Хар фараонууд буюу эртний Египетийг эзэлсэн нуби хаадын тухай 10 баримт
Эртний Египет гүрнийг 70-аад жил захиран суусан нуби хаад Египетийн хамгийн аугаа фараонуудын тоонд орох ч эдүгээ эрдэмтэн судлаачдаас өөр хүн мэдэхгүй болтол мартагджээ. Өнөөгийн Суданы нутагт оршин байсан Нубийн эзэнт гүрний хаад болох эдгээр эзлэн түрэмгийлэгч Африкийн гүнээс хүчирхэгжин мандсан хар арьстнууд байлаа. Тэдний үүх түүхийг дараах 10 баримтаар өгүүлье.
Нийтийн тооллын өмнөх 730 онд Пианхи хэмээх эр Миссир нутгийг эзэлж байж л аварна хэмээн шийджээ. Өөрийгөө шашин шүтлэгийн хувьд II Рамзес, III Тутмосын залгамжлагч гэдэгт итгэсэн тэрбээр Египетийг эрхшээлдээ оруулах хүслээ ийн зөвтгөж байв. Түүний өдөөсөн түрэмгийлэл, хядлагыг аймшигт өлсгөлөн залгасан юм. Аугаа сац суваргуудыг бүтээсэн гайхамшигт соёл иргэншлийн гэрэл гэгээ хэдийн бөхөж, бага ноёдын зөрчил тэмцэл гаарсан тэр үед Пианхи өнөөгийн Суданы нутагт байсан Нубийн хаант улсаа хорь гаруй жил захираад байлаа. Египетийн сэргэн мандалт нурж үгүй болохыг нүдээр үзсэн Пианхи “Доод Египетэд алганы амт үзүүлнэ” хэмээн хэлж байв. Гэхдээ түүнийг доод Египетэд хөл тавиагүй ч гэлцдэг.
Нил мөрний хойд эрэгт аян дайнд бэлтгэж байсан цэргүүд нь дээд Египетийн нийслэл Фив хотод буудаллажээ. Ариун дайн өдөөх хангалттай олон шалтгаан бий гэж бодсон Пианхи тулаанд орохын өмнө Нил мөрний усанд биеэ ариусгаж, хиргүй хувцас өмсөн Карнак дахь сүмийн рашаанаар гар, нүүрээ шавшихыг цэргүүддээ тушаав. Нарны бурхан Амуны гэгддэг тэрхүү сүмд Пианхи өөрөө бурхан шүтээнд өргөл барьж, замд таарсан бүхнээ устгах хүчийг армид нь хайрлахыг хүссэн байна. Жил гаруй үргэлжилсэн дайн байлдааны эцэст Египетийн удирдагч бүр, тэр дундаа хүчирхэг Тефнахт ч Пианхигийн өмнө бөхийжээ. Тэд Африкийн гүнээс ирсэн сүр жавхлант хаанаас сүм хийдэд нь мөргөл үйлдэхийг хүсэж, хамгийн сайхан эрдэнэс, сайн агт морьдоо нубичүүдэд өгөв. Харин хоёр их улсын эзэн, аугаа байлдан дагуулагч маань гайхмаар шийдвэр гаргаж дайны олз, цэргүүдээ аваад эргэж ч харалгүйгээр нутгийн зүг морджээ.
Пианхийг МЭӨ 715 онд насан эцэслэхэд гэрээс ёсоор нь египет маягийн сац суваргад хайртай дөрвөн морьтой нь цуг онголсон байна. Тэрбээр сац суварга бүхий бунханд нойрссон 500 гаруй жилийн дараах анхны фараон болсон юм. Харамсалтай нь бунхан дотор байсан аугаа нуби хааны баримал, дүр төрх бидний үеийг үзсэнгүй. Пианхигийн дүр болон аян дайных нь үүх түүхийг хадгалж үлдсэн бүхэн цагийн шуурганд үрэгдэж, зарим нь урт гартнуудынх болжээ. Нубийн нийслэл Напата дахь сүм доторх Пианхигийн хөшөөнөөс хөл нь л энэ зууныг үзсэн. Гэхдээ судлаачид түүний дүр төрхөөс онцгой нэгэн шинжийг баттай мэднэ. Пианхи хаан хар арьстан байлаа.
Пианхи бол эртний Египетийн 25 дугаар эзэнт гүрний үед тус улсыг 70 гаруй жил захирсан хар фараонууд буюу Нубийн хаадын анхных нь юм. Африк тивийн түүхэнд үлдээсэн хар фараонуудын ул мөрийг нубичүүд болон дайснуудынх нь тэмдэглэж үлдээсэн бүхнээс тодорхой харж болно. Хар фараонууд цацсан будаа шиг байсан Египетийг нэгтгэж, газар нутгийг нь сүрлэг байгууламж, хөшөө дурсгалаар дүүргэн, өнөөгийн Хартумын өмнөд хилээс Газар дундын тэнгис хүртэлх өргөн уудам нутагт хүчирхэг эзэнт гүрэн байгуулжээ. Нуби хаад цусанд ханаж цадахыг мэддэггүй ассирчуудын эсрэг босож, тэмцлийнхээ явцад Иерусалимыг ч аварсан байх талтай.
08
Алдагдсан үе буюу Нубийн соёл
Саяхныг хүртэл тэдний түүх дэлхийн түүхэн дэх алдагдаж мартагдсан үеүдийн нэг байлаа. Ердөө дөч орчим жилийн өмнөөс л Египетийг захирч байсан хар фараонуудыг эгэлгүй удирдагчид байсныг тогтоож, өргөн хүрээнд судалж эхэлжээ. Тэднийг төрүүлсэн Африкийн хязгаар бүс нутгийн соёл иргэншил 2500 жилийн өмнөөс Нил мөрний өмнөд эрэгт цэцэглэсэн нь Египетийн анхдугаар эзэнт гүрний үетэй давхцана.
Өнөөгийн Суданы нутагт Египетийнхээс ч олон суварга бий. Тэдгээр нь Нубийн цөлд үлдээсэн хар фараонуудын гайхамшигт өвийн ердөө нэгээхэн хэсэг юм. Гэвч сая сая хүний хөлд дарагддаг Каир, Луксор дахь Египетийн сац суваргуудаас өмнө зүгт хэдхэн зуун км-ийн зайд орших Суданы Эль Курру, Нури, Мероэ дэх тэдгээр суварга Египетийнхээс дутуугүй бахдан биширмээр үүх түүхтэйг мэдэх хүн даанч цөөн.
Эрт цагт арьсны өнгөөр ялгаварлах үзэл гэж байсангүй. Пианхигийн аян дайны үед ч түүний арьсны өнгө ямар байх нь хэнд ч хүртээлгүй байв. Эртний Египет, Грек, Ромын үед хамаарах эд өлгийн зүйлс, дурсгалт газруудад арьсны өнгийг товойлгон дүрсэлсэн нь бий ч хар, бараан арьстнуудыг доод гарвальтан гэж үздэг байсан гэх баримт нэг ч үгүй. Гэтэл Европын түрэмгийлэгчид Африкийг эрхшээлдээ оруулснаас үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлах үзлээс шалтгаалж барууны эрдэмтэд Нубийн соёл иргэншлийг үгүйсгэсээр иржээ.
Нил мөрний төв орчмын эргийг судалсан эрдэмтэд уран нарийн хийц бүхий сүм хийд, сац суваргуудыг Кушийн соёлын үлдэгдэл хэмээн сүржин гэгч нь зарлаж байв. Нубийн гайхамшигт суваргыг нээсэн Италийн эрдэмтэн Жузеппе Ферлини хүртэл Нубийн түүх соёл цөөн тооны сац суваргахнаар хязгаарлагдахгүй гэдгийг ч таамаглаагүй юм. Египетийг захирч байсан Нубийн хаадтай холбоотой анхны археологийн олдворыг 1916-1919 оны судалгаагаараа илрүүлсэн египет судлаач, Харвардын их сургуулийн эрдэмтэн Жорж Рейзнер хүртэл хар арьст африкчууд аварга том барилга байгууламж байгуулах чадваргүй гэдэгт бат итгэлтэй байжээ. Тэрбээр Пианхи нарын Нубийн удирдагчдыг египет-ливи угсааны цайвар бор арьстнууд гэж таамаглаж байв. Нэрт египет судлаач Кейт Силь, Жорж Штайндорф нарын 1942 онд хэвлүүлсэн “Египет дорныг хэрхэн эзэгнэв” номонд Пианхигийн аян дайныг гуравхан өгүүлбэрт багтаагаад зогсохгүй Нубийн хаадыг удаан төр бариагүй гэжээ. Барууны эрдэмтэн, судлаачдын энэ мэт үгүйсгэлээс гадна зөвхөн Египетийн нутгаас олдсон соёлын өвд хэт анхаарал хандуулсан нь Нубийн соёл мартагдахад мөн нөлөөлсөн байна. Швейцарийн археологич Шарль Боннегийн дурссанаар 40 гаруй жилийн өмнө түүнийг Суданд очиход “Түүх соёл гэхээр юмгүй газар яах гэж ирсэн юм бэ? Бүх зүйл Египетэд бий шүү дээ” гэж мэргэжил нэгтнүүд нь гайхах, шоолох зэрэгцэн дуу алдаж байсан гэдэг.
Харин 1960-аад оны эхээр Асванаас ус илэрч, археологийн малтлага судалгаа газар авснаар энэ бүхэн өөрчлөгдөж эхэлсэн байна. Нилийн гурав дахь хүрхрээ орчмын Керма хэмээх сууринд олон арван жил малтлага, шинжилгээ хийсний дүнд Нубийн хаадын долоон хөшөө илрүүлсэн Боннегийн ажил 2003 онд олон улсын анхаарлыг татжээ. Нубичүүд алт, хар мод, зааны соёо зэргийн худалдааг өргөтгөж, өргөн уудам нутгийн энд тэнд хот суурин байгуулж, мал аж ахуй эрхэлж байсныг илтгэх олон тооны олдворыг судалсны дүнд Бонне Нубийн хаант улс нь нийгэм, соёлын өвөрмөц бүтэцтэй, Египетээс бүрэн хараат бус улс байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Эл хүчирхэг улс Египетийн дундад хаант улс бууран доройтоход буюу МЭӨ 1785 оны үед сэргэн манджээ. Харин МЭӨ 1500-гаад он гэхэд Нил мөрний хоёр, тав дахь хүрхрээ буюу түргэн урсгалт эрэг хоорондох газар нутагт хэдийн хүчирхэгжээд байлаа.
Өмнөд хөрш нь мандан бадрахыг египетчүүд таатай хүлээж авсангүй. Ялангуяа баруун Азид нөлөөгөө бэхжүүлэхэд нь Нубийн алт эрдэнэс онцгой үүрэгтэй үед. Тиймээс ч 18 дугаар эзэнт гүрний фараонууд Нуби тийш их цэргээ хөдөлгөж, Нил мөрний эрэг дагуу цэргийн олон отог байгуулсан байна. Мөн нубичүүдийг өндөр дээд албан тушаалд томилж, Египетэд талтай заримынх нь үр хүүхдийг Фив дэх египет сургуульд сургах болжээ. Яваандаа Нубийн сурвалжтан язгууртнууд Египетийн соёл, сүсэг бишрэлийг дагаж, эртний египет хэлээр ярьж, Египетийн оршуулах ёс, хожим сац суварга бүтээх аргыг нь ч хуулбарлах болов. Үүнээс үзэхэд Египетомания буюу эртний Египетийн соёлын нөлөөнд автах үзэгдлийн анхны “хохирогчид” нь нубичүүд байсан бололтой.
05
Египетийг дахин Египет болгосон нь
XIX, XX зууны египет судлаачид үүнийг сул тал гэж үзэх нь мэдээж. Гэвч тэдний буруу. МЭӨ VIII зууны үед Египетийн улстөр, нийгэм сууриараа ганхаад байв. Хойд зүгийн хүчирхэг ливичүүд фараонаар удирдуулсан засаг захиргааны хэлбэрийг өвлөсөн ч Амун бурхныг шүтэхийн эсрэг байлаа. Карнакийн сүм хийдийнхэн шашингүйн үзэлтнүүдээс эмээж Египетийн ёс уламжлал, зан заншлыг сэргээн сахин хамгаалахын тулд хэнд хандах талаар тунгааж эхэлжээ. Тэд өмнө зүгээс хариултаа олсон байна. Египет соёлын амин сүнс, сүсэг бишрэлийг өвлөж үлдсэн ч Египетийн хилийн гадна байсан нубичүүдийн ачаар л Египет дахин Египет болжээ.
Пианхийг нас барсны дараа дүү Шабака нь Мемфис хотод суурьшиж 25 дугаар эзэнт гүрний засаг захиргааны хүчийг бэхжүүлсэн байна. Фараоны амьдралын хэв маягийг ахынхаа адил сонгосон Шабака зургадугаар эзэнт гүрний хаан Пепигийн нэрээр өөрийгөө II Пепи хэмээн өргөмжлөв. Фив хотыг цэцэглүүлж, Луксорын хийдийг сүрлэг сайхан болгосон тэрбээр олзны хүмүүсийг хөнөөхийн оронд барилга байгууламж, Нил мөрний эрэг дагуух тосгодыг үерээс хамгаалах далан барих зэрэг ажилд дайчилж байлаа. Хос кобра могой бүхий куш хийцийн титэмтэй түүний хөшөө өдгөө Карнакт бий. Хоёр нутгийн эзэн гэдгийг нь илтгэх тэрхүү хөшөө нубичүүдийн ноёрхол эхэлснийг египетчүүдэд сануулжээ.
Шабакагийн хаанчлалын үед дорно зүгт ассирчууд эзэнт гүрнийхээ хүрээг хурдацтай тэлж байлаа. МЭӨ 701 онд тэднийг Иуд буюу өнөөгийн Израиль тийш их цэргээ хөдөлгөхөд нубичүүд зүгээр суусангүй. Ассирийн хаан Синаххериб Элтекех хотод болсон Нуби, Ассирийн тулаанд хэдий ялсан ч Нубийн ханхүү тулаанаас эсэн мэнд үлджээ. Нубичүүдээс салсан ассирчууд Элтекехээс Иерусалимыг зорих үед еврейчүүдэд Египетийн тусламжаас өөр найдах зүйл байсангүй. Эртний судар бичигт өгүүлснээр илбийн хүчээр ч гэх үү, ассирчууд гэнэтхэн ухарчээ. Улангассан түрэмгийлэгчдэд чухам юу саад болсон нь өнөө ч тодорхойгүй авч зарим шаштирт өгүүлснээр Нубийн залуу ханхүү их цэргээ аван айсуй сургаар Синаххериб зугтсан бололтой. Юутай ч нэр хүндээ барсан Ассирийн хаан нутагтаа буцсан нь гарцаагүй бөгөөд 18 жилийн дараа хөвгүүдийнхээ гарт амиа алджээ. Нубичүүдийн ачаар еврейн соёл Вавилоны Навуходоносор хааны түрэмгийллийн үе хүртэл дахин 100 жил цэцэглэсэн гэж “Иерусалим аврагдсан түүх” номын зохиогч, түүхч Хенри Обины баталж байна.
Загалмайтны болон исламын шашныг өлгийдсөн ариун хот аврагдсан түүхийн цаад эзэн мөнөөх залуу ханхүүг ассирчууд хожим бүх бурхны хараал хүртсэн хэмээжээ. Тэр бол Пианхигийн хүү Тахарка байлаа. Египетийн түүхэнд үлдээсэн Тахаркагийн ул мөр гойд онцгой тул дайснууд нь ингэтлээ байж ядсан хэрэг. Түүнийг хаан сууж асан цагт Напатагаас Фив хүртэлх урт замыг Нил мөрнөөр туулна гэдэг нуби, египет соёлын гайхамшгийг алган дээр байгаа мэт үзэхтэй ижил байжээ.
Тахарка хаан Египетийн өнцөг булан бүрт өөрийн нэр, дүр төрх бүхий цээж баримал, хөшөө дурсгал бүтээсний зарим нь өдгөө дэлхийн олон музейн үнэт өв болжээ. Дүр төрх нь танигдахуйц зарим хөшөөг нь дайснууд нь сүйтгэсэн бөгөөд ихэвчлэн хамар, духыг нь зэрэмдэглэсэн нь үхэгсдийн ертөнцөөс эргэж ирүүлэхээргүй болгох дом байв. Гэхдээ эвдэрч сүйдсэн хөшөө, баримал бүрээс нь Тахаркагийн хурц, зоримог нүдийг харж болно.
Тахаркагийн эцэг Пианхи Египетэд фараоны сүр хүчийг буцаан авчирсан бол авга ах Шабака нь Мемфис, Фивд Нубийн нөлөөг бэхжүүлсэн. Гэхдээ тэдний хэн нь ч МЭӨ 690 онд Мемфис хотноо 31 настайдаа фараоны титэм зүүж Египет, Нубийн нэгдсэн эзэнт гүрнийг 26 жил захирсан Тахарка шиг хүсэл эрмэлзэлтэй байсангүй. Тахарка хаан нэн таатай үед 25 дугаар эзэнт гүрний удирдагч болжээ. Их мөрний ноёд хүчирхэг байгаагүйн дээр Иерусалимын хэрэг явдлын дараа ассирчууд нуби удирдагчийн тухай сонсохыг ч хүсэхгүй байлаа. Тийм атал бурхад түүнийг таалж, хаанчлалынх нь зургадугаар онд Нил мөрөн эргээсээ хальсан ч үер бололгүй, хур их байснаас ургац арвижжээ. Тариалангийн талбай сүйтгэгч оготно, ард олныг айлгадаг могой хүртэл дараа жил нь үгүй болсон тухай Тахарка нэг бус удаа өгүүлсэн гэх баримт бий.
02
Бүтээн байгуулсны төлөөс
Тэрбээр Шинэ эзэнт гүрэн мөхсөнөөс хойших хамгийн өргөн хүрээтэй бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Напата, Фив хотууд Тахаркагийн хишгийг түрүүлж хүртсэн бөгөөд Фивийн ойролцоох Карнакийн сүмийн цогцолбор л гэхэд 18 метр өндөрт сүндэрлэнэ. Түүний бүтээсэн гайхамшгуудын дунд Нубийн хаадын арван багана, Амун бурхны сүм, олон арван бунхан, мөн өөртөө болон эх Абартаа зориулсан сүрлэг сайхан хөшөөнүүд хүндтэй байр эзэлнэ. Нубийн Напата хотод бүтээсэн бүхнээс нь ариун гэгддэг Жебел Баркал уулын цогцолбор тун онцгой. Хормойдоо хоёр сүм, бэлдээ мөнх амьдралын бэлгэдэл, оройдоо Тахаркагийн нэр бүхий гэрэлт хөшөөг асаасан уг уул Египетийн фараонуудын тахилгат шүтээн байсан агаад Амун бурхны төрсөн газар гэгддэг.
Асар далайцтай бүтээн байгуулалт нь Тахаркад тун ч үнэтэй тусчээ. Нэрээ мөнхлөх, сүрлэг сайхныг бүтээх ажилдаа хэт улайрсныхаа горыг тэрбээр хаанчлалынхаа 15 дугаар онд амссан байна. Фараоны барьж бүтээх хүслийн ачаар хөрөнгөө арвижуулсан Ливаны эрэг дагуу худалдаа наймаа эрхлэгчдийн хүрээ тэлсээр буйд дургүйцсэн Ассирийн хаан Асархаддон худалдаачдын эсрэг аян дайнд мордов. Ассирчуудын эсрэг боссон худалдаачдын тэмцлийг дэмжихээр Тахарка өмнөд Левант руу цэргээ илгээсэн ч Асархаддоны арми Египетийн нутагт цөмөрлөө. Харин Нубийн арми ассирчуудыг бут цохиж, Тахаркагийн ялалтад хөөрсөн Газар дундын тэнгис орчмын овог аймгууд Асархаддоны эсрэг нэгдэж эхэлжээ. Гэсэн ч Ассирийн хаан Синайн цөл тийш их цэргээ хөдөлгөж МЭӨ 671 онд босогчдыг дарсан байна. Урамшиж, зориг орсон Асархаддон Синайгаас Нил мөрний хөндийг зорьж Тахаркагийн эсрэг хөдлөв. Ассир, Нубийн цэргүүд 15 өдөр тулалдсан ч хэн нь ч ялсангүй. Гэвч ассирчууд нубичүүдийг Мемфис хүртэл ухрааж, тав шархадсан Тахарка бүхнээ орхин зугтжээ.
Асархаддон МЭӨ 669 онд буюу Мемфисийг нубичүүд дахин эрхшээлдээ оруулсныг дуулаад удалгүй Египет орох замдаа тэнгэрт халив. Шинэ хааны удирдлага дор ассирчууд Мемфис рүү дахин халдахдаа босогчдыг гол хүчээ болгон ашиглажээ. Харин Тахаркад урьдын адил аз таарсангүй, Напата руу зугтаж дахин Египетэд хөл тавиагүй байна. Эртний түүхэн дэх цэргийн шилдэг жанжин, их удирдагчийн нэг хэмээгддэг тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг яажшуу өнгөрөөсөн нь түүхнээ үлдсэнгүй. Гэхдээ өтөл насандаа чухам юу хүсэж мөрөөдөж байсныг эцсийнх нь хүслээс мэдэж болно.
Тахарка эцгийнхээ адил египет маягийн сац суваргад мөнх нойрсохыг хүсэж байлаа. Тэрбээр Нубийн анхдугаар эзэнт гүрэн Кушийн фараонуудыг нутаглуулсан Эль Курругийн дээдсийн бунхныг биш, Нил мөрний эрэг дэх Нурийг сонгосон байна. Түүхчдийн таамагладгаар Жебел Баркал уулын хормойгоос Нури тийш харахад Египетийн зүгээс мандах нар сац суварга дээр тусна хэмээн тооцоолж Тахарка энэ газрыг сонгосон бололтой. Египетийн цаглабар ёсоор шинэ оны анхны нар бунхан дээр нь тусвал тэр хүн дахин төрдөг гэх домог бий. Тахаркагийн хүсэл биелэх эсэх нь нубичүүдийн түүх шиг үл тайлагдам билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.