Арав.мн

“Дэлхий бөөрөнхий гэдгийг бид яаж мэднэ вэ?”

“Дэлхий бөөрөнхий гэдгийг бид яаж мэднэ вэ?”

Английн нэрт зохиолч Жорж Орвелл хүний бат нот итгэлийн тухай, хүн яагаад өөрийн биеэр үзээгүй зүйлдээ хөдөлбөргүй итгэдэг талаар, мөн эрдэм мэдлэгийг хамгаалах учиртай тухай өөрийн үзэл бодлыг дараах эсээндээ бичжээ.

Хаа ч билээ, гэгээн Жоаны үгийн өмнөтгөлд ч билүү, Жорж Бернард Шоу өнөө бидний үеийнхэн Дундад зууны үеийнхээсээ ч илүү гэнэн итгэмтгий, мухар сүсэгтэй болсныг дурдаад үүний нэгэн жишээ нь дэлхий бөөрөнхий гэдэгт хөдөлбөргүй итгэдэг орчин үеийнхний итгэл юм гэсэн байж билээ. Шоугийн бичсэнээр эгэл жирийн нэгэн дэлхий бөөрөнхий гэж үзэх нэг ч шалтгаан өөрөө олж чадахгүй юм. Тэрээр энэ бодлоо гагцхүү 20 дугаар зууны оюун сэтгэхүйтэй нийцэхээр зүйл юм гэж үзсэндээ л арайхийн үгүйсгэсэн байдаг. Шоу мэдээж хэрэг хэтрүүлсэн ч гэлээ энд гүнзгийрэн дэлгэрүүлэх нэгэн учиг бий нь орчин цагийн мэдлэг гээчийг тодотгож буй явдал нь юм.

Бид үнэхээр ч дэлхий бөөрөнхий гэдэгт яагаад ийм баттай итгэнэ вэ? Би энд барим тавим баримт хэлэх, эсвэл тэр баримт сэлтийн талаарх онолын мэдлэгтэй хэдхэн мянгаар тоологдох одон оронч, газарзүйчдийн тухай биш, сонин хэвлэл уншдаг та бидэн шиг энгийн хүмүүсийн тухай ярьж байна. Би хувьдаа дэлхий хавтгай гэх онолыг үгүйсгэж чадах мэт санагдана. Цэлмэг өдөр тэнгисийн эрэг дээр зогсоход тэнгэрийн хаяанаа үл үзэгдэх хөлөг онгоцны шураг, яндангууд үзэгддэг дээ. Энэ үзэгдлийг гагцхүү дэлхийн гадарга тэгш биш юм гэдгээр л тайлбарлаж болох билээ. Гэхдээ энэ нь бас дэлхий бөмбөрцөг хэлбэртэй болохын баталгаа биш шүү дээ.  

Дэлхийг зууван хэлбэртэй, яг л өндөг шиг гэж үзэх өөр нэгэн онол байжээ гэж бодъё. Тэгвэл үүнийг няцааж бид юу хэлэх сэн билээ? Зууван дэлхийн онолыг дэмждэг хүний эсрэг гаргаж тавих миний анхны хөзрийн мод бол нар, сарны төс байдал юм. Харин тэр хүн намайг тэдгээр биетийг өөрийн ажиглалтаар бөмбөрцөг хэлбэртэй гэж мэдэхгүй хэмээн мэтгэх вий. Гэтэл би тэднийг дугуй гэдгийг мэдэх ч хавтгай дугуй биш үгүйг нь бас л мэдэхгүй шүү дээ. Хариу болгож хэлэх үг ч надад байхгүй. Тэгтэл өнөөх хүн дэлхийг яагаад нар, сартай ижил хэлбэртэй гэж бодоо вэ гэж асууна. Энэ асуултад нь ч би хариулж чадахгүй. Түүнд харуулах миний хоёр дахь хөзрийн мод бол дэлхийн сүүдэр билээ. Сар хиртэх үеэр саран дээр дугуй биетийн дүрс ойж үзэгддэг. Харин Зууван дэлхийн онолыг дэмжигч маань сарны хиртэлт дэлхийн сүүдрээс болж байгааг яаж мэдэж байгаа юм бэ гэж надаас шалгаах биз. Хариултыг нь би бас л яг таг мэдэхгүй, гэхдээ сонины нийтлэл мэдээ, шинжлэх ухааны ном товхимлуудад л тэгж бичдэгээс энэ мэдээлэлд сохроор итгэсэн хэрэг. Аар саар маргаанд ийнхүү ялагдсаныхаа дараа би ялалтын хөзөр болох хатнаа гаргах нь мэргэжилтнүүдийн санаа оноо юм. Бүгдийг мэдэгч Одон орончдын язгууртан маань надад дэлхий бөөрөнхий талаар хангалттай ихийг хэлээд өгнө. Гэтэл Зууван дэлхийн онолч маань миний хатныг ноёноороо дарчихна. Түүний ноён нь өнөөх их мэдэгчийн үгийг туршиж үзсэн юм уу, тэр бүү хэл турших аргаа мэдэх юм уу гэж намайг байцаах билээ. Яг энэ үед би гол хөзрөө гаргана: Тийм ээ, би нэг туршилт мэднэ шүү. Одон орончид нар, сарны хиртэлтийг урьдчилан мэддэг, чухам энэ нь тэдний нарны аймгийн талаарх ойлголт итгэж болохоор баттай юм гэдгийн баталгаа билээ. Ингээд би дуртай нь аргагүй тэдний дэлхий бөөрөнхий гэх саналыг хүлээж авах юм. Харин Зууван дэлхийн онолч маань миний хүртэл баттай үнэн гэж итгэдэг баримтыг, нар дэлхийг тойрон эргэдэгт итгэж асан эртний египетчүүд нар, сарны хиртэлтийг урьдчилан мэддэг байсан шүү дээ гэж хэлснээр би тамгаа гаргахаас аргагүйд хүрнэ. Надад үлдсэн ганц хөзөр нь их хөлөг онгоцнуудын аялал юм. Аялагчид дэлхийг тойрон хөвөхдөө дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэдэг ганц баримтад тулгуурлан зорьсон газраа хүрдэг байсан билээ. Хэдий ахиад хэлэх үгтэй үлдэж мэдэх ч энэ л маргаан Зууван дэлхийн онолчийн амыг таглах учиртай юм.

Гэсэн ч миний дэлхийг бөөрөнхий гэж боддог шалтгаануудыг туйлбаргүй гэж үзэх вий. Уг нь энэ бол маш суурь мэдээлэл шүү дээ. Өөр олон ч асуултын хариуг олохын тулд би мэргэжилтэнд хандах хэрэгтэйн дээр тухайн мэргэжилтний саналыг туршиж мэдэх боломжгүй. Үнэндээ бидний мэдэх зүйлсийн нэлээд нь чухамдаа ийм л түвшинд буй. Үүнд учир шалтгаан, эсвээс туршиц судлагдахуун бус, харин эрх мэдэл гээч зүйл илүүтэй нөлөөлж байна. Ерөөс өөрөөр байх аргагүй юм. Тухайн мэргэжилтэн нь өөрөө мэргэшсэн салбараасаа хөндийрлөө гэхэд үгүйсгэгч байхаас өөр аргагүй тийм л өргөн их мэдээллийн сан дэлхий дээр бий билээ. Хүмүүсийн дийлэнх олонх нь дэлхий бөөрөнхий болохыг батлаадах гэх айхавтар сорилтой тулгарвал дээр миний дэвшүүлсэн сулхан маргаанаас илүү мэтгэлцээн өрнүүлье ч гэж санахгүй. Бүгд л дэлхий бөөрөнхий тухай мэтгэхдээ “Бүгд мэднэ шүү дээ” гэж яриагаа эхлэх бол илүү шахалт дарамтад орлоо гэхэд шууд л уурлаж бухимдана.

Ингэж үзвэл Шоугийн зөв байжээ. Эдүгээ цаг үнэхээр ч гэнэн итгэмтгийн эрин агаад бид бүгд үүрч дүүрэх эрдэм мэдлэгийнхээ өмнө зарим талаар хариуцлага хүлээх учиртай билээ. 


8.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
Хөлөг онгоцнуудын аялал зууван дэлхийд ч адилхан биш үү? Харин тамгаа гаргахаас өмнө нар сарны хиртэлтийг тооцоход дэлхий нарыг тойрч байна уу, нар дэлхийг тойрч байна уу гэдэг нь хамаагүй, зөвхөн тэдгээрийн бие биетэйгээ харьцангуй хөдөлгөөн ба хэлбэр хэмжээ л чухал гэж хариулах байсан юм.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start