Арав.мн

Монголчуудын Япон руу хийсэн анхны довтолгоо

Монголчуудын Япон руу хийсэн анхны довтолгоо

Эх сурвалж: "Монголын Юань Улс"

Хубилай хаан Японтой харилцаа тогтоохоор 1266, 1268 оны 1 дүгээр сар, 1268 оны 12 дугаар сар, 1269 оны 9 дүгээр сар, 1271 оны 9 дүгээр сар, 1272 оны 4 дүгээр сард тус тус элч зарж, захидал илгээсэн авч албан ёсны хариу аваагүй байна. Тэрчлэн элч илгээхдээ бараа бологсдын тоог нэмэгдүүлсээр байсан нь Япон улсын тухай мэдээлэлтэй болох, өөрийн сүр хүчийг харуулах гэсэнтэй холбоотой байж мэдэх билээ.

Японтой тайван харилцах Хубилай хааны бодлого амжилт олоогүй тул цэргийн хүчээр асуулыг шийдэхэд хүрч, 1274 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Японыг дайлах зарлиг гаргажээ. Тэрбээр Гуулин улсын ванд хүчин хавсрах тушаал буулгасан байна. 900 хөлөг онгоц хийхэд их хэмжээний мод орсны дээр, 3500 солонгос хүн тариан талбайгаа орхин, онгоц хийх ажилд дайчлагдаж өдөр шөнөгүй ажилласан гэдэг. Тэрчлэн Гуулин улсаас 8000 цэрэг, усан онгоцны сэлүүрч 6800 хүнийг дайчилжээ.

Энэ бүхний эцэст 1274 оны 10 дугаар сарын 3-нд жанжин Шиндүгийн удирдсан монгол, хятад нийлсэн 15000 цэрэг, Ким Бан Гён нарын удирдсан Гуулин улсын 8000 цэрэг, усан онгоцны сэлүүрч нийт 30-аад мянган хүн, 900  онгоцтой Гуулин улсын Хаппогоос Японыг дайлахаар хөдөлсөн байна. Юань улсын цэргийн ерөнхий командлагчаар Шиндү, дэд жанжинаар Хон Дагү, Лу Фү Шань, Кин Бангён томилогдож, 300 том онгоцонд цэргийн унаа хөсгийг, 300 хөлөг онгоцонд ундны ус ачжээ. Танака Масааки "нэг усан онгоцонд 200-гаад хүн суусан, хоёр сар орчмын хоол хүнстэй гэвэл 300 тонных байжээ" гэж онгоцны хүчин чадал, багтаамжийг тооцоолон гаргасан байдаг.

Юань улсын цэргүүд 1274 оны 10 дугаар сарын 5-нд Японы Цүшима арал хүрч, Сасүүра Комадагийн чиглэлээр давшиж, Цүшимаг авсны дараа 10 дугаар сарын 14-нд Ики арлыг довтолжээ. Тэр талаар Японы орон нутаг, сүмийн болоод албан тушаалтан, хувь хүний тэмдэглэлд:

  • "Юань улсын цэрэг гайхалтай эрчтэй нум сумтай. Хорт сум, дарь зэрэг японы цэрэгт байхгүй шинэ зэвсэг хэрэглэж, цан, бөмбөрийн дохиогоор бөөнөөр давшин байлдаж байв", 
  • "Юань улсын хамгийн их хүнтэй цэргийн хэсэг нь 500, цөөн нь 50 хүнтэй. Зохион байгуулалт нь орчин үеийн, хэсэг бүлгээрээ байлддагаараа манайхны нэг нэгээр байлдах аргатай харьцуулахад зүйрлэшгүй гайхамшигтай", 
  • "Япончуудын нум сум урт, дайсны хориглолтонд сум нь хүрэхгүй байхад, монголчуудын нум сум богино атал бидний талд элбэг тусч байлаа. Дэлбэрдэг "буу" нь хохирол учруулахаасаа, тулалдааны тэргүүн шугамыг замбараагүй болгоход илүү нөлөөтэй байв", 
  • "... дайсны сум үзүүртээ хортой, шарх авахад, бүх биеэр хор нэвчиж, өмхийрч амь насаа алддаг. Манайхан их хохирол үзэж, яваандаа ялагдах шинжтэй болж ирэв", 
  • "тэргүүнд яваа онгоц улаан туг өргөхөд бүрээ дуугарч, түүнтэй зэрэгцэн цан, бөмбөр нижигнэн цуурайтах дуунаар газар тэнгэр доргин, манай цэрэг алмайрч, морьд цовхчин эмх замбараагаа алдав", 
  • "... Юань улсын цэрэг бөмбөр, цан дэлдэж уухайлдаг учир морь цовхчин, давшиж, ухрахад хэцүү. Энэ үеэр олноор тойрон бүчиж байлддаг. Тэдний цэрэг бөмбөрийн дохиогоор нэгэн зэрэг байлдахдаа гарамгай, хэдэн зуун хүн, нум сумаар мөндөр мэт харвадаг, сумны зэв нь хортой, өртсөн хүн, морь дорхноо үхдэг. Бөөнөөрөө байлдаж сураагүй бидэнд хэцүү байлаа. Бөөрөнхий төмөр саванд дарь чихэж, түүнийгээ оньсон харвагчаар эсвэл гараараа шиддэг шинэ зэвсэгтэй. Тэр нь дэлбэрэхэд их дуу гарч, гал үсчихэд, цэргүүд цөсөө хагартал айж, нүд харанхуйлан, чих дөжөрч бараг байлдаж чаддаггүй" гэх зэргээр өгүүлжээ. Дээрх мэдээ нь байлдаан хэрхэн явагдсан, Юань улсын цэрэг ямар зэвсэг хэрэглэсэн, ямар арга тактик барьсан, тэр нь японы цэрэгт хэрхэн нөлөөлсөн зэргийг тодруулахад түүхийн чухал хэрэглэгдхүүн болно.

Юань улсын цэрэг 10 дугаар сарын 16, 17-нд Хирадо, Ноко, Такашима орчмыг, 10 дугаар сарын 19-нд Хакозаки-гаас Имазүгийн чиглэлээр довтолжээ. "Хачимангүү доокүн" буюу Хачимангүү сүмийн хэрэглэгдхүүнд тэд Хирадо, Такашима арлыг дайрч, хэдэн зуун цэрэг тариачдыг хөнөөж, олзолсныг тэмдэглэжээ.

1274 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хон Дагүгийн удирдсан монгол, хятад цэрэг, Ким Бан Гёний дагуулсан Гуулин улсын цэрэг Хакатагийн Момижибарүгаар арал руу гарч, Собарү, Торикай, Бэппү, Акасакаг чиглэн давшиж, Шиндүгийн ахалсан гол хүч Хакатагаар арал руу гарч, Хаката, Хакозакиг довтолж, мөн өдрийн орой Японы цэрэг ялагдан, Кюүшюүгийн ойролцоох хэрмэн хамгаалалтын зүг ухарч, Юань улсын цэрэг хөлөг рүүгээ буцжээ. Чухам тэр үеэр монголын цэрэг далайн шуурганд өртөж нэлээд онгоц, цэрэг сүйдэж, Юань улсын цэргээс алагдсан, живсэн нь 13000 гаруй, мөн олон хүн баригдсан гэдэг.


01

"Бөөрөнхий төмөр саванд дарь чихэж, түүнийгээ оньсон харвагчаар эсвэл гараараа шиддэг шинэ зэвсэгтэй"


7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Х
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start