Арав.мн

Эргэн ирсэн 10 улстөрч

Эргэн ирсэн 10 улстөрч

Италийн Ерөнхий сайд асан, өдгөө 81 настай Сильвио Берлускони ирэх оны хавар болох парламентын сонгуулиас өмнө өөрийг нь төрийн алба хаахыг хориглосон шийдвэрийг цуцлуулахаар зүтгэж байгаа билээ. Түүний дэмждэг эвсэл энэ сарын 7-нд болсон орон нутгийн сонгуульд Сицильд ялалт байгуулсан нь “Хүлэг баатар” хочит энэ улстөрчийг ахин ээлжит тулаандаа орохоор бэлтгэж байна гэсэн хардлага төрүүлээд буй. Дөрвөн ч удаа Италийн Ерөнхий сайдаар ажилласан Берлусконийн улс төрд эргэн ирж тун магадгүй байгаа энэ үед шинэ үеийн дэлхийн улс төрийн түүхнээ засгийн эрхээс шуугиантайгаар бууж, дуулиантайгаар эргэн ирсэн 10 улстөрчийг нэрлэж байна. 


10

Виктор Янукович

2002-2004 онд Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч Улбар хувьсгал гэгдсэн үймээн самуунаар арга буюу өрсөлдөгчдөө бууж өгсөн улстөрч бол Украиний Ерөнхийлөгч асан Виктор Янукович юм. Тэрбээр хүч үзсэн анхны Ерөнхийлөгчийн сонгуульдаа бүтэлгүйтсэнийхээ дараа буюу 2006-2007 онд дахин Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2010 оны сонгуульд мөн л азаа үзэхээр шийджээ. Энэ удаад Янукович үнэмлэхүй ялалт байгуулан төрийн тэргүүн болов. Гэвч Европын холбооноос илүү Оросыг ойрын түншээрээ сонгосон нь украин залуусыг босоход хүргэж, 2014 оны Евромайдан гэгдсэн хувьсгалд хүргэсэн. Хэдэн мянган хүний аминд хүрч, Украиныг хоёр талцуулж, Крымийг Оросын мэдэлд шилжүүлсэн энэ үймээний дараа Янукович Орос руу зугтсан билээ.

Гэвч тэрбээр Улбар хувьсгалыг “ялж”, 2010 онд эргэн ирсэн шигээ Евромайданы дараах Украинд дахин хөл тавьж чадахгүй л болов уу. Тус улсын шинэ эрх баригчид Януковичийг эх орноосоо урвасан хэмээж, ялын тогтоол бэлдсээр гурван оныг үдээд байна. 


09

Шинзо Абэ

2006 оны есдүгээр сард 52 насандаа Засгийн газрын шинэ тэргүүнээр томилогдож, дэлхийн II дайны дараах Япон орны хамгийн залуу бөгөөд дайны дараа мэндэлсэн анхны Ерөнхий сайдаар тодорсон Шинзо Абэ ердөө ганц жилийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа орхисон юм. Тэрбээр ходоодны шархаар шаналж байлаа. Харин 2012 онд өвчнөө бүрэн эдгээгээд эргэн ирэхдээ Ерөнхий сайдын суудалд дахин суусан, 1948 оноос хойших Японы анхны Ерөнхий сайд болжээ.

Эдийн засаг, гадаад харилцааны бодлогоороо өмнөх Ерөнхий сайд нараасаа ялгарч, олон улсад нэр хүндтэй болсон Шинзо Абэгийн ялалт үүгээр дуусахгүй. Тэрбээр 2014, 2017 оны сонгуульд дараалан ялалт байгуулж, Засгийн газрын тэргүүний суудлаа хамгаалаад зогсохгүй эрх мэдлээ улам батжуулсаар байна. 


08

Жан-Бертран Аристид

Ардчилсан сонгуулиар тодорсон Гаитийн анхны Ерөнхийлөгч энэ хүнийг олон орны хэвлэлээр Хамгийн азгүй улстөрчөөр нэрлэж байсан удаатай. Анх 1990 онд сонгогчдын 67 хувийн саналаар төрийн тэргүүнээр тодорсон Жан-Бертран Аристид ердөө жилийн дараа буюу 1991 оны цэргийн эргэлтээр эрх мэдлээсээ хагацаж аргагүйн эрхэнд эхлээд Венесуэл рүү, дараа нь АНУ руу зугтжээ. Харин Гаитийн цэргийн эрх дархтанууд Америкийн Ерөнхийлөгч Билл Клинтоны шахалтаар 1994 онд төрийн эрх мэдлийг иргэний Засгийн газарт шилжүүлэхэд Аристид төрийн тэргүүний суудалдаа буцаж, хоёр жил гаруй төр барьсан байна. Тэрбээр 1996 оны сонгуульд дахин хүч үзэх эрхгүй байснаас улс төрийн шинэ нам байгуулж, 2000 оны сонгуулиар Ерөнхийлөгчийн суудлаа эргэн заларчээ.

Гэвч 2004 онд дахиад л цэргийн эргэлт гарлаа. Аристид энэ удаад Өмнөд Африк руу зугтаж, 2011 он хүртэл цөлөгдсөн Ерөнхийлөгч нэр зүүсэн байна. 2011 оны гуравдугаар сард төрсөн нутагтаа хөл тавьсан түүнийг хэдэн мянган дэмжигч нь онгоцны буудал дээр угтжээ. Харин хоёр дахиа эргэн ирснээсээ хойш авлигын хэрэгт холбогдон шалгагдсаныг нь эс тооцвол нам гүм байгаа түүний дахин улс төрд орох үгүй нь одоогоор тодорхойгүй байна. 


07

Жорж Уоллес

Алабама мужийн Амбан захирагчаар гурвантаа сонгогдон ажиллаж, Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дараалан өрсөлдсөн Жорж Уоллес нэгэн үе Америкийн хамгийн нэртэй, олон дэмжигчтэй улстөрч байлаа. Харин арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй, хэт консерватив гэгдэн улс төрийн хүрээнээс шахагдсан тэрбээр Амбан захирагчийг улиран сонгодоггүй Алабамагийн хуулийг зөрчихгүйн тулд эхнэрээ сонгуульд өрсөлдүүлж, ялалт байгуулахад нь голлох үүрэг гүйцэтгэжээ. Гэтэл хатагтай Люрлин Уоллес ганц жилийн дараа хорт хавдраар өөд болж, Жорж Уоллес 1970 онд дахин Амбан захирагчаар сонгогдсон байна. Тэр үед түүний улс төрийн замнал цааш бартаа саадгүй үргэлжлэх мэт санагдаж байлаа. Гэвч 1972 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад нь нэгэн этгээд түүнийг хөнөөхийг завдаж, дөрвөн ч удаа буудан шархдуулснаар Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай гэгдсэн Амбан захирагч насан туршдаа тэргэнцэр дээр хадагджээ.

Уоллес бас л бууж өгсөнгүй, 1974 оны орон нутгийн сонгуулиар Амбан захирагчийн суудлаа хадгалан үлдэж, 1976 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэг азаа сорьсон байна. Цагаан ордны тэргүүн болох гэсэн дөрөв дэх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа ч тэрбээр улстөрөөс холдсонгүй. 1982 онд мужийнхаа Амбан захирагчаар гурав дахиа сонгогдож, 1987 он хүртэл алба хашжээ. 


06

Ицхак Рабин

Израилийн Ерөнхий сайдууд бүгд нэг хүн шиг харагддаг гэсэн наргиа үг бий. Энэ нь тус улс 70-аад жилийн түүхэндээ нийт 12 Ерөнхий сайдтай байсан ч тав нь нэгээс илүү бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар тэргүүлсэнтэй холбоотой. Тэднээс хамгийн нэр хүндтэй нь Ицхак Рабин байлаа. Тэрбээр Израилийн иргэн хүн хилийн чанадад данс эзэмшиж болохгүй гэсэн хатуу хуулийг зөрчсөн хэрэгт эхнэрийн хамт холбогдон, 1977 онд засгийн эрхээс буужээ. Энэ явдал тухайн цагтаа ихээхэн дуулиан дэгдээж, Израилийн Сангийн сайд Иегошуа Рабиновичийн тодорхойлсноор тус улсын түүхэн дэх хамгийн том улс төрийн хямрал болсон байна.

Гэсэн ч Ицхак Рабин олон жил нам гүм байсны эцэст гэнэт эргэн ирсэн агаад Израиль, Палестиний хооронд энхийн гэрээ байгуулна гэсэн амлалт өгч 1984 онд Батлан хамгаалахын сайд, 1992 онд Ерөнхий сайдаар томилогджээ. Харамсалтай нь тэрбээр гурван жилийн дараа иедуйн шашинт хэт үзэлтнүүдийн гарт амиа алдсан байна.


05

Билл Клинтон

1993-2001 онд Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч байсан Билл Клинтоны улстөрчийн замнал төрж, өссөн Арканзасаас нь эхэлсэн байдаг. Тэрбээр 1978 онд 32 насандаа мужийнхаа Амбан захирагчаар сонгогдож, тухайн үедээ Америкийн хамгийн залуу орон нутгийн захирагчаар тодорч байв. Харин хийн татвар болон автомашины худалдаатай холбогдох хэд хэдэн журам баталсан нь түүнийг 1980 онд суудлаа алдахад хүргэсэн байна. Түүний халааг Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Фрэнк Уайт авсан бол залуу Амбан захирагч найзынхаа хуулийн пүүсийн ажилд шилжжээ. Гэвч Клинтон хуульчийн амьдралд дассангүй, хоёр жилийн дараа “залуу хүний алдаа”-гаа ойлгосон улстөрчийн дүрээр эргэн ирж, 1983 онд эргээд Амбан захирагчийн суудалдаа суусан байна.

Энэ удаад тэрбээр том, жижиг бүх л асуудлыг хууль журмаар зохицуулах гэж оролдолгүй, олон нийтийн дэмжлэгийг хүлээх нэг салбарт онцгойлон анхаарал хандуулсан нь боловсрол байлаа. Клинтон 1983-1992 оны хооронд Амбан захирагчаар ажиллахдаа мужийнхаа сургуулиудыг шинэчилж, Боловсролын захирагч гэх нэр хүртэл зүүжээ. Чухам энэ нэр хүнд нь түүнийг Цагаан ордонд хүргэсэн байна. 


04

Пьер Трюдо

Канадын одоогийн Ерөнхий сайд Жастин Трюдогийн эцэг Пьер Трюдо тус улсын улс төрөөс төрсөн анхны “од” байлаа. Ер бусын, дур булаам төрхтэй, алиа хошин зантай түүнийг 1960-аад онд анх олон нийтийг хуйлруулж эхлэхэд эл содон үзэгдлийг олон улсад “Трюдомания” хэмээн нэрийдэж байв. 1965 онд Либерал намаас парламентад сонгогдсон Трюдо гурван жилийн дараа Ерөнхий сайд болжээ. Харин гайхмаар өндөр байсан нэр хүнд нь Кэбэкийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлээс үүдсэн зөрчлөөс болж гэнэтийн хурдаар унасан байна. 1970 онд Кэбэкийн нэгэн террорист бүлэглэл Британийн дипломатч болон мужийн сайд нарыг барьцаалж, албаныхны гарт буй салан тусгаарлагчдыг суллахыг шаарджээ. Ерөнхий сайд Трюдо гэвч тэдэнтэй хэлэлцээ хийхийн оронд Монтреаль руу хэдэн мянган цэрэг илгээж, олон хүнийг хоморголон баривчилсан нь 1979 оны сонгуульд Трюдогийн Либерал намыг ялагдалд хүргээд зогсохгүй Канадын улстөрийг нэг хэсэг бужигнуулаад авчээ.

Харин Трюдогийн халааг авсан Дэвшилт консерватив намын Жо Кларк Кэбэкийн тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргасан нь улс төрийн зөрчлийг улам дэвэргэсэн байна. Ингээд шинэ Ерөнхий сайдаа голсон канадчууд Дэвшилт консерватив намыг дахин дэмжсэнгүй. Трюдо энэ сиймхийг ашиглан нэр хүндээ өсгөж, Кларкийн Засгийн газрыг огцорсноос есөн сарын дараа ахин Ерөнхий сайд болж, 1984 он хүртэл Засгийн газар тэргүүлжээ. 


03

Гровер Кливлэнд

Завсартайгаар хоёр ч бүрэн эрхийн хугацаанд Цагаан ордны тэргүүн суусан АНУ-ын түүхэн дэх цор ганц Ерөнхийлөгч бол Гровер Кливлэнд юм. Тэрбээр мөн төрийн тэргүүний хориг тавих эрхийг бодитоор ашиглан, намын харьяаллаар албан тушаалаас нь чөлөөлдөг болон ажил олгодог хуучны тогтолцооны эсрэг дорвитой ажил хийсэн Америкийн анхны Ерөнхийлөгч билээ. Шийдэмгий зан нь түүнийг олон дайсантай болгож, татварын бодлогод нь дөрөөлсөн олон арван өрсөлдөгч нь 1888 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нэр төрд нь илэрхий халдсанаар түүний ялах замд саад хийжээ.

Кливлэнд хэдийгээр дийлэнх олонхын санал авсан ч гол өрсөлдөгч Бэнжамин Харрисон нь ялалт байгуулсан сонгуулийн тойргийнхоо тоогоор эцсийн ялагчаар тодорч, 23 дахь Ерөнхийлөгчөөр тодорсон байна. Харин дөрвөн жилийн дараа даагаа нэхсэн Кливлэнд нийт сонгогчдын 46 хувийн санал авч, түүхэнд тэмдэглэхүйц ялалт байгуулсан түүхтэй. 


02

Уинстон Черчилль

Холбоотны хүчнийг дэлхийн II дайнд ялахад онцгой үүрэг гүйцэтгэсэн энэ эрхмийг дайны дараах Британийн анхны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна гэдэгт олон хүн итгэлтэй байлаа. Гэтэл британичууд нийгмийн халамж, ажлын байр болон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна гэсэн Хөдөлмөрийн намын амлалтад илүү итгэсэн нь Черчиллийг Консерватив нам доторх байр сууриа ч алдахад хүргэжээ. Тэрбээр 1950 оны сонгуульд мөн ялагдсан байдаг.

Гэхдээ анхны ялагдлаасаа зургаан жилийн дараа буюу 1951 онд намынхныхаа дунд нэр хүндээ сэргээж, дахин Ерөнхий сайдаар томилогдсон тэрбээр 1955 онд буюу 80 насандаа эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртлээ төрийн эрх барьсан юм. 


01

Наполеон Бонапарт

“Гулливерийн аялал”-д гардаг Лилипутыг санагдуулам нууцлаг арлын уугуул энэхүү ер бусын дайчин эр эхлээд цэрэг баатрын дүрээр, дараа нь эзэн хааны хувиар Франц орныг байлдан дагуулсан билээ. Австри, Орос, Пруссын хүчирхэг армийг ялж, Европ дахинд завсаргүй найман жил хаанчилсан Наполеон 1814 оны гуравдугаар сард Холбоотны хүчинд ялагдан Газар дундын тэнгис дэх Эльба арал руу цөлөгдсөн. Харин жилийн дараа цөллөгөөс зугтан Парист эргэн ирсэн тэрбээр эрх мэдлээ сэргээгээд зогсохгүй Зэвсэгт хүчин, Засгийн газраа ч шинээр төвхнүүлжээ. Чингэхэд нь Европын бүх л эрх мэдэлтнүүд барьц алдан сандарцгааж, дарагдаж өгдөггүй “мангас”-ыг хэрхэх талаар шуурхай зөвлөлдсөн байдаг.

Тэдний хичээл зүтгэлийн дүнд Наполеоны шинэ засаг удаан тогтноогүй бөгөөд Францын сүүлчийн их эзэн хаан Ватерлоогийн тулаанаар ахин сэхэхээргүй ялагдсан юм. Зуун хоногийн хаанчлал гэгдсэн ноёрхлынхоо сүүлчийн зурвас үеийн эцэст тэрбээр өөрийнхөө ялж үзээгүй ганц дайсан болох Британийн мэдэлд шилжиж, Гэгээн Эленагийн аралд бүтэн зургаан жил хоригдож байгаад эцсийн амьсгалаа татжээ. 


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start