Арав.мн

Хамгийн алслагдмал 10 газар

Хамгийн алслагдмал 10 газар

Нэгэн цагт хүршгүй алсад байсан бараг бүх газар одоо хэдхэн цагийн дотор очиж болохоор ойр болжээ. Гэсэн ч ертөнцийн мухар гэлтэй алслагдмал газрууд өнөө ч гадаад ертөнцөөс тусгаарлагдан байна. Суурин газраас хамгийн алс оршдог арал дээр 200 гаруйхан хүн амьдардаг.


10

Рапа Нуи арал

Чилийн эргээс баруун зүгт 3200 гаруй км-ийн зайд байх Рапа Нуи буюу Пасха арал нь эх газраас хамгийн хол оршдог Номхон далайн арал юм. 110 гаруй ам км газар нутагтай уг арал 4000 гаруй оршин суугчтай. Өөрөөр Ийстэр буюу Улаан өндөгний баярын арал гэгддэг Рапа Нуи нь Моаи хэмээх хүн хөшөөнүүдээрээ алдартай бөгөөд эрэг хөвөөгөөр нь байдаг тэр олон хөшөөг 1500-гаад оны үед арлын анхны оршин суугчид бүтээсэн гэдэг. Аварга хүн хөшөөнүүдийг босгоход ихээхэн хэмжээний дүнз ашигласан гэх бөгөөд энэ нь арлын унаган дүр төрхийг бүрдүүлж асан ой ширэнгийг сүйтгэсэн байна. Уг нууцлаг аралд хүрэхэд хуучин цагт хэдэн сар болдог байсан бол өдгөө арлын жижигхэн нисэх буудлын ачаар хүссэн хэн ч мөнөөх хүн хөшөөнүүдийг үзэж сонирхох боломжтой болжээ. Чилийн Сантъяго хотоос Рапа Нуигийн буудал руу иргэний тээврийн жижиг нисдэг тэрэг тогтмол нисдэг.


09

Перугийн Ла Ринконада суурин

Перугийн Андын нуруун дахь уурхайн жижигхэн суурин Ла Ринконада Өмнөд Америкийн хамгийн алслагдмал газар төдийгүй, дэлхийн хамгийн өндөрт оршдог хот юм. Далайн түвшнөөс дээш 5200 орчим метрт өргөгдсөн уг сууринд зөвхөн уулын замд тэсвэртэй, тусгай ачааны тэргээр л хүрэх боломжтой. Хамгийн ойр хотоос Ла Ринконадад хүрэхэд олон хоног болдогоос гадна өндөрт дасаагүй хүмүүст ихэд халгаатай байдаг байна. Тиймээс гадныхан энд удаан саатах нь ховор.
Ла Ринконадагийн 30 мянган оршин суугчийн дийлэнх нь уурхайн ажиллагсад юм. Уг хот хэдий мөнх цэвдэгтэй, эрс тэс уур амьсгалтай, зарим талаар амьдрахад тав тухгүй ч энгэр бэлдээ алт нуусан уул нуруудаар хүрээлэгджээ.


08

Антарктидын МакМурдо өртөө

Уугуул оршин суугчгүй эл мөсөн тивд судалгаа, шинжилгээний цөөн хэдэн байнгын төв байдгаас хамгийн том нь МакМурдо өртөө юм. Тивийн хойд эргээс холгүй орших Росс аралд байх уг өртөөний ойр орчим үргэлж хөлдүү, мөнх цэвдэгтэй байдаг тул эрдэмтэн, судлаачид туйлын зунаар л МакМурдод ажилладаг.
МакМурдо нь дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн өмнөд захын алслагдмал газраас гадна аль ч суурьшлын бүстэй харьцуулахад томоохон хот суурингаас хамгийн хол оршдог нь юм. Гэхдээ онгоц буух гурван ч зурвас талбайтай нь МакМурдог соёл иргэншилд ойртуулдаг. Нисэх буудлын ачаар өдгөө МакМурдод бялдаржуулах төв, телевизийн станц, бүр гольфийн талбай хүртэл байгуулагджээ.


07

Австралийн Йоркийн булан

Хүн амын нягтрал бага тул байгалийн унаган төрхөө хэвээр нь шахам хадгалж үлдсэнээрээ гайхагддаг Австрали улсын хойд захад орших Хойг хэмээх тойргийн Йорк булан орчин цагийн соёлын нөлөөнд автаагүй, хүний хөл, хүнд машины дугуйнд өртөөгүй дэлхий дээрх цөөхөн газрын нэг юм. Йоркийн булангийн 18 мянга гаруй оршин суугчийн дийлэнх нь нутгийн уугуул иргэдийн үр удам тул байгальд халгүй ахуй амьдралын уламжлалт хэв маягаа хадгалж үлджээ.
Уг булан Австралийн хүрэхэд хамгийн хэцүү газар бөгөөд жилийн ихэнх хугацаанд их хур тунадаснаас болж, балчиг намагаар хүрээлэгддэг байна. Тиймээс эндхийн ихэнх хэсэгт зөвхөн явган хүрэх боломжтой бол агаараас л харагддаг, хөл тавих ямар ч аргагүй зурвас газрууд ч бий аж.


06

Гринландын Иллоккортоормиут тосгон

Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 836 мянган ам км хүрдэг Гринланд нь дэлхийн хамгийн том арал хэдий ч 57 мянга хүрэхтэй үгүйхэн хүн амтай. Энэхүү алслагдмал арлын олонх хот, суурин задгай, зэлүүд газар оршдог бөгөөд тэдгээрээс хамгийн тусгаарлагдмал, магад хамгийн хэцүү нэртэй суурин нь Иллоккортоормиут хэмээх загасчдын тосгон юм.
Гринландын зүүн хойд захад байх Иллоккортоормиут 500 гаруйхан оршин суугчтай бөгөөд нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ нь 380 гаруй ам метр. Уг суурингийнхан цагаан баавгай, халим агнан амьдардаг. Эрэг дагуу оршдог ч хөлдүү тэнгисээр хүрээлэгдсэн нь эндхийн байгалийн хаалт болдог байна. Энэхүү сууринд жилийн ердөө гуравхан сард буюу тэрхүү их цас, мөсний ирмэг хүрээ хайлсан үед л хүрч болно. Иллоккортоормиутад хамгийн ойр нисэх онгоцны буудал 40 гаруй км-ийн зайд оршдог ч тийш онгоц зүглэх нь ховор.


05

Кергелений арлууд

Энэтхэгийн далайн өмнөд захад оршдог, соёлт ертөнцөөс тасарсан Кергелений арлуудыг гунигт арлууд гэх нь олонтаа. Онгоц буух зурвасгүй тул энд хүрэхийн тулд Мадагаскарын эргээс хэдэн арван км зайд орших Реюньон арлаас завь хөлөглөх хэрэгтэй. Уугуул иргэдгүй ч Антарктидын адил эрдэмтэн, судлаачдын түр сууц болдог уг арлууд Францын эзэмшил нутаг юм.
Кергелений арлуудад 1772 онд анх хүний мөр гарсан агаад Жеймс Күүк нарын цуутай олон аялагч, судлаач энд ажиллаж байжээ. Байнгын оршин суугчгүй, шинжлэх ухааны судалгааны суурин хэдий ч Кергелений арлуудад телевизийн антенн, Францын пуужин эсэргүүцэгч систем, мөн Европын эх газарт мөхлийн ирмэгт тулсан Францын уугуул нэгэн зүйлийн хонин сүрэг байдаг аж.


04

Питкерн арал

Өмнөд Номхон далайн төвд оршдог уг арлыг үхмэл газар хэмээдэг. Өөртөө засах эрхтэй дэлхийн хамгийн жижиг бүс нутаг болох Питкернтэй хамгийн ойр хуурай газар нь алс баруун этгээдэд орших Гамбиэрийн арлууд болон Тахити юм. Гэхдээ эдгээр арлын захад хүрэхэд хэдэн зуун км туулах хэрэгтэй. Арал дээр онгоц буух зурвас байхгүй тул Тахити, Шинэ Зеландын хаанаас ч хөдөлсөн хөлөг онгоцоор дор хаяж арав хоног явж Питкернд хүрдэг байна.
Энэхүү арал Номхон далайн арлуудаас Британийн эзэмшил хэвээр үлдсэн цорын ганц газар юм. Эндхийн оршин суугчдын тоо хамгийн сүүлийн мэдээгээр дөнгөж 50 давжээ. Тэд бүгдээрээ алдарт “Баунти” хөлгийнхний үр хойчис агаад 1789 онд тус аралд хүрсэн “Баунти”-ийнхан арлын уугуул иргэдийн соёл, амьдрал ахуйд дассанаас ахмадаа орхиж, хөлгөө шатаагаад Питкернд суурьшсан түүхтэй. Өдгөөгийн Питкернийхэн загас агнуур эрхэлж, арлынхаа нэрийн хуудас болсон ховор марк хэвлэн ахуй амьдралаа залгуулдаг.


03

Канадын Алерт тосгон

Канадын Нунавут тойргийн Алерт тосгон хойд туйлаас ердөө 800 гаруйхан км зайд буюу Хойд мөсөн далайд оршино. Уг газар бол хүн суурьшсан дэлхийн хамгийн хойд захын суурин бөгөөд амьдрахад хамгийн таагүй газрын нэг юм. Жилийн ихэнх хугацаанд цельсийн хасах 40 градус хүртэл хүйтэрдэг Алерт нь зуны турш нартай, өвлийн турш харанхуй байдаг. Тосгоны оршин суугчдын олонх нь туйл судлаачид. Эл сууринтай хамгийн ойр суурьшлын бүс бараг 2100 км зайд орших загасчдын жижиг суурин бол Кэбэк зэрэг дараагийн томоохон хот, суурингуудад нь хүрэхэд үүнээс хоёр дахин урт зам туулах шаардлагатай.
Алертийг зөвхөн зэвсэгт хүчний болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашигладаг тул энд онгоцны буудал байхгүй. Энэ нь эрс тэс уур амьсгалтай нь ч холбоотой. С-130 загварын нэгэн нисдэг тэрэг 1991 онд Алертад хүрэх замдаа осолдож, таван хүн нас баржээ. Осолдсон хүмүүсийн нэг нь онгоцноос амьд мэнд гарсан ч аврах багийнхныг хүлээж тэсээгүй байна. Хамгийн ойр байсан аврагчид ослын газарт бүтэн 30 цагийн дараа очжээ.


02

Хятадын Мотуо суурин

Хятадын муж, тойргуудаас гүнд нь нэвтрэх зам жимгүй ганц нутаг үлдсэн нь Төвдийн автономит тойргийн Мотуогийн бүс нутаг юм. Уг газар мөн орчин цагийн нөлөөнд авталгүй үлдсэн Азийн цөөхөн газрын нэг. Мотуогийн төв Мотуо сууринд хүрнэ гэдэг тун бэрх агаад аялагчид эхлээд Гималайн уулсын хамгийн хахир хүйтэн, бартаатай замыг туулах ёстой бол, дараа нь газраас 200 метрийн өндөрт орших дүүжин гүүрээр явах хүндхэн сорилтыг давдаг. Бурхан багшийн дүртэй эртний хөшөө, баримал, ховор содон ургамалтай Мотуо байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Энд бүх Хятадын цэцэг, ургамлын төрөл зүйлсээс бараг аравны нэг хувь нь ургадаг гэдэг. Мотуог гадаад ертөнцтэй холбох олон ч оролдлого бүтэлгүй болжээ. Хэдэн сая ам.доллар зарцуулан байж зам, гүүр барьсан нь бүгд хөр цас, сул шороонд дарагдаж, эсвэл хүчтэй салхи шуурганд эвдэрч сүйдсэн байна.


01

Тристан-да-Куньягийн арлууд

Хүн суурьшдаг хамгийн алслагдмал газарт тооцогддог энэхүү бүлэг арал Атлантын далайн өмнөд хэсэгт оршдог. Уг газартай хамгийн ойр хуурай газар 2730-аад км зайд байх Өмнөд Африкийн нутаг бол Өмнөд Америкийн эрэг даруй 3200 гаруй км хол ажээ. Өчүүхэн жижгээс гадна ертөнцийн хязгаар нутаг хэдий ч Тристан-да- Куньягийн арлууд тун баялаг түүхтэй. 1506 онд Португалын аялагчид нээж, дараахан нь Британийн эзэмшил болсон эдгээр аралд францчууд эзэн хаан Наполеон Бонапартаа нууж магадгүй гэж англичууд таамаглаж байсан удаатай аж. Наполеоныг хожим зэргэлдээх Гэгээн Эленагийн аралд цөлсөн билээ.
Тристан-да- Куньягийн арлуудад 1880-аад оноос британи, итали, америкчууд суурьшсан бөгөөд уг газар өнөө ч Британийн харьяанд буй. Өдгөө 265 хүн албан ёсоор эндхийн иргэн гэгддэг. Тэдний олонх нь мөнөөхөн англи, италичуудын үр хойчис юм. Дэлхийн хамгийн алслагдмал арлууд хэдэн жилийн өмнөөс зурагт, цахим сүлжээтэй болсон ч газар зүйн хувьд хамгийн тусгаарлагдсан газар хэвээр байна. Газар нутаг нь бүхэлдээ уулархаг тул энд онгоц буух талбай байгуулах боломжгүй. Тиймээс Тристан-да- Куньягийн арлуудад очихын тулд Британийн тусгай тээврийн хөлгөөр Өмнөд Африкийн эрэгт хүрч, тэндээсээ завиар аялахаас өөр аргагүй.


8.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Сайхан нийтлэл байна. Гайхамшиг
+3
Mash goe sonirholtoi niitlel bna
+9
энд "ё" үсэг сураагүй нэг найз байна аа.
-2
гоя
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start