Арав.мн

Амьтан, ургамлын гайхамшигтай 10 шүтэлцээ

Амьтан, ургамлын гайхамшигтай 10 шүтэлцээ


Ямар ч амьтан гадаад орчин болоод бусад амьд биет, мөн идэш тэжээлийнхээ нөлөөгөөр хувьсан өөрчлөгддөг. Зарим нь идшээ барихын тулд, зарим нь бусдын идэш болохгүйн тулд өөрчлөгдөнө. Харин байгаль дээр харилцан шүтэлцэж аль алиндаа ашигтайгаар хамтдаа өөрчлөгдөн хувьсдаг жишээнүүд олон байдаг аж.


10

Шоргоолж ба акашиа мод

Акашиа шоргоолж, акашиа мод хоёрын харилцан шүтэлцээ маш сонирхолтой. Тэд нэг нэгнээсээ ихэд хамааралтай байдаг. Ургамлын хувьд байрнаасаа хөдөлдөггүй тул аливаа амьтны идэш болох эрсдэл өндөр. Иймд өвсөн тэжээлт амьтдыг өөртөө ойртуулахгүйн тулд өргөстэй болж, дээр нь гашуун амттай байдаг. Дээр нь дайснуудынхаа эсрэг тавих “хоточ ноход”-той. Тэр нь шоргоолж юм.

Акашиа шоргоолжны хувьд энэ мод амьдрахад тун таатай орчин болно. Модны том том өргөсүүд дотроо хөндий бөгөөд шоргоолжнууд дотор нь орж амьдардаг. Харин модны хувьд “байнгын арми”-аа тав тухтай байлгахын тулд том өргөсүүдийг ороон ургах замаар шоргоолжны үүрийг том болгож өгнө. Түүнчлэн шоргоолжнуудад зориулан чихэрлэг шүүс ялгаруулдаг нь насанд хүрсэн шоргоолжны дуртай хоол болдог бол авгалдайнуудад нь зориулан уургаар баялаг шош ургуулдаг. Хамгаалагчдаа өөр тийш нь явуулахгүйн тулд өөр төрлийн сахар идэж чадахгүй болгох тусгай бодис мөн ялгаруулна. Өөрөөр хэлбэл модыг орхин явсан шоргоолж удалгүй өлсөж үхдэг байна. 

Ийм таатай нөхцөлийнх нь хариуд шоргоолж модыг хортон шавж болон бусад амьтдаас хамгаалдаг. Нэг модонд 30 мянга хүртэлх шоргоолж амьдарна. Шоргоолжнууд модыг сүйтгэх гэсэн ямар ч амьтан, хорхой шавжийг ангуучлан, хазахаас гадна нарны гэрлийг нь булаацалдаж буй зэргэлдээх моднуудыг хүртэл тасдаж хаядаг аж. 


09

Мирмекодия ба шоргоолжнууд

Шоргоолжнуудтай найрсаг харилцаатай өөр нэг ургамал бол мирмекодия юм. Энэ үгийг “Шоргоолж ургамал” гэж орчуулж болно. Австралид ургадаг уг ургамал модон дээр ургадаг тул газраас дээш байрлах осолтой орчинд нь шоргоолжнууд нэмэлт хамгаалалт болж өгнө. Ургамлын дотор тал хөндий хонгилоор дүүрэн байх тул энэ нь шоргоолжид маш таатай байдаг. Харин шоргоолж үүрийг нь сүйтгэх гэсэн хэн рүү ч болов өршөөлгүйгээр дайрдаг байна.

Акашиа модны нэгэн адил мирмекодия ургамалд шоргоолж хамгаалалт болж өгдөг. Гэхдээ үүн дээр нэмээд шавж бас нэг үйлчилгээ үзүүлдэг нь хөрснөөс дээш ургадаг ургамал хүртэх боломжгүй азотоор мирмекодияг хангах юм. Ургамлын дотор талд хоёр хөндий бий. Нэг нь дотроо гөлгөр ба тэнд шоргоолж амьдарна. Харин нөгөөх нь илүү барзгар байдаг. Энд шоргоолж ялгадас, хаягдлаа гаргана. Чухам эндээс ургамалд хэрэгтэй азот ялгардаг аж.


08

Домбон ургамал ба сарьсан багваахай

Домбон ургамал нь дотор нь орсон амьтдыг иддэг махчин ургамал юм. Азот багатай орчинд ургадаг уг ургамал азотын дутагдлаа ингэж нөхдөг аж. Зарим ургамал азот олж авахын тулд шоргоолж амьдруулдаг бол энэ ургамал амьтдыг дотроо үхүүлдэг гэсэн үг. Харин домбон ургамал дунд тун найрсаг зочломтгой нэгэн төрөл байдаг нь Nepenthes hemsleyana юм. Бусад төрлөөсөө илүү том энэ ургамал сарьсан багваахайн "унтлагын өрөө" болно. Өдрийн цагаар ноост сарьсан багваахай дотор нь орж, алжаалаа тайлах бөгөөд домбон ургамал багваахайг алж идэхийн оронд ялгадсаар нь хооллодог байна.

Ургамлын зүгээс шигүү ширэнгэн ой дотроос өөрийгөө олуулахын тулд сарьсан багваахайн эколокацийг ойлгох зориулалттай тавган хэлбэртэй болжээ. Үүний ачаар багваахай нойрсох газраа төвөггүй олдог аж. 


07

Сүүн тэжээлтнүүдийн тусламжтайгаар үр тогтдог ургамал

Үр тогтохын тулд амьтан ашигладаг ургамал гэвэл бид ихэвчлэн цэцэгсээс цэцэгс дамжин нисэж, тоосонцор хүртээдэг зөгийг төсөөлдөг. Гэтэл сүүн тэжээлт амьтныг ашиглан үр тогтдог ургамлууд олон бий. Амьтдыг өөртөө татахын тулд эдгээр ургамлын цэцэгс шавж татдаг цэцэгсээс ондоо байдаг. Цэцэгсийн үнэр нь хүртэл бидний төсөөлж байгаа шиг сайхан биш. Үүний оронд бяслаг, эсвэл исгэгчний үнэртэй байдаг юм. Ийм төрлийн цэцэгс ихэвчлэн доошоо харсан байдаг нь доогуур нь гүйж буй хулгана зэрэг жижиг мэрэгч, сүүн тэжээлтнүүд рүү чиглэсэн байдаг.

Сүүн тэжээлтнүүд шавжийг бодвол илүү өргөн уудам нутагт амьдардаг нь тоосонцрыг тараахад илүү үр дүнтэй байдаг аж.


06

Аморфофаллус титаниум ба ялаа

Бүх шавж чихэрлэг зүйлд дуртай гэвэл худлаа. Цэцэгс зөгий мэт тодорхой төрлийн шавжийг өөртөө татдаг бол Amorphophallus titanium харин ялаа, цох зэрэг шавжийг татах зориулалттай. Маш өмхий үнэртэй тул шарилын цэцэг, хүүрийн үнэрт гэж нэрлэх нь бий.

Энэ ургамлын цэцэг нь дэлхийн хамгийн том цэцэг. Дундаж хэмжээ нь 2 метр өндөр, 75кг орчим хүнд байна. Навчны урт 3 метр хүрэх ба 4 метр өргөн тархаж ургадаг булцуут ургамал юм. Том байдаг нь Суматра арлын ширэнгэн ойд өөрийгөө "олуулах"-ад зориулагджээ. Түүнчлэн өөрөөсөө дулаан ялгаруулдаг. Ингэснээр өмхийрсөн махны үнэр гаргадаг нь ялааг ихээр татдаг аж. Уг ургамал дунджаар зургаан жилд нэг удаа цэцэглэдэг байна. 


05

Дуройя хирсута ба шоргоолж

Амазоны ширэнгэн ойд маш олон төрлийн амьтан ургамал байдаг. Дэлхий дээрх хамгийн баялаг экосистемүүдийн нэг болох энэ газар асар олон амьтад зэрэгцэн оршдог боловч зөвхөн нэг төрлийн модтой нэг газар бий. Энэ мод бол Duroia hirsuta юм.

Нутгийн иргэд ийм газрыг чөтгөрийн модтой тамын цэцэрлэг гэж нэрлэдэг аж. Учир нь уг модны ялгаруулдаг химийн бодис нь бусад ургамлын ургалтад муугаар нөлөөлдөг байна. Гэвч зөвхөн үүнээс болж өөр ургамал ургадаггүй гэвэл үгүй юм. Үнэндээ чөтгөрийн цэцэрлэгийг бий болгодог гол “буруутан” нь нэгэн төрлийн шоргоолж аж. Жагсаалтад буй бусад шоргоолжны нэгэн адил уг шоргоолж орон гэрээ хамгаалдаг армийн үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ зөвхөн шавж, амьтад руу дайрахын оронд энэ шоргоолж ширэн ойгоор явахдаа өөр ургамлыг үрийг хайж олоод хүчлээр хордуулдаг байна. Ингэснээр дуройя хирсутад шаардагдах нарны гэрлийг хаах аюултай ургамал урдах боломжгүй болдог байна. Чөтгөрийн цэцэрлэгт буй шоргоолжны бүлд хэдэн мянган хатан шоргоолж, олон сая ажилчин шоргоолж байдаг юм.


04

Инжир болон инжрийн хэдгэнэ

Инжрийн мод болон инжрийн хэдгэнийн харилцан шүтэлцээ 60 сая жилийн түүхтэй. Инжир үнэндээ жимс биш бөгөөд дотроо олон цэцэг бүхий хөндий бүтэцтэй ургамал юм. Томрох тусам эм хэдгэнийг өөртөө татдаг үнэр ялгаруулна. Эм хэдгэнэ дотор нь орохын тулд ухах шаардлагатай болдог. Энэ үедээ дохиур, далавчаа таслах нь бий.

Харин дотор нь орсоныхоо дараа өндгөө гаргадаг. Ингэхдээ өөрийнхөө анхны инжрээс авчирсан тоосонцороо авчирсан байдаг байна. Хэдгэнэ өндгөө гаргаад үхнэ. Харин инжир үр тогтоогүй бол өөрөө хатаж, үхэх ба дотор нь байгаа хэдгэнийн өндгүүдийг өөртэйгөө хамт алдаг. Үр тогтсон бол инжир боловсорч, хэдгэнийн өндгүүд хагарч, ургамлыг идэн томордог. Эрэгчин, эмэгчин хэдгэнүүд томорсоор эр нь инжрээс гарах нүхийг ухан гаргаж өгдөг. Харин эмэгчин нь тэр нүхээр гараад өөрийнхөө өндгийг гаргах дараагийн инжрийг хайдаг байна.


03

Газрын аварга слот ба авокадо

Хүмүүсийн буруугаас мөхсөн амьтны жагсаалт уртаас урт үргэлжилнэ. Харин тэр жагсаалт дахь нэгэн содон амьтан Өмнөд Америкийн газрын аварга слот буюу аварга залхуудай мөхсөнөөс болж авокадо жимс мөн үгүй хийх дөхсөн байдаг.

Авокадо маш том үртэй жимс. Ийм том үрийг зөөхийн тулд мөн л том амьтан хэрэгтэй. Тэгвэл аварга слот 6 метр хүртэл өсдөг аварга амьтан байжээ. Тэд авокадо жимсийг идэж, ялгадсаараа үрийг нь тараадаг байж. Ингэснээр үр дахин мод болно. Харин Америк тивд хүмүүс ирснээр том хөхтөн амьтдын оршин тогтнох өдөр хоног тоотой болжээ. Тэдний дунд слотууд багтсан ба үүнээс болж авокадо жимс алга болох дөхжээ. Аз болж хүмүүс уг ургамлыг өөрсдөө тарьж ургуулж сурсан байна. 


02

Өт ба замаг

Амьтад ургамал дотор амьдрах нь тийм ч содон үзэгдэл биш ээ. Symsagittifera roscoffensis гэх нэгэн төрлийн өт гэхэд өөрийнхөө дотор ургамал ургуулдаг байна. Энэ өт юу ч иддэггүй. Харин амьд явахад шаардагдах энергийг дотор нь амьдрах замагаас авдаг аж. Сонирхолтой нь энэ өтөнд хоол боловсруулах эрхтэн байхгүй. Замаг харин далай дээгүүр сул хөвөхөөс аюул багатай орчинд амьдарсныхаа хариуд мөнөөх өтөнд шаардагдах шим тэжээлээр хангадаг байна.

Энэ өт далайн эрэг дээр амьдрах ба далайн ус татрах үед гарч ирээд доторх замагтаа “нар үзүүлдэг” аж. Харин далайн түрлэг эхлэхэд элсэндээ эргэн шургаж, нуугдана. 


01

Араатан дуудагч ургамал

Зарим ургамал шавж, амьтдын орон гэр нь болж өөрийгөө хамгаалдаг бол зөвхөн аюул тулгарсан үедээ өөртөө туслах амьтдыг дууддаг ургамал бий. Тухайлбал, тамхины ургамал навчийг нь идэж буй авгалдайнуудаас өөрийгөө хамгаалуулахын тулд нэгэн төрлийн бодис ялгаруулдаг байна. Энэ бодис нь агаарт хурдацтай тархдаг. Чимээгүй хашгирааныг авгалдай сонсохгүй ч ангууч шавьж нар бол маш сайн мэдэрдэг байна. Тэд ирэн авгалдайг иддэг.

Түүнчлэн эрдэнэ шишийн ургамал авгалдайнуудын дайралтад өртвөл паразит хэдгэнүүдийг дууддаг байна. Хэдгэнэ ирээд авгалдайн дотор өндгөө дарна. Харин өндөг нь дотор нь хагарч, ургамлын дайсан авгалдайг дотроос нь иддэг аж.

 


9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+7
Зөгий байхгүй болоход л дэлхий сүйрнэ гээд байгаа биз?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start