Далигийн гайхалтай 10 бүтээл

Сальвадор Далигийн гайхалтай 10 бүтээл

Чихээ огтолсон Ван Гог, ядуу зүдүүхэн амьдарч байсан Модиллиани нарыг бодвол испани зураачид авах ёстой эд баялаг, нэр алдраа амьд ахуйдаа хүртдэг бололтой. 

Хааны гүнж, ордны хүмүүсийн хөргийг зурахдаа өөрийгөө шадар цэргийн хувцастайгаар зэрэгцүүлэн зурдаг Диего Велазкюз. 

Миний ээж надад "хэрвээ чи цэрэг болвол генерал болох хэрэгтэй, лам болвол пап болох хэрэгтэй" гэж хэлдэг байсан. Харин би зураач болоод Пикассо болсон юм гэж хэлсэн Пабло Пикассо. 

Ийм их амбицтай, өөрсдийгөө үнэлэх, хүндлэх хэмжүүр нь асар өндөр испани зураачдын бас нэг жишээ нь Сальвадор Дали юм. Тэрээр сюрреалист урсгалын алдартай төлөөлөгч, амьдарч байсан цаг үеийнхэндээ хүндлэгдсэн уран бүтээлч, алдартан байв. 

"Би зургаан настай байхдаа тогооч болохыг хүсдэг байсан. Харин долоон настай байхдаа Напеолон шиг болохыг хүссэн. Түүнээс хойш миний амбиц тасралтгүй өссөөр байгаа" гэж хэлсэн энэ зураач эрхэмийн арван бүтээлүүдийг танилцуулж байна.


10

Иргэний дайны дохио - Soft Construction with Boiled Beans, 1936 он

1936 - 1939 оны хооронд Испани улсад иргэний дайн дэгдэж 610 000 хүн амь үрэгджээ. Улс төрийн хоёр том хүчний хооронд өрнөсөн дайны хар сүүдэр Испаний иргэдийг цочоож, Пабло Пикассо "Guernica" хэмээх 3,5 метрийн урттай алдарт бүтээлээ Парисын олон улсын үзэсгэлэн дээр танилцуулж байв. Пикассо хар, цагаан, саарал өнгөөр зурсан тэр бүтээлдээ Баск нутгийн Guernica хотод болсон дэлбэрэлтийн тухай сэтгэл хиртхийлгэм дүрслэлийг харуулсан юм. 

Харин Салвадор Дали энэ бүтээлээрээ иргэний дайны хор уршигийг үзүүлэхийг зорьжээ. Дайн эхлэхээс зургаан сарын өмнө Дали энэ зургаа зурсан гэдэг. Зурагт эв хавгүй төрх байдалтай мангас мэт хоёр бие тэмцэлдэх ажээ. Гэтэл анзаарч харвал нэгэн биенээс үүсэлтэй хоёр тасарсан хэсэг шиг санагдана. Эсвэл хэн нэг хүн араатан мэт байдалд шилжихэд гар хөл нь өөрлөгдөн хувирч, үзэшгүй муухай болох шиг. 

Дайны үеэр Дали, эхнэр Галатайгаа хамт Парис руу дүрвэж тэндээ хуримаа хийжээ. Дараахан нь гэртээ буцаж ирэхэд төрсөн гэр нь дайны хөлд сүйтгэгдэж, дотны нөхөр нь цаазлагдаж, эгч Анна Мариа нь шоронд хоригдсоныг мэдээд ихэд сэтгэлээр унажээ. Хожим нь Дали дайн дажин, түүний хор уршгийн тухай олон бүтээл туурвисан юм.


09

Гала - Galatea of the Spheres, 1952 он

Далигийн эхнэр Гала Орос гаралтай, сэхээтэн айлын охин байжээ. Тэд анх Далиг өөр уран бүтээлчидтэй хамтран кино хийж байх үеэр танилцсан бөгөөд энэ үед Гала нөхөртэй байв. 1934 онд Парист амьдарч байх үедээ тэд гэрлэлтээ бүртгүүлсэн ч сүмийн зүгээс католик шашинтны заншлаар ёслол хийх зөвшөөрлийг бүр хойно 1958 онд өгчээ. Тэр үед Галагийн өмнөх нөхөр нь нас бараад хэдэн жил өнгөрч байж. Дали Галаг хайртай эхнэр төдийгүй онгодыг хөглөгч гэдэг байсан бөгөөд олон бүтээлүүдээ түүнд зориулсан юм. Гала ч нөхрийнхөө ажилд тусалж, мөнгө санхүүг нь хариуцаж Далиг юун түрүүнд уран бүтээлдээ анхаарах бололцоогоор хангадаг байжээ. 

1945 онд хүн төрөлхтөн анх удаа атомын бөмбөг дэлбэрэлтийг нүдээр үзсэний дараа Дали энэ тухайд ихэд сонирхон судлах болжээ. Яг энэ үед л тэрээр "... одоо миний эцэг бол доктор Хайсэнбэрг..." гэж хэлсэн байдаг. Атомын тухай нарийвчлан сонирхсоныхоо дараа Дали энэ зургаа зурсан бөгөөд зурагт харагдах бөмбөлөгнүүд хоорондоо шүргэлцэхгүй байгаа нь ч учиртай ажээ. 

Бөмбөлөгнүүдийн сонирхолтой байрлал, цааш хязгааргүй үргэлжлэх мэт зохицол нь үзэгчийн анхаарлыг Галагийн уруул руу татна. Эртний Грекийн домогт гардаг усны савдагийг Гала гэдэг бөгөөд түүнээс санаа аван хөх, цэнхэр өнгөөр тэнгис далайг дүрсэлжээ. 


08

Хун шувууд ба заанууд, Swans Reflecting Elephants, 1937 он

Салводор Далигийн бусад бүтээлүүдээс ялгаатай нь энэ зургийн нэр юм. Ихэнх зургаа элдэв сонин, хачин, давхар утгатай үгсээр нэрлэлэг Дали энэ зургаа харин их энгийнээр нэрлэжээ. Олон зургууддаа ашигласан хоёр дүрслэл харуулдаг арга нь энд маш тод харагдаж байна. Нарциссын хувирал дээр залуу хүү өөрийн дүрээ харж суусан толь мэт усны тусгал энэ зурагт бас голлох үүрэгтэй. Нуурын мандал дээр хөвж буй, гоёмсог хүзүүтэй хун шувууд, тэдний цаана харагдах хатаж хувхайсан модод бол үнэндээ лагс хүнд биетэй заанууд бөгөөд тэдний усанд туссан тусгал ажээ. 

1930-аад оны эхэн үеээр Дали нэгэн сюрреалист зургийн техникийг үндэслэжээ. Тэрээр энэ техникээ маш олон зураг, бүтээлүүддээ ашигласны ихэнх нь давхар зураглал харагддаг, харааны төөрөгдөлд оруулдаг зурагнууд юм. Үүнийг Paranoiac-critical method гэдэг.  Паранойа гэдэг нь рациональ хандлагаар бодоход хоорондоо огт холбогддоггүй зүйлсийн хамаарлыг олох тархины нэг чадвар юм гэж Дали үздэг байлаа. 

Одоо хувийн цуглуулгад хадгалагддаг энэ зураг дайны үеэр Нацистуудын гарт орсон олон үнэт бүтээлүүдийн нэг байжээ.


07

Archeological Reminiscence of Millet's 'Angelus, 1935 он

Зураач Миллетийн 1859 онд зурсан Анжелус хэмээх алдартай зураг бий. Залуухан хосууд тариан талбайн голд залбирал үйлдэн зогсох бөгөөд хэн хэн нь толгой бөхийлгөн чимээгүй зогсоно. Саяхан үд өнгөрснийг зааж сүмийн хонх дуугарсан бололтой. Хосуудын голд нэгэн сагстай жимс байна. Тэдний хэн хэн нь тийшээ харж байх шиг... Энэ зургийг Дали бага байхдаа сургуулийнхаа ханан дээрээс их олон удаа харж байжээ. Тэрээр зурагнаас гуниг шаналал хамгаас их мэдэрдэг байж. Хожим нь энэ зургийг рентгэн цацрагийн шинжилгээгээр оруулахад хосуудын голд хүүхдийн бололтой жижигхэн авс анх зурсан байсныг мэджээ. Магадгүй зургийг зарахад илүү амар болгох санаанаас болоод авсыг арилгаж харин оронд нь сагстай жимс зурсан байх. 

Хүүхэд насных нь олон зүйлс Далигийн дотоод ертөнцөд томоохон ул мөрүүд үлдээж байсны нэгэн жишээ нь Миллетийн энэ зураг юм. Үхсэн гүрвэлийг сэглэж буй шоргоолжнууд харснаас хойш тэр жижигхэн амьтдаас айдаг болж, шоргоолжнууд түүний зурагт үхэл, хагацал, доройтлыг илэрхийлэх болсон. Түүнээс хойш шоргоолж идэштэнд дуртай болсон гэдэг ба хайртай амьтнаа хөтлөн Парисын метроны буудлаас гарч ирж буй алдарт зураг нь ч бий. Харин Миллетийн энэ зурагнаас үлдсэн дурсамжаа тэр мөн л олон бүтээлдээ оруулж, шинэчилж зурсны нэг нь энэ билээ. Газар орон, орчин, өнгө, хэлбэр нь өөрчлөгдсөн байх боловч зовлон шаналалдаа эрхгүй толгой гудайлгасан хоёр дүр нь хэвээр үлддэг. 


06

Дайны царай төрх - The Face of war, 1941

Калифорнид түр суурьшин амьдарч байсан үедээ буюу 1940 оны сүүлээр Дали энэ зургаа зурж эхэлжээ. Тэр бол Испаний иргэний дайн дуусаж байсан ч харин тун харамсалтай нь дэлхийн хоёрдугаар дайн эхэлж байсан жил юм. Дали заримдаа өөрийгөө дайныг зөгнөх совинтой ч гэж боддог байж. Учир нь тэрээр иргэний дайн Испанид эхлэхээс хагас жилийн өмнө бас нэг алдарт бүтээлээ туурвиж байсан билээ. 

Зурагт үрчлээтэж атирсан духтай аймшигтай гавлын яс эзгүй, хуурай цөлд харагдана. Гавлын ясны хоёр нүд, аман дотор бас гавлын яснууд харагдах бөгөөд тэдний дотор ч мөн адил жижигхэн гавалнууд гэх мэт цааш үргэлжилжээ. Амаа ангайсан бор өнгөтэй могойнууд гавлын яснаас зүүгдсэн буй нь нуруу зарайлгам өнгө аясыг улам тодотгож өгнө. 

Энэ бол сюрреалист аргаар дайны хор уршиг, хүмүүсийн айдас, цаг үеийн хар бараан байдлыг харуулсан зураачийн тэмцэл билээ. 


05

Хавчин утас - Lobster Telephone, 1936

Cюрреалист бүтээлүүд цуглуулагч, яруу найрагч Эдвэрд Жеймсэд зориулж Дали энэ хачирхалтай утсыг бүтээжээ. Хавч ба утас гэсэн хоорондоо огт хамааралгүй мэт хоёр зүйлсийг хамтад нь харуулах нь сюрреалист уран бүтээлчдийн гол таних тэмдэг юм. Хамаагүй мэт зүйлсийн холбогдсон ийм байдал хамгийн далд ухамсрын нууцхан хүслийг илтгэдэг гэж Дали үздэг байжээ. 

Хавч болон утас нь Далигийн хувьд онцгой утгатай зүйлс билээ. 1939 онд Нью-Йорк хотноо болсон олон улсын томоохон үзэсгэлэн дээр тэрээр Венерагийн мөрөөдөл нэртэй үзүүлбэр үзүүлжээ. Энэ үеэр Дали эмэгтэй моделиудаа далайн гаралтай шинэхэн бүтээгдэхүүнүүдээр "хувцасласан" бөгөөд эмэгтэй хүний эмзэг нандин хэсгүүдийг далдлахдаа хавч ашиглаж байв. Сексийн дур хүсэл, эротизм, дур таашаалыг Дали хавчаар илэрхийлдэг байлаа. 


04

Dream Caused by the Flight of a Bee Around a Pomegranate a Second Before Awakening, 1944 он

"Анар жимсийг тойрон нисэж буй зөгий, зүүднээс сэрэхээс ганц хоромын өмнө" гэх энэ урт нэртэй зураг бол дэлхийн хоёрдугаар дайны дараа хамгийн ихээр алдарт гарсан зурагнуудынх нь нэг юм. Дали энэ зургаа эхнэр Галагийнхаа хамт Америкт амьдарч байхдаа зуржээ. Тэр энэ үеэр аль хэдийн цөмийн зэвсэг, атомын бөмбөгийн тухай сонирхож эхлээд байв. Гэвч түүний уран бүтээлүүдэд Фройдын нөлөө, зүүдний ертөнцийн сэдэв зонхилсоор байлаа. 

Нүцгэн эмэгтэй тэнгисийн эрэг дээр хөдөлгөөнгүй хэвтэнэ, зүүдлэж буй бололтой. Түүний наана хоёр дусал ус бас нэгэн анар жимс байна. Энэ нь элбэг дэлбэг байх, үр хүүхэдтэй болохын бэлгэдэл ажээ. Сайн харвал жимсний газарт туссан сүүдэр нь зүрхэн хэлбэртэй байна. Анар жимсийг тойрон нисэж буй зөгий эмэгтэйг зүүднээс нь гэнэтхэн сэрээх бололтой. Харин цаана нь анар жимснээс сум мэт гарч ирсэн загас, түүний амнаас үсрэн гарч буй барс харагдана. Тиймээс энэ зургийг Эволюцийн хуулийг хамгийн сюрриалист аргаар зурсан хувилбар ч гэдэг. 

Харин дээд хэсэгт харагдаж буй зааныг Италийн уран барималч Бернинигийн бүтээлээс санаа аван зуржээ. 


03

Мэе Вестийн царай - The face of Mae West

Зөвхөн зураач биш бас дизайнер. Гэхдээ тун өвөрмөц, бага зэрэг галзуу дизайнер гэдгээ Дали энэ бүтээлээрээ хүмүүст харуулсан байна. Анх Мэе Вестийн сонин дээр гарсан зургийг хараад энэ өрөөг хийх санаа нь төржээ. Мэе бол хорьдугаар зууны супер оддын нэг бөгөөд Дали түүнийг эмэгтэйлэг гоо үзэсгэлэнгийн төгс төгөлдөр жишээ хэмээн биширдэг байж. Италийн алдарт найруулагч Федерико Феллини хүртэл Мэе Вэсттэй хамтарч кино бүтээх хүсэлтэй байсан гэдэг. 

Байж боломгүй, утгагүй мэт зүйлсийг хольж, нэг шугаманд хутгахыг хэн ч чадах байх. Гэвч энэ нь хүссэн бүхэн жинхэнэ бүтээл туурвиж чадна гэсэн үг биш. Гоо үзэсгэлэнт царай төрхийг, өрөөний тавилга сэлттэй холбох галзуу санааг олох, олсон санаагаа гайхалтай сайн гүйцэтгэх, үзэгчдэд мэдрэмж төрүүлэх, гэвч бас хамгийн чухал нэг нууцлаг асуулттайгаар үлдээж чадах нь л жинхэнэ уран бүтээлч хүний чадвар бололтой. Эсвэл цэвэр авъяас. 


02

Нарцисын хувирал - Metamorphosis of Narcissus, 1937 он

Фройдыг шүтэн биширдэг байсан Дали 1938 онд шүтээнтэйгээ уулзаж түүний хөргийг зуржээ. Энэ уулзалтаас өмнө сюрреалист уран бүтээлчдийг тоож үздэггүй байсан нэрт эрдэмтэн залуухан испани зураачийг ихэд үнэлж, тэр дундаа энэ зургийг нь сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс судлах хэрэгтэй бүтээл гэж үзсэн юм.

Эрний Грекийн домогт Нарцис хэмээх залуугийн тухай нэгэн үлгэр буй. Хэд хэдэн хувирбартай байдаг энэ домог Овидиогийн бичсэнээр илүү олонд хүрчээ. Домогт өгүүлдгээр бол Эко хэмээх нэгэн савдаг Нарцисын гоо үзэсгэлэнд татагдан, ухаангүй дурлажээ. Эко нэгэнтээ Зевсийн эхнэр Херагийн хилэнгээс болж хэн нэгний хэлсэн үгийг давтаж хэлэхээс өөрөөр ярьж чадахгүй болсон бөгөөд түүний нэр нь цуурай гэсэн утгатай юм. Тэрээр Нарцист сэтгэлээ илчилсэн ч Нарцис түүний дурлалыг хүлээж авсангүй. Гомдож, цөхөрсөн Эко үлдсэн насаа ганцаар өнгөрөөжээ. Экогийн энэ шаналалыг харсан өш хонзонгийн бурхан Нарцисыг шийтгэхээр шийдэв. Тэгээд голын усанд туссан өөрийнхөө дүрд дурласан Нарцис тэндээ живж өөд болжээ. Харин нас барсан газарт нь ургасан цэцгийг түүний нэрээр нэрлэсэн байна.

Дали энэ домгоос санаа аван зургаа зурсан бөгөөд энэ зургийнхаа хамтаар шүлэг хүртэл зохиосон юм. Зургийн зүүн талд голын усанд өөрийгөө харан суусан Нарцис харагдана. Аль хэдийн үхсэн мэт харагдах түүний байр байдал нь хөшөө шиг, эргэн тойрных нь орчин элчилгүй цөл шиг эвгүй үзэгдэнэ. Харин баруун хэсэгт буй гарт өндөг байх бөгөөд түүнээс нь цэцэг ургажээ. Энэ бол Нарцисын хувирал юм. Тэр одоо нэгэнтээ хүн байхаа болиод цэцэг болов. Тэр цэцэг яг Нарцисын үс шиг хийснэ. Баруун захад нэг нохой цус урссан мах идэж харагдах нь үхэл амьдралыг харуулж, харин гол хэсэгт бүжиглэж буй эмэгтэйчүүд нь Нарцист дурласан байсан усны савдгууд ажээ. 

Зарим судлаачдын үздэгээр бол Дали энэ зургаар өөрийнхөө өөрчлөлтийг бас үзүүлсэн гэдэг. Сэтгэл зүйн тогтворгүй байдлаас гарсныгаа дүрсэлсэн бөгөөд өндөгнөөс урган гарч буй цэцгээр хайрт эхнэр Галагаа илэрхийлсэн байж магадгүй юм.


01

Цаг хугацааны оршихуй - The persistence of memory, 1931 он

Хорин долоон настай байхдаа зурсан энэ зураг нь Нью-Йорк хотын нэгэн галлерейд олон нийтэд дэлгэгдсэний дараа Салвадор Дали тухайн үеийн урлагийн ертөнцөд нэгэн том үзэгдэл болон орж иржээ. Зургаан настайгаасаа л эхлэн зураг зурж, хорь гаруй насандаа кино урлагт хүртэл зүтгэж явсан түүний хамгийн ихээр олонд танигдсан бүтээл нь энэ зураг юм. 

Зурагт дөрвөн ширхэг цаг дүрслэгджээ. Хатсан, хуурай модны мөчир дээр тогтож үлдсэн нэг цаг. Хайлж урсах гэж байгаа юм шиг атлаа хурц ирмэг дээр тогсон нэг цаг. Газарт хэвтэж буй цайвар биетийн дээрх нэгэн цаг. Харин сүүлийнх нь шоргоолж шавсан өөр нэг цаг. Шоргоолжнууд түүний зурагт үхэл, доройтол, хар бараан зүйлсийг илтгэдэг. Дали жаахан байхдаа үхсэн гүрвэлийг сэглэж буй шоргоолжнуудыг харсныхаа дараа ихэд жийрхэж, шоргоолжноос айдаг болжээ. Бараан өнгийн дэвсгэр дээр илүү тодорч харагдах тэр цайвар биетийг зүүдэлж буй хүн, эсвэл Дали өөрийгөө зурсан байх гэж үздэг. Энэ зургийг Эйнштэйний харьцангуйн онолоос сэдэвлэн зурсан байх гэж урлаг судлаачид таамаглаж байсан ч зүгээр л хайлсан бяслагнаас санаа аван зурснаа Дали өөрөө хэлж байжээ. 

Зураг бүхэлдээ зүүдний ертөнцийн тухай юм. Элдэв сонин мэдрэмж төрүүлдэг, яг л үнэн юм шиг бүүр түүр санагдах атлаа бодит бус байдаг энэ ертөнц бол сюрреалист уран бүтээлчдийн хамгийн том сэдэв билээ. Дали энэ зургаараа цаг хугацааны мөн чанарыг зүүдний ертөнцөөр дамжуулан харуулахыг хүсжээ. Эгэл жирийн энэ амьдралд бол бидний хамгийн чухал хэмжүүр, хөдөлшгүй, тогтсон цаг хугацаа харин зүүдний ертөнцийн нүдээр бол тогтворгүй, хайлж урссан, зарим нь шоргоолжинд идүүлж өмхөрсөн байх аж. Цаана харагдах цэнхэр тэнгэр, уулс бүхий энэ орчин бол Далигийн хүүхэд насаа өнгөрөөсөн Каталан нутгийн Пани уул юм.

Зүүд, далд ухамсрын тухай сонирхон судалдаг байсан үеэсээ л тэрээр Зигмунд Фройдыг биширдэг байв. Тиймээс нэг ярилцлагадаа "... сюрреализмын үед би дотоод ертөнцийг илэрхийлж гаргахыг зорьдог байсан. Тэр үед миний эцэг бол Фройд байв. Харин өнөө үед /дайны цагийг хэлж байна/ би гадаад ертөнцийг үзүүлэхийг хүсэж байна. Одоо миний эцэг бол доктор Хайсэнбэрг ..." гэж хэлжээ. 


8.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
iim bn
+3
ямар гоё юм уншчихваа
+4
Uneheer goyo medee bn bayarlalaa
+4
7 дээр байгаа мэдээ ямар гунигтай юм бэ
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start