Арав.мн

Заавал үзэх 10 музей, галерей

Заавал үзэх 10 музей, галерей

Урлаг, түүх сонирхдог хүн бүрийн заавал үзэх ёстой 10 музейг Үндэсний Газарзүйн Нийгэмлэг танилцуулсныг хүргэж байна.


10

Смитсонийн институт, Вашингтон, АНУ

Дэлхийн хамгийн том судалгаа, музейн цогцолбор болох Смитсонийн институт нь 19 музей, галерей, Үндэсний зоологийн хүрээлэн болон судалгааны төвүүдээс бүрддэг. Энэ цогцолборт Америкийн түүхийг нарийвчлан харуулах 137 сая ширхэг үзмэр байх тул та хамгийн багадаа 7 хоног энэ музейгээр аялана гэж бэлдэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч өдөр шөнөгүй, огт унтахгүй, хоол идэхгүйгээр нэг үзмэрт нэг минутыг зарцуулан үзэхэд та 10 жилийн дараа гэхэд бүх үзмэрийн ердөө 10 хувийг л дуусгаж чадна. Тэгэхээр та Смитсонийн институтийг зорих гэж байгаа бол төлөвлөгөөгөө сайтар боловсруулах хэрэгтэй. Аль нэг музейн цөөн тооны үзмэрүүдийг онилон очих нь илүү үр дүнтэй байх болно.

Гол үзмэрүүд: Америкийн түүхийн үндэсний музейгээс тэргүүн хатагтай нарын даашинз болон АНУ-ын төрийн дууллын нотын эх хувилбар; Байгалийн түүхийн музейгээс эрдэнийн чулууны танхим; Сансрын музейгээс Аполло 11 хөлгийн удирдлагын бүхээгийг үзэх боломжтой.


09

Луврын музей, Парис, Франц

Одоогоос 200 жилийн өмнө Францын хаадын ордон байсан Луврын музей рүү орохын тулд та И.М.Пэйгийн 1989 онд бүтээсэн шилэн пирамидаар дамжина. Дэлхийн хамгийн алдартай музейн тоонд зүй ёсоор орох уг музейд эрт дээр үеэс 19-р зууны эхэн үе хүртэлх маш үнэтэй түүх, соёл, урлагийн дурсгалууд байдаг. Луврын музей гурван үндсэн жигүүрээс бүрдэх ба уг музейг зорихоор шийдсэн бол Салли жигүүрээс эхлэх нь хамгийн тохиромжтой. Эндээс Леонардо да Винчигийин Мона Лизагаас эхлээд дэлхийн алдартай олон үзмэрүүдийг үзэх боломжтой. Мөн эртний Египетийн үзмэрийн танхим руу эндээс амархан орох тул хүүхдүүдтэйгээ хамт явбал буруудахгүй.

Гол үзмэрүүд: “Венус де Мило”, “Самофракийн Ника” болон “Мона Лиза”


08

Акрополисын музей, Афин, Грек

Акрополис дахь уг музейд орвол та “түүхийн дээгүүр алхаж” болно. Шилэн шалтай энэ музейд Грекийн хүрэл зэвсгийн үеэс эхлээд Ром, Византын үеийн археологийн олдворуудыг харж, Афинчуудын амьдралыг цаг хугацааны мөчлөгөөр нь үзэж сонирхох боломжтой.

Акрополисын музей 2009 оны 6-р сарын 20-ны өдөр олон нийтэд үүдээ нээсэн юм. Нийт 14 мянган ам метр талбайд 4000 үзмэртэй. Мөн үзэгчид байгалийн гэрэлтүүлэгтэй Архайн галерейд орж, үзмэрүүдийг бүх талаас нь харж, тухайн үеийн хүмүүсийн амьдралыг мэдрэх боломжийг олгосон байдаг.

Гол үзмэрүүд: МЭӨ 6 онд бүтээсэн Морь, МЭӨ 560 онд бүтээсэн Мосхофорос, Нике бурхан зэрэг эртний баримлууд


07

Эрмитаж, Санкт Петербург, ОХУ

Парис, Ром, Лондон зэрэг урлагийн гол төвүүдээс харьцангуй зайтай ч гэсэн түүх, соёл урлагийн гайхамшигтай цуглуулгуудыг Эрмитажид төвлөрүүлж чадсан байдаг. Чулуун зэвсгийн үеэс эхлээд 20-р зууны эхэн үе хүртэлх 3 сая гаруй үзмэрүүд Нева мөрний эрэг дагуу байрлах эзэн хааны өвлийн ордон байсан энэхүү зургаан барилгад бий. Оросын хаадын ордон байсан энэхүү гайхамшигтай барилга 1764 онд баригдсан юм. Мөн ондоо Екатерина II хатан хааны зарлигаар Берлиний худалдаачин Гоцковскийгоос худалдан авсан 225 зургууд нь Эрмитажийн анхны цуглуулга болжээ.

Үзэгчдийн хамгийн их очих дуртай газар бол Баруун Европын урлагийн танхимууд. Эдгээр нь нийт дөрвөн байшинд хуваан байрших 120 өрөөнд байх ба дундад зууны үеэс өнөөг хүртэлх алдартай уран зургууд, баримлууд хүмүүсийн нүдийг булаана. Рембрандт, Рубенс, Да Винчи, Пикассо, Гоген, Ван Гог, Гойя гээд бүхий л алдартнуудын бүтээл энд байдаг.

Эрмитажийн нийт талбай 183,820 метр.кв, үзэсгэлэнгийн талбай нь 62,324 метр.кв. Харин архив фондын цуглуулга нь 42,000 метр.кв талбайг эзэлдэг. Дэлхийд дээгүүрт ордог энэхүү музейг жилд дунджаар 2,5 сая хүн үздэг байна.

Гол үзмэрүүд: Эрдэнэсийн галерейн Алтан танхимуудад Евразийн алтан урлалууд, Николай II хааны хувийн цуглуулгууд


06

Британийн музей, Лондон, Англи

Их Британийн хамгийн том музей болох Британийн музейд археологи, этнографын дурсгалуудыг хадгалж байдаг. Уг музейд Афины Акрополис сүмийн эртний хэсгүүдээс эхлээд эртний Ассирын ордны бүтэн өрөө, алт үнэт эдлэлүүд гээд найман сая гаруй үзмэртэй. Лондон хотын Блумбури бүсэд орших энэ музейг 1753 онд эрдэмтэн Сэр Ханс Слоаны цуглуулга дээр үндэслэн байгуулжээ. Энэ цагаас хойш Британийн колоничлол өргөжин тэлэх тусам энэ музей даган томорсоор Эртний Египет, Грек ба Ром, Ойрх Дорнод, Ази гэх мэт арван хэсгээс бүрдсэн гайхамшигтай цуглуулгыг бүрдүүлж чадсан аж. Энэ музейг үзэхэд ямар нэг төлбөр авдаггүй боловч хүмүүс түүх, соёлын үнэт дурсгалуудыг хамгаалахад туслах зорилгоор 5 паундын хандив өгдөг байна.

Гол үзмэрүүд: Египетийн түүхийн галерейд нь гайхамшигтай цуглуулгууд байдаг. Тэдний дунд МЭӨ 196 онд урласан Розеттагийн чулуу бий. Түүнчлэн МЭӨ 447-432 онуудад хийгдсэн Грекийн Партеноны уран баримлууд, сийлбэрүүд үзэгчдийн анхаарлыг ихэд татдаг юм.


05

Прадо, Мадрид, Испани

Европын урлагийн хамгийн сор болсон бүтээлүүд Прадо музейд бий. Испанийн эзэн хааны гэр бүлийн цуглуулга дээр тулгуурлан 1819 онд уран зураг, уран баримлын музей болж байгуулагдсан Прадод XII-XX зууны үеийн 8200 гар зураг, 7600 уран зураг, 4800 хэвлэл, 1000 орчим уран баримал байх ба түүх соёлын чухал бичвэрүүд ч байдаг. Прадог хамгийн шилдэг урлагийн музей гэх нь бий. Учир нь энд Франциско Гойя, Бош, Эль Греко, Рубенс, Веласкес зэрэг суут уран бүтээлчдийн алдартай зургууд байдаг. 2012 онд л гэхэд тус музейг зорьсон хүмүүсийн тоо 2.8 саяд хүрч байжээ.
Гол үзмэрүүд:
Караважогийн “Давид ба Голиаф”, Рубенсын “Гурван гоо үзэсгэлэн”, Рембрандтын “Артемисия”


04

Метрополитен урлагийн музей, Нью Йорк, АНУ

Америк тивийн хамгийн том музей болох Метрополитений урлагийн музей дэлхийн бүхий л хэсгээс ирсэн, эрт дээр үеэс өнөө үе хүртэлх он цагийн төлөөлөл болсон 2 сая гаруй байнгын үзмэртэй. Эдгээр нь 19 хэлтэст хуваагдан хадгалагддаг.

Музейн үндсэн барилга нь Централ Паркийн зүүн талд байрлах Майл музей юм. Энэ музей бол дэлхийн хамгийн том урлагийн галлерей аж. Хоёр дахь музей болох дундад зууны урлагийн Клойстерс (The Cloisters)-ын үзмэрийн үндсэн цуглуулга нь эртний сонгодог, эртний Египет, Европын мастеруудын уран баримал, уран зураг, Америкийн болон орчин үеийн урлагийн бүтээлүүдээс бүрддэг. Түүнчлэн Африк, Ази, Далайн орнууд, Визант, Исламын урлагийн бүтээлүүдийг ихээр агуулдаг.

Метропилитен музей нь хөгжмийн зэмсгийн цуглуулгын нэвтэрхий тольтой. Үзмэрийн танхимуудаа алдартай интерьер дизайнеруудаар Эртний Ромоос орчин үеийн Америк хүртэлхийг илэрхийлж тохижуулсан байдаг.

Тус музейг 1870 онд Америкийн хэсэг иргэд үүсгэн байгуулжээ. Эдгээр нь санхүүч, бизнесмен, зураач, сэтгэгч зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байсан гэдэг. Тэд өөрсдийн цуглуулсан бүтээлүүдээ нийлүүлэн 1872 оны 02 сарын 20-нд анх олон нийтэд дэлгэн үүдээ нээсэн юм. Өдгөө энэхүү музей нь 400м урт 190,000 м.кв талбай эзлэн оршиж байна.

Гол үзмэрүүд: Альбрехт Дюрерийн алдарт “Адам, Ева хоёр”, Ван Гогийн “Дэрсэн малгайтай өөрийн хөрөг”, 1290-1300 онд бүтээсэн Италийн сэргэн мандалтын үеийн сор бүтээл болох “Хүүхэд тэвэрсэн Мадонна”


03

Ватиканы музей, Ватикан хот, Итали

Musei Vaticani гэх нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг 22 музейгээс бүрдсэн Ватиканы музейг та заавал үзэх хэрэгтэй. Пио-Клементиногийн музейгээс классик уран баримлын сор болсон бүтээлүүдийг, мөн домогт Рафаэлийн өөрийнх нь зурсан бүтэн танхимууд буюу “Рафаэлийн өрөөнүүд”, болон Пинакотека галерейд хүмүүс очих дуртай. Пинакотека галерейд дундад зууны үе, Сэргэн мандалтын уран зургуудаас гадна Микеланжелогийн Систин сүмийн зургууд оршдог юм. Түүнчлэн Грегориано Эгизиогийн музейд Египетийн түүх, соёлын дурсгалын баялаг цуглуулга байдаг.

Гол үзмэрүүд: Микеланжелогийн уран зургуудаар чимсэн Систин сүм болон Рафаэлийн өрөөнүүдийг үзэхгүй өнгөрч огт болохгүй.


02

Уффици галерей, Флоренц, Итали

Сэргэн мандалтын үеийн уран зургуудын дэлхийн хамгийн шилдэг цуглуулгыг хадгалдаг Флоренц хотын Уффици галерей бол Италийн хамгийн алдартай, хамгийн олон зочин хүлээж авдаг музейн нэг. Медичийн гэр бүлд төгсгөл ирснээр тэдний уран зургийн цуглуулгыг Флоренц хотын захиргаанд дурсгал болгон өгсөн бөгөөд үүгээр музейн эхлэл тавигдсан байна. Уг галерей 1765 онд албан ёсоор нээгдэж, 1865 онд музей болсон байдаг.

Жилд 2 сая орчим үзэгч цугладаг Уффицид зөвхөн Италийн сэргэн мандалтын мастеруудын уран зургуудаас гадна дундад зууны, Маннеристын эхэн үеийн бүтээлүүд ч хадгалагдаж байдаг.

Гол үзмэрүүд: Боттичеллигийн “Венера мэндэлсэн нь”, Верроччио болон Да Винчи нарын “Христийн баптизм”, Рафаэлийн “Лео Х пап лам гэр бүлийн хамт”, Караважогийн “Медуза”


01

Рижкс музей, Амстердам, Голланд

Rijksmuseum 1 сая гаруй түүх, соёлын үзмэртэй. Голландын түүх болон урлагийн хамгийн том цуглуулга болох уг музейд 17-р зууны үеийн Голландын аугаа мастерууд болох Франс Халс, Вермеер, Рембрандт зэрэг уран бүтээлчдийн туурвисан хосгүй бүтээлүүд бий. Эдгээр уран бүтээлчдийн төлөөлж байсан Голландын “Алтан үе”-ийн л гэхэд 2000 орчим гайхамшигтай бүтээлтэй юм.

1800 онд байгуулагдахдаа Голландын төрийн дээд албан тушаалтнуудын цуглуулгыг хадгалж, хамгаалах зориулалттай байсан Рижкс музей 1885 онд олон нийтэд үүд хаалгаа нээжээ. Жилд 2.2 сая хүн үздэг уг музей өөрийн цуглуулгад буй 1200-2000 оны үзмэрүүдээсээ ердөө 8000 орчмыг нь дэлгэн үзүүлдэг.

2012 онд уг музей өндөр нягтшилтайгаар татаж авах зориулалттай 125 мянган зургийг вэб хуудаснаа байрлуулж, олон нийтэд бэлэг барьсан ба цуглуулгад буй бүх бүтээлээ дуусах хүртэл нь жилд 40 мянган зургийг өөрийн вэб хуудас дээрээ тавих шийдвэр гаргасан юм.

Гол үзмэрүүд: Рембрандтын “Шөнийн эргүүл”, Йан Асселижны “Аюулд орсон хун”, Верспронкийн “Цэнхэр даашинзтай охин”


9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Баярлалаа
+2
Энэ бүхнийг үзэх гсэн насны мөрөөдөл. Энэ агуу музейн аялал зохион байгуулдаг газар бна уу??? Тэр Утайгүмбэн,Буриадын үхсэн ламын мөргөлийн аялал бол цаашаа л бна шүү.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start