1962 оны Нобелийн утга зохиолын шагналт Жон Стейнбек 1902 онд төржээ (хөнгөн хошигнол, нийгмийн байдлыг илэрхийлэх реалист, яруу тансаг утга зохиол туурвиснаараа авсан).
Америкийн орчин үеийн уран зохиолын шилдэг нэгэн төлөөлөгч болсон Стейнбек “золгүй, зүдэрсэн хүмүүний талд зогсож, амьдралын энгийн аз жаргалыг өнгө мөнгөнд шунах сэтгэлтэй эсрэгцүүлдэг”. Зохиолч өөрөө “хүмүүний алдаа эндэгдлийг олж харж, сэтгэл зүрхийг нь өргөмжлөх учиртай” хэмээн өгүүлсэн байдаг. Ерөнхийлөгч Линдон Жонсонг ихэд хүндэлж, хэлэх үгийг нь хүртэл бичиж явсан гэдэг.
Анхандаа Вьетнамын дайнд АНУ-ын талд байсан ч тэнд очоод үзэл бодол нь эргэсэн.
Стейнбек хүний тэвчээр, сэтгэлийн тэнхээг магтан дуулдаг. Өгүүллэг зохиолдоо хүний сэтгэлийг биширч, амь амьдралыг өөд өөд нь өргөдгөөрөө Америкийн бусад зохиолчоос ялгаатай. Уран бүтээлийнх нь оргил болсон “Уур хилэнгийн багц” романаа 1939 онд бичсэн бөгөөд үүнд газраасаа хөөгдөж, ажил эрэн хааяагүй хэсүүчлэх фермерүүдийн тухай өгүүлнэ. Эцэст нь зовлон үзсэн гол баатрууд өөрсдийгөө зүдэрсэн ардын нэгэн хэсэг болохоо ухаардаг. Их хямралын үеэр Стейнбек анхандаа ургац хураалт сурвалжлахаар явж, үр дүнд нь тэнд үзэж харсан бүхнээ таван зуугаад хуудас роман болгон буулгасан түүхтэй. Ургацын талбайд харсан бүхэн сэтгэл дотрыг нь хөнджээ. Сайн сайхан амьдралын мөрөөдөл нуран унаж буйг уншихад амаргүй. (Энэ романы тухай дараа бичих болно)
Ингээд Жон Стейнбекийн хүүдээ бичсэн захидлыг оруулъя.
***
Захиаг чинь өнөө өглөө авлаа. Хүү минь, аав нь бодож санаснаа хэлье. Ээж чинь бас санаагаа хэлэх биз ээ.
Юун түрүүнд чи хэн нэгэнд дурласан бол тун сайн. Дурлал гэдэг хүнд тохиож болох хамгийн сайхан зүйл. Хайр сэтгэлээ хүнд доромжлуулж, бусдын доог тохуу болгож болохгүй.
Хоёрт гэвэл хайр гэдэг хоёр янз бий. Нэг нь өөрийгөө өргөмжилж, хувиа хичээсэн хармын сэтгэл. Ийм сэтгэлтэй хүмүүс нэгнээ ашиглаж, өчүүхэн биеэ өргөмжилдөг. Энэ нь угаас гаж мэдрэмж. Гэтэл өнөө нэг нь сэтгэлийн сайхан бүхнийг дэлгэдэг өгөөмөр мэдрэхүй. Нэгнээ хувь хүн талаас гүнээ хүндэлж, үнэ цэнэтэй болохыг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хоёр сэтгэлийн нэг нь чамайг золгүй, өчүүхэн, сул дорой мэт санагдуулж, өнөө нэг нь чиний гадарлаа нь үгүй эрч хүч, эр бяр, өр нинжин сэтгэл, түүгээр барахгүй ухаарал хайрлана. Хүү минь, чи энэ сэтгэлээ хүүхдийн шохоорлоос ондоо гэжээ. Ингэж бодсоноос чинь үзвэл, сэтгэл чинь их л хөдөлж.
Гэхдээ аав нь энэ холоос чиний сэрэл мэдрэмжийн тухай ярихыг чи хүсээгүй нь лав. Зүрх сэтгэлээ чи хэн хүнээс илүү мэднэ. Алсдаа яах учиртайгаа надаас асуусан болохоор чадах чинээгээрээ тусалъя. Нэгт, хайр дурлалдаа автаж, эс бүрээрээ мэдэр. Ижилгүй энэ сэтгэлийг мэдэрч, тэмтэрч чадсандаа таларх.
Хайрыг чинь хүлээсэн нэгэн энэ хорвоогийн хосгүй дээд нь бөлгөө. Түүнтэйгээ эн зэрэгцэхийг хичээ. Хэн нэгэнд сэтгэл алдарсан бол энэ тухай хэлэхэд эмээгээд байх зүйлгүй. Гэхдээ зарим нэг нь хэтэрхий бүрэг ичимхий учир анхаарал болгоомжтой хандах учиртай шүү. Охид сэтгэлийг чинь мэдрэх ч энэ тухай хэлүүлэх дуртай. Хайр сэтгэл гэдэг хааяадаа хариугүй үлдэх нь бий. Гэлээ гээд энэ сэтгэл үнэ цэнээ алдаж, худал хуурмаг болж хувирна гэсэн үг огтхон ч биш.
Эцэст нь хэлэхэд би яг одоо чамтай ижил тэр л мэдрэмжийг сэтгэлдээ тээхийн учир хүүгээ ойлгож байна аа. Миний мэдэрсэн тэр агуу зүйлд чи минь ч бас хүрэлцсэн гэж бодохоор сэтгэл дотор бялхах юм.
Хайр дурлалаа алдана гэхээс битгий эмээ. Жинхэнэ сэтгэл хэзээ ч алга болохгүй. Гол нь яарч л болохгүй юм шүү. Сайн сайхан зүйл цаг үргэлжид хажууханд байдаг.
Аав нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна