Арав.мн

Фэйсбүүкийн ардах алуурчид

Фэйсбүүкийн ардах алуурчид

Интернэт гэдэг өдгөө бүх төрлийн бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдааны төв болсон. Хулгайн замаар зах зээлд нэвтэрсэн ховор бараа, элдэв хууль бус үйлчилгээ ч гэсэн энд цэцэглэх болоод уджээ. Мөхлийн ирмэгт тулсан яст мэлхий, нэн ховорт тооцогдох хирсний соёоноос эхлээд зэрлэг ан амьтад, тэдгээрийн эд эрхтэнийг цахим сүлжээгээр худалдах нь үүнийг даган нэмэгдээд байна.

Ховордсон ан амьтдын худалдаа бол дэлхийг хэрсэн, хууль бус наймааны тав дахь том салбар бөгөөд ашиг орлогоороо мансууруулах бодисын сүлжээний дараа орох бизнес юм. Хулгайн мод бэлтгэл, загас агнуурыг оролцуулалгүй тооцвол энэ салбарынхан жилд 10 тэрбум ам.доллар эргэлдүүлдэг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамгийн сүүлийн судалгаагаар 1970 оноос хойш зэрлэг ан амьтдын тоо толгой ан агнуураас болж 52 хувиар буурсан нь тогтоогджээ. Үүний талаас илүү нь 1990 оноос хойш эрс хорогдсон байна. Зарим төрөл, зүйлийн амьтан байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс болж ховордсон юм уу, устаж үгүй болох эрсдэлд орсон бол зарим нь хууль бус агнуураас болж Улаан номд багтаад байна. 

Оффисын “анчид”

Ийм замаар гашуун хувь тавилан туулж буй хоёр амьтан бол заан, хирс юм. 1998-2011 оны хооронд зааны соёоны хэрэгцээ 300 хувиар өсөж, нэг паунд буюу хагас кг нь 1000 ам.долларын үнэ хүрчээ. Харин хирсний хагас кг жин татах соёо 30 мянган ам.доллараар үнэлэгдэнэ. Энэ бизнес цаашид одоогийнхоороо үргэлжилбэл хирс гээч амьтан 2025 он гэхэд л түүх болохоор байна. Гэхдээ хирс, зааныг хамгийн олноор нь хөнөөгчид гэртээ юм уу, аль нэг албан тасалгаанд суугаад амьтны амь тасалдаг нь үүнээс илүү сэртхийлгэм баримт. Тэднийг гаднаас нь хараад амьтан тамлан зовоогч, эсвэл хулгайн анчид гэж таамаглах аргагүй. Зэрлэг ан амьтдын хууль бус наймааны сүлжээг шалган мөрдөгч “Traffic” хэмээх олон улсын байгууллагынхны олж тогтоосноор тэдний олонх нь фэйсбүүк хуудсаар наймаагаа хийдэг гэнэ. LiveAuctioneers.com хэмээх цахим хуудсанд гэхэд л фэйсбүүкээр дамжин холбогдсон “гэмгүй” худалдаачид жилд 13 сая ам.долларын үнэ хүрэх зааны соёо борлуулдаг аж.

Наймаачдын өмнө “Google” ч, “Alibaba” ч хүчгүй

Зарим нь ховордсон ан амьтны эд эрхтэнийг эртний эдлэл болгон худалдаалагчдын занганд унасан ердийн ашиг хайгчид байдаг ч цахим захаар үйлчлүүлэгчдийн олонх нь зэрлэг ан амьтны наймаагаар хөлжсөн, энэ салбарын “пирамид”-ын оройд суугчид байдаг гэнэ. Тэднийг барих маш хэцүү. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэг бус ажиллагаа амжилттай болжээ. 2012 онд IFAW буюу Зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын сан олон улсын мөрдөгчидтэй хамтран, барын арьснаас эхлээд амьд шувуу хүртэл худалддаг 150-иад хүнийг баривчилсан байна. IFAW нь eBay, Google shopping, Etsy зэрэг сайтыг мөн шалгаж, зэрлэг ан амьтдын хууль бус наймаа цахим сүлжээнд хэр газар авсныг тандсан, анхны томоохон судалгааг хийжээ. Эдгээр сайт руу зэрлэг ан амьтдын наймаачид яаж ийж байгаад нэвтэрчихдэг. Хэдийгээр амьтны эд эрхтэн болоод амьд амьтан худалдахыг хориглодог ч “Google”, “Etsy” зэрэг компани зааны соёог үхрийн яс, амьд тотийг маш ховор төрлийн аварга улаан чинжүү гэх зэргээр нэрлэн худалдах гэсэн нэр, зүсгүй, “цайрчихсан” наймаачдын дайралтыг зохицуулж хүчрэхээ байгаад, IFAW шиг байгууллагуудад хандсан нь нэг бус гэнэ.

Олон улсын байгууллага, хууль хяналтынханд хандаад ч хууль бус наймаатай тэмцэж чадахгүй байгаа улс бол Хятад. Тус улс зэрлэг болоод ховордсон амьтдын хууль бус наймааны хамгийн том худалдааны цэг юм. Дэлхийн цахим худалдааны хамгийн том компани болоод удаагүй “Alibaba”-д гэхэд л “Зааны шинэ соёо”, “Барын шингэрүүлсэн яс” зэрэг шошготой бүтээгдэхүүнийг улаан цайм худалдаалж байна. 

Амьд бол бүр үнэтэй

Фэйсбүүк, Alibaba-д цуглан, хар тамхины наймаачидтай “дөрөө харшуулах” ховордсон амьтны худалдаачдад соёо, барын савар зэрэг нэгэнт амь тавьсан, ховор амьтдын эд эрхтэнээс гадна мөхлийн ирмэгт тулсан, нэн ховор хэвлээр явагчид маш үнэтэй бараа юм. Учир нь чинээлэг хүмүүсийн дунд гүрвэл, жижиг матар тэжээх нь сүүлийн үед моод болжээ. Тэжээвэр амьтны зах зээлд хамгийн үнэтэйд тооцогдох амьтны нэг бол Зүүн өмнөд Азийн чихгүй гүрвэл. Индонез, Малайз, Брунейд элбэг уг гүрвэлийг барих, тэжээвэр болгох, зарах, худалдаж авах, хил давуулах зэрэг нь эдгээр улсын хууль журмаар хориотой ч, энэ нь зэрлэг амьтны наймаачдаас чихгүй гүрвэлийг хамгаалахад хангалтгүй байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн тооцоогоор сүүлийн таван жилийн хугацаанд чихгүй 1000-аад гүрвэлийг цахим сүлжээгээр худалджээ. Амьд амьтан худалдах нь эрсдэл, чирэгдэл ихтэй ч гүйцэтгэж чадвал их хэмжээний мөнгө олж болох ажил болохоор энэ нь аргагүй юм. IFAW-ийн нэгэн мэргэжилтний хэлснээр хэр ховор, хэр содон өнгө зүстэйгээсээ шалтгаалж гүрвэл цахим зах дээр 500-гаас 60 мянган ам.долларын үнэ хүрдэг байна. Харин могой, жижиг матар 100 мянган евро хүрэх нь бий гэнэ.

Дэлхийн толгой баячуудын зарим нь хамгийн ховор амьтдыг цуглуулах бүр донтой байдаг аж. Мөнөөх 1000 гүрвэлийн чухам хэд нь өдийд тэдгээр чинээлэг хүний алтан торонд хориотой байгааг хэн ч мэдэхгүй.

Дэвшил

Ховордсон ан амьтад, тэдний эд эрхтэнийг цахим сүлжээгээр байнга худалддаг болон худалдаж авдаг 7000 гаруй хүн бий гэж IFAW үзжээ. Тэд жилд 3.87 сая ам.доллараар бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан далд утгатай зар, зурагт зарлалыг цахим сүлжээнд байрлуулдаг гэнэ. Тэдгээрийн 73 хувь нь зааны соёо авах юм уу, зарах тухай сурталчилгаа байдаг аж.

Энэ төрлийн анхны томоохон судалгааг хийсний хувьд IFAW-ийнхэн гар хумхин суухыг хүсэхгүй байна. Тус байгууллага 2016 оны гуравдугаар сард “Alibaba” групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь цахим орон зайд зэрлэг болоод ховордсон ан амьтан хамгаалах анхны томоохон дэвшил болжээ.

Эх сурвалж: “The Newsweek”


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start