Арав.мн

Rosa rugosa Thurb. - Үрчгэр сарнай

Rosa rugosa Thurb. - Үрчгэр сарнай

Хамгийн үнэ цэнтэй сарнайн төрлийн нэг бол Rosa rugosa Thunb. буюу үрчгэр сарнай юм. Энэ зүйл нь ОХУ-ын Алс Дорнод, Сахалин, Камчатка түүнчлэн Хойд Хятад, Солонгос, Япон зэрэг нутагт өргөн тархсан. Энэ нь хоёр хэлбэртэй байдаг: нэг нь цагаан, нөгөө нь тод ягаан эсвэл улаан өнгийн цэцэгтэй. Энэ зүйл нь өвлийн улиралд тэсвэртэй сортыг эрлийзжүүлэхэд хамгийн чухалд тооцогддог. Цэцэг нь 5-аас 10 см-ийн голчтой, маш анхилуун үнэртэй, 3-6-аар багцалсан баг цэцэгтэй эсвэл дан цэцэгтэй. Навч нь том, хатуу, үрчлээстэй. Найлзуурууд нь өтгөн хэлбэртэй шулуун нахиа, үстэй өтгөн хучигдсан байдаг. Бутнууд нь 1-2 м өндөр, өргөн, өтгөн бөгөөд үндэсний шижмээс салаалсан босоо найлзууруудтай. Үндэсний систем нь хүчирхэг салаалсан, газрын гадаргууд ойрхон байдаг. Элбэг дэлбэг цэцэглэж, тавдугаар сарын сүүлчээс эхлэн удаан хугацаагаар үргэлжлэн цэцэглэнэ. Хааяа хэнзлэж дахин цэцэглэж  болно. Цэцэглэлт нь зөвхөн өнгөрсөн жилийн төдийгүй залуу найлзуурууд дээр цэцэглэж болно. Энэ шинж чанараас шалтгаалан бутанд нэгэн зэрэг жимс, цэцэг байдаг. Давхар дэлбээтэй цэцэг бүхий хэлбэр, сортуудын энэ  онцлог нь  гоёл чимэглэлийн талаасаа илүү  үнэ цэнтэй болгодог.

Rosa rugosa - Michigan Flora

Жимс нь бөөрөнхий, хавтгайдуу-бөөрөнхий хэлбэртэй, тод, улбар шар-улаан өнгөтэй, том (2-2.5 см) хэмжээтэй, маш гоёмсог харагддаг. Бутнууд нь хучлагагүй өвөлждөг, өвчинд тэсвэртэй байдаг. Эрлийз сортуудын цэцэг нь цагаанаас, хар улаан хүртэл өнгөтэй мөн шаргал өнгөтэй, хэмжээ болон цэцгийн голчоороо ялгаатай байдаг. Ердийн эрлийзүүд (эх ургамалтайгаа  харагдах байдал нь хамгийн ойрхон) нь өвөлжилт сайтай (өвөл хучих шаардлагагүй), тарималжсан, гоёл чимэглэлийн ач холбогдолтой  сөөг ургамал.

Ашиглах хэлбэр: Хэсэг бүлгээр болон ганцаар нь суулгах, ургамлан хашлага, жимсийг нь чанамал, жүүс хийхэд ашигладаг. Зарим сорт (‘Golden King’, ‘Konrad Ferdinand Meyer’, ‘Rugelda’) нь өвөлжилт харилцан адилгүй. Тэдний цэцэглэх найлзуурууд өнгөрсөн жилийн  найлзуурын үзүүр хэсэгт байрлана. Өвөл цасан бүрхүүл багаас залуу найлзуур нь хөлдөх тохиолдолд  үлдсэн доод хэсгийн нахиа нь цэцэглэж чадахгүйд хүрдэгийг анхаарах хэрэгтэй.

Purple Pavement | Purple shrubs, Bushes and shrubs, Shrub roses

Бэлтгэсэн: ОУУБИС-ийн Ойн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Чанцалням


9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start