Эмчийнхээ гарт хөнөөгдсөн 10 алдартан
Цаг үе, нийгэмтэйгээ хагаралдагч нэгэн биш л бол эмч хүн бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө ажилладаг, зүтгэдэг. Гэтэл түүхийн он цагийн элээнд эмч хүн өвчтөнийхөө амийг санаатай, бас санаандгүйгээр “хороосон” эмгэнэлт тохиолдол нэг бус удаа гарч байв.
Их Британийн хаан V Жоржийн үхэлд түүний цол хэргэмийг буруутгах нь илүү оновчтой. Амьдрал, үхлийн заагт тулж ирсэн хаан жам ёсоороо амьсгал хураахыг хүлээвэл маргааш өглөөний сонинд тэр тухай мэдээг нийтлэх боломжгүй болох байв. Гэтэл ихэс дээдсийн таалал төгссөн тухай албан ёсны мэдэгдлийг үдшийн сонинд биш өглөөний нэр хүндтэй сонинд нийтлэхийн тулд хааны эмч Лорд Даусон кокаин, морфин тарьж, хааны үхлийг хурдасгасан гэдэг.
АНУ-ын 20 дахь ерөнхийлөгч Жеймс Абрам Гарфилд 1881 онд нийслэл хотын нэгэн галт тэрэгний өртөөнд халдлагад өртсөн юм. Түүнийг АНУ-ын зохиолч, хуульч Шарль Гито ар нуруунаас нь буудаж, хөнөөхийг завджээ. Гэхдээ ерөнхийлөгчийн үхлийн шалтгаан бууны шарх байсангүй. Харин түүний эмч нар халдвар оруулсны уршгаар төрийн тэргүүн амьдралынхаа сүүлийн өдрүүдийг тарчилж өнгөрүүлжээ.
Эмч нар ерөнхийлөгчийн биеэс сумыг гаргаж авахын тулд шууд гараараа шарханд хүрч, хуруугаа биед нь “дүрж” байсан гэдэг. Ингэхдээ ариутгаагүй багаж хэрэгсэл, угаагаагүй гарын бохирын улмаас ерөнхийлөгч халдвар авч, буудуулснаас хойш 80 хоногийн дараа есдүгээр сарын 11-нд нас баржээ. Ариутгасан багаж хэрэгслээр, зөв эмчилгээ, сувилгаа хийсэн бол ерөнхийлөгч Гарфилд шархыг түвэггүй давж гарах боломжтой байсан гэж орчин үеийн эмч нар санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
Эмч нарын гар дээр эцсийн амьсгал хураасан тохиолдол бүрийг тэдний гэм буруу, алдаа дутагдал, эсвэл хорон явуулга, санаатай аллага гэж буруутгах аргагүй.
“Психоанализмын эцэг” гэгддэг Австрийн мэдрэлийн эмч, сэтгэл судлаач Фройд өдөрт 20 янжуур татдаг байжээ. Тэрээр амны хөндийн хорт хавдраар өвчилсөн ч “Тамхи бол ердөө л тамхи шүү дээ” хэмээдэг байж.
Амьдралынхаа сүүлийн 10-аад жилийг хорт хавдартай тэмцэж өнгөрүүлсэн Фройд доройтож, өвчиндөө дийлдэхийн цагт хүний орчлонгоос үүрд одохдоо өвчин зовлон мэдрэхийг хүсэхгүй байна гэж эмчдээ хэлсэн гэдэг. Фройдын сүүлийн хүслийг болгоож, эмч нь түүнд морфин өндөр тунгаар тарьжээ.
АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон 1799 оны арванхоёрдугаар сарын 14-нд таалал төгсчээ. 67 насандаа хорвоог орхисон түүний үхлийн шалтгаан хоолойн өвчин байсан юм.
Тэсгим хүйтэн бороо, цас, мөндөр холилдсон арванхоёрдугаар сарын нэгэн хүйтэн өдөр өдөржин морин дэл дээр давхиж байгаад ирсэн экс-ерөнхийлөгч /тэр үед ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусч, АНУ-ын Зэвсэгт хүчний удирдах албанд ажиллаж байв/ нойтон хувцсаа солилгүй шууд оройн хоолоо иджээ. Маргааш өглөө нь хоолой нь өвдсөн сэрэв. Гэвч төдий л ойшоолгүй ажилдаа зүтгэсээр улам бүр дорджээ.
Эмч нь тэр үеийн шалгарсан эмчилгээ болох цус ханах аргыг хэрэглэв. Төдий л амжилт олсонгүй тул хоёр дахь эмч хоолойн идээг цэвэрлэж, цэврүүг нь хагалжээ. Дараа нь дахиад цус ханав. Улмаар хүчээр бөөлжүүлдэг эм өгсний дараа Вашингтон бөөлжүүлж, суулгуулж, шингэн алдаж эхэлжээ. Энэ мэт байдал түүний биеийн байдлыг улам дордуулж, хүндэрсэн байна. Анх хүйтэн бороонд цохиулснаас хойш хоёр хоногийн дараа амьсгал хураажээ.
“Попын хаан” Майкл Жексон 2009 онд зуурдаар таалал төгссөн. Дэлхийг тойрон аялах цоо шинэ тоглолтдоо бэлтгээд тун завгүй байсан дуучны үхэл дэлхий нийтийг цочроосон юм. Түүний гэнэтийн үхлийн шалтгаан пропофол гэх нойрсуулагчийн тун хэтрүүлсэн явдал байв.
Аялан тоглолтдоо бэлтгээд цаг наргүй хөдөлмөрлөж, дээр нь стресс, бухимдал ихтэй байсан түүний нойргүйдлийг арилгаж, тайван амар амраахын тулд эмч нь түүнд пропофол уулгажээ. Гэтэл пропофол нь маш хүчтэй нойрсуулагч, өвчин намдаагч бөгөөд шөнийн уртыг амар давах зорилгоор хэрэглэх нь дэндүү эрсдэлтэй алхам байв.
Өвчтөнөө үхэлд хүргэсэн эмч санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн хэргээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Улмаар хоёр жил хоригдоод суллагдсан байна.
Инээдмийн жүжигчин бүсгүй гоо сайхны мэс засал хийлгэсэн тухайгаа ичиж зоволгүй ил тодоор илэрхийлдэг нэгэн байв. Бүр амьдралынх нь салшгүй хэсэг болсон байжээ. “Би ихэртэй байсан ч болоосой гэж боддог юм. Тэгвэл мэс засалгүйгээр ямар харагдах байснаа хялбархан мэдэх байсан даа” хэмээн хошигносон удаатай.
2014 онд Жоан ээлжит удаагаа мэс ажилбар хийлгэхээр эмнэлэгт очжээ. Харамсалтай нь, хүндрэл гарч, Жоан эмнэлгийн орон дээр амьсгал хураасан байна. Гэхдээ Жоан мэс заслын үеэр бус, харин дараа нь хоолойн шарх хүндэрсний улмаас нас баржээ.
2016 онд мэс заслын эмч өвчтөндөө хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр шүүхэд дуудагдаж, Жоан Риверсийн нас барсан хариуцлагыг өөртөө хүлээсэн байна.
АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольны үхлийн талаар хүн бүр мэднэ. Театрт жүжиг үзэж суухад нь тагнуулч Жон Уилкес Бут театрын лож руу гараад, Линкольны дагз руу бууджээ. Анагаах ухаан хөгжсөн өнөө цагт ч тийм шархыг давж гарна гэдэг амаргүй.
Гэхдээ, Авраам Линкольны хувьд буудуулаад тэр дороо амьсгал хураагаагүй. Зөв цагт зөв эмчилгээ хийсэн бол үхлийн аюулыг гэтэлгэх боломж бага ч атугай байсан гэж тайлбарладаг.
Хэрэг гардаг тэр үдэш /1865 оны дөрөвдүгээр сарын 14/ театрт жүжиг үзэж суусан армийн мэс засалч Чарльз Лил хамгийн түрүүнд ерөнхийлөгч дээр очжээ. Тэрээр хожим өгсөн мэдүүлэгтээ “Сумны шарх руу зүүн гарын чигчий хурууг болгоомжтой хийж, нөжирсөн цусыг авсан” хэмээсэн байдаг. Бууны шарх мэдээж аминд халтай, аюултай боловч Лил эмч, дараа нь өөр эмч нар ч дээрх үйлдлийг давтсан нь их хэмжээний цус алдаж, үхлүүт байсан ерөнхийлөгчийг амьсгал хураахад хүргэсэн гэдэг.
Английн хаан II Чарльз эмч нарын хэт их анхаарал, халамж дунд амьдралынхаа эцсийн хором, мөч бүрийг шаналж, тарчилж өнгөрүүлжээ.
1685 оны хоёрдугаар сарын 2-нд хааны сахлыг хусаж байх үед гэнэт цус харваснаас хойш хааны эргэн тойронд 14 эмч, домч завсар зайгүй ажиллаж, асарч байв. Харамсалтай нь, тэд бүгд хааныг илааршуулахын тулд өөр өөрийн арга барилаар, өөр өөрийнхөө эмчилгээ аргыг туршихаар санал зөрөлдөж байжээ.
Хааны цусыг дахин дахин ханаж, хүчээр бөөлжүүлдэг эм уулгаж, толгойн үсийг нь хусаж, бургуйдаж, тагтааны сангасаар биеийг нь битүү шавж хүртэл үзэв. Зөвхөн эхний өдөр ийм эмчилгээ хийжээ. Удаах өдрүүдэд бүр ч хачин жигтэй эмчилгээ нэмэгдсэн байна.
Хаан II Чарльз тэр өдрөөс хойш дөрөв хоногийн дараа 54 насандаа таалал төгссөн юм. Тухайн үед хааны гэнэтийн үхэлд олон хүнийг сэрдэж байсан ч орчин үеийн шинжлэх ухаан түүнийг бөөрний дутагдал /уремия/-ын улмаас нас барсан гэх хувилбар дэвшүүлжээ.
Английн түүхч Эдвард Гиббоны “Ромын Эзэнт гүрний уналт” ном дэлхийн түүхийн сор болсон бүтээл. Гэвч түүхчийн өөрийнх нь тухай намтар түүх түүхийн эх сурвалж, түүхэн бүтээлүүдэд тусгалаа олсон нь ховор.
Гиббон төмсөгний усан хаван /гидроцеле/-гийн улмаас ихэд зовиурладаг байжээ. Орчин үед бие барьсан, хөдөлгөөн хорьсон бариун жийнсний талаар юу ч гэж гомдоллож болно. Харин 18-р зуунд бол хориотой зүйл байлаа. Тиймээс Гиббон өвчинтэйгээ дасан зохицохоос аргагүй байсан гэдэг.
Төмсөг нь усаар дүүрэн хавагнаж, улмаар эмч нар мэс заслын аргаар Гиббоны төмсөгнөөс 3,8 литр шингэн соруулж авчээ. Гиббон хэд хэдэн удаа ийм мэс засал хийлгэсэн байна. Тухай бүр 2-3 литр шингэн соруулж байсан гэдэг. Энэ эмчилгээ түүний өвчин шаналлыг багасгаж, ичгэвтэр байдалд орохоос авардаг байсан ч удаа дараагийн мэс заслын үеэр халдвар авч, эцэстээ Гиббоны аминд хүрчээ.
Арвын жагсаалтад багтсан өөр нэгэн хаан Карл. “Адгийн Карл” ч гэдэг. Зуун жилийн дайны үед өөрийн эрх ашгийн төлөө нэг бус удаа урваж, шарваж явсныхаа төлөө тэр түүхэнд ийм хочтой мөнхөрсөн юм. Францын хаан ширээний төлөөх 1337-1453 онд үргэлжилсэн Английн вант улс ба Францын вант улсын хооронд дэгдсэн удаа дараагийн зөрчилдөөнийг Зуун жилийн дайн гэж нэрлэдэг. 116 жил үргэлжилж, Францын ялалтаар өндөрлөжээ.
Хааны бие чилээрхэж, хөл, гар нь мэдээгүй болоход эмч, домч нар түүнийг эмчлэх уламжлалт бус арга сонгожээ. Тэд хааны биеийг архи шингээж, нэвт норгосон даавуугаар битүү ороох эмчилгээ хийв. Эмчилгээг үр дүнтэй болгохын тулд шөнийн цагаар хааныг ороосон архитай даавууг битүүлэн оёдог байжээ.
Нэг шөнө, даавууг битүүлэн оёж байсан шивэгчин эмэгтэй утсыг хайчилж таслахын оронд лааны дөлөөр шатааж, таслахыг завджээ. Гэтэл архи нэвчсэн хааны ор, дэр гал авалцан шатаж, хааны аминд хүрсэн байна.
Цаг тооны бичиг хөтлөгч Жон Фройссарын тэмдэглэснээр “Адгийн Карл” амь тавих хүртлээ хоёр долоо хоногийн турш тарчилж, зовлон шаналал амсчээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.