Шарк Танкаас гарсан хамгийн амжилттай 10 бүтээгдэхүүн
Эммигийн шагналт Шарк Танк телевизийн шоу нэвтрүүлэг Монголд албан ёсоор тавигдан эхний улирлыг тун амжилттай дуусгасан билээ. Үзэгчид хоёрдугаар улирлыг тэсэн ядан хүлээж буй нь илт. Гарааны бизнест хамгийн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг өгч, мэргэжлийн бизнесмэнүүдийн зөвлөгөө, баг хамт олны туршлагаас суралцахыг хүссэн энтрепренерүүд уг нэвтрүүлэгт оролцохын төлөө тэмүүлдэг болоод байна. АНУ-ын хувьд уг шоуг 7.9 сая хүн тогтмол үздэг аж. Нэвтрүүлэгт оролцогчдын дийлэнх нь таван шаркаас хөрөнгө оруулалт авч чаддаггүй ч амжилттай гэрээ байгуулсан цөөн хэд нь алтан боломжоо ашиглан цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулагчдынхаа хэтэвчийг зузааруулж байдаг юм.
Шарк Танкын хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл нь “Хөөх, би яагаад үүнийг бодоогүй байдаг билээ?” гэж дуу алдахад хүргэсэн энгийн боловч ухаалаг шийдэлтэй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байдаг гэнэ. Ингээд АНУ-ын Шарк Танкаас хөрөнгө оруулалт авсан нийт энтрепренерүүдээс хамгийн их амжилт дагуулсан 10 бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Магадгүй эдгээрийг хараад та ч гэсэн шинэ бизнесийн санаа олохыг үгүйсгэх аргагүй юм.
Нэгэн даруухан гэр бүл эзэмшдэг “Grace & Lace” компани анх 2013 онд Шарк Танкаар орж, компанийнхаа 10%-ийг 175,000 ам.доллараар санал болгосон юм. Рик Хиннантын эхнэр Мелисса 2010 онд жирэмсэний хүндрэлээс болж хэдэн сарын турш хэвтрийн дэглэм сахисан ч дутуу төрж харамсалтайгаар хүүхдээ алджээ. Хэвтрийн дэглэм сахиж байх хугацаандаа Мелисса нэхмэл хийж эхэлсэн байна. Хэдийгээр хүсэн хүлээсэн үрээ алдсан ч Мелисса нэхмэл хийх хоббигоо хаяагүй бөгөөд хөл дулаацуулах нэхмэл хийн Facebook хуудаснаа тавьдаг болсноор эрэлт ямар их байгааг ойлгосон аж. Ингээд 2011 оны 10-р сараас эхлэн бүтээгдэхүүнээ онлайнаар зарж, 2012 оны төгсгөл гэхэд 850 мянган ам.долларын борлуулалт хийжээ.
Хөрөнгө оруулагч Барбара Коркоранд тэдний бизнес маш их таалагдаж, хүссэн хөрөнгө оруулалтыг нь буюу 175 мянган ам.долларыг өгсөн байна. Ердөө гурван жилийн дотор тэдний борлуулалт тэнгэрт гарч, 20 сая ам.долларын ашиг олжээ. Өдгөө “Grace & Lace” компани нь 500 гаруй нэр төрлийн бараа зардаг ба “Angel House” компанитай түншилж, Энэтхэг улсад л гэхэд хэд хэдэн асрамжийн газар байгуулан, ажилладаг аж.
Бүтэлгүйтлээс бий болсон “Lumio” гэх гэрэлт номыг Макс Гунаван бүтээжээ. Калифорни мужийн уугуул, архитектор залуу жижиг автомашинд багтах эвхэгддэг байшин бүтээхээр ажиллаж байсан аж. Гэвч энэ санаа нь нэг л болж өгөхгүй байжээ. Загвар бүтээгдэхүүн нь л гэхэд асар үнэтэй болж байсан тул байшингийн оронд энгийн л нэг гэрлийн чийдэн хийе гэж шийдсэн байна. Тэрбээр 60 мянган ам.долларын хөрөнгө оруулалт босгох зорилгоор краудфандингийн “Kickstarter” вэбсайтад бүтээгдэхүүнээ тавьсан ч ердөө 2 хоногийн дараа гэхэд 80 мянган ам.доллар, сарын дараа гэхэд 578 мянган ам.доллар олсон байлаа. Энэ мөнгөө аван Хятадад ирж, бүтээгдэхүүнийг нь яг хүссэнээр нь хийж өгөх үйлдвэр хайж олжээ. Тухайн жилдээ түүний орлого 1 сая ам.доллар хүрсэн байдаг.
Харин 2014 онд Шарк Танк нэвтрүүлэгт орж, компанийнхаа 8%-ийг 250 мянган ам.доллараар санал болгов. Түүний санаа эхлээд нэг их сонирхол төрүүлээгүй ч бүтээгдэхүүнээ танилцуулах үед нь бүх шарк дуу алдсан юм. Эцэст нь Роберт Хержавек тус бизнесийн 10%-ийг 350 мянган ам.доллараар авчээ. Өдгөө “Lumio” нь номын дэлгүүр, музей болон онлайн дэлгүүрүүдээр зарагддаг бөгөөд “GQ”, “Wall Street Journal” зэрэг томоохон сэтгүүлүүдийн онцлох бүтээгдэхүүн болон тавигдаж байжээ.
Шарк Танк шоугаар олон ч төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон байдаг. Гэхдээ тэдгээр бүтээгдэхүүнээс “Wicked Good Cupcakes” хэмээх аяган бялуунаас илүү амжилт олсон нь үгүй. Трэйси Нүүнан болон Дэниелле Десрош гэх ээж охин хоёр хамтдаа цагийг өнгөрүүлэхээр нарийн боовны дугуйланд явсан байна. Төд удалгүй амттаны зах зээлийн эрэлт асар их байгааг мэдэрсэн тэд “Wicked Good Cupcakes” компаниа байгуулав. Тэд компанийнхаа 25%-ийг 75 мянган ам.доллараар санал болгосон ч шарк Кевин O’Лиригээс 75 мянган ам.долларын зээл авч, энэ хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл нь зарагдсан бялуу бүрээс 1 ам.долларыг суутгаж, үүний дараа ширхэг бүрээс 45 цент өгөх гэрээ хийсэн юм. Ингэснээр ээж охин хоёр компанийнхаа бүх хувьцааг өөрсдөө эзэмшсэн хэвээр үлдэж чадсан байдаг. Нэвтрүүлэг гарснаас хойшхи ердөө долоо хоногийн дотор тэд 230 мянган ам.долларын борлуулалт хийж, цаашид ч бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлж чаджээ.
Хуучны фото альбом, шинэ шийдлийг нэгтгэсэн Groovebook бол маш шинэлэг үйлчилгээ юм. Та ердөө 2.99 ам.доллар төлөөд сар бүр өөрийн утаснаасаа 100 гэрэл зураг сонгон авах ба тэдгээрийг 4х6 хэмжээтэй гэрэл зургийн жижигхэн альбом болгон хүргүүлэн авах боломжтой.
2014 онд нэвтрүүлэгт орох үедээ 18 мянган дагагчтай байсан уг вэбсайтыг үүсгэн байгуулсан Уайтманы гэр бүлийнхэн зүгээр нэг ашиг олоод зогсоогүй юм. Үйл ажиллагааныхаа 20%-ийг 150 мянган ам.доллараар санал болгож байсан Уайтманууд Марк Кюбан болон Кевин О’Лири нарт лицензийн эрхийнхээ 80 хувийг 150 мянган ам.доллараар өгчээ. Тухайн үед нэг альбомаар 70 центийн ашиг олж байсан тус компанид дор хаяж 12 мянган шинэ хэрэглэгчтэй болох шаардлагатай байсан юм.
Харин Шарк Танкын дараа тэдний үйлчилгээг 500 мянган хүн хэрэглэж эхэлсэн байна. Нэгдүгээр сард шоугаар гарснаас хойш 11-р сар гэхэд 1 сая гаруй хэрэглэгч, 200 сая гэрэл зурагтай болсон байлаа. Ердөө тэр жилдээ “Groovebook”-ийг “Shutterfly” компани 15 сая ам.доллараар худалдан авсан байдаг.
“Squatty Potty” бол айл бүрийн зайлшгүй хэрэглээ болтлоо олонд танигдсан бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн маш энгийн. Хүн хүндрэхээр суултуурт суухад хөл нь өргөгдсөн байдлаар суувал таны ялгадас илүү сайн гардаг ба эрүүл мэндэд тустай гэсэн санаан дээр тулгуурлан бүтээсэн хөлөн доороо байрлуулах гишгүүр юм. Шарк Танкад орохдоо Бобби болон Жюди Эдвардс нар компанийнхаа 5%-ийг 350 мянган ам.доллараар санал болгосон байна.
Хөрөнгө оруулагч Лори Грейнер тэдний бизнесийн 10%-ийг 350 мянган ам.доллараар худалдан авчээ. Өдгөө тус компанийн бүтээгдэхүүн нь аялагчдад зориулсан хийлдэг, чинээлэг хүмүүст зориулсан илүү загварлаг, тэр бүү хэл загварын хувьд орчин үеийн харагддаг хулсан гишгүүр гэх мэтээр төрөлжжээ. Өдгөө 500 мянган ширхэг борлуулагдсан “Squatty Potty”-гоос тэд 104 сая ам.долларын ашиг олсон юм.
Оцон шувууны хэлбэртэй “Lollacup” аяга нь хүндрүүлэгчтэй, уян соруултай, асгардаггүй тул хүүхдүүд ямар ч байрлалаас ууж болдог. Аягыг бүтээсэн хүний охин нь энгийн соруултай аяганаас юм ууж чаддаггүй байсан тул асгардаггүй аяга хэрэглэх болжээ. Гэвч энэ аяга нь хэвтээгээрээ ууж болдоггүй байсан тул хүндрүүлэгчтэй уян соруул хийх санаа төрсөн байна. Лимсийн гэр бүл бүтээгдэхүүнээ 50 дэлгүүрээр худалдаалж, 40 мянган ам.долларын борлуулалт хийдэг байхдаа Шарк Танкаар орсон юм. Марк Кюбан болон Роберт Хержавек нараас хөрөнгө оруулалт авснаасаа хойш ердөө хэдхэн сарын дотор Lollacup аяга нь 300 гаруй дэлгүүрээр зарагдаж, 300 мянга гаруй борлуулагдаад байгаа аж.
Нүдний шилээ унагаж хагалах зовлонг байхгүй болгосон энэхүү маш ухаалаг жижигхэн бүтээгдэхүүний санааг олсон Рик Хоппер Шарк Танкаас хөрөнгө оруулагч Лори Грейнертэй түншлэл байгуулсан юм. Сайн чанарын ган төмөр, хүчтэй соронзоор хийсэн энэ хавчаарыг Рик өөрийн гараждаа үйлдвэрлэж байжээ. 2012 онд компанийхаа 15 хувийг 150 мянган ам.доллараар үнэлж байсан Рик эцэст нь Лорид хөрөнгө оруулалтынх нь хариуд 65%-ийг өгсөн юм.
Лоригийн эзэмшдэг “QVC” телевизээр сурталчилгаагаа хийлгэн, салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн “Readerest 5.5” жилийн хугацаанд 2 сая хувь борлогдож, 27 сая ам.долларыг олоод байгаа билээ.
“ChordBuddy” бол гитарын хүзүүнд тогтоож болох бүтээгдэхүүн. Стандарт хэмжээтэй бүх гитарт таарах” ChordBuddy” нь G, D, C, E минор хөгийг гаргахад зориулагдсан дөрвөн өнгийн товчлуур аж. Энэ санааг олсон Трэвис Перригийн хэлснээр үүнийг ашигласан хүн бүр маш хялбарханаар гитар тоглож сурах боломжтой юм. Гар өвдөхгүй, хурууны хөдөлгөөн цээжлэх гэж зовохгүй тул хүссэн хүн бүр ашиглах боломжтой бөгөөд сурсныхаа дараа үүнийгээ салгаж аваад л сурсан аяаа асуудалгүй тоглох боломжтой.
Энэ бүтээгдэхүүн Марк Кюбанаас бусад бүх шаркийн сонирхлыг татсан ба Роберт Хержавекаас ирсэн санал болох 20%-ийг 125 мянган ам.долларын саналыг хүлээн авснаар тус бизнес сая сая ам.долларын ашиг олох болжээ.
“Breathometer” бол согтууруулах ундаа хэрэглэсэн хүний цусан дахь алкохолын хэмжээг тодорхойлдог төхөөрөмж юм. Ердөө гар утастай холбон төхөөрөмж рүү үлээснээр таны согтолтын төвшинг мэдэх боломжтой. Хэрэв хүний алкохолын төвшин тодорхой заасан хэмжээнээс хэтэрсэн бол автомашин жолоодох хэрэггүй гэдгийг сануулж, урьдчилан сануулсан хүмүүсийн утасны дугаар, хүсвэл таксины жолоочтой холбогдох зэрэг сонголтыг дэлгэцэн дээр харуулдаг байна.
Анх 25 мянган ам.доллар олох төлөвлөгөөтэйгөөр “Indiegogo” краудфандинг вэбсайтад тавигдсан ч 138 мянган ам.доллар босгож байсан Чарльз Майкл Им бизнесийнхээ 10%-ийг 250 мянган ам.доллараар санал болгосон юм. Шарк Танкын 5 хөрөнгө оруулагч бүгд хамтрахаар болж, компанийн 30%-ийг 1 сая ам.доллараар худалдан авсан байдаг. Энэ нь бүх шарк хамтарсан анхны тохиолдол байлаа.
Маш амжилттай байсан энэ бүтээгдэхүүн 5 сая гаруй ам.долларын ашигтай ажилласан ч заалт зөрж байгаа гэсэн шалтгаанаас болж шүүхээс үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу “Breathometer”-ийг буцаахыг хүссэн өмнөх худалдан авагчдын хохирлыг бүрэн барагдуулах ёстой болсон гэдэг. Гэсэн хэдий ч энэ төхөөрөмж Шарк Танкын хамгийн амжилттай бүтээгдэхүүний нэг болж чадсан билээ.
“Scrub Daddy” аяга таваг угаах хөөснөг Америкийг жинхэнэ байлдан дагуулж чадсан бүтээгдэхүүн бөгөөд Шарк Танкын түүхэн дэх хамгийн өндөр ашиг авчирсан наймаа болж чаджээ. Өндөр технологийн нийлэг материалаар хийгдсэн маш чанартай энэ хөөснөг нь хүйтэн усанд хатуурч, халуун усанд зөөлөрч, аяга таваг угаах ажлыг хөнгөвчилдөг. Түүнчлэн инээмсэглэсэн царай нь гал тогооны олон сав суулга, шанага зэргийг угаахад хялбар болгосон байдаг юм.
Уг бүтээгдэхүүн нь өдгөө олон өнгөтэй, сайхан үнэртэй зэрэг олон төрлийн сонголтоос сонгох боломжийг худалдан авагчид олгох болжээ. 2012 онд Аарон Крауз Шарк Танкаар орж, Лори Грейнерт компанийнхаа 20%-ийг 200 мянган ам.доллараар зарсан юм. Нэвтрүүлгийн дараах өдөр “QVC” телевизээр энэ бүтээгдэхүүний танилцуулга цацагдахад ердөө 7 минутын дотор 42000 ширхэг Scrub Daddy хөөснөг зарагдсан байдаг. Хамгийн сүүлийн байдлаар 141 сая ам.долларын борлуулалт хийжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.