Арав.мн

Эрт дээр үед баригдсан ч одоо хүртэл ашиглаж буй 10 гүүр

Эрт дээр үед баригдсан ч одоо хүртэл ашиглаж буй 10 гүүр

Эрт дээр үед баригдсан хэдий ч одоог хүртэл оршин тогтнож буй барилгууд гэхээр ихэнхи хүн Колизей, Египетийн пирамидууд эсвэл Пиза цамхагийн талаар боддог. Гэхдээ эдгээр барилгууд өдгөө бараг ашиглагддаггүй ба жуулчин татах үзүүлэн болсон байдаг. Харин гүүрний хувьд байдал өөр бололтой. Одоо дэлхий дээр олон зуун жилийн настай хэдий ч ашиглагдсаар байгаа олон гүүр байдаг. Хуучин гүүр байгалийн гамшиг, дайн, осол гэмтэл зэргийн золиос болж устдаг, эсвэл дахин шинэчлэгддэг бол энэхүү жагсаалтад буй гүүрнүүдийн хувьд анх байсан хэвэндээ байгаа гэдгээрээ онцлог.  


10

Pons Fabricius, Итали

Эртний Ромчууд он цагийн нөлөөллийг сөрөн зогсож чадах олон зүйлийг бүтээсэн байдаг. Тэдний барилга барих арга техник нь маш өндөр хөгжсөн байсан бөгөөд зарим нь өнөөг хүртэл бат бэх зогсож байгаа юм. Тэдний нэг нь Pons Fabricius гүүр юм. Уг гүүрийг МЭӨ 62 онд Лусиус Фабрисиус тухайн үедээ байсан модон гүүрний оронд барьсан байна. Гүүрний дөрвөн ч газар өөрийнхөө нэрийг сийлсэн байдаг.

МЭӨ 23 оны үерийн дараа Марксу Лоллиус болон Квинтус Аемилиус Лепидус хэмээх суурин төлөөлөгч нар МЭӨ 21 онд бага зэрэг өөрчлөлт хийсэн байна. Яг ямар өөрчлөлт гэдэг нь тодорхойгүй бөгөөд судлаачдын үзэж буйгаар нумарсан хийцийг нэмсэн байх магадлал өндөртэй юм. Энэ хэлбэр нь аливаа чулуун барилгыг маш бат бөх болгодог ба гүүрийг энэ олон жилийн турш оршин тогтносоор байгаа гол шалтгаан нь юм.


09

Ponte Vecchio, Итали

1345 онд баригдсан Ponte Vecchioгүүр Италийн Флоренцид байрладаг. Үер усанд тэсвэргүй модон гүүрний оронд барьсан энэ гүүр одоо хүртэл анх ямар байсан, түүгээрээ л байгаа. Гүүрний нэр нь “Хөгшин гүүр” гэж орчуулагддаг. Түүнчлэн дотроо дэлгүүр, мухлагууд байршуулах зориулалттай байгуулагдсан ба тэдгээрийг одоо хүртэл ашиглаж байгаа юм байна. Эдгээр мухлагийг загас, махны худалдаачид ашигладаг байсан бөгөөд гүнгийн тушаалаар үүнийг болиулж, зөвхөн алт, мөнгөний дархад ажилладаг болсон байдаг.

Дэлхийн 2-р дайны үеэр Герман цэргүүд Флоренцийг орхин зугтахдаа хотын бүх гүүрийг дэлбэлсэн байдаг ч ганцхан Ponte Vecchio-г үлдээсэн байна. Тэд гүүрийг бүхэлд нь сөнөөхийн оронд орж гарах гарцыг нь дэлбэлсэн аж.


08

Ponte Di Rialto, Итали

1591 онд байгуулагдсан уг гүүрний загварыг Антонио да Понте гаргасан ба тэрбээр Микеланжело болон Палладио нартай өрсөлдөхүйц чадварлаг дизайнер байсан юм. Харамсалтай нь уг гүүрийг баригдсаны дараа маш загварлаг бус, хэтэрхий хүнд нүсэр хэмээн шүүмжилж байжээ. Ийм төрлийн шүүмжийг Эйфелийн цамхагийг барьсаны дараа мөн өгч байсан юм. Доогуураа завь өнгөрөөх зориулалттай тул 7 м-ийн өндөртэй нумарсан арк, мөн дотор нь байх олон худалдааны цэгүүдийг аюулгүй байрлуулахын тулд маш бат бөх байх ёстой байсан тул нүсэр барих шаардлагатай байжээ.

Уг гүүр одоог хүртэл бат бөх оршин тогтносоор л байна. 


07

Khaju Bridge, Иран

Хуучин гүүрний суурийг ашиглан барьсан уг гүүрийг 1667 онд Шах Аббас II-ын тушаалаар байгуулсан юм. Zayandeh голын дээгүүр барьсан уг гүүр далан, ус зайлуулах гарц байдлаар ашиглагддаг байна. Түүнчлэн Шах Аббас II гүүрийг зөвхөн хэрэглээнээс гадна урлагийн бүтээл болгож, ард иргэдийн очих дуртай газар болгохыг зорьсон байдаг. Өдгөө хүмүүс гүүрийг чимсэн зураг, чимэглэлийн ажлуудыг харж баясах боломжтой. Гүүрний гол хэсэгт тусгай зориулалттай павильон байх бөгөөд тэндээ Шах голын ус харж суух дуртай байсан аж. Одоо тэр павильонд цайны газар ажилладаг юм байна.


06

Shaharah Bridge, Йемен

Шахара гүүрийг 17-р зуунд барьсан ба Йемэн улсад оршдог. Уг гүүр нь Жабал ал Эмир болон Жабал ал Фаиш гэх хоёр уулын голд орших 200 метр өндөр хавцлын дээгүүр тогтсон байдаг. Хавцлын хоёр талд амьдардаг хүмүүс хоорондоо уулзахад маш хүндрэлтэй, нэг уулын оройгоос бууж, нөгөө уул руугаа авирдаг байсан асуудлыг ийнхүү шийдсэн байна.

Уг гүүр нь Шахара тосгон руу орох цорын ганц зам бөгөөд дайн боллоо гэхэд нутгийн иргэд уг гүүрийг нурааж дайснаас өөрсдийгөө хамгаалах боломжтой аж. Өнөөдрийн байдлаар Шахара гүүр жуулчдын очих дуртай газрын нэг болжээ. 


05

Cendere Bridge, Турк

Сереван гүүр гэх нэрээрээ алдартай уг гүүр Турк улсад байх бөгөөд хоёрдугаар зууны үед байгуулагдсан юм байна. Гүүрийг Ромын эзэн хаан Септимиус Северус болон түүний гэр бүлийг хүндэтгэн байгуулсан бөгөөд Ромчуудын барьсан хамгийн урт нуман гүүрний хоёрдугаарт бичигддэг байна.

Гүүрний хоёр талд тус бүр хоёр багана байх ба тэдгээр нь эзэн хааны гэр бүлийг бэлгэдсэн аж. Нэг талд нь Северус, эхнэр Жулиагийн хамт, харин нөгөө талд нь тэдний хөвгүүд болох Каркалла, Гета нар байсан бол Гетагийн баганыг унагаажээ. Энэ нь Каркалла өөрийн өрсөлдөгч болох Гетаг хөнөөсөнтэй холбоотой аж. Тэрээр Гета болон түүний найзууд, хамсаатнуудыг бүгдийг нь цаазалж, нэр нь түүхийн хуудаснаас хасагдах ёстой хэмээн зарлиг болгон баганыг нураасан байна. 


04

Anji Bridge, Хятад

БНХАУ-ын хамгийн эртний гүүр бол Анжи гүүр юм. Гүүрийг НТ 605 онд байгуулсан бөгөөд инженерийн шилдэг бүтээл болсон байна. “Аюулгүй гатлах гүүр” хэмээн орчуулагддаг энэ гүүр тухайн үеийнхээ хамгийн шилдэгт тооцогддог байв. Америкийн  барилгын инженерүүдийн нийгэмлэгээс олон улсын барилгын инженерчлэлийн 12 дахь гол ололт хэмээн тэмдэглэж, хүрэл медаль авсан байна.

Гүүрний хувьд он цагийн элэгдлээс гадна 10 үер, 8 дайн, тоо томшгүй газар хөдлөлтийг даван туулсан аж. 


03

Ponte Sant’Angelo, Итали

Эзэн хаан Хадрианы тушаалаар НТ 136 онд баригдсан Гэгээн тэнгэрийн элчийн гүүр бол Ромын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн алдартай гүүрнүүдийн нэг. Хадриан үнэндээ бүх Ром хотыг Гэгээн тэнгэрийн элчийн ордон гэх нэртэй өөрийн бунхан руугаа гүүрээр холбох санаатай байсан. “Гэгээн тэнгэрийн элчийн” гэх тодотголыг өгсөн учир шалтгаан дээр нь байх Архангель Майклын хөшөөтэй холбоотой юм. Эртний домогт өгүүлснээр МЭӨ 590 онд нэгэн тэнгэрийн элч уг барилгын дээр буун ирснээр хотыг хамарсан тахал зогсож байсан гэнэ.

1668 онд уран барималч Лорензо Бернини гүүрний дээр дахин 10 тэнгэрийн элч хийн байрлуулсан нь гүүрийг илүү үзэсгэлэнтэй болгожээ. Тэдгээрийн хоёрыг нь өөрөө урласан ба тэнгэрийн элч бүр Христийн амссан тамлалууд болох өргөст титэм, ташуур зэргийг бэлгэдсэн байдаг аж. Одоо гүүр болон түүнийг чимэх тэнгэрийн элчүүд бүрэн бүтэн байдаг бөгөөд гадаад, дотоодын хүмүүсийн нүдийг баясгасан сайхан орчинг бүрдүүлдэг аж. 


02

Tarr Steps, Англи

Эксмоорт байрлах Tarr Steps бол дээр дээрээс нь давхарлан тавьсан чулуун гүүр бөгөөд яг хэзээ барьсан нь тодорхойгүй юм. Зарим судлаачид түүнийг МЭӨ 3000 жилийн өмнө барьсан гэж үздэг ч уг гүүрний талаар дурссан хамгийн эртний бичвэр бол 1500-гаад оных аж.

Нутгийн домогт өгүүлснээр уг гүүрийг Чөтгөр өөрөө барьсан ба гүүрээр гол гаталсан хэнийг ч ална хэмээн амлажээ. Нутгийн иргэд гүүрээр муур явуулахад муур тэр даруй агаарт замхран алга болсон байна. Үүний дараа нэгэн санваартанг явуулжээ. Санваартан гүүрний голд чөтгөртэй уулзан тохиролцсоны ачаар уг гүүрийг бүх хүн ашиглах боломжтой болсон гэдэг. Уг гүүр хангалттай бэхлэлтгүй тул үерийн усанд автаж, эвдэрсэн бөгөөд өдгөө бүх чулууг нь дугаарлаж, ямар нэг байдлаар чулуу урсвал хайн олж, гүүрийг байсан хэвэнд нь оруулах боломжтой болгосон байна. 


01

Arkadiko Bridge, Грек

Одоо хэр ашиглагдаж буй хамгийн эртний гүүр бол МЭӨ 1300-1200 оны хооронд буюу Грекийн Хүрэл зэвсгийн үед байгуулсан энэхүү чулуун гүүр юм. Мисенийн үед Тиринс болон Эпидаурос хотын цэргийн жагсаалд ашиглагдаж байв. Ижил төрлийн бусад гүүрийг бодвол харьцангуй өргөн (2.5 м) байдаг нь сүйх тэрэг явахад зориулсан гэж үздэг. Гүүрний гол онцлог бол цэвэр шохойн чулуугаар хийсэн ба ямар ч шавар ашиглаагүй, зүгээр л өрсөн чулуу бөгөөд 3 мянган жилийн турш зөвхөн чулуучны ур чадварын ачаар оршин тогтносон явдал нь юм. 


9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start