Дэлхийн хамгийн эртний их сургуулиуд
Дээд боловсрол олгох институц олон зуун жилийн турш байсаар ирсэн ч Ази тивийн хамгийн анхны их сургууль 1611 онд (Санто Томасын их сургууль, Филиппин улс), АНУ-д 1636 онд (Харвардын их сургууль, Массачусеттс), харин Австралид 1850 онд (Сиднейн их сургууль, Шинэ өмнөд Уэльс) байгуулагдсан гэдгийг та мэдэх үү? Гэхдээ тэднээс ч эртний их сургуулиуд хэдэн зуун жилийн өмнө нь ч байжээ.
Зарим сургуулиуд мянга гаруй жилийн өмнө байгуулагдсан байдаг ч цаг хугацааны шалгуурыг хамгийн шилдэг гэсэн цөөн хэд нь л давж гарсан байдаг. Тэд цаг үеээ даган хувьсан өөрчлөгдөж, нийгэмтэйгээ дасан зохицсоор өнөөгийн даяаршил, зах зээлийн эдийн засгийн асар ширүүн өрсөлдөөний эрин үед ч дэлхийн шилдгүүд гэх байр сууриа хадгалсан хэвээр. Ингээд та бүхэнд одоо хүртэл үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хамгийн “хөгшин” их сургуулиудын талаар танилцуулахад таатай байна.
Жич: Жагсаалт нь хамгийн анх байгуулагдсан сургууль биш, хамгийн эртний бөгөөд олон улсын хэмжээнд рэйтинг өндөртэй, QS World University Rankings-т багтсан их сургуулиудыг багтаасан болно.
10
Al-Azhar University, Египет, НТ 970 он
Хэдийгээр 1961 онд “их сургууль” гэсэн статустай болсон ч Al-Azhar University нь НТ 970 онд Египетийн Каир хотноо байгуулагдсан байна. Өмнө нь Ислам судлалаар дагнаж байсан ч цаг хугацаагаа дагаад орчин үеийн хичээлүүд заадаг болжээ. Энэ хугацаанд тоолж баршгүй улс төр, нийгэм, эдийн засгийн бэрхшээлүүдтэй тулгарч байснаас 12-р зууны үеийн хямрал буюу шинэ эрин хүчээ авахад 100 мянга гаруй бичвэрүүдийг устгасан үйл явдал хамгийн хүнд туссан байдаг. Өдгөө дэлхийн шилдэг 1000 сургуулийн 801-1000 дугаарт эрэмбэлэгддэг.
09
University of Coimbra, Португал, 1290 он
Португал улсын нийслэл хотод 1290 онд байгуулагдсан тус сургууль хаадын шаардлагаар хэд хэдэн удаа бууриа сэлгэж, эцэст нь Коимбрад ирсэн байдаг. Тус хот нь эртний Ромын үеийн түүх соёлын дурсгалуудаар баялаг. University of Coimbra 24 мянга гаруй оюутантай бөгөөд дэлхийд чансаагаараа 401-410 дугаарт жагсдаг.
Мөн л цаг үеийн олон бэрхшээлтэй тулгарсан төдийгүй 18-р зууны үед Португалд үйл ажиллагаа явуулж байсан цорын ганц их сургууль болж байжээ. Түүх соёлын өв болсон байшин барилга, соёлын гайхамшигт уламжлалууд, орчин зэргийг нь үнэлэн 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан байна.
08
University of Siena, Итали, 1240 он
Италийн Тоскана бүст байрлах Сиена хэмээх жижиг хотод байрладаг энэхүү их сургууль нь дэлхийд 801-1000 дугаарт эрэмбэлэгддэг шилдэг их сургууль. Нийт 20 мянга орчим оюутантай энэхүү сургуульд хотын нийт хүн амын тал нь байдаг гэсэн үг. Сиена хот нь өөрөө түүх соёлын өвүүдээр дүүрэн бөгөөд жилд 160 мянган жуулчин хүлээн авдаг, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв болсон хот билээ.
07
University of Naples Federico II, Итали, 1224 он
Ариун Ромын эзэнт гүрний хаан Хоёрдугаар Федерикийн 1224 онд байгуулсан Неаполь Федерико II Их сургууль дэлхийд 481-490 дугаарт эрэмбэлэгддэг. Неаполь хот нь Италийн гурав дахь том хот бөгөөд тогтмол оршин суугчтай байсаар ирсэн хамгийн эртний хотуудын нэг юм. Тус сургуульд 100 мянга орчим оюутан суралцдаг бөгөөд маш олон төрлийн сэдвийг хамарсан сургалтууд ордог байна.
06
University of Padua, Итали, 1222 он
Одоо хүртэл үйл ажиллагаа явуулж буй дэлхийн шилдэг бөгөөд хамгийн хуучны сургуулиудын нэг Падуагийн их сургууль нь 1222 онд байгуулагдсан. Сургалтын чансаагаараа дэлхийд 296 дугаарт жагсдаг уг сургууль нь одон орон судлал, хууль, эм зүй болон философийн талаар анхны судалгаа шинжилгээний ажлуудыг хийж ирснээрээ алдартай. Тус сургуульд 61 мянган оюутан суралцдаг бөгөөд өөрийн гэсэн 9 музейтэй. Падуагийн их сургуулийн гаднах ботаникийн цэцэрлэг 1545 онд байгуулагдсан ба дэлхийн хамгийн анхны сургуулийн цэцэрлэгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг байна.
05
University of Cambridge, Их Британи, 1209
Улс төрийн зөрчилдөөнөөс болж Оксфордын их сургуулиас салан тусгаарласан эрдэмтдийн 1209 онд байгуулсан Кэмбрижийн их сургууль бол дэлхийн хамгийн алдартай сургуулиудын нэг. Дэлхийн шилдэг сургуулиудын 5 дугаарт жагсдаг уг сургуульд 19’660 оюутан суралцдаг ба тэдний 4100 нь Европын холбоонд хамаардаггүй улсуудаас ирсэн байдаг.
04
University of Paris, Франц, 1160-1250
Франц улсын нийслэл хотод 1160-1250 оны хооронд байгуулагдсан Парисын их сургууль нь ‘ла Сорбонне гэдэг нэрээрээ алдаршсан байдаг. Тус сургууль 1793-1896 оны хооронд Францын хувьсгалтай холбогдуулан завсарлаж байжээ. 1970 оны байдлаар 13 салангид сургууль болон хуваагдсан боловч бүгд "оригинал" Парисын их сургуулийн алдрыг зүүдэг. Тэдгээрээс хамгийн өндөрт эрэмбэлэгдэж буй сургууль нь Universite Pierre et Marie Curie бөгөөд 131 дүгээрт жагсдаг байна.
03
University of Salamanca, Испани, 1134
Европын хамгийн “хөгшин” сургуулиудын нэг болох Саламанкын их сургуулийг 1134 онд байгуулжээ. Паленсиагийн их сургууль үйл ажиллагаагаа зогсоосны дараа Испанийн хамгийн эртний их сургууль гэх алдрыг зүүх болсон тус сургууль Мадрид хотын баруун хэсэгт байрладаг. Чухам энэ л сургуульд алдарт аялагч Кристофер Колумб Энэтхэг рүү хийх аялалдаа эзэн хааны дэмжлэгийг авахаар хүсэлт гаргаж байжээ. Өдгөө QS Дэлхийн чансаагаар 601-650 дугаар байранд бичигддэг ба нийт 30 мянган оюутан, 9 оюутны хотхонтой.
02
University of Oxford, Их Британи, 1096-1167
Их Британийн 27 Ерөнхий сайд, Кантербуригийн 20 арчбишоп, 12 гэгээнтэн, 27 Нобелийн лаврын титэмтэн, 47 Нобелийн шагналтан болон нэг Стивен Хокингоор төгсөгчдийн алдрын самбараа дүүргэсэн Оксфордын их сургууль нь дэлхийн хамгийн нэр хүндтэй сургууль юм. Хэдийгээр тус сургууль анх хэзээ байгуулагдсан талаар яг нарийн баримт байхгүй ч 1096 он, түүнээс ч өмнө байгуулсан гэх бичвэрүүд байдаг аж. Одоогоор чансаагаараа 6 дугаар байрт ордог ба 23 мянга гаруй оюутантай.
01
University of Bologna, Итали, 1088
Жагсаалтын тэргүүн байранд 1088 онд байгуулагдсан Болоньягийн их сургууль орж байна. Уг сургуулийн үйл ажиллагаа нэг ч удаа тасалдаж байгаагүй. Саяхныг болтол зөвхөн докторын зэргийн боловсрол олгодог байсан бол өдгөө олон салбарт бүх төвшний боловсрол олгож байгаа аж. Италийн Болонья хотод байрлах энэ сургуульд 84,2 мянган оюутан сурдаг ба тэдний 30 мянга нь докторын зэрэг хамгаалах оюутнууд. Төгсөгчдийнх нь дунд 3 пап лам, тоо томшгүй бизнесмэн, Италийн улс төрийн зүтгэлтнүүд байдаг ба сургалтын эрэмбээр 188 дугаарт жагсдаг юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.