Япон Шиндлерийн тухай 10 баримт
Манхэттэнд
өссөн Анна Кадиш 1939 онд Польшоос зугтсан аав, ээжийнхээ үлгэр домог мэт
түүхийг сонсож өсчээ. Эцэг эхийнх нь адил нацистуудын харгислалаас амь
мултарсан олон арван хүн түүнд дэлхийн II дайны догшин шуурга хийгээд амийг нь
аварсан нууцлаг япон эрийн тухай ярьдаг байж. Тэрхүү япон эрийг Чиүнэ
Сүгихара(1900-1986) гэх бөгөөд сүүлийн жилүүдэд тэрбээр
Япон Шиндлер нэрээр олон улсад танигдаад байна.
10
Арван мянган хүний аврагч
1940 оны зун Литвийн Ковно хотод Японы
консулаар ажиллаж байсан Сүгихара
эрх баригчдынхаа тушаалыг зөрчин, өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхнийхээ амийг
дэнчинд тавин байж зүүн Европоос зугтаж явсан еврей нарт 1500 гаруй виз цохож өгсөн нь 10 мянган хүний амийг аварчээ.
Тэдгээр хүний үр удам болох ойролцоогоор 45 мянган хүн эдүгээ амьд сэрүүн
байна.
1979 онд Марвин Токаерийн хэвлүүлсэн “Фүгү төлөвлөгөө” ном уншигчдын хүртээл болохоос өмнө энэхүү баатарлаг, нууцлаг хүний тухай дэлхий нийт огт мэддэггүй байлаа. Дэлхийн II
дайны үеийн еврей, япон хүмүүсийн
харилцааны тухай өгүүлсэн уг номонд Сүгихарагийн талаар цухас дурдсан бөгөөд түүний дэлгэрэнгүй намтрыг
бэлэвсэн гэргий Юүкико нь 1996 онд “Амьдралын виз” хэмээх ном болгон хэвлүүлж,
хүү Хироки Сүгихара нь англи
хэлнээ хөрвүүлснээр сая Чиүнэгийн түүх дэлхийн сонорт хүрчээ.
Хироки Сүгихара аавынхаа аварсан хүмүүстэй уулзаж, дэлхийг тойрон аялахдаа Нью-Йоркт
саатан Анна Кадиш болон
түүний 10 гаруй төрөл төрөгсөдтэй эцгийнхээ талаар ярилцсан байна. Тэд бүгд Сүгихарагийн визний ачаар амьд үлдсэн
еврейчүүд байлаа. Тэдний адил
Европоос зугтахыг хүссэн мянга
мянган дүрвэгч гадаадын ЭСЯ, Консулын газруудаас тусламж хүсчээ.
Нацистуудын харгислалыг нүдээр
үзэж, эгэл жирийн хүмүүсийн зовж
зүдрэхийг ахин харахаас зүрх алдсан Сүгихара Орос, Японоос тэдэнд виз олгох зөвшөөрөл хүссэн байна. Тэгтэл Оросын тал дүрвэгчдийг
нутгаараа дайран өнгөрөхийг зөвшөөрсөн боловч нацист Германы холбоотон Японы Засгийн
газар татгалзсан хариу өгчээ.
Харин консул Сүгихара
еврейчүүдийг хорих лагерь руу ачиж эхлэхтэй зэрэгцэн өдөр, шөнөгүй сууж дур
мэдэн нэвтрэх баримт үйлдэж эхлэв. Бүтэн сар буюу 29 өдрийн турш
өдөрт 20 цаг бичгийн ширээнийхээ
ард суун, зогсолтгүй гарын үсэг зурж,
тамга дарсан түүний гар бадайрч, ээж нь иллэг хийж өгдөг байсныг тэр үед
тавхан настай байсан Хироки Сүгихара
бүүр түүрхэн санадаг.
Сүгихара гурван ч
удаа Засгийн газраасаа тусламж хүссэн авч төдий тоогоор татгалзсан хариу сонсчээ. Тэгсэн ч нэвтрэх бичгээ
үйлдсээр л байв. Эхнэр нь
хөвгүүдээ аваад Литвиэс Берлин хүрэх галт тэргэнд суух гэж байхад ч, герман
цэргүүд гудамжаар холхиж байхад ч тэрбээр виз олгосоор байсан бөгөөд аюул осолтой үед цонхон доогуур нь өнгөрөх хүмүүст визээ сэмхэн шидэж өгдөг байсан гэх яриа бий.
Консул бүхий л бололцоогоо ашиглан дахин нэг ч болтугай хүний амийг
аврахын тулд чадах бүхнээ хийсэн ч зургаан хэлээр ярьдаг байсан түүнийг удалгүй
өөр улс руу консулаар томилжээ. Тэрбээр
Ковногоос явахдаа консулын тамга дардсаа “Аль болох олон хүнийг авар” хэмээн
дараагийн хүндээ шилжүүлсэн гэдэг.
Дайн дууссаны дараа Сүгихара гэр бүлийнхнийхээ хамт Зөвлөлтийн
цэргүүдэд баригдаж, Румыний хорих лагерийн хатуу бэрх нөхцөлд 18 сарыг өнгөрөөсөн
байна.
1947 онд эх нутагтаа хөл тавьсан түүнийг дайны үед эх орноосоо урвасан хэмээн Гадаад хэргийн яамны ажлаас нь албадан чөлөөлжээ. “Аавыг ажилгүй болсны дараа Ковнод төрсөн дүү маань нас барсан. Бид тун тарчиг амь зууж байлаа. Хамгийн хэцүү нь аав олон хүнд адлагдах болсон. Гэсэн ч тэр хийсэн бүхэндээ огт харамсаагүй” гэж хүү Хироки нь дурссан байдаг.
Чиүнэ Сүгихара Литвид “хийсэн хэрэг”-ээ ер дурсдаггүй байжээ. Харин 28 жилийн дараа буюу 1968 онд аварсан хүмүүсийнх нь нэг Жошуа Нисри түүнийг олсон байна. Тэрбээр Токио дахь Израилийн ЭСЯ-нд эдийн засгийн атташегаар ажиллаж байсан бөгөөд аврагчаа хайсаар хувь заяагаа Японтой холбосон нэгэн. Жошуагийн ачаар эхнэр, хүүгээс нь өөр хэний ч мэддэггүй байсан Сүгихарагийн түүх олны сонорт хүрч, дээрх номууд хэвлэгджээ.
1994 онд “Шиндлерийн бүртгэл” кино дэлгэцэнд гарсны дараагаас дайны үед еврейчүүдийн амийг аварсан, Оскар Шиндлер шиг хүмүүсийг дэлхий нийт
сонирхох болов.
Тэдгээр гавьяатнуудын намтрыг
судлагч Бостоны их сургуулийн профессор Хиллель Левин 1996 онд “Сүгихарагийн эрэлд” хэмээх
ном хэвлүүлсэн нь дээрх “Амьдралын виз” номноос ч илүү Япон Шиндлерийг олон
улсад таниулжээ. Левиний онцолсноор нацистуудын гараас еврейчүүдийг аварсан
бусад олон хүнтэй харьцуулахад Сүгихара хавьгүй хүнд ачаа үүрсэн байна.
Дайны үед еврейчүүдийг аварсан хэдэн зуун хүнээс Германы бизнесмэн Оскар Шиндлер, Шведийн дипломат ажилтан Раул Валленберг нар олон улсад хамгийн их танигдсан нь юм. Харин Левиний тэмдэглэснээр Шиндлерт бизнесийн далд санаа, хөрөнгө мөнгө, нэр нөлөө, Валленбергт хэдэн арваар тоологдох хамтрагч, туслагч, дэмжигчид байсан бол Сүгихарад үнэнч, тууштай гэргийг нь эс тооцвол хэн ч, юу ч байгаагүй аж.
Тэрбээр зөвхөн сэтгэлийнхээ дуудлагаар, эр зоригоороо л тэр олон хүний амийг аварсан хэмээн профессор Левин дүгнэжээ.
03
Орос бүсгүйтэй гэрлэж байв
Баатарлаг үйлс бүтээхэд нь Сүгихарад хувь хүнийх нь зан чанар хамгийн их
нөлөөлсөн бололтой байдаг.
Тэрбээр эмч эцгийнхээ үгнээс
зөрөн анагаахын бус утга
зохиолын сургууль сонгож, бие
даан хилийн чанадад сурах шийдвэр гарган орос, герман хэлээ сайжруулахаар Харбинд ажиллаж байхдаа орос
эмэгтэйтэй гэрлэхийн тулд христийн шашинтан болсон гээд ямагт өөрийнхөөрөө байжээ. Тиймээс өөрийн зөв гэж үзсэн үйл
хэргийнхээ төлөө эрх баригчдынхаа эсрэг хүртэл бат зогссонд нь гайхах зүйлгүй.
02
Лос-Анжелест хөшөө нь бий
Анна Кадиш аврагчийнхаа хүүтэй уулзсаныхаа дараа япон консулын ачаар дайн дажны
үймээнээс зугтаж дөнгөсөн
хэдэн арван хүнийг цуглуулан Лос-Анжелесийн Бяцхан Токио дүүрэгт Сүгихарагийн хөшөөг босгох санаачилга гаргажээ. 2002 онд бэлэн
болсон уг хөшөө нь ердийн нэг вандан сандал дээр гартаа виз барин суугаа
Сүгихараг дүрсэлсэн байна.
Анна Кадиш шиг, Жошуа Нисри шиг хэдэн мянган хүн, тэдний
үр хүүхдүүдийг өдгөө Сүгихарагийн
еврейчүүд гэдэг.
01
Хөршүүддээ ч танигдаагүй баатар
“Амь, амьдралаа дэнчинд тавин байж яагаад тэр олон хүнийг аварсан юм бэ” гэдэг асуултад Чиүнэ Сүгихара өөд
болохоосоо хэдхэн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Аврал эрсэн шувуухайг анчин ч
хороож зүрхлэхгүй” хэмээх эртний самурай нарын хэлцийг эш татсан байдаг.
Амьдралынхаа сүүлийн жилүүдийг
Москва, Фүжисава хотын
хооронд өнгөрөөсөн Сүгихара Израилийн хүндэт иргэн болсныхоо дараа жил буюу 1986 оны
долдугаар сарын 31-нд 86 насандаа Фүжисава
хотод таалал төгсчээ. Хилийн
чанадад нэр хүндтэй болсон түүнийг эх
нутагт нь харин мэдэх хүн цөөн байв. Оршуулганд нь
оролцохоор ирсэн олон зуун хүн, тэр дундаа Израилийн Элчин сайдыг хараад л
хөршүүд нь өвгөн консулын гавьяаг сая нэг мэджээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.