Арав.мн

Мөхөлд хамгийн ойр буй 10 хэл

Мөхөлд хамгийн ойр буй 10 хэл

Дэлхийд дунджаар 6900 орчим хэл байдгаас цөөнгүй хувь нь устаж үгүй болохын ирмэгт байна. Үндэстэн, ястан бүрийн ёс заншил, оршин тогтнохын үндэс суурь болсон хэл соёлын арвин санг сахин хамгаалахын тулд мөхөх аюулд орсон амьтан, ургамлыг жагсаадаг Улаан номтой адил цөөхөн ярилцагчтай хэл, аялгыг бүртгэх олон улсын хэлний Улаан ном хүртэл бий болжээ. Тэрхүү Улаан номд бичигдсэн 3000 орчим хэлнээс өнөө маргаашгүй мөхөж мэдэх 10 хэлийг барууны нэрт хэл судлаач, Австралийн иргэн Питр К.Остин нэрлэсэн байна. Түүний онцолсноор аливаа хэл мөхнө гэдэг тухайн үндэстэн, ястны мөхлөөс өөрцгүй юм.


10

Кэт

Сибирийн зүүн хэсэгт орших Енисей мөрний эрэг дагуух овог аймгуудын хэлний аймгаас бидний үед хүрсэн цорын ганц эртний хэл нь кэт юм. 550 гаруй хүний хэлэлцдэг гэх энэ хэлийг мэдэх хүний тоо эрчтэй буурч байгаа нь нутгийн иргэд үр хүүхдүүдээ оросоор хэлд оруулахыг илүүд үзэх болсонтой холбоотой. Кэт нь авиа зүйн хувьд хятад, иоруба зэрэг байршлын хувьд холын хэлнүүдтэй төстэй Сибирийн цорын ганц хэл юм. Өгүүлбэрийн бүтэц, дүрмийн хувьд тун ярвигтай гэгддэг энэ хэл барууныхны хувьд сурахад хэцүү бөгөөд өргөлт, нугалаанаас шалтгаалан ижил бичлэгтэй үгс нь өөр өөр утгатай байх нь бий. Ойрын “төрөл садан”-гүй, бие даасан гэж олонх эрдэмтний үзэж асан кэтийг хэл шинжээч Эдуард Ваида Америкийн уугуул индианчуудын на-дэнэ хэлтэй төстэй гэх сонирхолтой таамгийг 2008 оны хоёрдугаар сард дэвшүүлжээ.


09

Гуугу имидхирр

Австралийн Күинслэнд мужийн хойд хэсэгт орших Күүктаун хотын дэргэдэх Хопвейл хэмээх газрын уугуул иргэдийн гуугу имидхирр хэл ахмад Жеймс Күүкт болон дэлхий дахинд "кенгуру" хэмээх үгийг бэлэглэжээ. Имж хэмээх өвөрмөц уутат амьтныг илтгэдэг энэ үг үнэхээр амьтны нэр үү, эсвэл “Мэдэхгүй” гэсэн утгатай юу гэж эрдэмтэд олон жил маргалдсан. Харин хэл судлаачид 1970-аад онд кенгуру нь гуугу имидхирр хэлээр саарал имж гэсэн утгатайг нотолж, энэхүү маргааныг эцэслэжээ. Уг хэлний найруулга зүй Австралийн зарим уугуул хэлний адил ярилцагч нь чухам хэн байхаас шалтгаалан хувирдаг. Тухайлбал аав, ээж, ах, эгч болон хүргэн, бэрд хандах үг бүгд өөр өөр. Мөн хүндэтгэлийн, доромж утгатай, уурсаж бухимдсан юм уу, баярлаж хөөрсөн үед хэлэх үг, залгах дагавар нөхцөл нь харилцан адилгүй. Эдгээр нь цааш гэр бүлийн дотор, овог аймгийн хүрээнд хэлэлцэх, бүр зөвхөн гаднынханд хандах хэллэг гэхчлэн нарийн ялгагдан салаална. Гуугу имидхирр хэлээр өдгөө 200 орчим хүн л ярьдаг.


08

Тер сами

Сами хэлний бүлэгт багтдаг хэлнүүдээс газар зүйн хувьд хамгийн дорно хязгаарын хэл нь тер сами юм. ОХУ-ын нутаг Колагийн буланд аж төрдөг 100 орчим тер самичуудаас ердөө 10 гаруйхан настан л эх хэлээрээ ярьдаг. Тер сами нь фин болон Сибирийн уугуул иргэдийн төрөлх хэл болох Уралын хэлнүүдтэй ойролцоо агаад унгар хэлний эртний өвөг бөгөөд холын “хамаатан” нь юм.


07

Кусунда

Балба орны баруун хэсгийн уулархаг нутгийн иргэд буюу анчдын овог гэгдэх кусунда ястан нутаг оронд нь ирж суурьшсан өөр үндэс угсааны хүмүүстэй гэр бүл болж, цус холилдсоноос төрөлх хэлээ мөхөөсөн гэж эрдэмтэд үздэг. Харин хэдийнэ устаж үгүй болсон гэгдэж байсан уг хэлээр голомтоо сахиж үлдсэн цөөн тооны ахмад настан ярьсан хэвээр байгааг судлаачид 2004 онд л илрүүлжээ. Кусунда хэл мөн л бие даасан хэл бөгөөд өөр ямар ч хэлтэй холбоогүй.


06

Оро вин

Оро винчүүд Бразилийн баруун хэсэгт орших Рондония мужийн нутагт аж төрдөг нутгийн уугуул иргэд бөгөөд 1963 онд л анх гадаад ертөнцтэй холбогджээ. Үл мэдэх ертөнцийнхний халдлага болоод тэдний авчирсан элдэв өвчин эмгэгт нэрвэгдсэн тэдний үр удам болох 50 гаруйхан хүн өдгөө амьд сэрүүн байна. Харамсалтай нь тэдний ердөө тав нь л эх хэлээ мэднэ. Оро вин нь дан хэлний угийн авианаас бүтсэн гэх тавхан хэлний нэг юм.


05

Ючи

Америк тивийн уугуул иргэд болох индианчуудын олон зуун үндэстэн ястан, овог аймгууд өөр өөрсдийн хэлтэй байсан. Тэдгээрээс ючи индианчуудын хэлээр өдгөө АНУ-ын Оклахома мужийн нутагт суух 75-аас дээш насны таван хүн л ярьдаг. Энэ нь бие даасан хэл бөгөөд дэлхий дээрх өөр аль ч хэлтэй холбоогүй. Ючи индианчууд өөрсдийгөө “цояаха” гэдэг нь “нарны хүүхдүүд” гэсэн утгатай. Хэл судлаачдын тогтоосноор ючи хэл 10 хүйстэй бөгөөд зургааг нь нас, угсаа гарвалиас нь шалтгаалан ючи хүмүүсийг ялгах, нэгийг нь өөр угсааны хүмүүс болон амьтдыг ялгах, гурвыг нь хэвтээ эсвэл босоо байрлалд юм уу, эмх замбараагүй байдалд буй амьгүй зүйлсийг ялгахад хэрэглэдэг байна. Уг өвөрмөц хэлийг дээрх таван хүний дуу хоолойгоор хальснаа буулгах, ючи гаралтай хүүхдүүдэд заах зэрэг ажил ид өрнөж байна.


04

Тао

Тайванийн төв хэсэгт орших Сан Мүн нуурын орчмоор нутагтай өтгөс буурлууд л өдгөө энэ хэлийг мэднэ. Тао хэл австронези буюу Филиппин, Индонез болон Номхон далайн зарим арлын уугуул иргэдийн хэлний бүлэгт багтдаг. Австронези хэлнүүд өнөөгийн Номхон далайн арлуудын уугуул иргэдийн анхны их нүүдлийн үеэр буюу 3000 гаруй жилийн өмнө үүсэн бүрэлдэж, түгжээ.


03

Аину

Уг хэлийг Японы хойд хязгаарын Хоккайдо арлын оршин суугч цөөн тооны настайчууд л мэднэ. Аину хүмүүсийг тус арлын, заримдаа Японы анхны уугуул иргэд гэж үзэх нь бий. Харин аинучуудыг олон зуун жил үл ойшоож ирсэн тус улсын эрх баригчид 2008 оны зургадугаар сарын 6-нд тэднийг анх удаа үндэстний цөөнх гэж хүлээн зөвшөөрдөг байдаг. Түүнээс өмнө япончууд үндэстний цөөнхгүй нэгдмэл нэг үндэстэн байх гэсэн байр сууриа хамгаалахын тулд аину хүмүүсийг эх хэл, уламжлалт ахуй соёлоос нь хөндийрүүлэх бодлого хэрэгжүүлж байв. Аину хэлний үйл үгнүүд тун ярвигтай бөгөөд бусад хэлэнд ганц үгээр илэрхийлэх үйлийг бүтэн өгүүлбэрээр ч хэлэх нь бий. Энэхүү жагсаалтад багтсан олонх хэлний адил тогтсон бичиг үсэг, тэмдэглэгээгүй учир аину хэлээрх үлгэр домог, дуу шүлэг ч бараг мартагджээ. Аину үндэстнийг үндэсний цөөнх хэмээн хүлээн зөвшөөрснөөс хойш аину хэлийг сэргээх, өв соёлыг нь судлах ажил эрчимжээд байна.


02

Н-у

Өнөөгийн ӨАБНУ-ын Калахари Гемсбокийн Үндэсний цогцолборт газар орчмын уугуул иргэд коисан буюу өөрсдийнх нь нэрлэдгээр н-у гэдэг хэлээр ярьдаг байжээ. Тэдний үр хойчис болох ердөө 10-аадхан настан л өдгөө уг хэлийг мэднэ. Н-у хэл нь тагнайн авиа ихтэйгээрээ дэлхий дээрх бүх хэлнээс онцгой. Уг хэлтэй хамгийн ойрын хэл болох та-а буюу шо-ө хэлээр 4000 орчим хүн ярьдаг гэх судалгаа бий. Та-а хэл авиа зүйн хувьд хамгийн баялаг хэлний нэг бөгөөд 74 гийгүүлэгч, 31 эгшиг, дөрвөн онцгой авиатай.


01

Жэрү

Их Андаман буюу жэрү хэлээр Энэтхэгийн далай дахь Андаманы арлуудад оршин суух 20 хүрэхтэй үгүйтэй хүн л ярьдаг. Таныг энэхүү өгүүлбэрийг уншихтай хамт энэ тоо цөөрч байж ч мэдэх юм. Учир нь тэдгээр хүний дийлэнх нь өндөр настан юм. Эрдэмтдийн үзэж буйгаар Андаманы арлуудын уугуул иргэдийн эх хэл Шинэ чулуун зэвсгийн үеэс үүх түүх нь эхтэй, өнөө бидний үед хүрсэн цорын ганц хэл ажээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн зүүн өмнөд Азид Африкаас хүн ирж суурьшсан тэр л үед жэрү хэл үүссэн байх магадлал өндөр юм. Андаманы арлуудын хэл одоогоор бүртгэгдээд буй дэлхийн өөр нэг ч амьд хэлтэй холбоогүй.


8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (6)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Их Монгол улсын хэлүүд сүйрэхгүй ээ бүгд аймар2 улс болоод хувирцан
+1
sonin goy bailaa
өө хөөрхий
+1
Манай Буган хөшөөнүүд нэг төрлийн бичиг гэдэг
-3
Манай Бур
+1
sonin sxan medeelel bna
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start