Түүхийн хачирхалтай тохиолдлууд
Финландын 71 настай ихэр ах дүүс хоёрхон цагийн зайтай нэг зам дээр унадаг дугуйны ослоор нас баржээ. Цагдаа нарын хэлснээр Финландын түүхэнд урьд нь ийм явдал бүртгэгдээгүй бөгөөд авто замын осол гарах нь ч тун ховор гэнэ. Яг ижил ослоос болж яг адилхан шалтгаанаар нас барсан усны дусал шиг ихрүүд. Эл түүх 2002 оны гуравдугаар сард дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Содон явдлууд ёстой л зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох шиг хувь заяаны ховор тохиол. Харин иймэрхүү явдлууд бодсоноос ч олон ажээ. Олны дунд ихэд яригддаг ихэд алдартай, хачирхалтай явдлуудын заримаас дурдъя.
- 1930-аад оны Детройт хот. Жозеф Фиклок гэгч нэгэн эр болгоомжгүй залуухан ээжийг хоёр ч удаа амьдын хагацлаас аварчээ. Түүнийг гудамжаар алхаж явтал эмэгтэйн нярай хүүхэд цонхноос унасан байна. Жозефийн ачаар хүүхэд “амжилттай газардав”. Харин жилийн дараа уг явдал давтагдаж өнөөх цонхноос мөнөөх хүүхэд Жозефийн дээрээс дахин унажээ. Унасан, барьсан хоёр хоёул урьдын адил эсэн мэнд үлдсэн гэдэг.
- АНУ-ыг үндэслэгчийн нэг Томас Жефферсон, Жон Адамс нар Нэгдсэн Улсын Тусгаар тогтнолын тунхагийг хэлэлцэж, хамтдаа бичилцсэн билээ. Тэдний найруулж, нягталсан тунхаг 1776 оны долдугаар сарын 4-нд Конгрессоор батлагдсан. Хачирхалтай нь тэд хоёул яг 50 жилийн дараа буюу 1826 оны долдугаар сарын 4-нд нэг өдөр таалал төгссөн байна.
- XIX зууны Австрид Жозеф Аигнер хэмээх зураач аж төрж байв. Бүтээл туурвилаараа алдаршаагүй тэрбээр хувь заяаны хачирхалтай учралаараа түүхэнд үлджээ. Түүнийг 18, 22 настайдаа амиа хорлохыг завдах үед үл таних Капучийн лам саатуулсан байна. Хоёр ч удаа амийг нь аварсан нууцлаг лам найман жилийн дараа буюу Жозефийг 30 настайдаа улстөрийн хөдөлгөөнд оролцсон хэргээр цаазаар авах ял сонсоход мөн л аварчээ. Жозеф 68 настайдаа өөрийгөө буудаж хороов. Оршуулах ёслолыг нь Жозефийн нэрийг нь ч мэдэж амжаагүй өнөөх лам гүйцэтгэжээ.
- 1914 онд залуухан герман эх нярай хүүгийнхээ зургийг авахуулаад хальсыг нь угаалгахаар Страсбург хот руу илгээжээ. Тэр үед гэрэл зургийн хальсыг нэг нэгээр нь худалддаг байв. Дэлхийн I дайн эхэлж Страсбург руу явах аргагүй болсон тул эмэгтэй хүүгийнхээ зурагтай хальсыг алдагдсанд тооцов. Харин хоёр жилийн дараа дөнгөж мэндэлсэн охиныхоо зургийг авахаар Старсбургээс 100 милийн зайд орших Франкфурт хотоос хальс худалдаж авчээ. Гэтэл охиных нь зураг хүүгийнх нь багын төрхтэй давхацсан байх нь тэр. Хүүгийнх нь зурагтай угаагдаагүй хальс санамсаргүй тохиолоор шинэ хальсаар бүртгэгдэж Франкфуртын дэлгүүрт хүрснийг залуу эх дахин худалдаж авсан хэрэг.
- Жим Луис, Жим Спрингер хэмээх ихэр ах дүүг эцэг эх нь багад нь өөр өөр айлд өргүүлжээ. Тэднийг үрчилж авсан гэр бүлүүд бие биеэ танихгүй авч хоёр хүүд хоёуланд нь Жеймс гэдэг нэр хайрлав. Ихэр гэдгээ ч мэдээгүй ах дүүс хоёул хуульч мэргэжилтэй болж, уран зураг, модон урлалд авьяаслаг эрчүүд болцгоожээ. Мөн хоёул Линда гэдэг нэртэй эмэгтэйтэй гэрлэж, хөвгүүдтэй болсон бөгөөд нэгийнх нь ууган хүүг Жеймс Алан, нөгөөгийнх нь бага хүүг Жеймс Аллан гэдэг байв. Хоёр Жеймс хоёул Линдагаасаа салж Бетти нэртэй бүсгүйчүүдтэй учрав. Тэдний тэжээдэг нохой нь хүртэл Той гэдэг адилхан нэртэй байжээ. Өөртэй нь яг ижил амьдралтай нэгэн байгааг огт мэдээгүй ах дүүс дөчин жилийн дараа л уулзсан гэдэг.
- 1953 онд телевизийн хөтлөгч Ирвин Кюпсине хатан хаан II Элизабетийн хаан ширээнд залрах ёслолыг сурвалжлахаар Лондоны “Савой” зочид буудалд буужээ. Тэрбээр өрөөнийхөө хувцасны шүүгээнээс сагсанбөмбөгчин анд Харри Хэнниний нэртэй хувцас, спортын хэрэглэл олсон байна. Саатсан өрөөнд нь буудалласнаа болон гайхалтай нээлт хийснээ найзтайгаа хуваалцахаар тэсэж ядан байхдаа Ирвин Харригаас захидал хүлээн авчээ. Харри захидалдаа Парисын “Ле Мэрис” зочид буудалд Ирвиний байсан өрөөнд санаандгүй буудалласнаа, хувцасны шүүгээнээс нь түүний нэртэй зангиа олсноо бичсэн байж.
- Хенри Зиеглэнд гэгч 1883 онд найз бүсгүйгээ орхижээ. Сэтгэлээр унасан эмэгтэй амиа хорлосон байна. Дүүгийнхээ үхэлд Хенрийг буруутгасан бүсгүйн ах түүнийг хайсаар олмогцоо буудаж орхив. Ганц дүүгээ алдсан, хүн амины хэрэг үйлдсэн эр дараа нь амиа егүүтгэжээ. Харин Хенри хуучин найз бүсгүйнхээ ахын тавьсан суманд оногдоогүй бөгөөд ердөө л ухаан алдсаныг нь өнөөх эр үхсэн гэж бодсон хэрэг. Хенригийн зөвхөн хацрыг шүргэсэн тэнэмэл сум ард нь байсан модонд зоогджээ. Хенри өөрийгөө азтайд тооцсон нь мэдээж. Харин эз нь татсан уу, 20 жилийн дараа өнөөх модыг үгүй хийчихмээр санагдаж. Тэгээд зүгээр ч нэг тайрчихсангүй, дэлбэлчихэв. Хүчтэй дэлбэрэлтэд модноос үсэрсэн өнөөх сум Хенригийн толгойд зоогдож аминд нь хүрчээ.
- 1975 онд Бермудын гудамжаар моторт дугуйтай явсан эр таксинд дайруулж нас баржээ. Харин яг жилийн дараа түүний дүү ижил тохиолдлоор амиа алдсан байна. Тэрбээр өнөөх гайтай моторт дугуйг унаж явсан бөгөөд дайрсан такси нь хүртэл ахыг нь мөргөсөн тэрэг байв. Жолооч нь хүртэл нэг байсны дээр арын суудалд явсан зорчигч нь хүртэл жилийн өмнө ахыг нь нас бардаг өдөр такси дуудсан хүн байсан гэнэ.
- Жорж Д.Брайсон 1950-иад оны сүүлчээр Кентаки мужийн Луисвилл хотын “Браун” зочид буудалд 307 тоот өрөөг хөлсөлжээ. Харин өрөөндөө орсон даруйд нь шуудан хүргэгч охин “Жорж Д.Брайсонд” гэж хаягласан захиа авчирч өгсөн байна. Гайхсан Жорж учрыг лавлатал 307 тоот өрөөнд түүний яг өмнө байсан эрийг мөн Жорж Д.Брайсон гэдэг байж.
- Эцэст нь Линкольн, Кеннеди нарын гайхмаар түүхэн уялдаа шиг өөр нэгэн хачирхалтай тохиолдлыг онцолъё. Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төрсөн. Зөрөө нь 129 жил. Наполеон 1804 онд, Гитлер 1933 онд төрийн эрхэнд гарсан. Зөрөө нь 129 жил. Наполеон 1812 онд, Гитлер 1941 онд Орос руу довтолсон. Зөрөө нь 129 жил. Наполеон 1816 онд, Гитлер 1945 онд дайнд ялагдсан. Зөрөө нь мөн л 129 жил. Тэд хоёул 44 настайдаа төрийн эрхийг гартаа авч, 52 настайдаа Орос руу довтолж, 56 настайдаа ялагдсан.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.