Арав.мн

Амьдралын ухаан ба номын ухаан

Амьдралын ухаан ба номын ухаан

Уран сэтгэмжит зохиол, шинжлэх ухааны зөгнөлт өгүүлэл, хялбаршуулсан тайлбар, хүүхдийн ном, хими, физик, астрономи, математик, биологи, түүхийн ухааны гарын авлага гээд нийт 500 гаруй бүтээл туурвил үлдээсэн, эрин үеийнхээ “гарамгай тайлбарлагч” гэгдсэн Америкийн зохиолч Айзек Азимов хүний оюун ухаан гээч нь шалгалт шүүлгэнд өндөр оноо авахаас хавьгүй илүү, “өөр зүйл” юм гэдгийг нэгэн эсээгээрээ тайлбарласныг хүргэж байна.

Оюун ухаан гэж ер юуг хэлэх вэ? Би Зэвсэгт хүчинд байхдаа бүх цэргээс авдаг, дундаж оноо нь 100 байдаг ур чадварын шалгалт өгөөд 160 оноо авсан юм. Тэрхүү цэргийн баазынхан хэн нэгэн тийм өндөр оноо авахыг үзээгүй бөгөөд бүтэн хоёр цаг намайг элдвээр хоргоосон билээ. (Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөөгүй. Дараа өдөр нь би жирийн цэрэг хэвээрээ л байв). Би насан туршдаа иймэрхүү оноо авч ирснээс өөрийгөө оюуны өндөр чадавхтай гэж бодох болсон, бусдыг ч бас ингэж боддог гэж санадаг байв. Гэтэл үнэн хэрэгтээ ийм оноонууд миний зөвхөн эрдмийн асуултад хариулахдаа сайн болохыг, тийм асуулт бэлтгэдэг хийгээд надтай ойролцоо оюуны чадавхтай хүмүүст л намайг баталж нотолдог зүйл биш гэж үү?

Нэг жишээ татахул миний тооцоогоор оюуны шалгалтад яагаад ч 80-аас илүү оноо авахааргүй автомашины нэгэн засварчин эр байдаг юм. Би өөрийгөө түүнээс ямагт илүү оюунлаг, сэхээлэг гэж боддог авч машин тэргээ эвдрэх бүрт чухам түүн рүү л яаран харайлгаж, машины минь хамаг чухал эд ангийг задлан тэр бүхний нэрийг эгээ л тэнгэрлэг зөнчийн адил нэгд нэгэнгүй хэлэхийг нь гайхаж бишрэн ажигладаг сан. Тэр л миний машиныг байнга засдаг юм. Харин миний засварчин танилыг мөнөөх оюун ухааны сорилт, шалгалтуудын асуултыг бэлтгэж байна гэж төсөөл дөө? Эсвэл мужаан, тариачин, ер эрдэмтэн судлаачаас өөр хэн нэгэн тэдгээр асуултыг бэлтгэдэг гэж сана. Тэгвэл би тэр бүх шалгалтад өөрийгөө усан тэнэг болохыг л батлах байсан биз ээ. Үнэхээр ч тэнэг байх байсан нь лавтай. Эрдмийн зэргээр олж авсан дадал сургуулиа, хэл ярианы чадавхаа ашиглаж чадахааргүй тийм ертөнцөд би гараараа хар бор, хүнд хүчир ажил хийж чадахгүй, их л зутруухан амьдрах байсан нь дамжиггүй. Тиймээс миний оюун ухаан гэдэг туйлын баттай зүйл биш юм. Оюун санааны минь үнэ цэнийг гагцхүү миний амьдран буй нийгэм л тодорхойлно. Тоон үнэлгээг нь ч энэ мэт асуудлыг бидний өмнөөс шийдвэрлэж, хүчлэн тулгадаг мөнөөхөн нийгмийн цөөнх л тооцон гаргаж байгаа.

Өнөөх засварчин эрийг ахиад нэг санацгаая. Тэр надтай уулзах болгондоо онигоо ярьж өгдөг юм. Нэг удаа тэр, засварчны хувцасныхаа юүдэн дороос толгойгоо өргөөд “Хэлгүй, дүлий нэг залуу барилгын дэлгүүрт ороод хадаас асуужээ. Тэгэхдээ хоёр хуруугаа зэрэгцүүлэн лангуун дээр тавиад нөгөө гараараа алх хадаж байгаа дүр байдал үзүүлж. Худалдагч тэрэнд алх авчирч өгчээ. Харин хэлгүй эр толгой сэгсрээд лангуун дээрх хоёр хуруу руугаа зааж гэнэ. Тэгэхэд нь худалдагч сая нэг ойлгож, тэрэнд хадаас авчирчээ. Хэлгүй эр хүссэн тоогоороо хадаасаа аваад гараад явж. Тэгвэл, доктор гуай, тэрний дараа орж ирсэн сохор хүн хайч хэрэгтэй байна гэдгээ яаж ойлгуулсан гэж бодож байна?” хэмээн асуулаа. Хариуд нь би баруун гараа өргөөд долоовор, дунд хоёр хуруугаараа хайч ангайлган дүрсэлж үзүүлэв. Гэтэл засварчин маань эг маггүй хөхөрснөө “Та яасан гэнэн юм бэ, сохор болохоос хэлгүй биш, зүгээр л хайч байна уу гээд асуучихна шүү дээ” гэвэй. Тэгснээ маадгар гэгч нь “Өнөөдөр би бүх үйлчлүүлэгчээсээ энийг асуулаа” гэж байна. “Тэгээд хэр олныг чадав даа?” гэхэд “Нэлээд хэдийг чадсан шүү. Ялангуяа таныг дөнгөнө гэдгээ мэдээд байсан юм” гэнэ. Харин “Яагаад тэр билээ?” гэтэл “Яагаад гэвэл та дэндүү боловсролтой шүү дээ. Тийм болохоор л амьдралын ухаангүй” гэж билээ. Түүний үг үнэний ортой санагдаж, надад нэг л аягүй мэдрэмж төрсөн сөн. Ингэж бодохоор эрдэм номоор олж авсан ур ухаан гэдэг амьдралын арга ухаанаас тун ч хол зөрүүтэй зүйл байдаг санжээ. 


9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start