Арав.мн

Форрест Гампын тухай сонирхолтой 10 баримт (3-р хэсэг)

Форрест Гампын тухай сонирхолтой 10 баримт (3-р хэсэг)

10

Киноны алдаа

Киноны цорын ганц алдаа бол Форрестын улс тойрон гүйдэг хэсгийн он цагийн дараалал юм. Киноны хүүрнэлд тэр нийт гурван жил, хоёр сар гүйсэн гэж хэлдэг. Гэхдээ Форрестын анх гүйж эхэлсэн огноо нь 1979 оны 10 дугаар сарын 1 буюу Ерөнхийлөгч Картер ухаан алдаж унасан өдөр юм. Харин гүйхээ зогсоодог өдөр нь Ерөнхийлөгч Рейганы аминд халдах оролдлого гарсан өдөр байдаг. Энэ хоёр үйл явдлын хооронд бодит байдал дээр 1 жил хагас л байсан юм.


09

Туслах жүжигчид

Форрестын анх сургуулийн автобусанд суусан дурсамж таатай биш. Автобусанд байсан хүүхдүүд түүнд муухай хандаж, хажуудаа суулгахаас татгалздаг билээ. Харин энэ хэсэгт тоглосон хүүхдүүд үнэндээ кино багийнхны хүүхдүүд аж. Тухайлбал Форрестыг суулгахаас татгалзаж, толгой сэгсэрдэг энэ охин бол жүжигчин Том Хэнксийн өөрийнх нь охин Элизабет юм. Харин түүний хажууд сууж байгаа хүү бол найруулагч Роберт Земекисийн хүү Александр. 


08

Форрестын ээж

Форрестын ээжийн дүрд тоглосон Сэлли Фиелдийн жүжиглэлт үнэхээр гайхалтай. Хайрт хүүгийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй эх хүний дүрийг бүтээсэн энэ жүжигчин кинон дээр нэлээн хөгшин харагддаг ч үнэндээ Том Хэнксээс арав гаруйхан насаар эгч байсан байна. 


07

Өвчин биднийг зогсоохгүй

Кино зураг авалтын үед тохиолддог олон асуудлын дунд жүжигчид өвдөнө гэдэг шийдвэрлэх хэцүү зүйлсийн нэг юм. Гол дүрийн жүжигчин өвдөх юм бол кино зураг авалт хэдэн өдрөөр ч хамаагүй зогсох тийм эрсдэл тулгардаг. Гэхдээ сэтгэл зүрхээ кинондоо зориулсан жинхэнэ мэргэжлийн жүжигчдийн хувьд энэ бол асуудал биш.

Тухайлбал, Женни шөнийн клубт гитартай, нүцгэн дуулдаг хэсгийн зураг авалтыг хийх үед жүжигчин Робин Врайт маш хүнд ханиадтай байсан гэдэг. Зураг авалт төгс болох хүртэл бүтэн өдрийн турш бараг хувцасгүй байсан тэрбээр үүргээ тун амжилттай биелүүлсэн билээ.

Мөн Форрестын хөлбөмбөгийн тоглолтын үеэр гүйдэг хэсэгт Том Хэнкс айхтар ханиадтай байсан боловч, жинхэнэ мэргэжлийн жүжигчин гэдгээ харуулж, энэ гайхалтай хэсгийг төгс гаргаж чадсан юм.


06

Ном

Форрест Гамп кино зарим нэг багахан ялгаанаас бусдаар “Forrest Gump” номтойгоо бараг ижилхэн. Тухайлбал, Том Хэнкс гол дүрээ хүүхэд шиг, гэнэн хүн болгон харуулдаг бол номны Форрест яхир, бүдүүлэгдүү хүн байдаг. Мөн киноны хамгийн гол үг болох “Ээж минь үргэлж амьдрал яг л хайрцагтай шоколадтай адилхан гэж хэлдэг байсан. Задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ” гэх үг номон дээр маш өөрөөр бичигдсэн байдаг нь:

“Би нэг л зүйл хэлье. Тэнэг байна гэдэг хайрцагтай шоколаднаас тэс өөр зүйл. Хүмүүс шоолж, ундууцаж, чамтай муухай харьцана. Дорой хүмүүст сайн хандах ёстой гэж хүмүүс хэлдэг ч амьдрал дээр тийм байдаггүй юм”. 


05

Хасагдсан хэсэг

Найруулагч Земекис киноноосоо цөөхөн хэсгийг хассан байдаг. Тэдний нэг нь Мартин Лютер Кинг рүү хамгаалалтын цагдаагийн ажилтан Герман овчарка тавьдаг хэсэг аж. Форрест түүнд туслахаар үсрэн орж, ноходтой бөмбөг шидэж тоглож авардаг энэ хэсгийг Африк гаралтай америкчуудын эсрэг арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэвэргэсэн зүйл болно гэж бодон хассан байдаг. Энэ хэсгийг зөвхөн цуглуулагчдад зориулсан тусгай DVD-гээс үзэх боломжтой юм байна. 


04

Гампын олон авьяас

Кинон дээрх Форрест Гамп маш сайн гүйдгийнхээ ачаар хөлбөмбөгийн спортод өндөр амжилтанд хүрдэг. Харин Вьетнамын дайны дараа олон улсад гайхагдсан ширээний теннисчин болдог билээ. Гэхдээ номон дээр түүний авьяас ингээд дуусчихдаггүй юм байна. Тэрээр маш сайн шатарчин, сансрын нисэгч, тэр бүү хэл мэргэжлийн бөх болдог аж.


03

Сэтгэл дундуур үлдсэн зохиолч

Форрест Гамп кино асар амжилттай болсон ч үүнд сэтгэл дундуур үлдсэн нэг хүн байлаа. Тэр бол зохиолч Винстон Грум юм. Учир нь кинотой холбоотой хүмүүсийн хэн нь ч түүнд зохих ёсоор талархсанаа илэрхийлж, хүртэх ёстой хүндэтгэлийг нь өгөөгүй аж. Үүнд гомдсон зохиолч номынхоо хоёрдугаар боть болох “Gump & Co.,” номоо бичсэн ба номын эхний өгүүлбэр нь “Амьдралын чинь түүхээр кино хийхийг хэнд ч битгий зөвшөөр” гэж эхэлдэг байна.

Гэхдээ 1986 онд бичсэн түүний ном анх 30 мянган ширхэг л зарагдаад байсан бол киноны ачаар 1.6 сая ширхэг зарагдсан байдаг.


02

Мөнгөний асуудал

Кино зураг авалтын үеэр ч мөнгөний асуудал их тулгарч байжээ. Нэг удаа бүр санхүүжилтгүй болж, зураг авалтыг 48 цагийн дараа зогсоох дээрээ тулж байв. Энэ үед жүжигчин Том Хэнкс болон найруулагч Земекис нар өөрсдийн халааснаасаа мөнгө гаргасан төдийгүй, Том Хэнкс цалин авахгүйгээр шийдсэн байдаг. Жүжигчин цалингийн оронд киноны орлогоос хувь авах болж, үүний ачаар 40 сая ам.доллар олсон юм.

Томоор нь харж үзвэл Форрест Гамп кино санхүүгийн хувьд амжилттай болсон эсэх нь тун эргэлзээтэй. Учир нь “Paramount Pictures” студи энэ киноноос олигтой мөнгө олоогүй аж. Нийт 55 сая ам.доллараар бүтсэн уг кино бокс оффисоос 677 сая ам.долларыг олсон боловч зар сурталчилгаанд асар их мөнгө зарцуулснаас болж 62 сая ам.долларын алдагдал хүлээсэн байдаг.

Мөн зохиолч Винстон Грум өөрийнхөө номоор кино хийх эрхийг 350 мянган ам.доллараар үнэлсэндээ ундууцан, киноны ашгаас 3%-ийг авна гэжээ. Гэтэл кинонд ашиг байгаагүй тул Грум гар хоосон үлдсэн юм. Зохиолч кино студийг шүүхэд татан хэсэг хугацаанд маргасны эцэст Paramount-ын зүгээс түүний өөр нэг номоор кино хийх хүсэлт тавьж, худалдан авснаар маргаанаа эцэслэсэн байна.


01

Хоёрдугаар анги

Үзэгчид Форрестын адал явдлыг дахин гарвал шимтэн үзэх нь тодорхой ч тийм зүйл болохгүй л болов уу. Үүний учир нь хэн ч хоёрдугаар ангийг хийхийг хүсэхгүй байгаа явдал юм. Эхний киноны амжилт ч “аз” байсан байх магадлалтай тул хоёр дахь нь бүр бүтэлгүй юм болно гэж бодох нэг нь ч бий. Харин Том Хэнксийн хувьд Форрест Гампын дүрд дахин тоглох юм бол өмнөх ажлаа сүйтгэсэн зүйл болно гэж үздэг тул хоёрдугаар ангид дүр бүтээхгүй гэдгээ хатуу мэдэгдсэн байдаг. 

Сонирхолтой нь хоёрдугаар ангийг хийхэд бараг бэлэн байгаа аж. Номын зохиолчийн “Gump & Co.,” гэх хоёрдугаар ном гарсан гэдгийг дээр дурдсан байгаа. Харин уг киноны зохиолыг бичиж, Оскарын шагнал хүртсэн Эрик Рот хоёр дахь номон дээр нь үндэслэн дараагийн кино зохиолоо аль 2001 онд биччихсэн аж. Тэр бичсэн зохиолоо 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаар илгээсэн боловч яг маргааш нь 9-11 халдлага болж, энэ асуудал бүхэлдээ хаягдсан юм байна.

Хэрэв хоёрдугаар анги номынхоо зохиолын дагуу хийгдсэн бол Форрестын адал явдал бүр шинэ төвшинд хүрэх байжээ. Тэр Иран-Контрагийн хэрэгт холбогдож, Цөлийн шуургад тулалдаж, тэр бүү хэл санамсаргүйгээр Берлиний ханыг нураах зэрэг түүхэн үйл явдлуудын нэг хэсэг болох байжээ.


9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+5
Хоёрдугаар анги хэрэггүй ээ
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start