Арав.мн

Форрест Гампын тухай сонирхолтой 10 баримт (2-р хэсэг)

Форрест Гампын тухай сонирхолтой 10 баримт (2-р хэсэг)

1994 онд дэлхийн кино урлагт нэгэн бүтээл бий болов. Энэ бол Уинстон Грумын “Forrest Gump” номоос сэдэвлэн бүтээсэн ижил нэртэй кино билээ. Роберт Лий Земекисийн найруулсан уг бүтээл кино урлагийн түүхэн дэх сор бүтээл болсон юм. Бүх цаг үеийн шилдэг кинонууд болох “Pulp Fiction” болон “Shawshank Redemption” нартай зэрэг нээлтээ хийсэн “Forrest Gump” дөрвөн Оскар авсан ба кино театруудаар цацагдах хугацаандаа 677 сая ам.доллар олж, “Paramount” студийн анхны томоохон амжилттай бүтээл болсон билээ. Кино шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан энэ киноны талаар сонирхолтой баримтуудыг танилцуулъя.


10

Хурууныхаа завсраар алдсан дүр

Форрест Гамп киноны гол дүрийг ганцхан Том Хэнкст санал болгож байсангүй. Чеви Чэйс, Билл Муррэй, тэр ч байтугай Жон Траволта нарт киноны санал тавьж байсан гэдэг. Аз болж дээрх жүжигчид бүгд Форрестын дүрээс татгалзсан юм. Жон Траволта одоо хүртэл энэ шийдвэртээ харамсдаг тухайгаа ярьдаг аж.

Мөн Баббагийн дүрд тоглуулахаар хэд хэдэн жүжигчинд санал тавьж байжээ. Тэдний дунд рэппер Ice Cube, Дэвид Алан Гриер, Дэйв Чаппелле нар байв. Ice Cube-ын хувьд сэтгэцийн доголдолтой хүний дүр бүтээхээс цааргалсан бол Дэйв Чаппелле уг киног олигтой кино болохгүй гэж хэлэн татгалзсан гэдэг. Эцсийн дүнд Микелти Уильямсон кино урлагийн энэхүү шилдэг бүтээлд дүрээ мөнхөлсөн юм.


09

Элвис

Кинонд рок’н’роллын хаан Элвис Преслигийн дүрийг бүтээсэн жүжигчнийг алдарт Курт Рассел байсан гэдгийг хэн ч мэддэггүй. Куртын хувьд 1979 онд Элвис Преслигийн тухай кинонд тоглож байсан ба энэ ч утгаараа уг дүрийг авсан аж.

Хачирхалтай нь киноны төгсгөлийн урсдаг Credits жагсаалтад ч Курт Расселын нэрийг оруулахаа мартсан байдаг байна.


08

“Гүй, Форрест, гүй!”

Форрест Гампын гүйх чадвар түүнийг олон ч амжилтанд хүргэдэг билээ. Түүний гүйж байгаа хэсэг маш олон гардаг. Хэдийгээр үүний ихэнхийг нь Том Хэнкс өөрөө гүйсэн ч алдарт холын зайн гүйлтэд жүжигчний дүү Жим Хэнкс тоглосон байдаг аж. Сайн гүйдэг Жим ахтайгаа маш адилхан тул түүнийг орлон тоглогчоор ажиллуулахад ямар ч асуудал гараагүй гэдэг. 


07

Зохиож хэлсэн үг

Форрест Гамп автобусанд Баббагийн хажууд суугаад “Намайг Форрест Гамп гэдэг. Хүмүүс намайг Форрест Гамп гэж дууддаг” гэж хэлдэг. Энэ хэсэг уг киноны хамгийн сэтгэлд хоногшсон үгсийн нэг болсон билээ. Гэхдээ энэ үг үнэндээ кино зохиолд байгаагүй аж. Зураг авалтын үеэр жүжигчин Том Хэнкс өөрөө үүнийг зохиож хэлсэн ба энэ нь найруулагчид таалагдаж, тэр хэвээр нь үлдээжээ.


06

Хиппичүүд

Кинонд гардаг хиппичүүдийн хөдөлгөөний хэсгүүдэд арын жүжигчдийг олох хэцүү байлаа. 1960-аад онд газар авч байсан хувцаслалт, урт үс хэдийнээ моодноос гарчихсан тул тийм олон урт үстэй хүн олно гэдэг толгойны өвчин болов. Гэхдээ кино багийнхан маш ухаалаг шийдвэр гаргаж, баахан хүн олж, хувцаслаж, хиймэл үс зүүлгэхийн оронд Maryland Renaissance хөгжмийн наадам руу явсан юм. Угаасаа хуучны хөгжмийн урсгал сонирхогчдын бөөгнөрөл болсон энэ газраас тэд ямар ч асуудалгүйгээр хүссэн бүхнээ олсон аж. 


05

Алдарт вандан сандал

Форрест Гампын сууж, автобус хүлээж буй хүмүүст амьдралаа өгүүлдэг энэхүү сандал Саваннагийн Чиппева талбайн хажууд байдаг энгийн нэг сандал юм. Гэхдээ киноны ачаар энэ сандал олон хүний анхаарлыг татаж эхэлсэн байна. Иймд хотын захиргаа түүнийг цаг уур болон шүтэн бишрэгчдийн гарт үрэгдүүлэхгүйн тулд авч, хотын түүхийн музейн үзмэр болгосон юм. 


04

Гүйлт

1982 онд Луис Майкл Фигуероа гэгч өсвөр насны хүү Нью Жерси дэх гэрээсээ гарч, хорт хавдрын эсрэг улсаа хөндлөн гүйсэн юм. Ердөө 16 настай байсан тэр хүүгийн түүх Форрест Гампын гүйлтийг сэдэвлэсэн үйл явдал болсон ба кинон дээр гардаг “Би нэг хөлөө нөгөөгийнх нь урд нь л тавьдаг. Ядарвал унтдаг. Өлсвөл иддэг. Бие засах хэрэгтэй бол биеэ засдаг” гэх үгс нь Луисийн үгийг ялимгүй өөрчилсөн үг аж. 


03

Форрестын гэрэл зургууд

Том Хэнкс бол деталь бүрт анхаардаг жүжигчин. Үүний нэг илрэл нь кинон дээр гардаг Форрестын гэрэл зургууд юм. Хэний ч анзаардаггүй нэг зүйл бол Форрестын тухай нийтлэлүүдийг цуглуусан сонингийн хайчилбарууд дээрх бүх гэрэл зурагт Форрест нүдээ аньсан байдаг аж. Ийм хэмжээний алдааг мэдээж гаргахгүй тул энэ нь санаатайгаар хийсэн киноны нэгэн нууцлаг шигтгээ гэж хэлж болно. 


02

Гампын байшин

Форрест Гампын амьдардаг хуучны загварын байшинг зөвхөн кино зураг авалтад зориулж барьжээ. Үнэндээ энэ байшинг барихдаа маш бага хугацаа зарцуулсан ба барилгын ямар нэг стандарт мөрдөөгүй аж. Иймд зураг авалт дууссаны дараа аюулгүй байдлыг хангах үүднээс нэн даруй байшинг нураасан байдаг. 


01

Форрестын индэр дээрх үг

Форрест Гамп кино бол мартагдахааргүй, ач холбогдолтой хэсгүүдээр дүүрэн. Тэдний нэг нь Вашингтон хотод жуулчилж байсан Форрест дайны эсрэг тэмцэгчидтэй тааран, санамсаргүйгээр индэр дээр гарах болдог. Гэвч микрофоны залгуурыг салгаснаас болж хуран цугларсан мянга мянган хүний өмнө түүний хэлсэн үгийг хэн ч сонсож чаддаггүй. Форрест үнэхээр үг хэлсэн ба энэ нь “Заримдаа хүмүүс Вьетнам явсныхаа дараа ээж дээрээ эргэж ирэхдээ хөлгүй болсон байдаг. Заримдаа тэд гэртээ огт ирдэггүй. Энэ бол муу зүйл. Энэ талаар хэлэх зүйл минь энэ л байна” гэж хэлсэн аж.


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start