Ард гаралтай 10 язгууртан эмэгтэй
Их Британийн хаант төрийн угсаа залгамжлах хунтайж Чарльзын анхны эхнэр Уэльсийн гүнж Диана автомашины ослоор амь үрэгдсэнээс хойш 20 жил өнгөрчээ. Тэрбээр орчин цагийн хаант засагтай орнуудаас төрсөн хамгийн цуутай, нэр нөлөөтэй язгууртан байв. Гэхдээ тэрбээр удам судрын хувьд ердийн нэгэн харц ард байсан бөгөөд түүний адил ихэс дээдсийн амьдралд хөл тавьсан энгийн ард гаралтай эмэгтэй санаснаас хавьгүй олон юм.
Элэнц, хуланц нь уурхайчин, тариачин явсан, жижигхэн хотод төрж өссөн Кэтрин Миддлтон 2011 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын угсаа залгамжлах хууль ёсны хоёр дахь хунтайж Уильямтай гэрлэсэн билээ. Хунтайжтай 2001 онд танилцсан тэрбээр Английн ихэс дээдсийн эгнээнд багтсан ард гаралтай анхны гүнж биш ч энэ цагийн хамгийн алдартай ардын гүнж болоод байна. Албан ёсоор хатан хааны гэр бүлийн гишүүн болохдоо Кэмбрижийн гүнгийн ахайтан хэмээх хэргэм зэрэгтэй болсон Кэтрин загварлаг хувцас, буяны ажил, эгэл даруухан төрхөөрөө олон улсад танигдаж, ард түмнийхээ сэтгэлийг татсан. Охин, хүү хоёроо олны жишгээр өсгөхийг хичээдэг, хүүхэд залуусыг дэмжсэн олон ч ажилд гар бие оролцдог зэрэг нь мөн олны хайрыг татдаг. Тэрбээр ханхүү Уильямыг хаан суух цагт Британийн хаан төрийн түүхэн дэх Кэтрин нэрт тав дахь хатан болно.
Өмнө нь Астурийн ханхүү гэгдэж байсан Испанийн VI Фелип хаан ирээдүйн хатнаараа сэтгүүлч бүсгүйг сонгожээ. Летиция Рокасолано дээдсийн гэр бүлийн гишүүн болохоосоо өмнө хэдийнээ олны танил болоод байв. Тэрбээр 10 жил үерхсэн, багш мэргэжилтэй найз залуутайгаа 1998 онд гэрлэсэн ч жилийн дараа хоёр тийш болжээ. Энэ нь хожим Летицияг гүнж болоход олны онцолсон гол баримт байсан хэдий ч нэр хүндэд нь тэгтлээ сөргөөр нөлөөлөөгүй юм.
Летиция, Фелип хоёрын хурим 2004 оны тавдугаар сард Мадридын гол цогчин дуганд болжээ. Энэ нь Испанийн нийслэлийг бүтэн зууны дараа доргиосон ихэс дээдсийн анхны хурим байлаа. Учир нь Фелипийн хаан эцэг Хуан Карлос Афинд, Фелипийн эгч нар Барселион, Севилль зэрэг хотод хуримласан байна. Хоёр гүнж төрүүлсэн үзэсгэлэнт Летиция Испанийн хаан төрийг ард түмэнд илүү ойртуулсан гэгддэг. Туйлын эх оронч тэрбээр Испанийн урлаг, хэл, соёлыг хүүхэд, залууст сурталчлан таниулах соёлын сантай. Тэрбээр нөхрөө 2014 онд хаан ширээнд залрахад Испанийн түүхэн дэх харц гаралтай анхны хатан болсон юм.
Сэхээтэн гаралтай Масако Овада Орос, Америкт амьдарч байсан, англи, франц хэлийг төгс эзэмшсэн, үеийнхээ япон эмэгтэйчүүдийн дунд онцгой боловсролтой нэгэн юм. Тэрбээр угсаа залгамжлах хунтайж Нарухитотой Токиогийн их сургуульд оюутан байхдаа буюу 1986 оны арваннэгдүгээр сард танилцжээ. Ханхүү, Масако хоёрын харилцааг хэвлэл мэдээллийнхэн ихэд сайшааж байсан ч Масакогийн өвөө Минаматагийн гамшгийн буруутан “Чиссо” корпорацын дарга байсан нь түүнийг сүйт бүсгүй болох магадлалтай эмэгтэйчүүдийн жагсаалтаас хасагдахад хүргэжээ. Гэвч тэдний романтик харилцаа олны нүднээс далд үргэлжилж байлаа. Тиймээс ч 1993 оны нэгдүгээр сард тэднийг сүй тавихад олон хүн гайхсан гэдэг.
Ихэс дээдсийн амьдралаас эмээсэндээ Нарухитогийн гэрлэх саналаас хэд хэдэн удаа татгалзсан Масако инээмсэглэсэн төрх, төлөв түвшин байдлаараа япончуудын сэтгэлийг даруйдаа татсан юм. Тэрбээр хааны гэр бүлд 2001 оны арванхоёрдугаар сард гүнж төрүүлж өгчээ. Гэхдээ угсаа залгамжлах хунтайж төрүүлээгүй гэсэн олны хандлага, уламжлалт ёсны хатуу дэг жаяг Масако гүнжийн эрүүл мэнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх болсон тухай нэг бус мэдээ бий. Японы Үндсэн хууль дахь “Зөвхөн нуган үр хаан ширээнд заларна” гэсэн заалтыг өөрчлөх эсэх асуудал Масако гүнжтэй холбоотойгоор хөндөгдсөн юм. Одоогоор Нарухитогийн дүү Акишиногийн хүү Хисахито ирээдүйн хаанаар тодроод байна.
Максима Соррегьетаг Нидерландын угсаа залгамжлах хунтайж Виллем Александртай гэрлэхэд хэвлэлийнхэн “Аргентинаас Нидерланд хүрэх зам хэчнээн хол, хэцүүг зөвхөн Максима гүнж л мэднэ” хэмээж байв. Үнэхээр ч алс нутгийн жирийн нягтлан бодогч бүсгүй эртний түүхт хөгшин Европт ирээдүйн хатнаар тодорно гэдэг орчин цагийн Үнсгэлжингийн адал явдал байлаа.
1999 онд Испанийн Севилль хотод хунтайжтай танилцсан Максима өөрийгөө Александр хэмээн танилцуулсан шаргал үст эрийг ирээдүйн хаан гэж зүүдлээ ч үгүй гэдэг. Мадрид, Нью-Йоркоос эхэлсэн тэдний харилцаа хил дамнасан хайрын холбоо болоход нидерландчуудын ихэнх нь таагүй хүлээж авчээ. Учир нь Максимагийн аав дарангуй бодлоготой гэгддэг Аргентиний Ерөнхийлөгч Хорхе Виделагийн Засгийн газарт Хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байж. Мөн латин эмэгтэйг ирээдүйн хатнаа болгохыг дэндүү хэтийдсэн хэрэг гэж зарим хуучинсаг үзэлтэн үзэж байлаа. Гэвч Нидерландын парламент удтал хэлэлцсэний эцэст хунтайжийн Максиматай гэрлэх хүсэлтийг зөвшөөрснөөр ихэс дээдсийн хурим 2002 оны хоёрдугаар сарын 2-нд болжээ. Гурван гүнж төрүүлсэн Максима 2013 онд нөхрөө хааны зэрэг залгахад Нидерландын түүхэн дэх Европоос өөр газарт мэндэлсэн анхны хатан болсон юм.
Максима гүнжийнх шиг үлгэрийн мэт сайхан түүх Данийн угсаа залгамжлах хунтайжийн эхнэр Мэрид мөн хамаатай. Австралид мэндэлсэн Мэри Дональдсон 2000 оны Сиднейн олимпийн үеэр хунтайж Фредериктэй танилцжээ. Тасманийн их сургуулийг худалдаа, хуулийн хос мэргэжлээр төгссөн тэрбээр хунтайжтай танилцахдаа үл хөдлөх хөрөнгийн газар нягтлан бодогчоор ажиллаж байв. Олимпийн дараагаас хунтайж Фредерик ногоон тив рүү “гүйдэлтэй” болсон бөгөөд бүтэн жилийн дараа л Данийн хэвлэл мэдээллийнхэн ханхүүгийн аяллуудын учрыг мэдсэн гэдэг. Мэри 2001 оны арванхоёрдугаар сард Европ руу нүүж, Парист англи хэлний багшаар ажиллаж байгаад 2003 оны аравдугаар сард хунтайжтай сүй тавьж, долоон сарын дараа хуримлажээ. Хоёр хүү, хоёр охин төрүүлсэн Мэри гүнж Британийн хаант төрийн адил ард түмний дунд нэр хүнд, сүр хүчээ алдаад байсан Данийн хаант засаглалын өнгө төрхийг өөрчилсөн гэгддэг. Өдгөө даничууд ирээдүйн хатнаа Диана гүнж, Жэклин Кеннедитэй адилтгадаг бол олон улс түүнийг өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй язгууртны нэгээр нэрлэдэг.
Ертөнцийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг хэмээн өнөө ч шагшигддаг Грейс Келли Холливудын гүнж хэмээх алдраа 26 настайдаа жинхэнэ гүнж хэргэмээр сольсон юм. Ирланд, герман гаралтай, Филадельфид төрж өссөн тэрбээр 1956 оны дөрөвдүгээр сард Монакогийн хант улсын төрийн тэргүүн ханхүү III Реньетэй гэрлэжээ.
1955 оны дөрөвдүгээр сард Каннын наадамд оролцох Америкийн кино группыг ахлан Францад очихдоо III Реньетэй танилцсан Грейс “Могамбо”, “Хөдөөний охин” зэрэг киногоор “Алтан бөмбөрцөг”, “Оскар” хүртсэн цаг үеийнхээ цуутай жүжигчдийн нэг байв. Харин угсаа залгамжлах хунтайжтай болохгүй бол Монако Францын нэг хэсэг болно гэсэн хуулиас эмээн эхнэр хайж байсан III Ренье үзэсгэлэнт Грейсийг хармагцаа л эрсэн хүнээ оллоо гэж бодсон гэдэг. Тэдний хуримыг өрнийн хэвлэл мэдээллийнхэн Зууны хурим хэмээж байв. Грейс гүнж Монакогийн тусгаар тогтнолыг авраад зогсохгүй тус улсыг дэлхий нийтэд таниулсан юм. Хоёр охин, нэг хүү төрүүлсэн Грейс 1982 оны есдүгээр сард автомашины ослоор амиа алджээ.
Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг гэгддэг Рания хатан Арабын ертөнцөөс төрсөн хамгийн алдартай язгууртны нэг. “Citibank”, “Apple” зэрэг томоохон корпорацуудад ажиллаж, карьерынхаа оргилд хүрэх замдаа дээдсийн амьдралыг сонгосон тэрбээр Кувейтэд цагаачилсан палестин гэр бүлд мэндэлжээ.
Кувейтийн англи хэлний сургууль, Каирын Америк дээд сургуульд суралцсан Рания аль-Яассин 1993 оны нэгдүгээр сард Иорданы угсаа залгамжлах хунтайж Абдулла бин аль-Хуссейнтэй танилцаж, хоёр сарын дараа сүй тавьсан байна. Нөхрийгөө зургаан жилийн дараа II Абдулла нэрээр хаан ширээнд залрахад Рания хамгийн ойрын зөвлөх нь байлаа. Дөрвөн хүүхдийн эх тэрбээр Иорданы боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлд ихийг хийж, тус улсын хүүхдийн анхны музей, анхны төрийн хяналттай хувийн сургууль зэргийг байгуулжээ. Үзэсгэлэн төгс Рания араб эмэгтэйчүүдийг нээлттэй, оюуны эрх чөлөөтэй байхыг дэмждэг бөгөөд Twitter, Facebook-ээр сая сая араб эмэгтэйчүүдийн чөлөөт сэтгэлгээний дуу хоолой болсоор байна.
Ираны сүүлчийн хаан Мохаммед Реза Пехлевийн хоёр дахь хатан Сораяа Эсфандиари-Бахтиари Баруун Германд Ираны Элчин сайдаар ажиллаж байсан Халиль Эсфандиари, Орост мэндэлсэн герман угсааны Эва Карл нарын охин юм. Тэрбээр өөрөөсөө 13 насаар ах хаан Пехлевитэй танилцсанаасаа гурван жилийн дараа буюу 1951 оны хоёрдугаар сарын 12-нд Ираны хатан болжээ. Хуримын ёслол цас орох үеэр болсон нь эртний перс ёсоор өлзийтэй сайны дохио байв. Гэвч хатан хүүхэд төрүүлж чадахгүй нь хэдэн жилийн дараа тодорхой болж, ямар ч эмчилгээ үр дүнд хүрэхгүй нь тогтоогдсоны дараа Ираны Үндсэн хуульд заасны дагуу хаан шинэ хатан авах ёстой болжээ.
1958 оны гуравдугаар сарын 21-нд буюу Ираны шинэ жилийн баярын өдөр Пехлеви хаан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ нулимс унаган байж хайрт хатнаасаа салахаас аргагүй болсноо мэдэгдсэн байна. Хатан Сораяа ч мөн “Нөхрийнхөө төдийгүй Иран орны ирээдүйн төлөө аз жаргалаа золиослоё” хэмээн хэлж байв. Пехлеви хаан жилийн дараа залуу хатан авч хоёр хүү, хоёр охинтой болжээ. Харин ард түмний хайртай хатан хожим Франц руу нүүж, жүжигчин болсон түүхтэй. Түүхч, зохиолчдын дунд “Гунигт гүнж” нэрээр дурсагддаг Сораяа дахин нөхөрт гараагүй бөгөөд “Ганцаардлын ордон” хэмээх дурдатгалын номоо 1991 онд хэвлүүлжээ. Иранд дахин хөл тавиагүй тэрбээр 2001 онд 69 настайдаа Парист өөд болсон байна.
Британийн одоогийн төрийн тэргүүн II Элизабетийн ээж Элизабет Боуз-Лайон тус улсын язгууртны эгнээнд нэгдсэн 300 гаруй жилийн дараах анхны энгийн ард юм. Түүний нөхөр, 1936-1952 онд хаан суусан VI Жорж ханхүү Альберт гэгдэж байхдаа түүнтэй гэрлэсэн бөгөөд гурван ч удаа гуйж байж зөвшөөрүүлсэн гэдэг. Ихэс дээдсийн амьдралаас эмээсэндээ сэтгэлтэй хүндээ нэгээс илүү "Үгүй" гэж хэлсэн Элизабет 1923 оны нэгдүгээр сард ханхүүтэй гэрлэхийг зөвшөөрчээ. Нам гүмхэн амьдралыг эрхэмлэж байсан тэрбээр Альбертийн ах VIII Эдуардыг америк бүсгүйтэй гэрлэхээр хаан ширээнээсээ татгалзсаны дараа гэнэтхэн хатанд өргөмжлөгдөж, чухам айж эмээж байсан дээдсийн үүрэг, хариуцлага гэгчтэй нүүр тулсан байна. Гэхдээ Элизабет ард олны хайрыг тэр даруйдаа татаж, эрхэмсэг төрхөөрөө алдаршин “Мишээсэн ахайтан” гэгдэх болжээ.
Дэлхийн II дайны үед британи түмний эв нэгдэл, энхийг хүсэмжилсэн хүсэл сэтгэлийн илэрхийлэл болж, хаан нөхрийнхөө гол өмөг түшиг нь байсан түүнийг Гитлер “Европын хамгийн аюултай эмэгтэй” хэмээсэн удаатай. Аугаа I Элизабет, домогт Виктория хатны удмыг тэрбээр Элизабет хатан, Маргарет гүнжээр үргэлжлүүлсэн юм. Нөхөр нь 1952 онд өөд болсны дараагаас Эх хатан хэмээн ард олондоо хүндлэгдсэн “Мишээсэн ахайтан” бага охин Маргаретаа өөд болсноос хоёр сарын дараа буюу 2002 оны гуравдугаар сард 101 настайдаа өөд болжээ.
Гайхамшигтай гэдэг ганцхан үгээр түүнийг илэрхийлж болно. Уэльсийн гүнж Дианагаас өөр хэн ч энэ жагсаалтыг тэргүүлэхгүй. 1981 онд 20 настайдаа Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльзтай гэрлэж, дэлхий дахинаа танигдсан тэрбээр өвөрмөц үзэсгэлэн, сэтгэл татам байдал, хүмүүнлэгийн үйлсээрээ алдаршсан юм. Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн тодорхойлсноор Диана жинхэнэ ард түмний гүнж байлаа.
Английн Норфолк хотод Жон Спенсерийн отгон охин болон мэндэлсэн тэрбээр эцгийнхээ талаас II Чарльз хааны хууль ёсны бус дөрвөн хүүгийн нэгийнх нь үр удам байж. Гэхдээ хунтайжтай гэрлэх үедээ Диана хуулийн дагуу харц ард байлаа. Диана Британийн дээдсийн гэр бүлд хоёр ханхүү төрүүлж өгснөөс ууган хүү Уильям нь өдгөө хаан ширээнд залрах эрхтэй хоёр дахь сурвалжтан билээ. Хурдацтай орчин үежсэн нийгэмд уламжлалт төрхөө алдсан Британийн хаант төрийн нэр хүндийг сэргээсэн гэгддэг Диана харамсалтай нь дээдсийн амьдралд гунигтайгаар хүлэгдсэн юм. Мөр бүрийг нь мөшгөх папараци нар, нөхрийнх нь үнэнч бус байдал, хэл ам дагуулсан салалт гээд олон зүйлээс болж үзэсгэлэнт гүнж цаг бусаар хорвоог орхисон. Диана 1997 оны наймдугаар сарын 31-нд Парис хотод автомашины ослоор өөд болохдоо 36 настай байв.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.