Арав.мн

Өмнөд Америкийг хоёр хуваасан тунхаг

Өмнөд Америкийг хоёр хуваасан тунхаг

- Бразил Өмнөд Америкийн цорын ганц португал хэлт орон болсон түүх -

Зэрвэс харахад Тордесильяас нь Испанийн Вальядолид мужийн нутаг Дуэро мөрний эрэгт орших ердийн нэгэн суурин билээ. Эндхийн юм бүхэн эгэл боргол, хөдөө цөлх байрын. Гэтэл эл хотын нэрийг Төв болон Өмнөд Америкийн хаа нэгтээ дурдваас хэн хүнгүй мэдэх ажээ. Учир нь 1494 онд чухам энэ хотод Испани (тухайн үеийн Кастиллын хаант улс), Португалын эрх баригчид хожим шинэ тивд эзлэн суух нутаг орноо хэрхэн хуваан захирах талаараа тохиролцсон бөгөөд чингэснээр Бразил улс эдүгээ Америкийн эх газар дахь португал хэлт цорын ганц орон болсон түүхтэй.

Тордесильяасын ийнхүү дэлхийн түүхэн дэх онцгой хотын нэг болсон шалтгаан нь байршилтай нь холбоотой юм. Тордесильяасын тунхаг нэрээр түүхэнд үлдсэн чухал гэрээг үзэглэхэд олон замын уулзвар болох, амар тайван, талуудын хэн хэнийх нь сэтгэлд нийцэх орд өргөөтэй газар хэрэгтэй байлаа. Мөн тухайн цагт одоогийн Испанийн нутгийг захирч асан, Испани орныг нэгтгэж, хаант засгийнх нь суурийг тавьсан Кастиллын Изабелла, Арагоны Фердинанд нар Португалтай ямар нэгэн талаар түүхэн холбоотой хот суурин сонгохыг эрмэлзэж байв.

Изабелла хатан, Фердинанд хаан хоёрт португалчуудад найр тавих олон шалтгаан байлаа. Хэдийгээр Тордесильяасын тунхагийг 1494 оны зургадугаар сард үзэглэсэн гэх боловч зөвшилцөл нь бүр 1492 оны сүүлчээр, хоёр орны дунд дайн самуун дэгдэж магадгүй үед эхэлжээ. Испаничуудын Атлантын далайн цаана газар нутаг эзэмших санаархал португалчуудад ихээхэн халгаатай байснаас Португалын тал арга буюу хэлэлцээ хийхийг санал болгосон байна.

Испани, Португал хоёрын Шинэ тивийг хуваан эзэмшсэн түүх испаничуудын хөрөнгө мөнгөөр далайн их аянд гарсан Италийн аялагч Кристофер Колумбын өөрийнхөө Энэтхэг хэмээн нэрийдсэн шинэ эх газраас буцах замдаа хүчит шуурганд өртөн Лисабоны ойролцоо зангуугаа хаясан гэнэтийн явдлаас эхтэй. Дайсныхаа эрэгт аврал эрэн буусан түүнд Португалын хаан II Жуанд далайн чанад дахь шинэ газар орны тухай хэлэхээс өөр арга байсангүй. Харин Португалын хаан эл явдлыг тун овжин ашиглаж, Канарын арлуудыг өөрийнх нь эзэмшил болгосон 1479 оны тунхаг ёсоор мөнөөх шинэ нутаг орныг ч Португалын харьяа мөн хэмээн зарлажээ.

Харин энэ зуур Колумбыг дагалдаж явсан Испанийн бас нэгэн аялагч Мартин Алонсо Пинзон гэгч өөрийн мэдлийн завьтайгаа нутгийнхаа барааг харж дөнгөсөн агаад Барселонд саатаж байсан хаан, хатан хоёртоо шинэ газрын тухай дуулгадахаж. Изабелла хатан, Фердинанд хаан хоёр тэр даруй Пап лам VI Александрт хандсанд тухайн цагт Арагоны хаант улсын нэг хэсэг байсан Валенсиягийн уугуул хамбатан хаан, хатан хоёрынхоо талд орж, Католик сүмээс гурван ч тусгай зөвшөөрөл гаргаж өгчээ. Тэдгээрийн нэг нь мөнөөх 1479 оны тунхагийг цуцлах 1493 оны тавдугаар сарын 4-ний өдөр батлагдсан “Интер Каэтера” нэрт зарлиг байлаа. Чухам уг зарлигийн дагуу Атлантын далайн чанад дахь шинэ газар орныг өмнөх тунхагт зааснаар өргөргийн дагуу биш, харин уртраг дагууд Хойд туйлаас Өмнөд туйл хүртэл шулуун шугам татаж, хоёр хуваажээ.

Португалчууд энэ явдалд уурсан хилэгнэв. Тэд шинээр олж авсан арлуудаа алдаад зогсохгүй Африкаас ирж, очих аяллынхаа замд Кабо-Вердегийн хилээс 320-иодхон миль газарт л чөлөөтэй зорчихоор боллоо. Өөрөөр бол Африк дахь колони нутаг, эзэмшил арлууддаа хүрэх далайн зам нь үндсэндээ боогдож, аварга том хөлөг онгоцуудаа бүтэн эргүүлье гэвэл Кастиллын нутаг дэвсгэр лүү нэвтрэхээс өөр гарцгүй болжээ.

“Интер Каэтера”-г хэрэгжиж эхэлсний дараа Португал, Испанийн дунд дипломат зөрчил гаарлаа. Хэдий аль аль нь дайн дажин хүсээгүй ч дор бүрнээ аварга том тэнгисийн флотуудаа байлдааны бэлэн байдалд байлгах болов. Байдал ийн эгзэгтэй болсон үед буюу 1493 оны есдүгээр сард Колумб хоёр орны дунд энхийн хэлэлцээ хийхэд тус нэмэр болох үнэтэй мэдээлэл олохоо ихэс дээдэстээ амлан тэнгисийн хоёр дахь аялалдаа гарчээ. Тэрээр 1494 оны дөрөвдүгээр сард амлалтаа биелүүлж, шинэ тивийн цоо шинэ газрын зурагтай эргэн ирэв. Харин түүнийг буцаж ирэх үед Португалын тал Испанийн зүгээс тулгасан уртрагийн дагууд газар нутаг хуваах саналыг аргагүйн эрхэнд хүлээж авсан байлаа. Португалчууд Африкт хүрэх замдаа илүү санаа зовсон тул II Жуан хаан мөнөөх тусгаарлагч шугамыг Кабо-Вердегийн эргээс 370 лиг газар буюу 2000 гаруй км зайд татах ганц л хүсэлт тавьжээ. Ингэснээр португалчууд шугамны зүүн талын газрыг, тэр дундаа Кабо-Вердегийн арлууд болон өөрсдөд нь амин чухал Африкийн баруун эргийг, харин испаничууд хилийн шугамны баруун талыг, түүн дотор Колумбын шинэхэн газрын зураг дээр дүрслэгдсэн шинэ газар орныг эзэмшихээр болов. Харин Изабеллла хатан, Фердинанд хаан хоёр Колумбын газрын зурагт огт эргэлзээгүй тул, Португалын талд шинээр нээгдсэн газар орон байгаагүй тул II Жуаны саналыг хүлээж авчээ. Гэтэл мөнөөхөн шинэ шугам нь одоогийн Бразилийн нутаг дэвсгэрийн зүүн хагас буюу бараг талаас илүүг нь Португалд “бэлэглэсэн” байлаа.

Португалын аялагч Педру Алвариш Кабрал 1500 онд анх Бразилийн эрэгт хүрч, Шинэ ертөнц хэмээгдсэн Өмнөд Америкийн нутагт хааных нь мэдлийн өргөн уудам газар орон бийг сая нэг нээжээ. Дараах хэдэн зуун жилд нь португалчууд мөнөөх түүхэн шугамын хилийг бага багаар ахиулсаар өнөөгийн Бразилийн нутгийг бүхэлд нь колоничлох болсон байна. Чухам дээрх энгийн тохиролцооны дүнд, газарзүйн их нээлтүүд хараахан хийгдээгүй үеийн мэдлэг, мэдээлэл хомс шалтгаанаар, дайн тулаанаас болгоомжилсон Тордесильяасын тунхагийн “ачаар” Бразил улс Өмнөд Америк дахь цор ганц португал хэлт улс болсон нь энэ юм. Орчин цагийн бразилчуудын хувьд Тордесильяасын тунхаг эгээ л Тусгаар тогтнолын тунхаг шиг нь эрхэм чухал баримт бичигт тооцогддог. Уг тунхагийг 2007 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн ой санамж хэмээх хөтөлбөрийн үнэт өвөөр бүртгэжээ.



9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start