Арав.мн

Эхнэр авбал суу билгээ алдана

Эхнэр авбал суу билгээ алдана

“Гучин нас хүртлээ шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулаагүй хүн хэзээ ч онцгой зүйл хийж чадахгүй” гэж Альберт Эйнштейн хэлсэн байдаг. Түүний эл үзлийг батлах олон баримт бий. Эйнштейний хамгийн том амжилт болох “Харьцангуйн ерөнхий онол” нь түүнийг 36 настай байхад ертөнцийн гэрлийг үзэж байжээ. Гэхдээ энэхүү онолын бүх ажлыг тэрбээр 26 настайдаа хийж, цуглуулсан гэдэг.


06

Тоо баримт

  • Английн физикч, математикч, одон орон ба механик үүслийн онолыг бүтээгч Исаак Ньютон хөдөлгөөний тухай онолоо 25 нас хүрээгүй байхдаа боловсруулжээ. 
  • Английн физикч, онолч, квантын механикийг үндэслэгчдийн нэг Поль Дирак 25 настайдаа эрдмийн ажлаа дуусгаж, 31 насандаа физикийн салбар дахь Нобелийн шагналыг хүртэж байв. 
  • Германы физикч Вернер Гейзенберг квантын механикийг 23 настайдаа бодож олжээ.
  • Томас Эдисон 31 настайдаа фонографийг бүтээсэн.
  • Гульельмо Маркони 21 настайдаа утасгүй цахилгаан мэдээ дамжуулалтыг нээж олжээ.
  • Алан Тьюринг 25 настайдаа компьютер бүтээх зарчмыг боловсруулсан.
  • Жеймс Уотсон 25 настай байхдаа Фрэнсис Криктэй хамтарч ДНК-ийн хос тарилгын төхөөрөмжийг нээсэн.
  • Бобби Фишер 29 настайдаа дэлхийн шатрын аварга болсон бөгөөд уг амжилтаа 32 нас хүртлээ бататгасаар байсан. Харин Анатолий Карпов ийм амжилтад 24 насандаа хүрч, 34 настайдаа л дэлхийн аваргын титмээ алдаж байв. Түүнийг 22 настай Гарри Каспаров ялж байсан бөгөөд тэрбээр 34 настайдаа IBM компьютерт ялагдсан юм. 
  • Оросын эрдэмтэн Жорес Алферов, Виталий Гинзбург, Алексей Абрикосов /АНУ-д амьдардаг/ нар мөн л 30 хүртэлх насандаа шинжлэх ухааны ажил хийж 31, 34, 22 настайдаа шинэ нээлтийнхээ төлөө Нобелийн шагналтнууд болсон байна.

05

Оргил үеэ алдаж болохгүй

Суутнуудын тухай дээрх тоо баримтыг хараад хүн бүр л суу билэг тодрох оргил үеэ анзааралгүй өнгөрүүлчихсэн юм байна даа гэсэн таагүй бодолд автаж болзошгүй гэж Калифорнийн их сургуулийн сэтгэл зүйч, доктор Дин Симонтон онцолжээ. "Ялангуяа физикчид ингэж бодох нь элбэг. Учир нь тэд онцгой авъяас чадвартай ч энэ нь тодорхой үед л илэрдэг. Тиймдээ ч тэд өмнөх шигээ чадвартай биш болсноо мэдрэх үедээ сэтгэлийн хүнд дарамтад ордог. Тэр тусмаа физикийн факультетуудад 30-35 нас хүрэх үед ямар бэрхшээлтэй тулгарч болох, бэрхшээлийг хэрхэн даван туулах тухай хичээл заадаггүй шүү дээ” гэж тэрбээр өгүүлсэн байна.

- Иймэрхүү асуудал үнэхээр тулгардаг. Гэхдээ хэн ч үүнийг ил цагаан бусдад ярьдаггүй гэж Принстоны их сургуулийн аспирантууд Симонтоны хэлснийг батлан ярьжээ. Нэрт эрдэмтэд чухал нээлтүүдээ залуу, эрч хүчтэй байхдаа л хийдэг гэсэн яриа хэр үнэний хувьтай болохыг доктор Симонтон шалгахыг хүсчээ. Тэрбээр хоёр мянга гаруй нэрт эрдэмтний намтар бүтээлийг судалж статистик судалгаа гаргажээ. Судалгааны дүнд физик, математик, шинэ технологийн салбарт хүн 35 хүртэлх насандаа л амжилт гаргадгийг тогтоосон байна. 

Гэхдээ ахимаг буюу хожуу насандаа хийж гүйцэтгэсэн сайн ажлууд байдаг ч энэ нь удаан бүтээгддэг үйл явц нь гэнэтийн нээлтээс хамааралгүй түүх, геологи, уран зохиолын салбарт бий болдгийг тодруулсан байна. Тухайлбал, Лев Толстой “Дайн ба энх”-ийг дуусгачихаад 40 настайдаа л “Анна Каренина”-г бичиж эхэлсэн байна. Тэгвэл Достоевский “Карамазовын ах дүүс”-ийг 59 настайдаа дуусгаж байж. Харин Гёте “Залуу Вертерийн шаналал”-ыг 20 настайдаа бичсэн ч “Фауст”-ыг 80 настай байхдаа дуусгаж байжээ. Бүх зүйл дүрэм ёсоор явагддаг ч дүрмээс гадуур тохиолдол болж л байдаг. Жишээлбэл, Исаак Ньютон шинжлэх ухаанд хийсэн хоёр дахь том нээлт болох математикийн зарчмуудаа 44 настайдаа бүтээж байжээ. 


04

Гэр бүлийн аюул

Зохиол, бүтээлийн оргил үе яагаад тийм эрт, залуу насанд илэрдэг юм бол? Энэ тухайд Шинэ Зеландын Кентерберийн их сургуулийн профессор, хүн судлаач Сатоси Каназава сонирхолтой хариулт өгчээ.

- Эрдэмтдийн бүтээл туурвих, нээлт хийх оргил үе уналтад орох нь нас ахилттай тийм ч холбоотой биш. Суут эрчүүд хэдэн настай байлаа ч эхнэр авангуутаа л бүтээхээ больдог. Миний хийсэн судалгаагаар эрдэмтдийн дийлэнх нь хурим хийснээс хойшхи таван жилд хамгийн сүүлийн томоохон ажлаа туурвиад шинжлэх ухаанаас алга болдог нь харагдсан. Энэ нь эр хүний бие махбодь дахь тестостероны агууламж өндөрсдөгтэй холбоотой. Тестостерон ихсэх нь эсрэг хүйстнээ өөртөө татах эрмэлзлээс хамаардаг. Өөрөөр хэлбэл, эр хүн залуу насандаа нэр төр олох, эмэгтэйчүүдийг өөртөө татахад амжилт гаргах зэрэгт тэмцэл, шаардлагаар дүүрэн байдаг. Тиймээс энэ үе нь бүтээх, туурвих оргил үе болдог. Харин ийм үедээ ямар нэг дорвитой зүйл эхлэлгүй, бүтээлгүй эхнэр авах юм бол тестостероны төвшин буурч, тайвширч, бүтээл, туурвилын цангаа аажмаар үгүй болдог гэж Каназава тодорхойлжээ.

Тэрбээр судалгаандаа эмэгтэй эрдэмтдийг бараг л оруулаагүй байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд энэ нь эсрэгээрээ байдаг тухай баримтат жишээг дурдсан байна. Жишээлбэл, Мари Кюри 36 настайдаа докторын зэрэг хамгаалж байсан бөгөөд тэр үед тэрбээр найман жил хамтран амьдарсан гэр бүлтэй байсан аж. Түүнээс долоон жилийн дараа тэрбээр цэвэр радийн цацрагийг нээж чадсан. Каназава дээрх судалгааны ажлаа шинжлэх ухааны нэрт сэтгүүл “New Scientist”-д хэвлүүлсэн бөгөөд 250 нэрт эрдэмтний намтар уран бүтээлийг судлан гаргасан байна. 


03

Yл итгэгчийн сэтгэгдэл

Дээр өгүүлсэн баримт судалгааг үгүйсгэгч эрдэмтэд ч байна. Шинэ нээлт хийж, амжилтад хүрэхийн тулд бүхий л цагаа зөвхөн ажилдаа зориулж, шөнийн цагаар ч унталгүй шинэ санааны эрэлд оршиж болох л юм. Ахимаг настай эрдэмтэд ч иймэрхүү маягаар ажилладаг. Гэхдээ л нас ахих тусам уураг тархины хөгжил, чадвар буурсаар байна. 

Юун түрүүнд “ажилч ой санамж” байгууламжаасаа гарч эхэлдэг. Физикчид, шатарчид, зохион бүтээгчид олон янзын санаагаа нэг дор төвлөрүүлж, тогтоож байх хэрэгтэй. “Ажилч ой санамж” нь эдгээр мэдлэг, санааг удирдаж шинэ нээлт болгон боловсруулдаг. Судалгаанаас үзэхэд зарим суутны “ажилч ой санамж” нь 30 хүртэлх насанд идэвхтэй байж цааш буурдаг болох нь тогтоогдсон. Магадгүй тийм учраас л Эйнштейн 36 нас хүрснийхээ дараа шинэ онол гаргаж чадаагүй байх. 

Нөгөө талаас нас ахихтай холбоотой бие махбодийн хүндрэлүүд ч бий. Жишээ нь, хүн залуу байхдаа унталгүйгээр 48 цагийн турш ажиллаж чаддаг бол 40-50 насандаа ийм чадвар багатай байна. Түүнээс гадна залуу хүн ярих, хөдлөх, бодох нь ч хурдан. Тухайлбал, шатар тоглоход ахмад настай нь илүү чадварлаг тоглодог ч залуу нь хождог. 


02

Эмэгтэйчүүд амжилтад хүргэдэг

Доктор Каназавагийн судалгаа зөвхөн тодорхой шинжлэх ухааны төлөөлөгчдөд л хамаатай гэж зарим эрдэмтэд дүгнэжээ. Харин зохиолч, яруу найрагч, зураачдыг эмэгтэйчүүд л хөглөдөг. Энэ салбарын суутнууд олон эхнэр, нууц амраг, хүүхэдтэй байх тусмаа аугаа бүтээл туурвиж чаддаг. 

Тухайлбал, Вольфганг Гёте үзэсгэлэнт бүсгүй Фредерикээс урам зориг авч “Фауст”-ыг төрүүлсэн түүхтэй. Александр Дюма л гэхэд 500 нууц амраг, тоймшгүй олон хууль ёсны бус хүүхэдтэй байсан гэдэг. Залуухан Оноре де Бальзак 43 настай, есөн хүүхдийн эх Лаура де Бернид анхны хайраа зориулж байжээ. Харин сүүлчийн хайр нь Эвелина Ганская хэмээх залуухан ахайтан байсан бөгөөд олон жил амрагийн харьцаатай байсан тэд Бальзакийг нас барахынх нь өмнөхөн гэрлэлтээ батлуулсан гэдэг. Ги де Мопассан хайр дурлалын явдлаар өтгөн сүлжигдсэн байсан ч нэг ч удаа жинхэнэ хайртай учирч байгаагүй гэнэ. Жорж Сименон өөрийгөө 10 мянган эмэгтэйтэй учирч явсан гэдэг байж. Энэ нь мэдээж хэтрүүлэгтэй ч тэрбээр шинэ зохиол бичих бүртээ оргилуун хүсэлд автаж шөнийн дотор л 4-5 эмэгтэй сольдог байжээ. Ференц Лист ач охин шигээ бяцхан сурагчидтайгаа учир ургуулдаг байж. Пабло Пикассо ч зартай Дон Жуан байсан. Түүнд албан ёсны хүүхэд олон байдаг ч нууц хүүхэд бүр ч их бий гэгддэг. 

Энэ мэтчилэн Стендаль, Герберт Уэллс, Максим Горький, Эрнест Хемингуэй, Виктор Гюго зэрэг нэрт зохиолчид бүгд л хөнгөн явдалт, няцашгүй дурлалын элч байжээ. 


01

Ямар салбарт хэдэн насандаа нээлт хийдэг тухай

/Хүснэгтийг Калифорнийн их сургуулийн доктор, сэтгэл судлаач Дин Симонтон гаргажээ/


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


alaad haytsan
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start