Арав.мн

Монголын үзэсгэлэнт газрууд - Хонгорын элс

Монголын үзэсгэлэнт газрууд - Хонгорын элс

Говь Гурван сайханы Байгалийн цогцолборт газарт орших Хонгорын их элсэн манханы тухай танилцуулж байна.


10

БАЙРШИЛ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Их Сэврэйн уул, Зөөлөнгийн нурууны араар, Баян бор нурууны урдуур үргэлжлэн тогтсон, Улаанбаатараас баруун урагшаа 650 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун хойш 216 км, Сэврэй сумын төвөөс зүүн хойш 35 км зайд Говь Гурван сайханы Байгалийн цогцолборт газарт Хонгорын их элсэн манхан оршино.


09

ГАЗРЫН ГАДАРГА

800 (д.т.д) метрийн өндөр элсэн манхан дээрээс говь нутгийг тольдох гайхалтай. Энэ дэлхий дээр биш, өөр нэгэн гариг ертөнц дээр ирсэн мэт ер бусын мэдрэмж танд төрнө. Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр Ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр.


08

БАЯНБҮРД

Хонгорын элс нь баруун хэсгээрээ илүү өндөр бөгөөд энэ орчимд Баруун, Зүүн шургуул, Цонжин хотгор, Тасархай цонж, Талын цүнхэг, Хоохорын тээг, Хун нуурын шал, Балар цонж, Балар заг, Алмасын довон, Алаг цавын давс, Чоно харайхын задгай, Адаг, Талын гашуун зэрэг өвөрмөц сонин хэлбэр дүрс, тогтоц, өнгөтэй нэн үзэсгэлэнтэй газрууд, баян бүрдүүдтэй. 


07

ДУУТ МАНХАН

Зарим элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах нь холоос сонсогдоно. Ийнхүү дуугардагаас нь үүдэж нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэдэг. Энэхүү үргэлжилсэн элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт бяцхан гол эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэн урсдаг. Хоёр салаалан урсдаг энэхүү гол нь адаг дээрээ нийлэн “Адаг нуур ” хэмээх нуурыг үүсгэдэг байна.


06

УРГАМАЛ

Говийн нийтлэг ургамлын зүйлүүдтэйгээс заг, Монгол улсын Улаан номд орсон цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо, ховор ургамал алтан бэрмэг, алтан харганы багагүй нөөцтэй.


05

АМЬТАН

Хонгорын элсний орчинд говийн ховор шувууд болох Монголын “Улаан ном”-д бүртгэгдсэн хулан жороо харьцангуй элбэг, хонин тоодог, жороо тоодог, цөлийн зэржигэнэ цөөнгүй тааралдана. Хонгорын элсний урдуур орших Хатан Сэврэй уул нь Монголын болон дэлхийн “Улаан ном”-д бүртгэгдсэн цоохор ирвэсийн өлгий нутаг бөгөөд Монголын “Улаан ном”-д бүртгэгдсэн ховор шувуу алтайн хойлог ч мөн энд амьдардаг. Хатан Сэврэй уултай залган үргэлжлэх Зөөлөнгийн уул, Хонгорын элсний араар орших Баян бор нурууны уулс нь говийн томоохон хөхтөн амьтан аргаль, янгирийн ихээхэн нөөц бүхий нутаг билээ. Эдгээр уулсын хөндий, бэл талаар цагаан зээр, хар сүүлт зээрийн сүрэг харьцангуй элбэг.


04

ХАДНЫ СҮГ ЗУРАГ

Их Сэврэйн уулын өвөр бэл дэхь “Сэврэй хадны сүг зураг” нь “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал”-ийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд энэ нь эртний хүн төрөлхтөний 3000-8000 жилийн өмнө урлан бүтээсэн томоохон дурсгалууд билээ. Тэдгээрээс нутгийнхан “Гурван баатар” хэмээн нэрлэсэн зураг, тэмээн сүргийг морьтой хүн хөөн харваж байгаа зураг, “Салхитын буудал”–ын морин тэрэг, ахуйн амьдралын зургууд нь нэн ховор уран сайхан дүрслэлтэй зургууд юм. Тус газраас эртний хүмүүсийн амьдарч ирсэн олон дурсгалт зүйлсүүд олдсоор байна. 


03

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛ

Сэврэй сумын зүүн урд 6 километрт, Мандалтын хошууны өвөрт орших 1300 жилийн өмнөх цагаан чулуун гэрэлт хөшөө нь Түрэгийн жанжин Чин тайжид зориулан босгосон хөшөө гэгддэг. Мөн энэ нутгаас олдсон Хүрэл зэвсгийн үеийн 52 см урт хүрэл хутга нь X-XIII зууны үеийн хутгануудаас үлэмж бахим бөгөөд ирний урт нь 35 см, мөр нь маш өргөн өвөрмөц хутга билээ. 


02

ПАЛЕОНТОЛОГИЙН ОЛДВОР

Сэврэй сумын Замын хондоос 1977 онд олдсон хуягт үлэг гүрвэл – Armoured dinosaur Saichania нь одоогоос 75 сая жилийн өмнөх эртний амьтдын томоохон дурсгал бөгөөд эндээс одоо ч олон төрлийн ховор олдворууд олдсоор байгаа юм.


01

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

1993 оноос гадаад, дотоодод өргөнөөр сурталчлагдаж 1997 онд Японы Жайка төслөөс боловсруулсан “Монгол улсын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-нд говийн аялал жуулчлалын гол цэгүүдийн нэгээр тэмдэглэгдсэн байна. Хэрэв та говь нутгийн гайхамшгийг бүрэн дүүрэн мэдрэе гэвэл Хонгорын элс орчмоор тэмээ унан аялаад үзээрэй.


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (6)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Их сонирхолтой баримт бн
ГАЙХАЛТАЙ
+1
Илүү сонирхолтой зүйл олон гэдэгт итгэлтэй байна
+3
Өөр газар байгаа юу
+3
хөөх
+8
Гайхалтай эх орон минь
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start