Арав.мн

Гар утасны “эцэг”

Гар утасны “эцэг”

Мартин Күпер хэмээх нэр дэлхий даяар танил биш ч түүний бүтээл өдгөө дэлхийн хүн амын тэн хагасаас илүүгийнх нь хувьд амьдралын салшгүй хэсэг болжээ. Гар утас түүний оюун санааны “хүүхэд” бөгөөд Күпер 1973 онд дэлхийн анхны зөөврийн гар утсыг бүтээсэн нь хоёр орчим кг жинтэй байлаа. Нью-Йоркийн гудманд зогсоод хэдхэн метрийн цаадах гэрийнхээ утастай холбогдохоор оролдохдоо тэрээр шинэхэн бүтээл нь хэчнээн их амжилт олж, хэдэн тэрбум хүний байнгын хэрэглээ болно чинээ төсөөлөөгүй байх. Өдгөө гар утас төвтэй харилцаа холбооны үйлдвэрлэл дэлхийн хамгийн хурдан өсөж буй бизнес болоод байна.


04

Арван мянган ам.долларын утас

Күперийн дурссанаар түүхэн дэх анхны зөөврийн харилцуур “Моторола”-г бүтээхэд өнөөгийн ханшаар сая орчим ам.доллар зарцуулжээ. Хоёр кг, одоо бол айхтар болхи, нүсэр том харагдах анхны гар утсыг ажиллуулахын тулд Күпер компанийнхаа ажиллагааг бүхлээр нь зогсоож, ажилтан бүрээ “бяцхан” харилцуур бүтээх ажилд дайчилсан гэдэг. Энэ нь маш өртөгтэй байв. Бүр 1983 онд хүртэл бариад явж болох харилцуур 4000 ам.доллар буюу одоогийн ханшаар 10 мянган ам.доллар байлаа. Күперийн ярьснаар төсөлд багтсан бүх инженер жижиг эд анги, ялтас зэргийг харилцуурын их биед суурилуулах л хамгийн хүнд ажил байжээ. Тэр цагийн нарийн мэргэжлийн инженерүүд зөөврийн харилцуурыг аль болох жижиг байлгахыг яаж ч хичээгээд хоёр кг-аас хөнгөн байлгаж чаддаггүй байв. Зөвхөн цэнэглэгч нь гэхэд л өнөөгийн авсаархан гар утаснаас 4-5 дахин хүнд байлаа. Мөн цэнэг нь ердөө 20 гаруйхан минутын л настай байжээ. Гэхдээ энэ нь гол бэрхшээл байсангүй. Тийм хүнд утсыг хэн ч чихэндээ удаан нааж болохооргүй байсан нь инженерүүдийн толгойны өвчин байлаа.


03

Эрх чөлөөг дуудахуй

Анхны зөөврийн гар утсыг нийтэд танилцуулсны дараагаас утасны хэмжээ зохион бүтээгчдийг шаналгах болжээ. Тэр цагт Мартин Күпер өөрийг сэтгэсэн нь машины зөөврийн харилцуурыг гар утас сайжруулахад ашиглах байлаа. Явуулын харилцааны сүлжээ буюу гурван мегагерц, өөрөөр хэлбэл телевизийн таван сувгийг дэлхийгээр нэг цацахтай тэнцэхүйц спектр хэрэгтэй болсон нь түүний багийн өмнө тулгарсан гол бэрхшээл байв. Анхандаа хүнд байсан ч Күпер болон түүний багийнхан нэг л өдөр дэлхийн бүх хүнийг хувийн зөөврийн харилцууртай болгоно гэсэн мөрөөдөлдөө бүхнээс илүү хөтлөгдөж байлаа. Гэлээ ч ердөө 35-хан жилийн дотор дэлхийн хүн амын тэн хагас нь гар утастай болж, бусдад үнэгүй харилцуур тараадаг үйлчилгээ хүртэл бий болно гэж төсөөлж байсангүй. Күперийн ярьснаар гар утас анхандаа зөвхөн эмнэлгийнхэнд зориулсан хэрэгсэл маягаар бий болжээ. Зохион бүтээгчид түргэн тусламжийнхны үйлчилгээг сайжруулахын тулд анх зөөврийн харилцуур сэдсэн аж. Харин анхны гар утсыг бүтээснийхээ дараа Күпер зөөврийн харилцуур хүмүүсийн аюулгүй байдал хийгээд эрх, эрх чөлөөг хангагч үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн байж болохыг ухаарсан гэдэг.


02

Орчин цагийн “мангасууд”

Ухаалаг гэгдсэн гар утаснуудын эрин зөөврийн харилцуурын үйлдвэрлэлд хувьсгал авчирч, хүмүүсийн гар утсыг ойлгох, үнэлэх хандлагыг өөрчилсөн юм. Гар утасны технологи ердөө хол байгаа хүмүүсийн ярианы хэрэглүүр гэх үндсэн үүргээсээ гадна өдгөө хөгжим тоглуулагч, цахим сүлжээнд холбогдогч, гэрэл зургийн аппарат зэрэг илбийн мэт олон шидтэй болжээ. Гар утасны “эцэг” эдгээрт тун таатай ханддаг. Түүнийхээр, үүрэн телефоний операторууд болон үйлдвэрлэгчид гар утсыг араатан шинжтэй болгосон ч өдгөө хүн бүр инженер болсон нь биширмээр. Мөн техник технологийн хөгжил дэвшлийг ойлгоход гар утас хамгийн тустай гэж үздэг ноён Күпер 1-2 сар болоод л гар утсаа сольдог гэнэ.


01

Үл үзэгдэгч “боол”

Гар утасны дөрөвдөгч эрин эхэлж буй энэ үед гар утасны ирээдүй зөвхөн хэрэглэгчийн аж амьдралыг сайжруулахын төлөө байх ёстойг Күпер онцолж байна. Технологийн дэвшил бүр амьдрал ахуйг дээшлүүлж, орчин тойрныг илүү аюулгүй, тохилог, тав тухтай болгон хэрэглэгчдэд таньж мэдэх, боловсрох, хөгжих, гол нь бүтээлч байх боломж олгодог. Гар утас үйлдвэрлэгчид үүнийг үргэлж санах хэрэгтэйг ноён Күпер дурдаад өдгөө дэлхий нийтийн эрүүл мэндийн төлөөнөө хүчин зүтгэх нь зөөврийн харилцуур бүтээгчдийн гол үүрэг болсон гэв. 

Гар утас олон талаар эрүүл мэндэд харш гэж үзсэн судалгаа, дүн шинжилгээ олон ч хүмүүс гар утаснаас татгалзаж чадахааргүй болжээ. Тоосго шиг дайны байснаа хоёр хуруу болтлоо "агшсан" зөөврийн харилцуур хүн төрөлхтний ололт, амжилтын гол илэрхийллийн нэг бөгөөд тэдгээр таагүй дүгнэлтэд хариу барьж, гар утас үйлдвэрлэгчид хэрэглэгчийн эрүүл мэндийг чухалчлах хэрэгтэйг Мартин тайлбарласан байна. Тэрээр гар утасны ирээдүйд итгэл төгс байдаг. Түүнийхээр, зөөврийн харилцуур хэдхэн жилийн дараа үл харагдагч болж чихний хажууханд, арьсан дор байрлуулж болох бичил биет болно. Дэлхийн хаа ч ашиглаж болох тэрхүү өчүүхэн гар утас дотроо энэ цагийн хамгийн их хүчин чадалтай цахим тооцоолох төхөөрөмж буюу компьютер агуулах гэнэ. Тэр нь хүний хамгийн дуулгавартай, хамгийн шидтэй боол байна.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start