80 тонн жинтэй брахиозавр (Brachiosaurus) буюу сарвуут гүрвэл шинжлэх ухаанд бүртгэгдээд буй хамгийн хүнд үлэг гүрвэл юм. Африкийн 17 заан нийлүүлсэнтэй тэнцэх уг амьтны өндөр ойролцоогоор 16 метр, биеийнх нь урт 26 орчим метр байжээ.
Нэгэн цагт гараг дэлхийн жинхэнэ эзэд байсан үлэг гүрвэлүүд 240-өөд сая жилийн тэртээ үүсэж, 66 сая жилийн өмнө мөхсөн билээ. Эрдэмтэд одоогоор 500 гаруй төрлийн 1000-аад зүйл, дэд зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсныг тогтоогоод байна.
80 тонн жинтэй брахиозавр (Brachiosaurus) буюу сарвуут гүрвэл шинжлэх ухаанд бүртгэгдээд буй хамгийн хүнд үлэг гүрвэл юм. Африкийн 17 заан нийлүүлсэнтэй тэнцэх уг амьтны өндөр ойролцоогоор 16 метр, биеийнх нь урт 26 орчим метр байжээ.
Харин хамгийн жижиг динозавр бол лесотозавр (Lesothosaurus) билээ. Ердөө метр гаруйхан урттай, 40-өөдхөн см өндөр уг үлэг гүрвэлийн чулуужсан яс Африкийн өмнөд захад орших Лесото улсын нутгаас анх олджээ. Хагас метр ч хүрэхээргүй өндөр гэж бодохоор лесотозавр ердийн тахианаас ч томгүй байсан гэсэн үг.
Уртын тухайд том оврын таван ч автобус нийлүүлсэнтэй тэнцэх сейсмозавр (Seismosaurus)-ыг гүйцэх нэг ч үлэг гүрвэл үгүй. 40 гаруй метр урт асан энэхүү сүрлэг амьтан өөр нэгэн урт биет болох диплодок (Diplodocus)-ийн ойрын төрөл юм.
Хятадын нутгаас 1978 онд араг яс нь олдсон зоо нуруу нь метр гаруйхан урт нэгэн үлэг гүрвэлийг тус улсын палеонтологич Донг Жиминь Micropachycephalosaurus хэмээн нэрийдсэн нь динозаврт оноосон хамгийн урт нэр юм. Энэ нь том толгойт бяцхан гүрвэл гэсэн утгатай.
Харин хамгийн анх нэртэй болсон үлэг гүрвэл бол мегалозавр (Megalosaurus). Уилльям Баклэнд хэмээх ламтны 1824 онд бодож олсон энэ нэр их гүрвэл гэсэн утгатай бөгөөд мөнхүү динозавр ойролцоогоор есөн метр урт, гурван метр өндөр байжээ.
Палеонтологичдын олсон үлэг гүрвэлийн хамгийн жижиг өндөгний голч ердөө гурван см юм. Харин уг өндөг чухам ямар төрөл зүйлийн динозаврынх болох нь одоогоор тодорхой бус байна.
Троодон (Troodon) буюу хурц шүдэт гүрвэл хэмээх нэгэн зүйлийн динозавр бол эртний ан амьтан судлаачдын тодруулсан хамгийн ухаалаг үлэг гүрвэл юм. Биеийнх нь урт хоёр орчим метр, өндөр нь хагас метр гаруйхан байсан уг амьтан аварга том махчин шувуу шиг харагддаг байжээ. Троодоны тархины хэмжээ орчин цагийн хөхтөн, жигүүртэн шувуудынхаас багагүй байсан ба гойд хурц хараатай, бахим савартай байсан нь тогтоогдоод байна.
Хушганы дайны тархитай байсан гэх стегозавр (Stegosaurus) биеийнх нь хэмжээтэй харьцуулахад хамгийн өчүүхэн жижиг тархитайгаараа энэ “алдар”-ыг хүртэж байна. Уг амьтны тархи ердөө гурван см өргөн, 75-хан грамм жинтэй байсан гэж эрдэмтэд үздэг.
Хамгийн өндөр үлэг гүрвэлүүд брахиозаврид (Brachiosauridae) овгийнх юм. Энэ төрлийн динозавруудын урд хоёр мөч арын хоёроос нь урт байсан бөгөөд биеийн ерөнхий шинж нь орчин цагийн анаашийнхтай төстэй байжээ. Брахиозавридийнхнаас олон нийтийн хамгийн сайн мэддэг нь ойролцоогоор 13 метр өндөр брахиозавр (Brachiosaurus) бол хамгийн өндөр нь онцгой урт хүзүүтэй асан завропосейдон (Sauroposeidon) юм. Уг үлэмж биетийн дундаж өндөр 18.5 метр байв.
Энэ ангилалд орчин цагийн тэмээн хяруулын дээд өвөг болох Dromiceiomimus тэргүүт орнитомимозаврын төрлийн үлэг гүрвэлүүд тэргүүлнэ. Dromiceiomimus-ийн дундаж хурд 60 км/цаг байсан гэж эрдэмтэд үздэг.
Хүмүүсийн хамгийн сайн мэдэх “алуурчин” үлэг гүрвэл бол тираннозавр (Tyrannosaurus rex) билээ. Гэхдээ судлаачид догшин ширүүн, асар хурдтай, хөл сарвууных нь хатуу чангыг тооцвол ютараптор (Utahraptor) нэрт динозаврыг хамгийн аймшигтай ангууч байсан гэж үздэг байна.
Ойролцоогоор долоон метр урттай байсан энэ амьтны үлдэгдэл анх АНУ-ын Юта мужийн нутгаас олдсон агаад олон жилийн судалгаа шинжилгээний эцэст эрдэмтэд Ютагийн махчин гүрвэлийг таарсан бүхнээ иддэг, хөлийн сарвуугаараа ямар ч амьтны амийг тасалдаг байсныг тогтоожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.