Удирдагчийн найман дүрэм
Аливаа ялгаварлах үзэл төрийн бодлоготой нь харшлах, ард иргэд нь арьсны өнгө, үндэс угсаагаасаа үл хамааран хуулийн өмнө эрх тэгш байх ардчилсан Өмнөд Африк Улсын суурийг тавьсан Нелсон Манделагийн 90 насныхаа ойг угтан 2008 онд “Time” сэтгүүлийн Ричард Стенгельд өгсөн дурсамж/ярилцлагыг хүргэж байна. Уг нийтлэл мөн оны долдугаар сарын 9-ний өдөр дээрх сэтгүүлд хэвлэгджээ.
Манделагийн жинхэнэ нэр Холилала юм.
Нэрийнх нь утгыг сонирхсон улсад тэрээр “Коса хэлээр модны мөчрийг доош чангаах гэсэн утгатай” гэж тайлбарладаг. Харин шууд утгаараа энэ нь саад тотгор үүсгэгч, бараг л үймээний эзэн гэсэн үг аж. Мандела үнэхээр ч дуулиан шуугиантай, адал адармаатай амьдрал туулсан. Шударга
бусын өөдөөс тэмцэж, улс орноо эрх чөлөөт ардчилсан засаглалтай болгохын төлөө амь, амьдралаа хайрлаагүй. Тэрээр олон арван жил дайсагналцсан хар, цагаан арьстнуудыг эвлэлдэн нэгдэхэд ачааны хүндийг үүрсэн нэгэн. Гэхдээ Мандела босогч, тэмцэгч гэхээсээ илүү улстөрч, удирдагч юм.
Тэрээр хүч хэрэглэлгүйгээр ардчиллыг цогцлоохдоо Мадиба овгийн (Мандела Мадиба овгийнх бөгөөд ойр дотнынхон нь болон хүндэтгэн харьцагсад нь түүнийг овгийнх нь нэрээр дууддаг байв) удирдагч хүний дагаваас зохих дараах найман дүрмийг ягштал баримталж иржээ. Ёстой, шаардлагатай зэрэг үгсэд тэгтлээ захирагдаж байгаагүй ч удирдагч шиг удирдагч болохын тулд оюун санаа, сэтгэл зүрхэндээ нэгээхэн тиг гортиг тогтоож, түүнээсээ гажилгүй, хазгай гишгэлгүй явсныг нь түүний намтар, туулсан амьдрал гэрчилнэ.
1994 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Мандела зулу дэмжигчидтэйгээ уулзахаар Наталь хөндий хүрэх жижиг оврын зорчигч тээврийн онгоцоор нисэж явжээ. Гэтэл газардахад 20-иодхон минут дутуу байтал онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч, зорчигчид сандралдаад явчихаж. Харин галт тэргэнд яваа мэт тайван гэгч нь сонин уншиж суусан Мандела л тэр олон хүнийг тайвшруулж байлаа. Ойролцоох нисэх онгоцны буудал ослын буултад бэлтгэж, туршлагатай нисгэгч ч тун удалгүй нэг хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон онгоцоо амжилттай газардуулж дөнгөжээ. Онгоцноос буун удаахан алхсаар бүхээгт тэргэндээ суусан Мандела сая нэг сэхээ авч “Хэчнээн айв аа” гэж тайван дуугарсан гэдэг.
Түүнийг Роббен аралд төмөр торны ард суулгах шийдвэр гаргасан Ривониягийн гэх шүүх хурлын үеэр ч айж түгшиж байснаа өвгөн тэмцэгч дурсаж сууна. “Хэнд ч дийлдэшгүй эр зоригтой мэт дүр эсгэх нь утгагүй. Гэхдээ удирдагч хүнд айдсаа үзүүлэх, бусдыг айлгах эрх байхгүй” гэсэн Мадиба овгийнхны дүрмийг Мандела мөрдсөөр иржээ. Түүний хамт Роббен аралд ял эдэлж байсан хамтран зүтгэгчид нь гав, гинж хангинуулсан шүүх засаглалын өөдөөс зоримог гэгч нь алхах өнгөт арьст залуу эрийн ачаар итгэл найдвараа алдаагүй гэдэг.
08
Хүлээцтэй, алсын хараатай бай
1985 онд дахин хорих ялаар шийтгүүлсэн Манделаг суллахыг шаардаж нөхөд нь тэмцэж эхлэв. Харин туршлагатай тэмцэгч тэднээс хүлээцтэй байхыг хүсчээ. Ялтнууд хэлэлцээрт оролцох эрхгүй гэсэн хуулийн заалтыг үндэслэн Засгийн газартай хэлэлцээ хийх далимаар ялтны суудлаас хөндийрч дөнгөнө гэж Мандела тооцоолж байж. Тэр үед Өмнөд Африкийн Уурхайчдын холбооны тэргүүн байсан Цирил Рамафоса түүнийг тэмцлээсээ ухрах нь гэж бодож байснаа дурссан байдаг. Засгийн газартай хэлэлцэхгүй гэж удаан зөрүүдэлсэн нь олон хүнд ийм сэтгэгдэл төрүүлжээ. Харин Мандела бүхнийг нарийн тооцоолсны эцэст хамтрагчдадаа төлөвлөгөөгөө танилцуулсан гэдэг.
Хожим Африкийн үндэсний конгрессийн нарийн бичгийн дарга болсон Рамафоса Манделагийн амжилт хамтрагчдынх нь тууштай дэмжлэг болоод алсын хараатай нь холбоотой гэж үздэг. Олон жилийг торны ард өнгөрөөсөн хүн алс хэтийг төсөөлөн, ирээдүйг хүлээхээс өөр юунд суралцах билээ? Мандела ч өнөө маргааш, долоо хоног гэхээсээ хэдэн арван жилээр ирээдүйг харахыг хичээдэг гэнэ. Тэрээр “Алсдаа бүх зүйл сайхан болно” гэж хэлэх дуртай.
07
Бусдыг араас нь удирд. Хошуучлагчид нь тэд л юм шиг сэтгэгдэл төрүүл
Мандела хүүхэд ахуй цагтаа тугал хариулж явсан өдрүүдээ дурсах дуртай. Сүрэг малыг хойноос нь туудаг шиг олныг ч мөн араас нь удирдаж болно. Нелсон хүүг өсгөсөн овгийн захирагч Ионгинтаба иргэдийн төлөөлөлтэй дугуй ширээнээ хэлэлцдэг байж. Олны саналыг дуугүйхэн чагнах тэрээр уулзалтын эцэст л ам нээж, дүгнэлт гаргадаг байжээ.
Мандела ч өвгөн удирдагчийн аргаар Иоханнесбург дахь хуучин байшингийнхаа гал тогооны дугуй ширээнээ Рамафоса болон Өмнөд Африкийн өнөөгийн Ерөнхийлөгч Табо Мбеки тэргүүтэй хамтрагч, дэмжигчидтэйгээ уулздаг. Уулзалт заримдаа ширүүсэж, маргаан мэтгэлцээндээ тулдаг ч олны саналыг тусгасан, басхүү хүсэл зорилгодоо нийцсэн эцсийн шийдвэрийг удирдагч л гаргана. Удирдагч дагалдагчдадаа чухам юу хийхийг нь заах, тушаах ёсгүй, харин зөв чигт нь хөтлөх ёстой гэдэг зарчмыг Мандела баримталдаг. “Хүмүүсийг зоригжуул, урам өг. Зохих замд нь оруулсны эцэст үр дүн нь өөрсдөөс нь шууд хамааралтай мэт сэтгэгдэл төрүүл” гэж тэрээр хойч үеийн удирдагчдад зөвлөж байна.
06
Өрсөлдөгчөө тань. Таашаадаг бүхнээс нь суралц
Арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэлгэрүүлсэн Өмнөд Африкийн цагаан арьстнуудын африкаанс хэлийг Мандела 1960-аад оноос үзэж эхэлжээ. Африкийн үндэсний конгресс дэх зарим нөхөд нь дайсны хэл, соёлд татагдсан хэмээн түүнийг буруушааж байв. Харин Мандела сөргөлдөхөөс хэлэлцэх хүртэлх бүхий л үйл хэрэгт өрсөлдөгчөө таних, судлах хэрэгтэйг ойлгожээ. Тэрээр африканчуудын үүх түүх, хорхойсдог ригбиг нь хүртэл судалснаа эдүгээ баясгалантай нь аргагүй ярина.
Yзэн ядалтаар эхэлсэн тэмцэл нь аажмаар ухаарал болсон нь энэ. Yнэхээр ч цагаан арьст африканчууд нутгийн уугуул иргэдээс дутахааргүй өөрсдийгөө Африкийн эзэд гэж боддогийг, тэднийг хар арьстнуудаас ялгаагүй соёлын хүчит нөлөөн дор хохирсныг Мандела ухаарчээ. Хуульч мэргэжилтэй тэрээр шоронд байхдаа цагаан арьст хуягуудад хуулийн зөвлөгөө өгдөг байсны дээр шударга, хүнлэг нэгэн болж төлөвшихөд арьсны өнгө, удам угсаа хамааралгүйг торны цаана байхдаа яс махандаа тултал ойлгосон гэдэг.
05
Анд нөхөдтэйгөө ойр бай. Өрсөлдөгчөө бүр ч ойр байлга
Куну дахь Манделагийн шинэ байшинд уригдах зочдын дийлэнх нь түүний итгэлийг даах хүмүүс биш нь илт. Гэвч Мандела тэднийг оройн зоогоор дайлж, магтаал сайшаалаар урамшуулж, явахад нь гарын бэлэг хүртэл өгөх аж. Тэдний дунд Манделагийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж байсан гэх Африкийн үндэсний конгрессийн Батлан хамгаалах хорооны тэргүүн Крис Хани хүртэл байна. Түүн шиг олон хүнд Мандела найрсаг хандах бөгөөд төрсөн өдрийн мэнд хүргэж, үдэшлэгт урих нь ч энүүхэнд. Мөн өрсөлдөгч, дайсныхаа шарилын өмнө толгой гудайлгасан нь цөөнгүй.
Суллагдсаныхаа дараахан тэрээр шоронгийн хамсаатнуудаа хүрээндээ багтааж, анхны Засгийн газрынхаа гишүүдийн эгнээнд өөрийнх нь эрх чөлөөг хассан хүмүүсийг хүртэл оруулж байв. Өрсөлдөгчдөө хүндэтгэх нь тэднийг хараандаа байлгах арга гэдэгт Мандела итгэдэг. Зөвлөх, зөвшилцөх хүнгүй үедээ л хүн хамгийн аюултай адгуус болдог гэдгийг ч мэддэг. Энэ бүхнээс илүүтэй хувийн ашиг сонирхлынхоо төлөө шийдвэр гаргах нь хүний сул дорой юм уу, адгийн чанар биш, гагцхүү байгалийн араншин гэдгийг тэрээр эрт ойлгожээ.
Иоханнесбургт ядуу оюутан байхад нь Уолтер Сисулу түүнийг өрөөндөө дууджээ. Африкийн үндэсний конгрессийн залуу удирдагч 1950-иад он бол эрх чөлөөний төлөөх африкчуудын тэмцэл оргилдоо хүрэхийн эхлэл гэдгийг мэдэж байв. Сисулугийн дурссанаар хуучин муу хувцастай ч инээмсэглэл тодруулсан Нелсон Мандела тэмцлийн дараах гэрэлт ирээдүй мэт харагдаж байж.
Гэхдээ хүн бүрт найрсаг ханддаг ч Мандела нийтэч хүн биш гэнэ. Тэрээр чадварлаг илтгэгч ч биш. Гагцхүү инээмсэглэл, энгийн байдал нь л олныг татдагийг түүний эргэн тойрны бүх хүн хэлэх биз ээ. Тиймээс ч Африкийн үндэсний конгрессийн сонгуулийн сурталчилгааны хуудас ердөө л түүний инээмсэглэсэн төрх байв. Суллагдсаных нь дараа Манделаг хахир хатуу болоогүйг биширсэн хүн олон байсан. Түүнд нухацтай хандах зүйл бишгүй. “Гэсэн ч ихэнх тохиолдолд олны өмнө өөрийгөө инээмсэглэхээс өөрөөр илэрхийлэх шаардлага бараг л гардаггүй юм” хэмээн ярих аж.
03
Хав хар, цав цагаан гэж үгүй
“Эрх баригчдын эсрэг хүчин мөхөсдөнө гэдгээ ухаараад зэвсэгт тэмцлээ орхисон уу, эсвэл хүчирхийлэл хэрэглэхгүй гэх үзлээр олон улсын дэмжлэгийг хүлээнэ гэж бодсон уу?” гэсэн асуултад Мандела “Аль аль нь” гэж хариулсан юм. Түүний үзлээр амьдрал гэдэг хэзээ ч “аль нэг нь”, “эсвэл” гэдэг дүрэмд захирагдах ёсгүй гэнэ.
Улстөрчийн хувьд Мандела дэлхий ертөнц олон үзэл санаанаас бүрдэх учиртай гэдэгт бат итгэдэг. Тэрээр Ливийн тэргүүн Муаммар Каддафи, Кубын удирдагч Фидель Кастро нарыг хүндэтгэдэг. АНУ Манделаг террорист гэж үзэж байсан үед тэд л түүнд тусалж байж. Тэдний тухай яриа өрнөх бүрт Мандела америкчуудын аливаа зүйлийг олон талаас нь харах чадваргүйг ямагт шүүмжилж иржээ. Бүхнийг хараар, эсвэл цагаанаар харах нь эцэстээ гамшиг авчирна гэдгийг Мандела хойч үеийнхэнд сануулсаар байна. Түүний эл үзэл өдөр бүр хар уу, цагаан уу гэсэн асуулттай тулгардаг байсан апартейд дэглэмийн үед өсөж хүмүүжсэнтэй нь ч холбоотой биз.
Мандела 1993 онд 18-аас доош настнууд сонгуульд санал өгч болдог орнуудыг сонирхож эхлэв. Хайгуул, судалгааны эцэст Индонез, Куба, Никарагуа, Хойд Солонгос, Иран гэсэн хачирхалтай жагсаалт гаргажээ. Хоёр долоо хоногийн дараа Мандела Өмнөд Африкийн төв телевизээр сонгуулийн насыг 14 болгох саналтайгаа илэрхийлэв. Түүний санааг харин хэн ч дэмжсэнгүй. Ингээд Мандела улайрч дайралгүйгээр удаанаар, ухаалгаар ялагдлаа хүлээжээ. Хэрэгжих бололцоогүй төлөвлөгөө, хэт нэг талыг барьсан санал байлаа ч тэмцсэн, зорьсноосоо ухарна гэдэг хэний ч хувьд амаргүй шийдвэр. Гэсэн ч цагаа олсон ялагдал ялалт авчирдгийг Мандела харуулжээ. Ерөнхийлөгчийн суудлаасаа өөрөө буусан нь ч түүнийг хэчнээн “том” хүн болохыг нотолсон. 1994 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь түүнд насан эцэслэтлээ төрийн тэргүүн хэвээр үлдэх боломж хүртэл байв. Торны цаана олон жил суусных нь хариуд эх орон, ард түмэн нь түүнийг ийн шагнахад бэлэн ч байлаа. Рамафосагийн хэлснээр Мандела хөлөг онгоц залуурдахаас замчлахыг илүүд үзжээ. Хүслээсээ ангид алхам хийх шаардлага удирдагчдад ч тулгардгийг Мандела ухаарсан хэрэг.
Шоронд өнгөрөөсөн 27 жил нь Мадибаг ойлгох, нууцыг нь нээх гол түлхүүр юм. 1964 онд шоронгийн хаалга татсан сэтгэлийн хөдөлгөөнтэй, зүрх зоригтой ч туршлагагүй, амьдралын ухаангүй залуу эр эрх чөлөөгөө олохдоо хашир, хүлээцтэй нэгэн болжээ. “Шоронгоос суллагдсан эр өмнөх мөрөөдөмтгий эрээсээ юугаараа өөр байв?” гэсэн асуултад Мандела хэзээнээс тавгүйрхдэг, хариулахаас зайлсхийдэг нь нууц биш. Харин намайг ийн асуухад 90 насны сүүдэр зооглож байгаа тэрээр “Би эрийн цээ, хүний зэрэгт хүрчихээд гарсан юм” гэж хачин дөлгөөхөн хариулав аа.
01
Нелсон Мандела (1918-2013)
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.