Арав.мн

Хаантай өрсөлдөхгүй гэсэндээ математикчдыг "мартсан" уу

Хаантай өрсөлдөхгүй гэсэндээ математикчдыг

Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал гэгддэг Нобелийн шагналыг Шведийн химич, зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээс ёсоор бий болгосон билээ. Тэрээр хүн төрөлхтөнд тустай үйл бүтээсэн таван салбарын шилдгүүдийг жил бүр шагнаж урамшуулахыг захисан. 

1901 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу Нобелийн таалал төгссөний таван жилийн ойн өдөр болсон Нобелийн шагнал гардуулах анхны ёслолоос хойш Нобелийн сан физик, хими, анагаах ухаан, утга зохиол, энхтайван гэсэн таван төрөлд шилдгүүдийг тодруулсаар ирсэн. Харин 1969 онд Шведийн банкнаас эдийн засгийн салбарынханд Нобелийн шагнал гардуулж байхаар шийдвэрлэжээ. Гэтэл эдгээрээс дутахааргүй чухал салбар болох тооны ухааны салбарыг ноён Нобель юуны учир орхигдуулсан тухай таамаг, шүүмжлэл бүтэн зууны турш тасарсангүй. 

Түүн шиг шинжлэх ухаанч эр математикийг мартаагүй нь мэдээж билээ. Эхнэр нь математикч эртэй учир ургуулсан болохоор Нобель бүх математикчдад таагүй хандахаар шийдсэн гэх яриа бий. Гэхдээ шагналыг үндэслэгч насан эцэстлээ гоонь эр байсан тул энэ нь цуурхал төдий юм. Харин Венын уугуул Софи Хесс гэх бүсгүйтэй дотно байсан нь үнэн бөгөөд Софи Шведийн нэрт математикч Коста Миттаг-Леффлертэй нэгэн цагт амраг хайрын холбоотой байжээ. 

Өөр нэг түгээмэл таамаг бол Нобель өөр шалтгаанаар Миттаг-Леффлерт таагүй ханддаг байснаас түүнийг Нобелийн шагналтан болгохгүйн тулд эл салбарыг шагналын төрөлдөө багтаагаагүй гэх. Гэвч дараах баримтуудыг харахул энэ нь ч худал хуудуутай болж таарна.

Нобель, Миттаг-Леффлер нар хоёул Стокгольмын боловсролтой, сэхээлэг давхаргад багтаж байлаа. Гэхдээ Нобель Миттаг-Леффлерийг оюутан байхад буюу 1885 онд Шведдээ ирсэн бөгөөд Парист бүрмөсөн суурьшсанаар жилд ганц удаа буюу ээжийнхээ төрсөн өдрөөр л эх нутагтаа хөл тавьдаг байжээ. Тиймээс Миттаг-Леффлерт Нобельтой ч, Софитой ч дотносох боломж гараагүй гэсэн үг. Мөн Миттаг-Леффлер Нобелийн шагнал хүртэнэ гэх баталгаа ч байгаагүй билээ. Тэрээр хүндтэй нэгэн байсан ч Жулис Хэнри Поинкар, Дэвид Хилбэрт нарын суут математикчид түүний цаг үед амьдарч байв.

Тиймээс Нобель шиг хүн зөвхөн шагнал хүртээхгүйн тулд шалихгүй шалтгаанаар бүхэл бүтэн салбарынхныг нүд үзүүрлэсэн гэхэд итгэмээргүй. Нобель зөвхөн сонирхлыг нь татдаг салбарынхныг урамшуулахыг хүссэн байж болох. Тэрээр хими, физикт амьдралаа зориулсан хүн. Мөн утга зохиолын асар өндөр мэдлэгтэй нэгэн байв. Нэг үгээр, математик хэзээ ч түүний таалдаг салбар байгаагүй юм.   

Тэрээр гэрээслэлдээ хүн төрөлхтөнд тустай үйл бүтээгчдийг онцгойлон урамшуулахыг даалгасан. Тэгэхээр нийгмийн салбарт ихээхэн анхаарал хандуулдаг байсан түүн шиг хүнд математик гэдэг олонд ашигтай салбар гэхээсээ ярвигтай, амьдралаас хол, хэт онолын зүйл мэт санагдсан байж ч мэднэ.

Математикийн салбарт яагаад Нобелийн шагнал гардуулдаггүй вэ гэсэн асуултын хариу болгож олон таамаг дэвшүүлж ирснээс саяхны нэг таамаг харин хамгийн үнэний ортой нь байж мэдэх юм. Шведийн хаан II Оскар Миттаг-Леффлерийн хүсэлтээр шилдэг математикчдад олгох шагнал бий болгосноос Нобель Миттаг-Леффлер болон хааны шагналтай өрсөлдөхүйц шагнал бий болгохыг хүсээгүй гэж зарим судлаач үзэх болжээ. Дээрх бүхнийг дүгнэхэд энэ л хамгийн боломжит хувилбар юм. 


8.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start