Арав.мн

Төрийн жолоог нууцаар атгаж байсан 10 хүчирхэг эмэгтэй

Төрийн жолоог нууцаар атгаж байсан 10 хүчирхэг эмэгтэй

Хүн төрөлхтний түүхийг хураангуйлбал нэг талаар эрх мэдлийн төлөөх тэмцэл билээ. Гэхдээ зөрчил тэмцэл гэдэг дан эрчүүдийн явдал биш агаад Хатшепсут, Клеопатра, У Зэтянь, Элизабет, Екатерина нарын гойд хүчирхэг эмэгтэйчүүд төр барьж, эрчүүдээс илүү биш гэхэд дутуугүй дэлхий ертөнцийг залж чиглүүлж байсан нь олонтаа. Харин эдэнтэй эн зэрэгцэхүйц, зарим талаар бүр илүү гарахуйц хүч нөлөөтэй эмэгтэйчүүд эр нөхөр, эцэг, хөвгүүдийнхээ ард төрийн жолоог атгаж байснаас дараах 10 эмэгтэйг мартагдах шахсан, эсвээс олны тэр бүр мэддэггүй, зайлшгүй дурдах хэрэгтэй зэрэг шалтгаанаар энд онцолж байна.


10

Марозия

Европ дахин X зууны эхэн үед мөхөл сүйрлийн ирмэгт тулсан мэт байв. Тэр үе бол франкчуудын эзэнт гүрэн задарч бутран, эрт балрын онго шүтлэгтэй, хэрцгий догшин викингчүүд ид хүчирхэгжин, исламын шашинтнууд Испани, Сицилийг эзэлж, нүүдэлчин хүннүчүүд Карпатийн нурууны ард иргэдийг хүртэл сандаргаж асан цаг билээ. Гагцхүү католик сүм хийдийнхэн л Европыг сахин хамгаалж байв. Харин сүмийн бүх эрх мэдэл сенатор Марозия хэмээх ганц эмэгтэйн гарт байлаа.
Марозия бол Ромын нэр нөлөөтэй язгууртны нэг Теофилакт хэмээх гүнгийн охин агаад эцгээ өөд болсны дараа эд хөрөнгө, эрх мэдлийг нь өвлөн авч, өөрийгөө “сенатрикс” буюу эмэгтэй сенатор, төрийн түшмэл хэмээн өргөмжилсөн байна. Пап лам X Иоанн үүнийг нь эсэргүүцсэн ч Марозиягийн хүмүүст баригдаж, гянданд хоригдож байгаад удалгүй учир битүүлгээр нас баржээ.
Түүний дараа хамба ламын зэрэг залгасан олон хуврагийг Марозия биечлэн сонгож, бүгдийг нь алсаас удирдаж байлаа. Харин 931 онд пап лам VII Стефаныг өөд болоход Марозия өөрийн төрсөн хүүг XI Иоанн нэрээр сүмийн тэргүүн болгов. Ингэснээр тэрбээр Ромын хамгийн хүчирхэг нэгэн болсон ч сэтгэл ханасангүй. 932 онд Италийн хаан Арлийн Хуго гэгчтэй гэрлэн, өөрийгөө болон шинэхэн нөхрөө пап лам болох хүүгээрээ эзэн хаан, хатан хаанаар өргөмжлүүлэхээр зэхжээ. Гэвч нэгэн өчүүхэн явдлаас үүдэн Марозиягийн хамаг төлөвлөгөө талаар болсон гэдэг.
Түүний ууган хүү Альберих хойд эцэгтэйгээ таарамжгүй байсан бөгөөд Хуго түүнийг нэгэн зоогийн үеэр санамсаргүй ус асгасных нь төлөө олны нүдэн дээр алгадаж орхисонд Альберих Ромын иргэдийг харийн хааны эсрэг тэмцье хэмээн турхирч дөнгөсөн байна. Дараахан нь дэгдсэн үймээн самууны үеэр хаан Хуго Ромоос амь зулбан зугтсан бол Марозия хүүгийнхээ тушаалаар гэрийн хорионд орж, Альберих Ромын жинхэнэ удирдагч болжээ.


09

Дөргэнэ

Чингис хааныг тэнгэрт халихад гутгаар хүү Өгөдэй нь зэрэг залгасан билээ. Ах нар нь өвөр зуураа таарамжгүй байснаас эв эеийг хичээсэн төрийн бодлогын үрээр их хаанд сонгогдсон Өгөдэй хаан нэгэн үе бор дарсанд толгой мэдүүлсэн тухай Монголын Нууц товчоонд тодорхой дурдсан байдаг. Харин тэр үед төрийн хэргийг хааны хатан Дөргэнэ мэдэж байв. Өгөдэй хааныг наснаасаа эрт тэнгэрт халихад ч Дөргэнэ хатан хамгийг захирч үлдсэн агаад шинэ хааныг тодруулах төрийн их хуралдайг бүтэн таван жил хойшлуулж дөнгөжээ.
Ертөнцийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, хамгийн том эзэнт гүрнийг албан бусаар захирч ахуйдаа энэ хатан хэчнээн сүр хүчтэй байсныг Селжукийн султан, Их хунтайж Ярослав нарын харийн ихэс дээдэс түүнд хүндлэл үзүүлэхээр өөрийн биеэр заларч байсан баримтаас харж болно.
Дөргэнэ өөрийн хүү Гүегийг их хаанд өргөмжлөхөөр улайрч байхдаа төрийн түшмэдэд хээл хахууль өгч, эзэнт гүрний алба гувчуурын тогтолцоог эвдсэн гэгддэг ч насан эцэслэтлээ хүч нөлөөгөө хадгалж үлдсэн байдаг. Эх хатан 1246 онд буюу хүүгээ хаанд өргөгдсөнөөс жилийн дараа өөд болсон байна.


08

Көсэм

XVII зууны хамгийн хүчирхэг эмэгтэй 1600-гаад оны үед одоогийн Стамбулд ирэхдээ Грекээс олзлогдсон ердийн нэг боол байлаа. Тэрбээр Оттоманы эзэнт гүрний султанд үйлчлэх татвар эмсийн өргөөнд худалдагдахдаа Көсэм нэртэй болж, төд удалгүй эзэн хаан I Ахмедийн хайр ивээлд багтжээ. Көсэм хатан Ахмед хааныг бие барсны дараа түүний сэтгэцийн эмгэгтэй дүү Мустафаг султаны сэнтийд залах хуйвалдаанд оролцон, анх эрх мэдэлтэй болсон байна. Гэвч Мустафаг зээ дүү Осман нь хаан сэнтийгээс түлхэн унагасны дараа хэдэн жил төрийн хэргээс хол байж. Харин 1623 онд төрсөн хүү нь IV Мурад нэрээр султан болоход Көсэм эргэн ирж, балчир хааны эхийн хувиар бүтэн 10 жил эзэнт гүрнийг захирчээ.
Көсэм хатан Мурад хааныг тэнгэрт халихад буюу 1640 онд дахин төр барьж байгаад отгон хүү, мөн л сэтгэцийн эмгэгтэй Ибрахимаа хаанд залж, ганцаараа төрийн хэргийг мэдэх болов. Харин Ибрахимын хаанчлах чадваргүй нь илэрхий болмогц 1648 онд аминд нь хүрэх хуйвалдааныг удирдан зохион байгуулж, түүний хүү буюу өөрийнхөө ач хүүг IV Мехмед нэрээр султанд өргөмжилжээ.
Көсэм хатан Мехмед султаны эх, өөрийнхөө бэр охин Турханы хүмүүст хорлогдож, амиа алдах хүртлээ буюу 1651 он хүртэл ач хүүгийнхээ нэрээр төр барьсан байна.


07

Турхан

Дөрөвдүгээр Мехмед султаны хаан суусан эхний жилүүдэд эмэг эх Көсэм нь төр барьж байсныг дээр дурдсан. Харин балчир хааны эх Турхан хатан үүнийг хүлээн зөвшөөрсөнгүйгээр барахгүй Көсэм хатныг өөрийнхөө заналт дайсан хэмээн үзэж байлаа. Тиймээс Көсэм хатны эрх мэдлийг сэм булааж авахаар өөрийн гэх цэргүүдийг бэлтгэн, эд хөрөнгөө арвижуулж эхлэв. Гэтэл 1651 онд эх хатан үүнийг нь олж мэдмэгцээ Турханыг хүүтэй нь хамт хороохоор шийджээ. Турхан хатан харин Көсэмийн далд санааг тандаж мэдээд урьтаж хөдлөн, мөн оны есдүгээр сарын 2-нд тайган эрсээ хадам эхийнхээ өргөө рүү илгээж, Көсэмийг хамгаалагчдынх нь хамт хөнөөлгөсөн байна.
Оттоманы үе үеийн хатдын адил харем буюу татвар эмсийн өргөөнд 12-хон насандаа худалдагдан ирсэн Турхан ийнхүү 24 настайдаа султан хүүгийнхээ хууль ёсны хамгаалагч, төрийн хэргийг түр мэдэгч болжээ. Тэрбээр 1656 онд их сайд Кёпрюлю Мехмедэд төрийн мэдлийг шилжүүлтлээ хүүгийнхээ ар дахь цор ганц удирдагч байсан бөгөөд 1683 онд нас нөгчих хүртлээ султаны өргөөнд эрх мэдэлтэй байв.


06

Вэй

Хятадын Тан гүрний үед буюу VIII зууны эхээр амьдарч байсан энэ эмэгтэй эзэн хаан Жунзуны хатан юм. Жунзун хаан Хятадын түүхэн дэх хууль ёсны цор ганц эмэгтэй удирдагч гэгддэг У Зэтяний орыг залгамжилсан бөгөөд Вэй хатан чухам тэр их хатны хүч нөлөө, эрх сүрийг биширч өсчээ. Залуу хатны аз болоход хаан нөхөр нь улс засаглах эрдэм чадалгүй, шийдэмгий бус нэгэн байснаас төрийн хамаг эрх мэдлийг алсын хараатай, чанд хатуу эхнэртээ даатгасан байна. Вэй хатан тэр даруй өөрийн итгэлт хүмүүсийг хааны өргөөнд цуглуулсны дотор У хатны шадар түшмэд ч байлаа. Хэдэн жилийн дараа гэхэд Вэй хатан өөрийг нь эсэргүүцсэн хэнбугайг ч замаасаа зайлуулах хүчтэй болжээ.
Харин хаан нөхрөө гэнэт нас нөгчихөд хатантан ихэд барьц алдсан ч (зарим сурвалжид түүнийг өөрийн биеэр нөхрөө хороосон гэдэг) хаан ширээний төлөөх тэмцэл дэгдэх вий гэхээс болгоомжилсондоо ордноо 50 мянган цэргээр бүрэн хамгаалуулан, хааны бие барсныг хэдэн өдөр нууж дөнгөжээ. Гэвч Вэй хатны дайснууд ордон дотор шургалаад байсны дотор Жунзун хааны охин дүү, зээ дүү нар байлаа. Хатантан тэднээс зугтахаар оролдсон ч ордныг хамгаалуулахаар дуудсан өөрийн талын цэргүүдэд алагдсан байна.


05

Сорхагтани

Энэхүү монгол хатан XIII зууны дэлхий ертөнцөд хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг байлаа. Персийн их түүхч Рашид ад-Диний бичсэнээр Монголын эзэнт гүрний нэр цуутай жанжид, эрэлхэг цэрэг эрсийн нэг нь ч Сорхагтани хатны үгнээс “ширхэг үсний чинээ ч” зөрдөггүй байжээ. Тухайн цагийн нэгэн алдартай яруу найрагч эх хатны хүч нөлөөг сүрлэг өндөр уултай зүйрлэж, “Хэрэв бүсгүй хүн бүр түүн шиг байсан бол бүх эрчүүд хоёрдогч хүйстэн байх байлаа” гэж бичсэн байдаг байна.
Чингис хааны отгон хүү Тулуйн хатан болох Сорхагтани хэдий нуган үрс нь эрийн цээнд хүрээд байсан ч эр нөхрөө тэнгэрт хальсны дараа эзэмшил нутгийг нь захирч үлджээ. Ингэснээр Монголын эзэнт гүрний хамгийн нөлөөтэй сурвалжтаны нэг болсон хатантан Гүег хааныг их хаанд өргөмжлөгдөхөд голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. Харин Гүег хааныг 1248 онд тэнгэр болоход Бат хаантай эвсэж, өөрийн хүү Мөнхийг их хаанд өргүүлэхээр төрийн хуйвалдаанд гар бие оролцсон байдаг. Сорхагтани хатан зорьсондоо хүрсэн агаад Мөнх хаанаас гадна Аригбөх, Хубилай, Хүлэгү нэрт хөвгүүдээ хаан суулгасан, дөрвийн дөрвөн хааныг өсгөж хүмүүжилснээрээ Монголын төдийгүй ертөнцийн түүхнээ мөнхөрсөн онцгой содон эмэгтэй юм.


04

Аххотеп

Анхдугаар Аххотеп нэрээр түүхэнд үлдсэн энэ хатан тун сонирхолтой цаг үед амьдарч байв. Өмнөх тооллын 1500-гаад оны Египет орон дотоодын хагаралдаан, харийн түрэмгийллээс болж үймж бужигнаж байх үед тэрбээр Секененра Таа хэмээх фараоны хатан байлаа. Харин хаан нөхрөө МЭӨ 1560-аад онд эзлэн түрэмгийлэгч Хиксос аймгийнхны гарт үрэгдсэний дараа анхдугаар Яхмос нэрээр хаан суусан балчир хүүгийнхээ батлан даагч болжээ. Аххотеп хатан харийнхантай дайтаж, засаглалыг нь эсэргүүцсэн дотоодын босогчдыг нухчин дарж, балчир хүүгээ эрийн цээнд хүртэл хамгаалан, египет жанждын гоёдог асан “Эрэлхэг баатрын алтан ялаа” хэмээх зүүлт зүүсэн анхны эмэгтэй болсон байна.

Хаан хөвгүүн нь түүнийг насан өөд болоход дурсгалын хөшөө босгож, дээр нь “Газар орныхоо эх болж, орон бүрт суу алдраа дуурсгасан, цэрэг эрсээ удирдан манлайлж, Египет нутгаа өмгөөлж хамгаалсан, оргодол босуулыг барин хурааж, атаат дайснаа дарсан, зон олноо жаргааж, өмнөд орноо амарлиулсан их хатныг магтан дуулсу” гэж бичүүлжээ.
Аххотеп хатан өөд одохдоо бараг 90 насны сүүдэр тохиож байсан бөгөөд түүнийг дээрх алтан зүүлттэй нь хамт бунхалсан гэдэг.


03

Зоя

Балканы хойгоос Азийн гүн рүү тэлсэн Византын их эзэнт гүрний жинхэнэ ёсны ганц удирдагч нь нэгэн үе Зоя хэмээх эмэгтэй байжээ. Түүний гол өрсөлдөгч нь төрсөн дүү Феодора нь байлаа. Энэ хоёр язгууртан эмэгтэй III Константин хааны охид бөгөөд эзэн хаан нуган үргүй байснаас охидоо хүч нөлөөтэй болгохын тулд Зоя охиноо хожим Византын эзэн хаан болох Роман хэмээх сурвалжтантай гэрлүүлсэн байна. Харин Зоя эр нөхрийнх нь анхны сонголт дүү нь байсныг марталгүй, олон жил өс санаж яваад Феодораг алс бөглүүд газар луу цөлж, нөхрөө хордуулан бүрэлгээд дүүгийнхээ шадар түшмэлтэй гэрлэн, түүнийг IV Михаил нэрээр эзэн хаанд өргөмжилжээ.
Зоягийн эрх мэдлийн төлөөх тэмцэл үүгээр дууссангүй. Тэрбээр өөрийнхөө утсан хүүхэлдэй Михаилыг нас барсны дараа хаан сэнтий булаах гэж завдсан талийгч нөхрийнхөө зээ дүүг залхаан цээрлүүлээд өөрөө хатан хаан болохыг завджээ. Гэвч өөрийг нь дэмжигчид Феодора дүүг нь мөн хууль ёсны угсаа залгамжлагч хэмээн үзсэн тул Зоя аргагүйн эрхэнд өстөн дайснаа цөллөгөөс буцаан дуудаж, эзэнт гүрнийхээ хамтран захирагчаар зарласан байна. Энэхүү эв найрамдал бас л удаан үргэлжилсэнгүй. Арга мэхт Зоя Феодора дүүгээ давахын тулд Константин Мономах хэмээх түшмэлтэй гэрлэж, түүнийг IX Константин нэрээр хаанд өргөн, өөрийгөө хамтран захирагч хатан хаанаар тунхагласан байна.
Зоя хатан 1050 онд таалал төгсөх хүртлээ эзэнт гүрнийхээ цор ганц далд удирдагч байсан агаад насан өөд болсных нь дараа эзэн хаан Константинаас гадна төрсөн дүү Феодора нь Византын хаан төрийг захирч үлджээ.


02

Арсиноя

Энэ сурвалжит эмэгтэй аугаа Александр хааныг 32-хон насандаа тэнгэрт халихад эзэнт гүрнийх нь нэг хэсэг буюу Египет орныг захирч үлдсэн Македоны цуутай жанжин I Птолемейн охин бөгөөд эртний түүхт Фракийн удирдагч, Александрын угсаа залгамжлагчдын дундах зөрчилдөөнд хожим гүйцэтгэх үүрэг гүйцэтгэсэн Лисимах гэгчийн эхнэр байлаа. Түүнийг өдгөө авааль нөхрийнхөө анхны эхнэрээс төрсөн хүүг хороосний сацуу өөрийн хүүхдүүдийг хоёр дахь нөхрийнхөө гарт бүрэлгүүлсэн гэдгээр нь түүхчид илүүтэй мэддэг. Гэхдээ түүний амьдралыг гагц нөхөр, хүүхдүүдээр нь тодорхойлох аргагүй юм. Тэрбээр өөрийн гэсэн содон намтар түүхтэй, эрх мэдэл, хүч чадалтай эмэгтэй байлаа.
МЭӨ 279 онд Египет рүү зугтаж, тэнд II Птолемей нэрээр хаан суусан төрсөн ахдаа шадарлах болсон Арсиноя тэр даруй улс орныхоо хамгийн нэр нөлөөтэй улстөрч болж, хаан ахынхаа эхнэрийг хязгаар нутаг руу цөлөн, өөрөө ахтайгаа гэрлэж, хатанд өргөмжлөгджээ. Энэ нь тухайн цагтаа Грек, Македон, Египетийн нийгэмд дуулиан шуугиан дэгдээсэн явдал болж байв. Арсиноя хатан болмогцоо өөрийгөө фараоны адил санаж, өөрийн дүртэй зоос хүртэл гаргасан байна. Түүнийг МЭӨ 268 оны үед таалал төгсөхөд итгэлт хүмүүс нь нөхрийнх нь түшмэд хэвээр үлдсэн бөгөөд II Птолемей хаан түүнээс хойш 20-иод жил хаанчилсан атлаа дахин хатан авалгүй байсаар өөд болжээ.


01

Нур Жахан

1620-иод он бол Могул гүрний сүр хүч оргилдоо хүрсэн үе билээ. Харин энэ үед их гүрний хамаг эрх мэдэл эзэн хааны титэм зүүсэн Жахангирт биш, хатан Нур Жаханых нь гарт байв. Түүний жинхэнэ нэр Мер ун-Нисса бөгөөд хаан нөхрийнх нь хайрласан Нур Жахан хэмээх нэр Ертөнцийн гэрэл гэсэн утгатай юм. Өөрийн дүртэй зоос гаргаж, өөрийн нэртэй төрийн тамга хүртэл барьж байсан энэ хатан бүсгүй хүн хэзээд олны нүднээс далд байдаг исламын ертөнцөд хаан нөхөртэйгөө мөр зэрэгцэн авд гардаг, цэрэг арми удирдан тулаанд ордог зэргээрээ алдаршжээ.
Гэхдээ түүний суу алдрыг мөнхөлсөн явдал 1626 онд тохиосон байна. Хаан төрд тэрсэлсэн босогчдын тэргүүн Махабат Хан гэгч Жахангир хааныг барьцаалахад хатантан өөрийн биеэр цэрэг удирдан хөдөлж, хаан нөхрөө суллах гэж оролдсон ч бүтэлгүйтэн хааны хамт хорионд оржээ. Гэсэн ч Нур Жахан бууж өгсөнгүй, босогчдын хамар дор өөр нэгэн төлөвлөгөө боловсруулж, эзэн хааныг аван зугтсан байна. Жахангир хааныг 1627 онд тэнгэрт халихад ч Нур Жахан их гүрний хамаг хэргийг мэдэж байлаа.
Хэдийгээр отгон хүүгээ хаан суулгах санаа нь бүтээгүй ч тэрбээр эрх мэдлээ хадгалж үлдсэн бөгөөд Жахангир хааны өмнөх хатнаас төрсөн Шах Жаханыг хааны зэрэг залгахад Ладли нэрт охиныхоо өргөөнд амьдрах болжээ. Могул гүрний түүхэн дэх цорын ганц хүч нөлөөтэй, улс төрийн эрх мэдэлтэй хатан болох Нур Жахан 1645 онд 68 насандаа тэнгэрт хальсан байна. Тэрбээр өдгөө Лахор хотноо өөртөө зориулж босгосон Шахдара Бааг хэмээх бунханд нойрсож буй бөгөөд ойролцоо нь аав, ах нартаа зориулж босгосон цэцэрлэгт бунхнууд нь байдаг аж.


8.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (8)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Косем хатан минь багтжээ. Хорон санаат Турхан бусдын гарт амиа алдаагүй жамаараа явжээ. Энэ жагсаалтанд орсон байхыг бодоход бас олон жил далдуур төр барьжээ.
+1
эмэгтэйчүүд гэдэг үнэхээр сонин ертөнц юмаа.
29 хатан байвал ч.....
+3
Нууцаар гэж байгаа юм чинь Циши, манай Мандухай гэсэн хатад орохгүй байх аа. Эд нар чинь бүр ил тод улсын их хатан гэгдэж баййсан.
Манжийн сүүлчийн хаан Пү И-г гаргаж ирсэн Цы Ши хатан яах аргагүй энэ жагсаалтад баймаар юм
+9
Баярлалаа, сонирхолтой байв.
+2
So serial shig l yum
+17
Энэ нийтлэлийг уншихад эхнэр маань санаанд бууж байх юм
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start