Арав.мн

Хамгийн зожиг 10 уран бүтээлч

Хамгийн зожиг 10 уран бүтээлч

Нэр алдартай болох гэж улайрдаг хүн байхад олны анхаарлаас дөлж, хөл ихтэй газраас зориуд холуур явдаг хүмүүс бий. Харин төрөлхийн ийм араншинтай хүмүүс авьяас билигтэй уран бүтээлч байвал яах вэ? TIME сэтгүүл дараах 10 уран бүтээлчийг түүхэн дэх хамгийн зожиг алдартнаар нэрлэжээ.


10

Томас Пинчон

Өнгөрөгч зууны хамгийн адармаатай, хамгийн далд санаатай гэгддэг хэд хэдэн зохиол бүтээлийн эзэн энэ хүн 1963 онд “V” хэмээх анхны номоо хэвлүүлснээс хойш хэвлэл мэдээллийнхнээс зай барьж, өөрийгөө нууцлах болжээ. Америкийн хамгийн нууцлаг алдартнаар олонтaa нэрлэгдэж байсан Пинчоны гэрэл зураг ч ховор байдаг аж. 1973 онд “Соронзон солонго” нэртэй тууж нь Үндэсний номын шагнал хүртэхэд Пинчон өөр хүнээр шагналаа авахуулсан байдаг. Тэр үед Томас Пинчон гэдэг хүн үнэхээр байдаг эсэх тухай яриа хүртэл дэгдэж байв. Калифорнийн нэгэн сонинд бүр энэ нэрийг зохиолч Ж.Д.Сэлинжерийн нууц нэр байх гэсэн таамаг дэвшүүлжээ. Хариуд нь Пинчон мөнхүү сонины редакц руу “Муугүй шүү, дахиад оролд” гэсэн богинохон зурвac илгээсэн байлаа. 

Эдүгээ 80 настай тэрбээр Нью-Йоркийн уугуул бөгөөд хаанa амьдардаг нь ч тодорхойгүй. Пинчон 2004 онд “The Simpsons” цувралын нэг ангид багахан хэсэгт нь дуу оруулсан нь түүний өнөөг хүртэл олонд “үзэгдсэн” ганц тохиолдол юм. Хөгжилтэй нь, тэрхүү дүр толгойдоо цаасан уут угласан эр байлаа.


09

Билл Ваттерсон

“Calvin and Hobbes” хэмээх дэлхийд алдартай комикийн зохиогч Билл Ваттерсоны бүтээлүүд дэлхийн хэмжээнд 2400 гаруй сонинд хэвлэгджээ. Тэрбээр хүүхэлдэйн зургийн шилдэг уран бүтээлчээр шалгарч, цагтаа улс орныхоо хамгийн хүндтэй шагналыг гурвантаа хүртсэн Америкийн хамгийн залуу зураачаар тодорч байв. Гэвч уран бүтээлчийнхээ хувьд нэг ч удаа олны өмнө гараагүй Ваттерсон олон нийтэд өөрийгөө таниулбал цаасан дээр амилдаг дүрүүд нь бусдын нөлөөнд хэт автчихна хэмээн эмээдэг байна. 

1995 онд зураачийн амьдралыг орхисон тэрбээр комик хийгээд хүүхэлдэйн ертөнцөд хэдэн сая шүтэн бишрэгчтэй ч нууцлаг байхыг бүхнээс илүүд үздэг. Зургаа нийтэд дэлгэхээ больсноос хойш Ваттерсон нэг ч ярилцлага өгөөгүй бөгөөд гарын үсэг ч зурахаас татгалзах болжээ. Арилжааны ертөнцөд этгээд хачин гэгдэх өөр нэг үйлдэл нь тэрбээр зургуудынхаа түүврийг комик сонирхогчдод зүгээр л хувилаад тараачихсан явдал. Вашингтон хотын уугуул Ваттерсон өдгөө 59 настай.


08

Харпер Ли

Америкийн орчин цагийн уран зохиол дахь сонгодог бүтээлийн нэг, Пулитцерийн шагналт “Дууч шувууг хөнөөх нь” (To Kill a Mockingbird) романы зохиолч Харпер Ли 1960 онд анх уншигчдад хүрсэн энэ номоосоо өөр нэг ч бүтээл хэвлүүлээгүй юм. Тэрбээр өөд болохоосоо жилийн өмнө буюу 2015 оны долдугаар сард “Харуул тавь” (Go Set a Watchman) нэртэй хоёр дахь романаа хэвлүүлсэн боловч уг ном нь үнэн хэрэгтээ“Дууч шувууг хөнөөх нь” романых нь эх ноорог бөгөөд тэртээ 1950-иад онд бичигджээ. 

Зожиг, нууцлаг энэ зохиолч эмэгтэй маш цөөхөн удаа ярилцлага өгсөний дээр уран зохиолын хүрээний хэдхэн уулзалтад очсоноос өөрөөр олон нийтийн арга хэмжээнд оролцсон удаагүй аж. Харин 2007 онд Цагаан ордонд заларч, Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон гардсан байна. Харпер Ли огт гэрлээгүй бөгөөд бүтэн 40 жил нэг л хаягтай байжээ. 


07

Сид Барретт

Сид Барретт орчин цагийн хөгжим хийгээд арилжааны чиг хандлагад нь сэтгэл дундуур байлаа. Английн алдарт “Pink Floyd” хамтлагийг үндэслэгчийн нэг тэрбээр рок ертөнцөд тэсрэлт болсон тус хамтлагийн хоёр цомгийг бүтээлцсэнийхээ дараа бие даан бүтээл туурвихыг оролдсон ч мөн л сэтгэл ханасангүй. Удалгүй “Stars” хэмээх шинэ хамтлаг байгуулсан ч тайзан дээр гурван удаа гараад л дахин хөгжмийн ертөнцөөс холджээ. Амьдралаа залгуулах  ганц арга нь хөгжим байсан тул Сид хэдэн жилийн дараа бичлэгийн студи руу буцсан ч гэнэтхэн л бодлоо өөрчилсөн гэдэг. Рокийн дараах амьдрал Сидийн хувьд хундхэн байв. Тэрбээр мөнгөгүйдэж, 1978 онд Кембриж хүртэл 100 км алхсан гэдэг. Энэхүү урт аялал нь түүнийг олон ч зүйл бодоход хүргэсэн бололтой, Сид түүнээс хойш хүмүүстэй харилцахаа больжээ. 

Тайзны нэрээсээ татгалзан Рожер гэх жинхэнэ нэрээрээ явах болсон Барретт хөгжмөөс хөндийрөөд зураач, цэцэрлэгч, бүр зохиолч хүртэл болж урлагийн түүхийн тухай ном бичсэн ч хэвлүүлээгүй байна. Барретт Лондоноос Кембриж хүрсэн урт аяллаасаа хойш дахин олны өмнө гаралгүй, хэвлэл мэдээллийнхэнтэй холбогдолгүй, хуучин хамтлагийнхантайгаа ч уулзалгүй байсаар 2006 онд 60 настайдаа чихрийн шижнээр өөд болжээ. Хожим дүү нь түүний зожиг амьдралын тухай “Тэр амар амгалан байхыг л хүссэн байх” хэмээн ярьсан байдаг.


06

Бэнкси

Граффити залуу урлаг. Тиймээс Британийн граффити зураач Бэнкси ч мөн энэ жагсаалтын хамгийн залуу уран бүтээлчээр тодорч байна. Тэрбээр дэндүү нууцлаг бөгөөд бүр хэзээ төрснийг нь ч мэдэх хүн байхгүй. Бүр жинхэнэ нэр нь ч тодорхойгүй. Хэвлэл мэдээллийнхэн Бэнксигийн нэрийг Роберт юм уу, Робин Бэнкс эсвэл Робин Кэннинхэм байх гэж “илрүүлсэн” ч эдгээрийн аль нь ч батлагдаагүй байна. Граффити сонирхогч фэнүүд нь түүнийг 1974 онд баруун Английн Бристолд төрсөн гэж таамагладаг. 

Британийн “Guardian Unlimited” цахим сонины сэтгүүлч Саймон Хаттенстөүн түүнтэй нүүр тулсан гэх цөөн хүний нэг бөгөөд түүний хэлснээр Бэнкси Британийн рэпчин Майк Скиннертэй төстэй нэгэн гэнэ. Хаттенстөүнд өгсөн ярилцлагадаа Бэнкси ганцаардах нь өөрийнхөөрөө байх, зовлон бэрхшээлгүй амьдрах хамгийн зөв арга гээд бусдад бүх юмаа дэлгэдэг хүмүүс угтаа өөдгүй, увайгүй байдаг хэмээн ярьсан байна. Бэнкси ихэвчлэн шөнө дунд юм уу, үүрээр зургаа зурдаг бөгөөд цайвар, бүхээгтэй тэрэгтэй явдаг гэх. Өдий олон жил нэр, нүүрээ нууцалсаар буй түүнийг өдгөө Британийн урлаг соёлын гол төлөөлөгчийн нэг үзэх болжээ. 


05

Грета Гарбо

Алтан үеийн гайхамшигт жүжигчний нэг Грета Гарбо 1905 онд Шведийн Стокгольм хотын ядуусын хороололд төржээ. Санаандгүй тохиолдлоор хотын захын жижиг дэлгүүрээр ороод гарахдаа дэлгэцийн нүдтэй нэгний харцанд өртөн Холливудыг зорьсон Грета 1930 он гэхэд мөнгөн дэлгэцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодроод байв. Гэсэн ч Холливудын амьдралыг гав, дөнгөтэй зүйрлэдэг байсан тэрбээр уран бүтээлээ туурвиж ахуй үедээ нэг ч ярилцлага өгч, нэг ч шүтэн бишрэгчид гарын үсгээ дурсгаж, нэг ч кино наадам, шагнал гардуулах ёслолд оролцсон удаагүй. Өөрт нь хүндэт Оскар гардуулахаар болсон 1955 оны кино академийн ёслолын ажиллагаанд ч Грета очоогүй байдаг. 

“Үзэгчдэд зөвхөн уран бүтээлээрээ л танигдахыг хүсэж байна” хэмээн зожгирлоо тайлбарладаг байсан швед гоо бүсгүй 1941 онд буюу ид мандаж байсан 36 настайдаа дэлгэцээс түр холдохоо зарлажээ. Гэхдээ “түр” завсарлага нь 49 жил буюу 1990 онд өөд болтол нь үргэлжилсэн юм. Эрд гарч, хүүхэд төрүүлээгүй, насан туршдаа ганцаараа амьдарсан Грета 1953 оноос хойш амьдарсан Манхэттен дэх сууцаа тансаг тавилга, үнэт эдлэл, ховор уран зургаар чимсэн байв. Түүнийг Нью-Йоркийн эмнэлэгт 84 настайдаа өөд болоход өв хөрөнгө нь 1990-ээд оны ханшаар 20 сая ам.доллараар үнэлэгджээ.


04

Стэнли Кубрик

Бүх цаг үеийн хамгийн онцгой, хамгийн авьяаслаг кино найруулагчийн нэг Стэнли Кубрик “Аллага”, “Алдрын жим”, “Спартак”, “Лолита”, “2001: Сансрын Одиссей”, “Бэрри Линдон”, "Гялбаа" зэрэг бүтээлээрээ алдартай билээ. Харин ажилдаа дэндүү махруу, жүжигчдийг санаандаа нийцүүлэх гэж шахаж шаарддаг, хэцүү ааштайгаараа киноныхны дунд танигдсан Кубрик зураг авалт дууссан л бол үймж бужигнасан ажлын орчноосоо зугтдаг байжээ. Тэрбээр зөвхөн гэр бүлийнхэн (Кубрик гурван удаа гэрлэсэн) болон анд нөхөд, ойрын хэдэн хамтрагчтайгаа л илэн далангүй харилцаатай байсан гэдэг. 

Гэртээ байхдаа ер бусын тайван, ёсорхуу англи эрийн дүртэй болдог асан энэ америк эр урилгагүй зочин ирвэл өөрөө хаалгаа тайлан үйлчлэгчийн дүр эсгэж "Гэрийн эзэн эзгүй байна” хэмээн хүмүүсийг буцаадаг байж. Кубрик зожиг амьдралтай зарим уран бүтээлчийг бодвол хавьгүй олон ярилцлага өгсөн ч телевизээр гарахаас үргэлж цааргалдаг байв. Онгоцоор аялахаас айдаг, Холливудын хоосон тансаглалыг жигшдэг байсан тэрбээр суугуул нутаг Английнхаа Хартфордшир дахь эдлэнгээсээ бүтэн 40 жил холдоогүй бөгөөд 1999 онд тэндээ насан эцэслэжээ.


03

Ж.Д.Сэлинжер

Америкийн төдийгүй дэлхийн уран зохиолд хүндтэй байр эзэлдэг сонгодог туужуудын зохиогч Жером Дэвид Сэлинжер анхны тууж буюу “Хөх тариан талбай дундуур” зохиолоо 1951 онд хэвлүүлээд л олны анхаарлаас зугтах болжээ. Нэр хүнд, дуулиан шуугиан дагуулсан ихэнх бүтээлээ тэрбээр 1959 оноос өмнө хэвлүүлсэн бөгөөд уран бүтээлчийн хувиар Нью-Хемпшерийн Корнишийн дунд сургуулийн сонинд л ганц удаа ярилцлага өгсөн байна. 

Гэр бүлийнхэн болоод дотнын хоёр, гуравхан найзтайгаа л ердийн харилцаатай байсан Сэлинжер 1955 онд Клэйр Дуглас хэмээх бүсгүйтэй гэрлэж 1955 онд охин, 1960 онд хүүтэй болжээ. Харин зохиолч нөхөртөө болон хүүхдүүддээ илүү цаг зав зарцуулахын тулд их сургуулиа дүүргэлгүй орхисон Клэйр нөхрийнхөө оюун санааны амьдрал хийгээд хачирхалтай ганцаардлаас болж ихэд шаналдаг байж. Бүр нярай охиноо хөнөөгөөд амиа егүүтгэх тухай ч бодож байсан гэдэг. Сэлинжер охиноо төрсний дараагаас иог, бясалгал сонирхон ведийн шашинд ихэд сүсэгтэй болсон нь амжилт, нэр хүндээс зугтахад нь нөлөөлсөн бололтой байдаг. 

Арваад жилийн тэртээх сүүлийн ярилцлагадаа “Би зөвхөн өөртөө зориулж бичдэг” хэмээсэн Сэлинжер 1965 оноос хойш хэвлэл мэдээллийнхэнтэй үг солиогүй юм. Тэрбээр нуугдмал хэвээр байсаар 2010 оны нэгдүгээр сард 91 настайдаа Нью-Хемпшер дэх гэртээ өөд болжээ.


02

Эмили Дикинсон

Амьд ахуйдаа шүлгээ бүү хэл нэрээ ч хэвлэлийн буланд тавихаас айдаг байсан Эмили Дикинсон 20 гаруйхан нacтайгаасаа эхлэн насан эцэслэх хүртлээ гэрээсээ, заримдаа бүр өрөөнөөсөө ч гардаггүй байлаа. Гэрийнхээ ойролцоох охидын коллежид хэсэг сурсныг нь эс тооцвол олны дунд удаан байгаагүй Дикинсон гэртээ бүгэх болсноосоо хойш хөршүүд болон гэрт нь ирсэн зочидтойгоо үргэлж хаалттай хаалганы цаанаас ярилцдаг байжээ. Гэхдээ бүхнээс тусгаарлагдсан мэт байсан ч тэрбээр захидлын олон найз, дотнын хүнтэй байсан гэдэг. Оюун санааны амьдрал нь харин бүр “буцалж” байлаа. 

Түүнийг 1886 онд 56 настайдаа таалал төгсөхөд дүү Лавиния нь эгчийнхээ бичгийн ширээнээс 1800 гаруй шүлэгтэй хэдэн арван дэвтэр, тэмдэглэл олжээ. Эгчийгээ шүлэг бичдэгийг мэддэг байсан ч Лавиния Эмилигийн бүтээлийн санг тийм арвин гэж бодоогүй байж. Эзнээ Америкийн төдийгүй дэлхийн яруу найрагт мөнхөлсөн Дикинсоны шүлгүүд 1890 онд анх уншигчдын хүртээл болсноосоо хойш одоог хүртэл олон улсад тасралтгүй хэвлэгдсээр байна. 


01

Марсел Прүст

Марсел Прүст багын л эмзэг турьхан, бие муутай нэгэн байлаа. Гуч гартлаа Францын дээд давхаргынхны хүрээнд багтаж байсан Прүст 1903 онд аавыгаа, 1905 онд ээжийгээ нас барсны дараа сэтгэл санаа хийгээд эрүүл мэндийн хувьд ихэд доройтож, нийгмийн амьдралаас хөндийрч эхэлжээ. Тэрбээр дараагийн 17 жилээ орь ганцаараа, зөвхөн зохиол бүтээлээ туурвихад л зориулсан юм. 1919 он гэхэд Прүст Парис дахь сууцнаасаа ч гарахаа больж, есөн настайгаас нь хойш шаналгасан багтраа өвчин нь сэдэрсэн тул бүх цонхоо хаан, нар огт тусахааргүй орчинд цаг хугацааг өнгөрөөх болжээ. 3200 гаруй хуудастай “Алдагдсан цагийн эрэлд” алдарт бүтээлээ тэрбээр чухам тэр үед өдөр нь унтаж, шөнө нь бичин дуусгасан байна. 

Прүст 1922 онд Ирландын нэрт зохиолч Жеймс Жоистой уулзсан байдаг. Гэвч орчин цагийн уран зохиолын гоц хоёр сэтгэгч бараг үг солиогүй гэх бөгөөд Жоисийн хожим дурссанаар Прүстийн өдөр дөнгөж эхэлж, харин өөрийнх нь дуусаж байсан болохоор ярилцах нөхцөл бүрдээгүй байна. Прүст Жоистой уулзсанаасаа хэдхэн сарын дараа уушгины үрэвслээр өөд болжээ.


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start