Арав.мн

Туслах дүр нь гол дүрээ давсан 10 кино

Туслах дүр нь гол дүрээ давсан 10 кино

Аливаа киног хийхдээ деталь бүрийг нь төгс болгож байж сайн бүтээл гардаг. Үүнд зохиол, найруулга, зураг авалтаас гадна жүжигчдийн жүжиглэлт голлох үүргийг гүйцэтгэнэ. Зарим киноны гол дүрийн жүжигчнээс илүү туслах дүр нь сэтгэлд хоногшсон байдгийн жишээ болсон дараах 10 киног та бүхэнд танилцуулж байна.


10

Энтони Хопкинс – “Хурга майлахаа болино” /1991/

Домогт жүжигчин Энтони Хопкинс эрхмийн бүтээсэн хамгийн шилдэг дүр болох Доктор Лектер бол хүний мах иддэг гоц ухаантан нэгэн. Тэрээр үргэлж бусдаас нэг алхмын урд алхдаг. Шоронд орохынхоо өмнө Лектер сэтгэл мэдрэлийн эмч байсан бөгөөд сэтгэл судлалын асар өндөр мэдлэгтэй, хүмүүсийн бүх нууцыг нэвт шувт харж чаддаг. Хопкинс өөрийн дүрдээ үнэхээр гайхамшигтай орсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Ялангуяа киноны гол дүр Кларистай хийж буй харилцан ярианы хэсгүүд бол дахин давтагдахгүй сор бүтээл болсон юм.

Гол дүрийн жүжигчин Жоди Фостер “Entertainment Daily” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Зураг авалтын үед бид хоёр үргэлж шил эсвэл төмөр тороор тусгаарлагдсан байсан хэдий ч Энтони намайг үнэхээр айлгаж байсан” гэж ярьсан байдаг. Хэдийгээр Жоди Фостер ч мөн адил гайхалтай дүр бүтээсэн ч “Хурга майлахаа болино” киноны тухай дурдах төдийд Доткор Ханнибал Лектор л нүдэнд харагддаг билээ. 


09

Мариса Томэй - “Миний үеэл Винни” /1992/

“Миний үеэл Винни” киноны Мона Лиза Вито киноны жинхэнэ чимэг болсон дүр. Жүжигчний эрч хүч, зан авир, үзэгчдийг хөгжөөсөн хэсгүүдийг үгээр илэрхийлэх аргагүй. Киноны үйл явдлын хувьд, хоёр найз зам дагуух жижиг дэлгүүрт орж, санаандгүй нэг лааз туна загас хулгайлсан байх бөгөөд төд удалгүй баривчлагдана. Гэвч тэднийг яг тэр дэлгүүрт нь гарсан хүн амины хэрэгт холбогдуулан баривчилсан гэдгийг сүүлд мэддэг. Жүжигчин Жо Пешигийн дүр болох Винни бол тэдний гэр бүлд байгаа ганц хуульч бөгөөд том амтай, ямар ч туршлагагүй нэгэн. Хилс хэрэгт холбогдсон хоёрыг суллахаар явж буй Виннитэй сүйт бүсгүй Мона Лиза Вито нь хамт явах ба тэдний инээдтэй түүхийн тухай гардаг. 

Киног амжилтанд хүргэсэн гол зүйл нь Мариса Томэйгийн дүр байсан ч гэж олон хүн үздэг. Томэй энэ дүрээрээ Оскарын наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ.


08

Ральф Фиеннес – “Шиндлерийн бүртгэл” /1993/

Дэлхийн II дайны үеийн еврейчүүдийн хомроглон устгалын тухай өгүүлэх Стивен Спильбергийн “Шиндлерийн бүртгэл” кино бол жинхэнэ урлагийн бүтээл. Деталь бүр нь төгс хийгдсэн бөгөөд жүжигчдийн чадвар нь гайхмаар. Лиам Нийсон өөрийн дүр болох Оскар Шиндлерт маш сайн тоглосон гэдгийг дурдах хэрэггүй ч хэрцгий коммендант Амон Гоетын дүрд тоглосон Ральф Фиеннесийн жүжиглэлт хар хөлс цутгуулмаар.

Амон Гоет хорих лагерьт өрөөнийхөө тагтан дээрээс сул зогсож байгаа еврейчүүдийг буудаж зугаацдаг /бодит амьдрал дээрх Гоет мөн тэгдэг байсан/ хэсэгт тоглохын тулд Фиеннес бүр багын дурсамжаа сэргээх шаардлагатай болсон гэдэг. “Хийн буу гартаа мөрлөөд лааз онохоор шагайж буй хүүхдийн тийм нэг догдолсон сэтгэл зүйг илүү хэрцгий болгосон мэт мэдрэмж. Байгаа оночихвол ямар их таашаал өгдөг билээ. Жаахан байхдаа цонхон дээр шавсан ялааг гараараа алчихаад, ер нь хэдийг алж чадахаа харъя гэж бодож буй мэт” гэж Фиеннес тайлбарласан байдаг.


07

Хавиер Бардем – “Хөгшин хүнд эх орон үгүй” /2007/

Коены ах дүүсийн 2007 оны бүтээл болох “Хөгшин хүнд эх орон үгүй” триллер төрлийн уг кино даацтай жүжигчдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд бүгд л өөрийн дүрээ төгс бүтээсэн байдаг. Гэхдээ киног үзсэн хэн ч Хавиер Бардемын дүрийг л төсөөлнө. Амьгүй мэт нүдний харц, намуухан боловч бүдүүн хоолойтой алуурчин Антоны сэтгэл сэрдхиймээр үйлдлүүдээрээ үзэгчдийг түгшээж чадсан Хавиер Бардем энэ дүрээрээ Оскарын шагнал авчээ. 


06

Роберт Де Ниро – “Загалмайлсан эцэг II хэсэг” /1974/

Фрэнцис Форд Копполагийн шилдэг бүтээл “Загалмайлсан эцэг” киноны үргэлжлэл болсон уг кинонд жүжигчин Роберт Де Ниро мафийн толгойлогч Дон Корлеонегийн залуу насны дүрд тоглодог. Кино нь хоёр түүх өгүүлэх ба нэг нь Майкл /Ал Пачино/-ын удирдаж буй Корлеонегийн гэр бүлийн асуудлуудын тухай бол хоёр дахь нь 1900-гаад оны эхэн үед Нью Йорк хотод хөлөө олж, нөлөөллөө нэмэхээр зүтгэж буй Вито Корлеонегийн тухай байдаг. Найруулагч Коппола мөн шинэ улсад хөл тавьж буй хүмүүсийн аж амьдрал, зовлон бэрхшээлийг маш тод харуулсан байдаг.

Де Ниро 1975 онд Оскарын шагнал хүртсэн байна.


05

Кристофер Валц – Inglourious Basterds /2009/

Квентин Тарантиногийн 2009 оны хит “Inglourious Basterds” нь түүх гуйвуулсан зохиолоос гадна кино найруулгын хувьд гоц бүтээл юм. Эсрэг дүрд тоглосон Кристофер Валц жинхэнэ хорон санаат ямар байдгийг харуулж чадсан. Еврейн ангууч нацист хурандаа Ханс Ланда хохирогчдынхоо сэтгэл зүйгээр хэрхэн тоглож, эрхшээлдээ оруулж чадаж байгааг харсан үзэгчид өөрсдөө байцаагдаж байгаа мэт мэдрэмж төрнө. Айдас жихүүдэс төрөм Ланда энэ ажилдаа үнэхээр дуртай.

Жүжигчин Кристофер Валц уг дүрээрээ Шилдэг туслах дүрийн Оскарын шагнал авсан билээ.


04

Анна Банкрофт – “Төгсөгч” /1967/

Дастин Хоффманы тоглосон “Төгсөгч” хэмээх классик кинонд Хатагтай Робинсоны дүрд тоглосон  Анна Банкрофт жүжиглэлтээрээ тухайн үеийн хөвгүүдийн мөрөөдөл болсон. Коллеж төгсөөд удаагүй гэнэн залуугаар тоглож, өөрийн гоо үзэсгэлэнтэй, тачаангуй байдлаа чадварлаг ашиглан тоглож байгаа эзэгтэйн дүрээс болж олон залуусын найзынхаа ээжийг харах хандлага өөрчлөгдсөн нь тодорхой. Учир нь Аннагийн дүр зөвхөн Хоффман биш дэлгэцийн урд суугаа үзэгчдийг хүртэл суудал дээр нь “хавчигнуулж” чаджээ.


03

Кевин Спэйси – “Нөгөө л сэжигтнүүд” /1995/

Кевин Спейсигийн гялалзаж гардаггүй киног олох хэцүү. Гэхдээ Брайн Сингерийн “Нөгөө л сэжигтнүүд” кино бол Спэйсигийн хувьд жинхэнэ хувьсгал хийсэн кино юм. Гэмт хэргийн триллер киног нэг үзсэн бол заавал дахин үзэх хэрэгтэй болдог. Аймшигт халдлагын гэрч, цор ганц амьд үлдэгч Вербал Кинт цагдаа нарт юу болсон талаар ярьж өгдөг. Аллага болсоны дараа хэдэн хүнийг сэжигтнээр татах бөгөөд гэрчийг дуудсанаар киноны үйл явдал эхэлнэ.

Вербал Кинтийн дүр угаасаа Кевин Спэйсид зориулж бичигдсэн мэт байдаг билээ. 


02

Жо Пеши – “Сайн залуус” /1990/

Инээдтэй байна уу? Яг ямар утгаараа? Алиалагч шиг уу? Энэ жагсаалт чамайг хөгжөөгөөд байна уу? Айн? 

Мафийн сэдэвт киноны домог болсон жүжигчин Жо Пешигийн бас нэг гайхалтай дүр болох Томми ДеВитогийн энэ хэсэг зөвхөн эргэн тойрондоо байгаа хүмүүсийг нь бус, үзэгчдийг ч балмагдуулж, айдаст автуулж орхидог. Мартин Скорсесигийн “Сайн залуус” киноны жижиг биетэй Томми бол мафи дундаа “азарган чоно” гэсэн үг. Үйл явдлын хувьд бага гарын дээрэмчин Хенри Хилл мафийн оргилд хэрхэн хүрч буй тухай гарна.

Хэдийгээр кинонд Рэй Лиотта, Лоррайне Брако, тэр бүү хэл агуу Роберт Де Ниро хүртэл тоглодог ч Жо Пешиг гүйцэхүйц жүжиглэлт гараагүй юм.

Жо Пеши өөрөө кинонд тоглоогүй үедээ мафийн бүлэглэлд байдаг ч юм шиг төсөөлөгддөг. Сонирхолтой баримт дурдвал 1991 онд Жо Пеши энэ дүрээрээ Оскар авахдаа хэлсэн үг нь тайзан дээр Академийн шагнал авахдаа хэлсэн хамгийн богино үгнүүдийн тоонд багтдаг юм байна. Тэрээр тайзан дээр гараад “Нэр төрийн хэрэг. Баярлалаа” гэж хэлжээ.


01

Хийт Лежер – “Харанхуйн хүлэг баатар” /2008/

Жагсаалтын тэргүүн байранд Хийт Лежер байгаад гайхах хүн бараг байхгүй байх. Кристофер Ноланы “Бэтмэн” киноны цувралын “Харанхуйн хүлэг баатар” кино Жокерын дүрд тоглосон Хийт Лежерийн гайхамшигтай жүжиглэлтийн ачаар асар их амжилт олсон билээ. Готем хотын энхийг сахиулагч Бэтмэний гол дайсан болох Жокерын дүрийг өмнө нь Цезарь Ромеро, Жэк Николсон болон Марк Хамилл зэрэг шилдэг жүжигчид бүтээж байсан ч Жокерын дотор байх жинхэнэ харанхуйг хэн ч гаргаж чадаагүй байдаг. Лежер дүрдээ орох гэж бүтэн зургаан долоо хоногийн турш зочид буудлынхаа өрөөнөөсөө гараагүй гэдэг. Энэ хугацаанд тэр материалууд уншиж, судалгаа хийж, янз бүрийн дуу хоолойг туршиж, энэ талаараа тэмдэглэл хөтөлж байжээ.

Киноны зураг авалт дууссаны дараа Лежер Манхэттэн хотын гэртээ эмний тунг хэтрүүлснээс болж ухаангүй байдалтай олдсон байна. Тэрээр 28 насандаа ийнхүү ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.  Хийт Лежерт 2009 онд Оскарын шагналыг нь нөхөж олгосон юм. 


8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (8)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Арт фильм зөв орчуулсан гэдэг баталгаа нь хаана байгаан хаха
-10
Kinonii nersiig zuw orchuul. Art film dr Mongol orchuulga n bgaa
+1
Жо Пешши
+12
Хийт Лежер... энэ сайхан авьяаслаг жүжигчинг өнгөрсөнд харамсдаг. Бусад кинонууд нь ч гэсэн СУПЕР...
+3
байхгүй кино зөндөө л байгаашд мэдээж.
Gary Oldman Leon professional байхгүй байна
+2
Жо Пески чинь "Гэртээ ганцаараа"-ийн намхан нь билүү?
+11
Хийт Лежер амьд байсан ч болоосой :(
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start