“Шөнийн бурхан”-ы тухай 10 баримт
Өмнөд Америкийн болон бөмбөрцгийн баруун хагас дахь мийн овогтнуудаас хамгийн том нь ягуар юм. Америкийн эх газрын уугуул иргэд болох ацтек, майячууд уг амьтныг Шөнийн бурхан хэмээн дээдэлж иржээ.
10
“Нэг харайлтаар дайснаа хөнөөгч”
Ягуар хэмээх үг Амазон мөрний бэлчир нутагт үүссэн ньенгату гэх хэлээр “Нэг харайлтаар дайснаа хөнөөгч” гэсэн утгатай. Харин шинжлэх ухаанд бүртгэлтэй Panthera Onca гэх латин нэршил нь эртний самгард хэлний “пандарикам” буюу бар, португал хэлний “онка” буюу цасны ирвэс гэсэн үгсээс бүтнэ.
Ер бусын үзэсгэлэнтэй, сүр бараатай, бахим биетэй ягуар зөвхөнбар, арслангийн дараа орох, дэлхийн гурав дахь том муур юм. Уг амьтны биеийн урт ойролцоогоор1.5-1.8 метр, жин нь 45-113 кг. Харин сүүл нь дунджаар 70-91 см урт байна.
08
Гол нутаг нь Амазон мөрний бэлчир
Ягуар нэгэн цагт Өмнөд Америкийн хамгийн урд захаас АНУ, Мексикийн хил хүртэлх өргөн уудам нутагт элбэг байсан ч өдгөө Төв болон Өмнөд Америкийн цөөн хэсэгт, тэр дундаа Амазон мөрний сав нутагт төвлөрч үлджээ.
Мийн овгийн ихэнх амьтантай харьцуулахад ягуар уснаас айдаггүй. Харин ч сайн сэлэгч юм. Устай ойр амьдардаг тул загас, яст мэлхий, матрын овгийн жижиг амьтдаар хооллодог. Мөн буга, тапир зэрэг том амьтан руу дайрах нь элбэг ба нутгийн онцлогоос шалтгаалан зарим нь таарсан бүхнээ иднэ.
Ягуарын гүем төрөхдөө хараагүй, бие даах чадваргүй байдаг. Тиймээс эх нь нялх үр зулзагаа хамгаалан, үргэлж дэргэд нь байх ба бүр эцэг ягуарыг ч ойртуулдаггүй. Харин зургаан сар хүртлээ эхийнхээ дэргэд өсөж торних бяцхан ягуар хоёр настайгаасаа бие даан, ганцаараа авд гарч, өөрийн гэсэн газар нутгийг тогтооно. Ягуар дунджаар 12-15 насалдаг ч хүний асаргаанд 23 хүрсэн тохиолдол бий. Энэ нь ягуар хамгийн урт насалдаг мийн овогтны нэг гэсэн үг.
Ягуар сарнайн хэлбэрт толботойгоороо бусад аварга муурнаас ялгарна. Толбо нь ихэвчлэн хүрэн бор, хар бор өнгөтэй байдаг. Меланизм гэгддэг хар пигментийн өөрчлөлтөөс бол тас хар өнгөтэй ягуар ч байх нь бий. Хар пантер гэгддэг тийм ягуарын арьс харин огт толбогүй байдаг юм биш, бусад шигээ сарнайн дүрст толботой ч тэр нь ердөө ялгарч харагддаггүй байна.
04
Америкийн архирч чаддаг ганц муур
Америкийн эх газрын уугуул их, бага муурнуудаас зөвхөн ягуар л архирч чадна. Мийн овогтнуудаас архирч чадах дөрвөн л амьтан байдаг нь бар, арслан, цоохор ирвэс, ягуар дөрөв юм. Тиймдээ ч эдгээр муурыг дөрвөн их мий гэнэ.
03
Хамгийн тод нүдтэй махчин
Ягуар бол толгойн хэмжээтэй нь харьцуулахад хамгийн том нүдтэй махчин амьтан юм. Дөнгөж мэндлэхэд нь гүн цэнхэр өнгөтэй байдаг нүд нь нас бие гүйцэхэд нь алтан шаргал юм уу, улаавтар шаргал өнгөтэй болж өөрчлөгдөнө. Ягуар том нүднийхээ ачаар шөнийн харанхуйд хурц хараатай байдаг. Гэхдээ уг аварга мий зөвхөн шөнийн цагаар идэвхтэй байдаг юм биш. Өдрийн гэрэлд ч идэвхтэй, хурц хараатай, сонор сэрэмжтэй байна.
Аварга муурнууд барьсан амьтнаа гол төлөв боож, эсвэл хүзүүг нь хазан, гүрээний судсыг нь тасалж аминд нь хүрдэг. Харин ягуар л ганцаараа дайрсан амьтныхаа толгойг үмхэж, гавлын ясыг нь хурц шүдээрээ “цоолж” гэмтээдэг гэнэ. Ягуарын хазалт арслангийнхаас хоёр дахин хүчтэй, чанга байдаг гэх судалгаа бий.
Аялал жуучлалын зарим компани Америкийн эх газрын хаа нэгтээ ой ширэнгээр аялах гэж байгаа аялагчдад “Calvin Klein”-ий эрчүүдэд зориулан гаргадаг ийм нэртэй үнэртэй усыг хэрэглэж болохгүй хэмээн зөвлөдөг байна. Учир нь “Obsession”-ий найрлагад цибетон хэмээх бодис агуулагддаг нь Ази, Африкаар нутагтай нэгэн зүйлийн зэрлэг муурны булчирхайнаас гаргаж авдаг, ягуарыг татдаг ер бусын үнэртэй химийн элемент аж. Цибетоны үнэр авсан ягуар ихэд догширч, мөнөөх үнэрийг ялгаруулагч амьтан дээр өөрийн үнэрийг үлдээх гэж улангасан дайрдаг байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.