АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотой сонирхолтой баримтууд
- 1789 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Жорж Вашингтон Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн анхны хүн болсон. Тэрбээр Үндсэн хуульд заасан тангараг өргөх үгийг хэлснийхээ дараа “Бурхан минь, надад туслаарай” хэмээн шивнэж Библийн судрыг үнсжээ. Энэхүү ёслол Нью-Йорк хотод болсон түүхтэй.
- Тэрбээр мөн тангараг өргөх ёслол дээрээ хамгийн богино үг хэлсэн Ерөнхийлөгч хэмээн түүхэнд үлджээ. Түүний төрийн тэргүүний хувиар хийсэн анхны илтгэл ердөө 135 үгтэй байв.
- Хамгийн урт үг хэлсэн Ерөнхийлөгч бол Уилльям Харрисон бөгөөд түүний илтгэл 8445 үгтэй байв.
- Тангараг өргөх ёслолд зориулж Цагаан ордонд төрийн цэнгүүн зохион байгуулахыг санаачилсан Ерөнхийлөгч бол Жеймс Мэдисон юм. Түүний цэнгүүний тасалбар дөрвөн ам.долларын үнэтэй байлаа. Хачирхалтай нь, түүний дэд ерөнхийлөгчийг Жорж Клинтон гэдэг байв.
- 1837 онд тангараг өргөсөн Мартин Ван Бюрн мэндлэхдээ Британийн иргэн байгаагүй Америкийн анхны Ерөнхийлөгч байв. Тэрбээр хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын өдөр нэг тэргэнд зэрэгцэн суух уламжлалыг санаачилжээ.
- Франклин Пьерс тангараг өргөхдөө “Тангараглая” хэмээдэг уламжлалыг эвдэж “Баталъя” хэмээсэн анхны Ерөнхийлөгч юм. Тэрбээр мөн Цагаан ордны их цэнгүүнийг хорьжээ.
- Уилльям МакКинли 1897 онд тангараг өргөх ёслол нь гэрэл зургийн хальснаа үлдсэн анхны Ерөнхийлөгч болжээ. Тэрбээр шинэхэн төрийн тэргүүн өмнөх Ерөнхийлөгч нартайгаа үдийн зоог барих уламжлалын суурийг мөн тавьсан байна.
- Түүний тангараг өргөсөн хоёр дахь ёслол Төлөөлөгчийн болон Сенатын танхимынхан ёслолын ажиллагааг төлөвлөж, бэлтгэл ажилд нь оролцсон анхны тангараг өргөх ёслол болсон юм.
- 1949 онд Хэрри Труман тангараг өргөх ёслолынх нь мэдээг телевизээр дамжуулсан анхны Ерөнхийлөгч болжээ.
- Дуэйт Эйзенхауэйр тангараг өргөхдөө Библийн судрыг үнсдэг 200 орчим жилийн уламжлалыг эвдэж, өөрийн залбирлыг уншсан түүхтэй.
- 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Линдон Жонсон Ерөнхийлөгчийн онгоцонд тангараг өргөжээ. Түүний ёслолыг эмэгтэй хүн удирдсан нь Америкийн түүхэн дэх анхны тохиолдол юм.
- Библийн хоёр судартайгаар тангараг өргөсөн цорын ганц Ерөнхийлөгч бол Ричард Никсон.
- Америкийн түүхэн дэх тангараг өргөх ёслол тохиосон өдрүүдийн хамгийн хүйтэн нь Рональд Рейганы үүрэгт ажлаа хүлээж авсан өдөр байв.
- Цахим сүлжээгээр тангараг өргөх ёслолын ажиллагаа нь шууд цацагдсан анхны Ерөнхийлөгч бол Билл Клинтон. Мөн тэрбээр ёслолд зориулсан хамгийн олон буюу 14 цэнгүүнд оролцжээ.
- Амьд сэрүүн атлаа орыг нь залгаж буй Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцоогүй дөрөвхөн Ерөнхийлөгч бий: Жон Адамс, Жон Күинси Адамс, Эндрю Жонсон, Дональд Трамп. Трамп шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоогүй 150 жилийн дараах анхны Ерөнхийлөгч юм.
- Ёслолд зориулсан хамгийн том тавцанг бага Бушийн хоёр дахь тангараг өргөх ёслолд зориулан барьжээ.
- Жорж Вашингтоны үнссэн Библийг тангараг өргөх ёслолдоо хэрэглэсэн дөрвөн Ерөнхийлөгч байдгийн нэг нь Жорж У.Буш.
- Барак Обамагийн анхны тангараг өргөх ёслол түүхэн дэх хамгийн нүсэр, хамгийн олон хүн оролцсон ёслол байв. Мөн Вашингтон хотын түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан арга хэмжээ болжээ.
- Ерөнхийлөгч Обама хоёр дахь тангараг өргөх ёслолдоо гурван Библи ашигласан бөгөөд нэг нь гэргийнх нь гэр бүлийн, нэг нь Линкольны, нөгөө нь өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн Библи байв.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.