Буй бүхний өлгий холын нууцат арал
Бродгар хэмээх эдлэн газрын эзэд тариалангийн талбайнхаа нэг захаас 2003 онд нэгэн ер бусын том чулуу олохдоо түүнийг яавч жирийн зүйл биш гэдгийг мэдсэн ч, бүр эрт дээр цагт нутаг оронд нь хүн суурьшиж байсны баталгаа байх магадлалтайг таамаглаж байсан ч мөнхүү чулууг ямархан гайхамшигт олдвор болохыг бүрнээ ухамсарлаагүй байна. Чулууг анхлан шинжсэн археологчдын багийн ахлагч Ник Кард хэмээх эрдэмтний дурссанаар ямар гээчийн зүйл олсноо, ертөнц дахины нэн эртний түүхийг баяжуулж мэдэх олдвор гартаа оруулснаа тухайн үед хэн ч таамаглахааргүй байжээ.
Өдгөө археологийн үнэт олдворын өлгий гэгдээд буй Бродгарын сангийн аж ахуй нь Оркнейн бүлэг арлын Төв арал дээр буюу Их Британийн нэгдсэн хаант улсыг бүрдүүлэгч дөрвөн улсын нэг Шотландын мөнх ногоон нутгийн хойд эргээс 50-иад км зайд оршдог. Мөнөөх чулуу олдсон газар нь дээрх бүлэг арлын алтны хамгийн том уурхайн ойролцоо буюу Харрэй болон Стеннесс нуурын дунд орших хүний эрхий хуруу шиг хэлбэртэй хойгийн дунд хэсэгт бий.
Харин тэрхүү газраас баруун хойд зүгт хагас бээрийн зайд байх нэгэн жижигхэн дов дээр Бродгарын хүрээ хэмээх эртний чулуун байгууламж дүнхийнэ. Энэ нь алдарт Стоунхэнжтэй үе ойролцоо буюу одоогоос бараг 4500 жилийн өмнө баригджээ. Тэгвэл үүнээс хэдхэн зуун метрийн зайд, чанх эсрэг буюу зүүн өмнөд чигт нь Стеннессийн хүрээ хэмээгдэх өөр нэг чулуун байгууламж байдаг нь Бродгарынхаас даруй 200 жилээр ахмад аж.
09
Балар эртний суурингууд
Сүр бараатай, учир битүүлэг эдгээр чулуун хүрээнээс мөн л хагас бээрийн зайд Барнхаус нэртэй суурин байх. 5100 жилийн тэртээгээс хүн суурьшиж байсан гэх уг тосгонд баруун хойд Европ дахь эртний чулуун бунхнууд дотроо хамгийн эртнийхэд тооцогдох, өмнөх тооллын 3000-гаад оны үед баригдсан Мэйшо хэмээх нуман хаалгат бунхан бий. Нутгийн ард уг бунхныг энэ тооллын 1153 он хүртэл буюу викингчүүдийг халдаар ирж, эртний чулуун байгууламжуудыг сүйтгэх хүртэл бараг онхи мартаад байжээ. Ерөөс Мэйшогийн бунхан болоод дээрх чулуун хүрээнүүдийн ойр орчимд үзэж сонирхууштай, гүндээ эртний түүхэн ул мөр бүхий газар олон бий.
Хойд Европ дахь нэн эртний үед хамаарах хот суурингуудаас хамгийн эртнийх нь болох Скара Брэ гэхэд л Барнхаусаас ердөө найман км зайд байх жишээтэй.
08
Ёслол хүндэтгэлийн цогцолбор
Жил бүр хэдэн сая хүний хөлд дарагддагаас ч болдог уу, эртний түүхэн улбаа нь тэр бүр мэдрэгддэггүй Стоунхэнж мэтийн газраас илүүтэй Оркнейн Төв арал шиг алс зэлүүд нутагт л нэн эртний хүмүүсийн аж амьдрал, тухайн газар орны онцлогтой танилцах боломжтой гэж нутгийнхны хэлэлцдэг нь үнэний ортой юм. Бродгарт очиход эртний хүмүүсийг бишрэх сэтгэл төрөхөөс гадна өдгөө хойд Европт хийгдэж буй археологийн хамгийн том ажил болох Бродгарын хошуу хэмээх эртний ёслол хүндэтгэлийн цогцолборын судалгаатай биеэр танилцах боломжтой.
Хөлбөмбөгийн дөрвөн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй уг цогцолбор орчин цагийн бидэнд 5000 илүү жилийн тэртээ амьдарч асан хүмүүсийн талаар түүхийн ямар ч ном, судраас илүү бодитой төсөөлөл өгөх вий.
Бродгарын хошуутай танилцсаных дээр дурдсан Бродгарын хүрээ орших толгодыг үзэх нь зүй юм. Нийт 26 багана бүхий (анхандаа 60 байсан гэж эрдэмтэд таамагладаг) уг чулуун байгууламж дээрх ёслол хүндэтгэлийн цогцолбортой олон зүйлээрээ холбогдоно.
Бродгарын чулуун хүрээ нь 104 метр өргөн бөгөөд толгодын орой дээр яг л титэм адил үзэгдэнэ. Дунджаар 4.5 метр өндөр аварга том чулуун багануудынх нь дунд зогсоход тэр бүхнийг хүний гараар толгод өөд чирч, байрлуулсан гэхэд үнэмшихэд бэрх. Аварга чулуудын заримыг бүр 20-иод км-ийн цаанаас авчирсан гэж орчин цагийн судлаачид үздэг. Гэтэл Британийн гол арлуудаас олдсон, одоогоор хамгийн эртнийхэд тооцогдох модон хүрд өмнөх тооллын 1100 оны үед буюу Бродгарын хүрээ баригдсанаас даруй 600 жилийн дараах үед хамаардаг билээ.
Чулуун хүрээг тойрсон шуудуу есөн метр өргөн, гурван метр гүн бөгөөд энэ том шуудууг нэг ч төмөр багаж ашиглалгүйгээр буюу хүн төмөрлөг эд хэрэглэж эхлээгүй байхад татсан гэхээр эртний хүмүүсийг бүр ч бишрэхээс аргагүй. Бродгарын хүрээний нийт өргөн нь энэхүү бэхлэлт буюу шуудууныхаа хамт 130 метр болно. Энэ нь аварга том алсыг харагч “Лондоны нүд” шиг хэмжээтэй гэсэн үг. Британийн нутаг дахь Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах эртний барилга байгууламжуудаас гагцхүү Айвбюри, Стэнтон Дрюгийн чулуун хүрээнүүд л Бродгарынхаас том юм. Тэгэхээр Бродгарын хүрээ мөнөөхөн алдарт Стоунхэнжээс ч том болж таарна. Стоунхэнжийн голчийн хэмжээ тойрон хүрээлсэн хамгаалалтын шуудууныхаа хамт 100 метрээс хэтэрдэггүй билээ.
Бродгарын хүрээг чухам юунд, хэнд зориулж барьсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ мөнхүү шуудуун дээгүүр гарах нэгэн нарийхан жимд хамаг нууц нь нуугдаж байж мэдэх юм. Хүрээн дотор орох орц ч, тэндээс гарах гарц ч болдог тэр жим ямар учиртайг, чухам юуны учир зүүн өмнөд зүгт ханддагийг олон жилийн турш хэн ч мэддэггүй, бүр үнэмшилтэй таамаг ч дэвшүүлээгүй байжээ. Харин уг өгүүллийн эхэнд дурдсан Бродгарын тариалангийн талбайгаас аварга том чулуу олдоход л зарим нэг асуултад хариулт олдож эхэлсэн байна.
Нутгийнхан Бродгарын хошуу цогцолборыг Бродгарын хүрээ баригдахын өмнөх бүтэн мянган жилийн турш ашиглаж байсан бололтой. Археологичдын таамаглаж байгаагаар энэ хоёр газар нь ганц байрлалын хувьд ч бус, давхар зориулалтаараа ч өөр хоорондоо холбоотой байжээ. Өдгөө явагдаж байгаа Бродгарын хошууг судлах ажил нь шинээр баригдаж буй барилгын ажил шиг харагдана. Учир нь цогцолборын тулгуур хананууд нь баригдаад удаагүй мэт өөгүй, бат бөх ажээ. Зарим хана нь бүр дөрвөн метр зузаан бөгөөд тэгш 90 хэмт өнцөгтэй туурга ч байх. Чулуун багана, хана бүр нь давтагдашгүй өөр өөр хэр нь хажуудах хэсэгтэйгээ яв цав нийцнэ. 5500 орчим жилийн тэртээ баригдсан гэхэд энэ нь гайхаж, бишрэхгүй байхын аргагүй дүр зураг юм. Тэгшлэгч, бутлагч, алх, дөш, төмөрлөг, хүрд, бүр хамгаалалтын дуулга ч бий болоогүй үед баригдсан барилга гэж бодохоор бүр ч гайхмаар.
Одоогийн бид Шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийг төсөөлөхдөө хүүхэлдэйн кинорхуу дүр зураг ургуулан боддог билээ. 5000 жилийн түүхтэй Скара Брэ тосгоноор жишээ авъя. Уг тосгоны байшингууд үндсэндээ хос хавтан бүхий чулуун хананууд бөгөөд дээвэр гэх юмгүй, тавилга сэлт гэчихээр ор, ширээ нь гэхэд л байгалийн засаж янзалсан чулуунууд байжээ. Зарим нь бүр чулуун шүүгээтэй, бие засах тасалгаатай ч байж. Археологичдын онцолдогчлон эрт цагийн хүмүүс өнөөгийн биднээс үнэн хэрэгтээ хол ялгаагүй байв. Балар эртний амьдрал тун эгэл жирийн, хялбар байсан мэт санагддаг ч уг чанартаа Чулуун зэвсгийн үед ч хүний аж амьдрал адармаатай, олон янз байсан нь эртний эд зүйлсээс ажиглагдана. Үүнийг Бродгарын хошууг судлах Кард нарын эрдэмтдийн ахалсан археологийн ажил бүр ч баталж байна.
Хэмжээний хувьд ч, цогц байгууламж болохын хувьд ч Бродгарын хошуутай дүйх “бүтээл” өнөөг хүртэл Европын хаанаас ч олдоогүй билээ. Судлаачдын Сүм хэмээн нэрийдсэн цогцолборын төв барилга гэхэд л нийт 465 ам.метр талбайтай агаад түүн дотор аварга том нийтийн танхим хүртэл багтаж байна. Цогцолборыг тойрон дунджаар 365 метр өндөр хана сүндэрлэнэ. Уг ханыг зүгээр ч нэг өрөөгүй, харин сайтар төлөвлөж ихэд чамбайлан босгосон нь харваас илэрхий.
04
Хойд Европтоо хамгийн эртнийх
Гэхдээ цогцолборын хэмжээ болоод хэв маяг нь дангаараа Чулуун зэвсгийн үеийнхний талаарх орчин цагийн хүмүүсийн төсөөллийг өөрчлөхүйц биш ээ. Харин гойд шинэлэг, бараг орчин үеийнх мэт бүтээлч байдал нь Бродгарын цогцолборыг байгуулсан эртний хүмүүсийн талаар урьд өмнө төрж байгаагүй онцгой хүндлэл, бишрэлийг мэдрүүлэх вий. Уул цогцолборын зарим барилга бүр чулуун дээвэртэй байдаг. Энд мөн умард Европ дахь хамгийн эртний ханын зураг чимэглэлүүд төдийгүй вааран эдлэлийн хамгийн эртний олдворууд бий. Түүн дотор хар, цагаан, улаан зэрэг хурц тод өнгө хослуулсан гоёмсог сав суулга хүртэл байх. Бродгарын цогцолбор байгууламжаас Шинэ чулуун зэвсгийн үеийн гар урлалын нийт 700 орчим бүтээл олдсон нь Британийн бусад хэсгээс олдсон эртний чулуун эдлэлүүдийг нийлүүлснээс ч олон юм. Үүнээс үзэхэд энд явуулын улс бус, олон мянган жилээр амьдарч ирсэн хүмүүс аж төрөн, бүтээн байгуулж байсан болж таарна.
Археологичид ч үүнийг баталж байна. Бродгарын цогцолбор газрыг ойролцоогоор 1300 жилийн турш тасралтгүй ашиглажээ. Харин өмнөх тооллын 2300 оны үед буюу балгас болохынх нь өмнөхөн энд 400-гаад үхрийн шаантагны яс булагдсан байх юм. Нэг үхрийн бүхэл мах 200-гаад хүнд хүртээмжтэй байдаг гэж тооцвол Бродгарын хүрээнд асар том найр наадам юм уу, цуглаан болсон гэсэн үг.
Энэхүү их цугларалтаас хойш Бродгарын хошуунд яагаад олон хүн цуглахаа больсон нь харин тайлагдашгүй нууц юм. Мөнхүү сүүлчийн их найрын ул мөр болоод археологийн бусад олдвор, мөн цогцолборын хэмжээ, загвар зэргээс үндэслэн судлаачид эндхийг тодорхой зан үйлийн өргөө, зүг зүгийн хүн зон олноороо цугладаг төв байсан гэж таамаглаж байна.
Тэр олон хүнийг, магад хэдэн мянгаар тоологдох зочдыг нэг дор байлгаж, зан үйлээ гүйцэтгэн бүхнийг зохион байгуулна гэдэг нүсэр том ажил байсан нь тодорхой. Тиймээс ч Бродгарын хошуу нь Чулуун зэвсгийн үеийн ганц барилга байгууламжийг бус, тэр үеийн нийгмийг бүхлээр нь тольдох боломж олгож байгаа юм. Мөн үүнээс ч илүүтэйгээр Шотландын энэ буйдхан нутаг Британийн арлууд дахь Шинэ чулуун зэвсгийн үеийн соёл иргэншлийн өлгий байгаад зогсохгүй, ерөөс орчин цагийн нийт хүн төрөлхтний биш гэхэд, өрнийн соёл иргэншлийн өлгий нутгийн нэг болохыг баталж байна.
Эдүгээ алслагдмал байршлаасаа болоод Оркнейн арлууд нэн эртний түүхийг сонирхон судалдаг хэсэг бүлэг хүн, аяллын хорхойтнуудыг эс тооцвол жуулчдын тэр бүр зорьж очихооргүй газрын тоонд орж, бараг мартагджээ. Гэхдээ чухам энэ онцлогоосоо болж уг нутаг соёл иргэншлийн өлгий болсон байх магадтай. Эртний хүмүүсийн умард Европоос Британид, Британийн арлуудаас эх газрын Европт хүрдэг асан гол зам дээр оршдогийн хувьд Оркнейн арлуудад олон зүйлийн эх тавигдсан нь маргаангүй.
Эндээс 5100-5300 жилийн тэртээх үед хамаарах сайтар боловсруулсан шавар эдлэл, гар урлалын олон арван бүтээл, хэдэн зуун жилийн хойно л Британи болон Европын бусад хэсэгт түгэн дэлгэрсэн ахуйн хэрэглээний зүйлс мөн олджээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.