Арав.мн

Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн талаарх 10 шинэ нээлт

Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн талаарх 10 шинэ нээлт

Чулуун зэвсгийн үед амьдарч байсан хүмүүсийн аж амьдралын талаарх нийтлэг ойлголт нь агуйд амьдарч, чулуугаар зэвсэг хийснээс өөр байгуулсан гавьяагүй гэхээс хэтэрдэггүй. Гэтэл МЭӨ 3300 жил хүртэлх хугацааг хамрах энэ соёл иргэншлийн талаар тэр бүр бидний мэддэггүй олон зүйл байдаг аж. Тэд аж үйлдвэрлэл хөгжүүлж, дайн тулаанд зохион байгуулалттай орохоос гадна харилцаа холбооны систем хүртэл бүтээж байсан байна. 


10

Хомо эректусын зэвсгийн үйлдвэрлэл

2017 онд Израилийн Тель Авив хотоос зүүн хойд зүгт хийж байсан малтлагын үеэр олон зуун ширхэг чулуун багаж, зэвсгийг 5 метрийн гүнээс олсон байна. Хагас сая жилийн өмнө хийсэн эдгээр багаж, хэрэгслүүд тухайн үеийн хүмүүсийн амьдралын талаар маш олон зүйлийг өгүүлэх аж. Тухайн үед аж амьдралыг тэтгэх булаг шанд, ургамал ногоо, ан гөрөө ихтэй байсан тус нутагт хомо эректусууд суурьшиж, тэндээ чулуун сүх, малтлагын багаж болон нядалгааны хэрэгслүүд үйлдвэрлэж байсан аж. Маш олон төрлийн багаж их хэмжээгээр олдсон нь анхны босоо хүмүүс багажны үйлдвэрлэл эрхэлж байсны нотолгоо болсон юм.


09

Дарс хийдэг байв

Орчин цагийн Гүржийн газар нутгаас чулуун зэвсгийн үеийн төгсгөл үед хүмүүс анхны дарсыг хийсэн болох нь тогтоогджээ. Археологчид бүтэн жилийн турш ажилласны эцэст 2016, 2017 онд МЭӨ 5400-5500 онд хийгдсэн керамик сав суулга олсон нь дарсны түүхийг бүхэлд нь өөрчилсөн нээлт байв.

Нийт 6 сав олсон ба бүгд тартарын хүчилтэй байсан нь шинжилгээгээр тодорхой болсон байдаг. Уг бодисыг олсон нь чулуун зэвсгийн үеийн хүмүүс дарс уудаг байсан гэсэн хөдлөшгүй баримт болжээ. Тус нутагт усам үзмээс өөр жимс ховор бөгөөд Гүржийн дулаан цаг уурын нөхцөлд усан үзмийн шүүс байгалийн жам ёсоор исэж, дарс болдог байсан гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Нарийвчилсан судалгааны үр дүнд дарсны дийлэнх нь цагаан дарс байсан гэдгийг тодорхойлоод байна. 


08

Шүдний эмчтэй чулуун зэвсгийнхэн

Тусканы хойд хэсгийн уулнаас МЭӨ 13,000-12,740 оны хооронд шүдний эмч өвчтөнгүүдийг эмчилдэг байсан баталгаа олдсон байна. Судлаачид цоорхой шүдээ эмчлүүлсэн зургаан ч хүнийг олсон байдаг. Чулуун зэвсгийн хүмүүс цоорхой шүдэнд орчин цагийн нэршлээр ломбо тавьдаг байжээ. Тэд шовх багаж ашиглаж байсан төдийгүй, өвчилсөн хэсгийг цэвэрлэн, ухаж томсгосны дараа ломбоо байрлуулсан байв.

Ломбоны материалын хувьд ургамал болон үс хольж хийсэн байлаа. Үүнийгээ керамик сав суулгыг уснаас хамгаалахад ашигладаг байгалийн давирхай ашиглан бэхжүүлсэн байсан аж.


07

Орчин цагийн гэр ахуй

Чулуун зэвсгийн хүмүүс зөвхөн агуйд амьдардаг байсан гэж хүмүүс боддог. Гэтэл саяхан Норвеги улсаас л гэхэд 150 гаруй чулуун зэвсгийн үеийн оромж олжээ. Тэдний нийтлэг зүйл нь амьтны арьсаар хийсэн майханг тогтооход зориулагдсан чулуун бөгжнүүд байв. Энэ нь ойролцоогоор МЭӨ 9500 жилийн үед буюу Мөстлөгийн үеийн төгсгөл гэхэд хүмүүс агуйд биш, майханд амьдрах болсныг нотолж байгаа юм. Цаг агаар дулаарч эхэлснээр ургамал элбэг болж, түүнийг нь иддэг амьтад нэг газраа удаан тогтох болсноор хүмүүс амьтны нүүдэл дагаж амьдрах нь багасч, суурин болж эхэлсэн аж.

Хүмүүс газар ухан хонхойлгож, түүнийгээ арьсаар бүрхэн амьдарч байсан бөгөөд зарим нь 40 мкв хүртэлх том хэмжээтэй байснаас харахад нэг гэрт хэд хэдэн гэр бүл амьдарч байсан гэсэн таамгийг төрүүлж байна. Хамгийн сонирхолтой нь зарим гэрт хүмүүс амьдрахаа больсноос хойш 50 жилийн дараа тэр гэрт нь дараагийн хүмүүс ирэн амьдарч байсан аж. Тэр бүү хэл нэг оромжинд янз бүрийн гэр бүлүүд 1000 гаруй жилийн турш ээлжлэн амьдарч байсан баримт олдоод байгаа юм.


06

Цус ойртолтоос сэргийлж байлаа

Цус ойртолтын хор хөнөөлийг хүн төрөлхтөн эрт мэдсэнийхээ ачаар удаан хугацаанд оршин тогтнож байгаа гэх таамгийг 2017 онд олсон чулуун зэвсгийн хүмүүсийн булшин дээр үндэслэн гаргасан байна. Эрдэмтэд Москва хотоос зүүн зүгт 34 мянган жилийн тэртээ амьдарч байсан дөрвөн хүний араг ясыг олсон юм. Генийн шинжилгээний үр дүнд тэд орчин цагийн анчин, цуглуулагчийн нэгэн адил хосоо олдог байсан аж. Тэд ах дүүс, ойрын хамаатан садан хоорондоо нийлэх нь асуудал дагуулдаг гэдгийг ухаарсан байлаа. Иймд тэд хань ижлээ бусад овог аймгаас олдог байсан ажээ.

Булшнаас харахад хосуудыг хамтад нь оршуулсан байгаа нь гэрлэлт болон оршуулгын ёслол ямар нэг байдлаар оршин тогтнож байгааг илтгэсэн нээлт болсон юм. Хэрэв энэ нь батлагдвал хуримын ёслол бүр чулуун зэвсгийн үеэс эхтэй болох аж. ДНХ-ийн шинжилгээнээс харахад неандердалчуудын дунд цус ойртолт харьцангуй элбэг бөгөөд магадгүй энэ талаар сайн ойлголтгүй байсан нь мөхөлд хүргэсэн байх талтай гэдэг.


05

Эмэгтэйчүүд соёлуудыг холбодог байжээ

2017 онд Германы Лехталаас олдсон археологийн олдворт судалгаа хийжээ.  Энэ нь 4000 жилийн тэртээ буюу том хэмжээний суурин газрууд байгаагүй үеийнх байв. Судалгааны гол нээлт нь эмэгтэйчүүд өөрийн тосгоноо орхин явж, Лехтал орчим нүүн ирж, гэр бүлтэй болдог байсан явдал байлаа. Чулуун зэвсгийн сүүл үеэс хүрэл зэвсгийн эхэн үед энэ явдал түгээмэл байв. Бохем болон Германы төв хэсгээс эмэгтэйчүүд ихээр ирдэг байсан нь Лехталын эрчүүд илүү таалагддаг байсан гэсэн таамаг дэвшүүлсэн юм. Эрдэмтдийн үзэж буйгаар эмэгтэйчүүдийг даган соёл, уламжлалууд тархаж, шинэ технологи, арга хэрэгслүүдийг бий болгосон аж. 


04

Бичгийн хэл бий болов

Эрдэмтэд дэлхийн хамгийн анхны бичгийн хэлийг илрүүлээд байна. Чулуун зэвсгийн хүмүүсийн хадны зургууд элбэг байдаг ч энэ талаар хийсэн судалгаа төдийлөн их байгаагүй юм байна. Испани, Франц улсуудаас олдсон олон газраас дэлхийн хамгийн эртний, хамгийн гайхамшигтай урлагийн бүтээлүүдийг үзэх боломжтой. Зэрлэг үхэр, адуу, арслангуудыг хүмүүс илүү сонирхон судалж ирсэн ч жижиг тэмдэг тэмдэглэгээнүүдийг ашиглан бичгийн хэлээ хөгжүүлж байгааг саяхан нээгээд байгаа юм.

Ойролцоогоор 200 гаруй агуйгаас олон дахин давтагдсан 26 тэмдэг олсон юм. Энэ нь хүн төрөлхтөн 30 мянган жилийн тэртээ бичиг үсгийн анхны хэлбэрийг бий болгосны илэрхийлэл аж. Гэхдээ энэ төрлийн бичиг тэрнээс ч өмнөх үед буюу эртний Африкт тэртээ 75 мянган жилийн өмнөх олдвороос харагддаг гэнэ. 


03

Натарукийн алан хядлага

Чулуун зэвсгийн соёл иргэншил гайхамшигтай урлагийн бүтээл, өргөн цар хүрээг хамарсан харилцаа холбооны сүлжээг бий болгохын хажуугаар дайтдаг байв. 2012 онд Кенийн хойд хэсэгт байрлах Натарукийн орчимд малтлага хийж байсан эрдэмтэд хүний яс олсон нь хугарсан өвдөг байжээ. Цааш нь судлахад энэ нь жирэмслэлтийнхээ сүүл үед байсан чулуун зэвсгийн үеийн эмэгтэй хүнийх байсан нь тодорхойлогдов. Энэ эмэгтэйн амийг зориудаар хөнөөсөн байлаа. Одоогоос 10 мянган жилийн тэртээ амьдарч байсан энэ эмэгтэйг хүлэн, намагт хаясан байв. Түүнтэй хамт 27 өөр хүн байсны дунд 6 хүүхэд болон хэд хэдэн эмэгтэй хүн байжээ.

Нарийвчилсан шинжилгээнээс үзэхэд амиа алдсан бүх хүнд маш ноцтой гэмтэл учруулсан байсан бөгөөд заримаас нь ясанд нь шигдсэн зэвсгийн хэлтэрхий ч олдсон байна. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийг ямар нэг зөрчилдөөний улмаас нэг дор онц хэрцгийгээр алсан байжээ.


02

Чулуун зэвсгийн үеийн хар тахал

Ерсиния пестис гэх вирус Европыг XIV зуунд тархаж, нийт хүн амын 30-60 хувийг үгүй хийсэн байдаг. Гэхдээ энэ тахал бүр чулуун зэвсгийн үед Европт байсан гэдгийг 2017 онд хийсэн судалгаа харуулсан байна.

Неолитийн сүүл үе, хүрэл зэвсгийн эхэн үед амьдарч байсан зургаан хүний яснаас энэ тахлын шинж тэмдэг илэрсэн аж. Аймшигт тахал Литв, Эстони, ОХУ, Герман болон Хроват гээд газар зүйн хувьд томоохон цар хүрээг хамарсан болох нь ч тогтоогдоод байна. Ерсения пестис вирусыг Орос болон Украины газар нутгаар дамжинирсэн дорнод зүгийн хүмүүсээс гаралтай гэсэн таамаг байгаа юм. Тал нутгийн иргэд 4800 жилийн тэртээ нутагт нь дэгдсэн энэ тахлаас зугтаж Европыг зорихдоо вирусыг хамт авчирсан байх өндөр магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна.


01

Хөгжимлөг тархины хувьсал

Өмнө нь чулуун зэвсгийн үеийн багаж хэрэгсэл хэл соёлыг даган хувьсан өөрчлөгдсөн гэж үзэж байв. Гэхдээ чулуун зэвсгийн үеийн хүмүүс энгийн багажнаас илүү нарийн хийцтэй, цогц багажнуудыг 1.75 сая жилийн өмнөөс хийж эхэлсэн байдаг. Тэр үед хэл яриа байсан эсэхийг эрдэмтэд одоогоор тогтоогоогүй байгаа юм.

Ингээд энэ талаар олж мэдэхээр 2017 онд эрдэмтэд нэгэн туршилт хийжээ. Тэд сайн дурын хүмүүст сүх, цавчуур зэрэг энгийн багаж хэрэгслийг чулуугаар хэрхэн хийх талаарх дуугүй бичлэг үзүүлсэн ба дуурайлган хийх даалгавар өгсөн байна. Оролцогчид чулуу бутлан ажиллах үеэр тархины реакцуудыг судалсан агаад хийж буй багаж нь ярвигтай, нарийн болох тусам хүмүүсийн тархины нэг хэсэг илүү ажиллаж байгааг илрүүлжээ. Тэр нь орчин үеийн төгөлдөр хуурчид хөгжим тоглох үед түлхүү ажилладаг хэсэг байв. Тархины энэ хэсэг бол харааны ой тогтоолт, төлөвлөлт, дуу чимээ болон сенсоримоторын мэдээллийн уялдааны үед илүү ажилладаг юм. Харин тархин дахь хэл ярианы төв хэсэг нь видеог дуут зааварчилгаатай үзүүлсний дараа ажиллаж эхэлсэн байна.

Уг нээлт нь 1.75 сая жилийн тэртээ хүний хөгжмийн тархи нь хэлний тархиас өмнө хөгжсөн ба үүнийг даган хүний оюун ухаан хөгжсөн гэсэн баталгаа болсон аж. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (6)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Eqeeurstzt gusyyyddsrtzd
UAfstuxfffjF
FJdtjjtsktstjkgs
JdfJFJdfjzfjsnfFJ
Ррл
+4
Sonirholtoi medeelel baina bayrlalaa
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start