Нойргүйдлийн тухай 10 баримт
Өглөө, үдшийн алинд ч ядарч, сульдаад байна уу? Цаанаа л идэвхгүй болж урвайж, нурмайгаад байна уу? Тэгвэл та хоногт зургаа хүрэхгүй цаг унтдаг гэсэн үг. Хүмүүс бид жил ирэх тусам биологийн цагаа өөрсдөө эвдэж байна гэж судлаачид үздэг. Хүн эрүүл чийрэг, сэргэлэн цовоо, ажлын бүтээмжтэй байхын тулд хоногт найман цаг унтаж амрах ёстой гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, байгалийн хууль бий. Гэтэл 1890-ээд оноос буюу цахилгаан чийдэн үүссэнээс хойш энэ хугацаа багасан багассаар өдгөө зургаан цаг болжээ.
10
Энэ зууны сүүлч гэхэд хүн өдөрт дөрвөн цаг унтана
АНУ-ын Виржиниягийн технологийн их сургуулийн түүхч, нойр судлаач, профессор Рожер Экиркийн бичсэнээр Аж үйлдвэржилтийн хувьсгалаас өмнө дэлхий нийтийн олонх нь, тэр тусмаа хот суурин газрын "цагаан гартнууд" үдшийн гэгээ тасрахаас үүр хаяарах хүртэл буюу дунджаар есөн цаг унтаж амардаг байв. Харин 1890-1970 он хүртэлх хугацаанд энэ тоо долоо болж, 1970-2012 онд зургаа болон хорогджээ. Энэ янзаараа нойргүйдсээр байвал энэ зууны сүүлч гэхэд хүн гээч амьтан хоногт дөрөвхөн цаг унтдаг "зомби" болж хувирах гэнэ. 40 гаруйхан жилийн дотор бид унтаж амрах бүтэн цагаа хэнд, юунд алдчихав аа?
09
Гол буруутан нь цахилгаан хэрэгсэл
Бидний нойрыг хулгайлсан гол буруутан бол удаан асдаг цахилгаан чийдэнгээс эхлээд дуу хураагуур, камер зэрэг орчин цагийн олон цахилгаан хэрэгсэл зохион бүтээсэн Томас Эдисон юм. Түүний "гэмт хэрэг" өнөө цагт ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютер зэргээр үргэлжилж байна. Эдгээр цахилгаан төхөөрөмж тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хөх туяа ялгаруулдаг. Харвардын их сургуулийн Анагаахын салбар сургуулийн харьяа Нойр судлалын тэнхмийн эрхлэгч Чарльз Цейслерийн хэлснээр ийм хөхөлбий туяаны нөлөөнд удаан байх нь бүтэн сарны дор шөнөжин хэвтэхтэй адилхан гэнэ. Хөшигний завсраар тусах сарны гэрэл хэчнээн дарамттай байдаг билээ дээ.
Цахилгаан хэрэгслийн хөх туяа хүний бие дэх өдөр, шөнийн мөчлөгийг хянаж, зохицуулдаг мелатонин хэмээх дааврын ялгарлыг бууруулдаг байна. Тэгэхээр зурагтын суваг сольж байгаад буйдан дээрээ дугхийх, iPad-ээ тэврээд орондоо орох, дэрнийхээ хажууд гар утсаа тавьж хонохын аль аль нь өөрийгөө удаанаар егүүтгэж буй хэрэг юм. Гэхдээ өглөө арай ядан орноосоо өндийж, өдөржин унжийж явдгаа зөвхөн цахилгаан хэрэгсэлд тохож болохгүй. Байгалийн гэгээ тасарсны дараа бүгд идэвхтэй байх болсон нь Томас Эдисоны "гавьяа" ч үүний гол буруутан нь өдөр, шөнийн хэмнэлээ зохицуулж чадахгүй байгаа хүмүүс бид өөрсдөө юм.
Мөн тархин дахь дур хүслийн цэгийг өдөөгч дофамин хэмээх даавар биднийг унтуулахаа байжээ. Герман эрдэмтдийн тогтоосноор дофаминыг хамгийн их ялгаруулдаг зүйл нь өнөө цагт цахим сүлжээ болсон байна. Өөрөөр хэлбэл твиттер, фэйсбүүк хуудсаа шалгах бүрт, шинэ содон мэдээ, бусдын зураг, бичлэгийг сониучирхан "хэрэгт дурлах" бүрт бидний тархинд дофамин үйлчилж, "Унтаж болохгүй" гэх мессежийг эд эрхтэнд хүргэдэг аж. Энэ нь өсвөр насныхан, залуусын дунд хамгийн элбэг байна.
06
Өсвөр насныхан нойргүйдэх нь нэмэгдсээр байна
Өнгөрсөн онд "Pew" судалгааны байгууллагаас олон улсад түүврийн аргаар хийсэн санал асуулгад оролцсон өсвөр насныхны 78 хувь нь унтан унтталаа интернэтээр хэсдэг гэжээ. Харин 18-45 насныхны 83 хувь нь орондоо орсон хойноо ч гар утас, таблетаа ашигладаг гэсэн бол 57 хувь нь унтахаасаа өмнө "Өнөөдөр юу хийлээ", "Маргааш яах билээ" гэж санаагаа чилээдэг, түүнээсээ болоод тайван амарч чаддаггүй гэсэн байна. Тархиа амрааж, шөнийн гүн нойронд бэлтгэх ёстой байтал ийнхүү биеэ зовоох нь шөнө дунд сэрэх, хар дарах, хөлрөх гээд олон таагүй зүйлийн шалтгаан болдог. Мөн REM нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн, нойрны нэг хэлбэр буюу нүд аяган дотроо хурдан хөдлөөд байдаг, хагас дутуу нойр авахын нэг шалтаг болдог аж. Үүнийг хүмүүс "Зүүдэлж байна" гэж тайлбарлах нь олонтаа. Хэдий үнэн ч аниатай зовхины цаана нүд хөдлөөд байх нь зүүдний гэхээсээ тархи амраагүй, тайван бус байгаагийн илрэл юм.
Англи, Америкийн эрдэмтдийн хамтарсан судалгааны баг өнгөрсөн оны наймдугаар сард REM-ийн шинж, үр дагаврыг хулгана дээр туршжээ. Сүүн тэжээлтнүүд (бид ч мөн багтана)-ийн нойрны 20 хувийг REM эзэлдэг. Нойрны ийм хэлбэр үүнээс илүү юм уу, бага байвал тархины эд эс үхжиж, зүрхний хэм алдагддаг аж. Их ядарсан юм уу, олон шөнө дараалан нойр дутуу явсан, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс нүдээ хөдөлгөн унтах нь их. Тэгвэл лабораторийн мэрэгчдийг зориуд нойргүйдүүлж байгаад унтахад нь нүдний хөдөлгөөнийг нь ажигласан дээрх эрдэмтэд зохих хэмжээнд унтаж амарч байгаа мэрэгчидтэй мөнөөх туршилтын амьтдаа харьцуулахад байнга нүдээ хөдөлгөж унтдаг юм уу, огт REM-ийн шинжгүй хулганууд бусдаасаа эрт үхсэн байна. Үүнээс үндэслэн REM-ийн хувийг зохих хэмжээнд нь барихын тулд хамгийн багадаа хоногт 5-6 цаг унтах хэрэгтэй гэж эрдэмтэд үзжээ.
04
Нойргүйдэл генийн 700 гаруй хувиралд хүргэнэ
Дофамин их хэмжээгээр ялгарч, тархи амрахгүй байх нь зөвхөн ядаргаанд хүргэдэг юм биш. Нойргүйдлээс үүдсэн олон сөрөг дагавар шинэ эриний өвчин нэрээр анагаах ухаанд бүртгэгдэж мэдэхээр байна. Нойр дутуу байхын хамгийн том аюул бол сэтгэцийн өөрчлөлт, генийн 700 гаруй хувирал юм. Хамгийн их нойр авах учиртай бага, залуу насандаа хангалттай унтаж амрахгүй байх нь эцэг эхээсээ өвлөж авсан генийн мэдээллийг өөрчилж, хүнийг байх ёстойгоос нь өөр болгодог гэнэ. Генийн гаралтай олон өвчин, төрөлхийн эмгэгүүд чухамдаа тухайн хүний эцэг эхийнх нь нойргүйдлээс болдог гэж үзэх судлаачид ч байна.
03
Нойргүйдлийн гэмт хэрэг
Ийм нэр томьёо саяхнаас бий болжээ. Япон улс болон Европын холбооны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн хэд хэдэн судалгаагаар хүчин, хулгай дээрэм, авто замын осол, тэр бүү хэл гаж, хэрцгий байдлаар хүний амь хөнөөх нь томоохон хот сууринд их байдгийн нэг шалтгаан нь технологижсон үеийнхний нойргүйдэл болох нь тогтоогдсон байна.
02
Ажилчдаа амраахгүй бол хариуцлага хүлээнэ
Иргэдийнхээ эрүүл мэнд, сэтгэл зүйд анхаарахын тулд олон улс нойргүйдэлтэй эрх зүйн аргаар тэмцэж эхэлжээ. Германд 2010 оноос төрийн албан хаагчдыг ажлын цаг дууссаны дараа хувийн цахим шуудангаа шалгаж, видео бичлэг үзэхийг хориглосон байна. Харин Бразилд ажлын бус цагаар ажилчдаа ямар нэг цахим хэрэгсэл дээр ажиллуулсан дарга, албан тушаалтныг хөдөлмөрийн хууль зөрчсөн хэмээн үзэх журам 2012 онд батлагджээ. Иргэд нь хамгийн бага унтдаг гэх Америкт ч гэсэн нэг бус нааштай өөрчлөлт гарч байна. "The Huffington Post" цахим сонин редакцдаа унтлагын өрөөтэй болсон бол онлайн боловсрол олгодог "Treehouse" компани ажлын дөрвөн өдөртэй болсон зэрэг жишээг энд дурдаж болох юм.
01
Зургаагаас илүү цаг ажиллаж болохгүй
Иргэдийн ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах Европын сан нэртэй байгууллага бий. Тус байгууллагын 2010 онд хийсэн судалгаанд хүн долоо хоногт 30 цаг буюу өдөрт дунджаар зургаан цагаас илүүгүй ажиллах ёстой, тэгвэл эрүүл байгаад зогсохгүй их зүйл бүтээнэ гэсэн байна. Ийм хандлага зарим улсад шинэ зүйл биш. Ялангуяа Газрын дундад тэнгис орчмын буюу Өмнөд Европын орнууд, мөн Филиппин, Мексик зэрэг улсад өдрийн цагаар ажилтнуудаа дугхийхийг зөвшөөрдөг албан байгууллага олон байдаг аж.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.