Манай гэрийн боол
Гэрэл зургуудыг Алекс Тайзон болон түүний гэр бүлээс авав.
Алекс Тайзон 2017 оны 3-р сард нас баржээ. Тэрээр Пулитцерийн шагналт сэтгүүлч бөгөөд “Том жижиг хүн: Ази өөрийгөө хайсан нь” номын зохиолч юм.
Түүний чандар талх шарагчийн хэмжээтэй хуванцар хар хайрцгийг дүүргэжээ. Килограм хагасын жинтэй юм. Би хайрцгийг зотон даавуун уутандаа хийж чемодандаа баглаад, Манила хүрэхээр Номхон далайн дээгүүр өнгөрсөн долдугаар сард ниссэн юм. Тэндээс орон нутгийн нэгэн тосгон руу машинаар явна. Очих газраа хүрээд манай гэр бүлд 56 жилийн турш боолын амьдралаар амьдарсан нэгэн эмэгтэйгээс үлдсэн зүйлийг өгөх юм.
Түүний нэрийг Юдосия Томас Пулидо гэдэг. Бид харин Лола гэж дууддаг байв. Тэр 150 см өндөртэй, кофе шиг бор арьстай бөгөөд бор нүдтэй байв. Энэ л нүдээр над руу харж байсан нь миний хамгийн анхны дурсамж бөгөөд одоо ч тэр харц нь надад тодхон харагдаж байна. Миний өвөө түүнийг 18 настай байхад нь ээжид маань бэлэг болгон өгч, дараа нь манай гэр бүл АНУ руу нүүхдээ түүнийг дагуулаад иржээ. Лолагийн туулсан амьдралыг боолынх гэхээс өөр үгээр илэрхийлэх боломжгүй. Бүх хүнийг унтаж байхад түүний өдөр эхэлж, бүгдийг унтсаны дараа дуусдаг байлаа. Өдөрт гурван удаа хоол хийж, гэр цэвэрлэж, эцэг эхэд маань үйлчлэхийн хажуугаар намайг болон миний ах, гурван дүүг маань асардаг байлаа. Түүнд хэзээ ч цалин өгч байгаагүйгээр барахгүй байнга л зандардаг байв. Хөлийг нь дөнгөлөөгүй ч тэр дөнгөлүүлснээс ялгаагүй амьдардаг байсан нэгэн. Эвхэж байсан хувцасаа барьсан чигтээ овоолсон хувцас налаад аль нэг буланд унтаж байхыг нь би олон ч шөнө угаалгын өрөө рүү явах замдаа харж байсан юм.
Америк хөршүүдийнхээ хувьд бол бид үлгэр жишээ цагаачид, зурагт хуудсанд байхуйц гэр бүл. Биднийг тийнхүү нэрлэдэг байсан юм. Аав маань хуулийн зэрэгтэй, ээж харин эмч болох гээд суралцаж байсан бол ах, дүүс бид сурлага сайтай, үргэлж “гуйя”, “баярлалаа” гэж хэлдэг байв. Бид хэзээ ч Лолагийн талаар ярьдаггүй. Бидний нууц бидний хэн байсан, хүүхдүүд бидний хувьд бол хэн болохыг хүсдэг хүртэл яс маханд маань шингэсэн байсан юм.
1999 онд ээж маань цус багадалтаас болж нас барсаны дараа Лола надтай хамт Сиаттлд жижигхэн хотод амьдрах болов. Надад гэр бүл, амжилттай ажил, хотын захын байшин байлаа – жинхэнэ Америк мөрөөдөл. Үүн дээр нэмээд би боолтой байв.
Манилад ирээд тээш олголтын хэсэгт чемоданаа задалж Лолагийн чандар байгаа эсэхийг шалгалаа. Харин гадаа гарахад танил үнэр ханхлав: машины утаа болон хог хаягдлын холимог, далайн үнэр, чихэрлэг жимс болон хөлс.
Дараахь өдрийн өглөө эрт би “Дүүдс” гэх хочтой дунд эргэм насны нэгэн эелдэг эрийг жолоочоор хөлсөлж, замын хөдөлгөөн дундуур машинаараа сүлжин замдаа гарлаа. Энэ дүр зураг үргэлж намайг гайхшруулдаг юм. Машин, мотоцикл, жийпнинүүдийн /jeepney/ тоо. Тэдний дундуур сүлжилдэн явах хүмүүс яг л бор өнгийн гол замын хажуугаар урсах мэт харагдана. Хөл нүцгэн гудамжны худалдаачид машины хажууд шогшиж, тамхи, ханиадны эм болон ууталсан чанасан самар зарна. Цонхонд нүүрээ наах гуйлгачин хүүхдүүд.
Дүүдс бид хоёр Лолагийн түүх эхэлсэн газар, төв тал газрын хойд зүгт байрлах Тарлак муж руу явж байлаа. Будааны орон. Миний өвөө Томас Асунцион гэгч армийн дэслэгч цолтой, навчин тамхи зуугч нэгний төрсөн нутаг. Гэр бүлийн түүхээс харахад дэслэгч Том нь этгээд, адайр ааштай, ширүүн хүн байжээ. Их хэмжээний газар нутагтай ч багахан мөнгөтэй. Амрагуудаа өөрийн эдлэн газар дээрээ тус тусын байшингуудад байлгадаг нэгэн. Эхнэр нь түүний цорын ганц хүүхэд болох миний ээжийг төрүүлэхдээ нас барсан аж. Ээжийг маань хэд хэдэн утузан буюу “тушаал биелүүлэгч хүмүүс” өсгөсөн гэдэг.
Филиппиний арлууд дахь боолчлолын түүх эрт дээр үеэс эхэлнэ. Испаничуудыг ирэхээс өмнө арлын оршин суугчид бусад арлынхныг, тэр дундаа ихэвчлэн олзны хүмүүс, гэмт хэрэгтнүүд эсвэл өр зээлэнд баригдагсдыг боолчилдог байв. Баатарлаг үйлс бүтээж, эрх чөлөөгөө олж авдаг дайчин боолуудаас эхлээд эд хөрөнгөд тооцогдон худалдагддаг гэрийн зарц гээд боолын төрөл олон. Өндөр байр суурьтай боол дорд боолтой болж болдог бол дорд боол нь өөрөөсөө ч доод төвшний боол эзэмшиж болдог байж. Зөвхөн амь зуух зорилгоор энэ амьдралыг сонгодог нэг нь ч байж. Хөдөлмөрийнхөө хариуд хоол, орон гэр, хамгаалалт авах гэж шүү.
1500-гаад оны үед Испаничууд ирээд арлын иргэдийг боолчилж, дараад нь Африк, Энэтхэг боолчуудыг авчрав. Испанийн хаант засаглал явцын дунд өөр улс орон болон колон газрууддаа боолчлолыг халж эхэлсэн ч Филиппиний зарим газрууд алслагдмал байсан тул эрх баригчдын хяналт хүрэх боломжгүй байв. Энэхүү уламжлал нь 1898 онд АНУ-д эзлэгдсэний дараа ч тэр зүсээ хувилган өөр байдлаар оршин тогтносон хэвээр үлджээ. Өнөөдөр ч гэсэн ядуу хүн ч өөрөөсөө ядуу хүнийг утузан, катулонг (туслагч) эсвэл касамбахая (зарлага) болгож болно. Ядуугийн цөөрөм үнэхээр гүнзгий.
Дэслэгч Томын хувьд өөрийнхөө эдлэнд утузаны гурван гэр бүлтэй байв. 1943 оны хавар арлуудыг япончууд эзэлсэн байх үед тэрээр зам дагуух тосгоноос нэгэн охиныг гэртээ авчирчээ. Охин Томын гэр бүлийн холын хамаатан, будаа тариалагч гэр бүлээс гаралтай байв. Гярхай дэслэгч охиныг сохор зоос ч үгүй, боловсролгүй, дуулгавартай нэгэн болохыг нь анзаарсан байлаа. Түүний гэр бүл нь өөрөөс нь хоёр дахин ах гахайчинтай гэрлүүлэхийг хүсч байсанд охин маш дургүй байсан ч явъя гэхэд очих газаргүй байжээ. Том түүн дээр очоод санал тавив: 12 нас хүрч байгаа охиныг нь асар, оронд нь хоол, орон гэрээр хангая гэжээ.
Лола зөвшөөрсөн байна. Гэхдээ энэ тохиролцоо нь насан туршид үргэлжилнэ гэж мэдсэнгүй.
“Чамд өгч байгаа миний бэлэг” гэж дэслэгч Том ээжид минь хэлэв.
Ээж “Би авмааргүй байна” гэж хариулсан ч үнэндээ түүнд сонголт байсангүй.
Дэслэгч Том япончуудын эсрэг дайнд явж, ээж маань хөдөө чийхарсан байшиндаа Лолатай үлджээ. Лола ээжийг минь хооллож, сувилж, хувцасладаг байв. Зах руу явахад нь нарнаас хамгаалах гэж шүхэр барьж өгдөг байв. Нохой хооллох, шалаа шүүрдэх, Камилинг голд угаасан хувцасаа эвхэх зэрэг ажлуудаа дуусгасныхаа дараа шөнө болоход ээжийн минь орны дэргэд суун унтах хүртэл нь сэрүүцүүлэн сэвж өгдөг байжээ.
10
Хөдөөний ядуу гэр бүлээс гаралтай Лола Пулидо (18 настайдаа). Зохиолчийн өвөө нь түүнийг өөрийнхөө охинд “бэлэг” болгон өгчээ.
Нэг өдөр дэслэгч Том гэртээ ирээд ээжийг маань худлаа ярьсныг олж мэджээ – харьцах ёсгүй байсан нэг хүүтэй холбоотой юм гэсэн. Уурласан Том түүнийг “ширээн дээр зогс” хэмээн тушаав. Ээж энэ үед Лолагийн хамт өрөөний буланд чичрэн зогсож байлаа. Тэгээд чичигнэсэн хоолойгоор аавдаа “Лола миний өмнөөс шийтгүүлнэ” гэж хэлсэн байна. Лола ээж рүү минь гуйсан байдалтай харсан боловч нэг ч үг хэлэлгүйгээр ширээн дээр гарч зогсжээ. Том бүсээ далайж нийт 12 удаа ороолгожээ. Ороолгох бүртээ нэг үг хэлж байв. Чи. Дахиж. Хэзээ ч. Надад. Худлаа. Хэлэхгүй. Чи. Дахиж. Хэзээ ч. Надад. Худлаа. Хэлэхгүй. Лола нэг ч дуугараагүй юм.
Энэхүү түүхийг хожим ээж минь дурсахад жигшмээр үйлдэлдээ сэтгэл нь зовсон хоолойд нь Намайг ийм зүйл хийсэн гэдэгт итгэж байна уу? гэх өнгө аяс мэдрэгдэж байлаа. Энэ талаар Лолагаас асуухад тэрээр эхлээд ээжийг юу гэснийг сонсохыг хүсэв. Сайтар сонсож дуусаад харц нь хэсэг доошилсноо, над руу гунигтай нүдээр хараад “Тийм ээ. Яг л тийм юм болсон” гэж хэлж билээ.
Долоон жилийн дараа 1950 онд ээж манай аавтай гэрлэж, Манила руу нүүв. Тэгэхдээ Лолаг хамт авч явсан юм. Дэслэгч Томын хувьд өөрт нь шүгэлсэн ад чөтгөртэй удаан тэмцсэний эцэст, 1951 онд .32-ын калибрын сумыг чамархайдаа зоон зовлонгоос чөлөөлөгджээ. Ээж энэ талаар бараг ярьдаггүй. Ээжийн зан чанар яг өвөөгийнх шиг – дүнсгэр, захирангуй, боловч цаанаа хэврэг нэгэн. Аавынхаа заасан зүйлсийг нь ч ээж зүрхэндээ шингээж авсаны нэг нь уламжлалт гэрийн эзэгтэйн ёс жаяг буюу “би бол тушаал өгөгч” гэх үзлийг хүлээн авсан байв. Энэ үзлийг тайлбарлавал, өөрийнхөө доор байгаа хүмүүсийг ямагт байх газар нь байлга. Энэ нь тэдний хувьд ч тэр, гэр бүлийнх нь хувьд ч тэр сайн зүйл. Тэд уйлж, гомдоллож байж болох ч тэдний сүнс нь чамд талархах болно. Бурхан тэднийг ямар байлгахаар бүтээсэн, тиймээр нь байлгасны төлөө тэд чамайг хайрлах болно.
09
Лола 27 настайдаа зохиолчийн ах Артурын хамт. АНУ-д ирэхийн өмнө.
Миний ах Артур 1951 онд мэндэллээ. Түүний дараа би төрж, төд удалгүй гурван ч дүү төрөв. Миний эцэг эх ч Лолаг тэдэнд үнэнч байсан шигээ бидэнд хандах ёстой гэж үздэг байв. Лола биднийг асарч байх зуур эцэг, эх маань сургуульд сурж, дээд боловсрол эзэмшин, төд удалгүй гял цал болсон дипломтой ч ажилгүй маш олон хүмүүсийн эгнээнд шилжив. Үүний дараа нөгөөх том боломж гарч ирлээ: Аавд Гадаад хэргийн газар арилжааны шинжээчийн албан тушаалд ажиллах санал ирэв. Цалин нь бага хэдий ч харин ажил нь ээж, аав хоёрын маань хүссэн бүхэн нь биелэх боломжтой хэмээн мөрөөдөж өссөн Америкт байв.
Аавыг өөрийн гэр бүлээс гадна нэг зарлагыг хамт авч явахыг зөвшөөрсөн байна. Хоёул ажиллах шаардлагатай гэж бодсон тэр хоёрын хувьд Лолагаар хүүхдүүдээ харуулж, гэр орны ажил хийлгэх хэрэгтэй байлаа. Ээж Лолад хэлсэн ч түүний дургүйг нь хүргэх гэсэн мэт Лола тэр доороо үг дуугүй зөвшөөрсөнгүй. Олон жилийн дараа Лола надад ямар их айсан тухайгаа хэлсэн юм. “Хэтэрхий хол байсан. Ээж, аав хоёр чинь намайг гэр рүү минь хариулахгүй байх гэж айж байсан” гэж надад ярьж билээ.
Эцэстээ Лолаг ятгаж дөнгөсөн зүйл нь Америкт бүх зүйл өөр байх болно гэсэн аавын минь амлалт байлаа. Хөл дээрээ боссон даруйдаа тэд Лолад “мөнгөн тэтгэмж” өгнө гэж хэлсэн байна. Лола мөнгөө эцэг эх рүүгээ, хамаатан садан руугаа явуулж болно гэжээ. Шороон шалтай байшинд амьдардаг эцэг эхдээ Лола бетонон байшин барьж өгч чадах нь байна шүү дээ. Тэднийхээ амьдралыг бүхэлд нь өөрчлөх боломж. Төсөөлөөд үз л дээ.
Бид 1964 оны 5-р сарын 12-ны өдөр Лос Анжелест газардсан юм. Бүх эд хогшлоо цаасан хайрцагт хийж, олсоор бэхэлсэн байлаа. Лола тухайн үед ээжтэй минь хамт амьдраад 21 жил болсон байжээ. Олон ч талаараа тэр надад эцэг, эхээс минь илүү ээж, аав болж байсан юм. Өглөө сэрээд хамгийн эхэнд, орой унтахдаа хамгийн сүүлд хардаг царай түүнийх байлаа. Нялх байхдаа би “Ээжээ”, “Ааваа” гэж хэлж сурахаасаа хамаагүй өмнө Лолагийн нэрийг хэлдэг байв (Өү-Аа гэж хэлдэг байсан гэсэн). Арай том болоод Лолад тэврүүлээгүй юм аа гэхэд түүнийг хажууд минь байхгүй л бол унтдаггүй байв.
АНУ-д ирэх үед би 4 настай байлаа – Лола манай гэр бүлд чухам ямар байр суурьтай хүн бэ гэдгийг бодоход хэтэрхий балчир нас. Гэхдээ ах дүүс бид далайн нөгөө эрэг дээр өсч торнихын хэрээр дэлхийг өөрөөр хардаг болжээ. Далай дээгүүр харайсан маань ээж, аав хоёрын хийж чадаагүй, чадахгүй ч тэрхүү ухаарлын харайлтыг бидэнд авчирсан юм.
Лола нөгөөх амласан мөнгөн тэтгэмжээ хэзээ ч авч чадаагүй юм. Энэ талаар АНУ-д очсоноос хойш ганц, хоёр жилийн дараа тойруу замаар асуув. Түүний ээж нь өвдчихсөн (сүүлд сонсохнээ цусан суулга өвчтэй байж) байгаа бөгөөд гэр бүл нь шаардлагатай эм тариаг нь авч өгч чадахгүй байсан үе аж. “Пведе да?” гэж ээж ааваас минь асууж. Боломжтой юу? Ээж санаа алдав. “Ийм зүйл яаж асууж чадаж байна аа?” гэж аав Тагалог хэлээр хариулав. “Биднийг энд ямар байгааг харж байгаа биз дээ? Ичих нүүр гэх юм чамд байна уу?”
Ээж аав хоёр маань АНУ руу явах гэж мөнгө зээлсэн бөгөөд тэндээ үлдэх гэж мөн өр тавьсан байжээ. Аавыг Лос Анжелесын консулын газраас Сиаттлын консулын газар руу шилжүүллээ. Түүний сарын цалин нь 5600 ам.доллар. Аав чиргүүл цэвэрлэгчээр хоёр дахь ажил хийж, өр барагдуулагчаар гурав дахь ажлаа хийх болов. Ээж хэдэн лабораторид техникчээр ажилд орлоо. Бид тэднийг бараг хардаггүй байлаа. Харах үед тэд маш их ядарсан, мөн уур уцаартай болцгоосон байдаг байв.
Ээж гэртээ ирээд Лолаг гэр сайн цэвэрлээгүй байна, шуудан авчрахыг мартсан байна гэх мэтээр загнана. “Намайг ирэхэд шууданг энд байлгаж бай гэж хэлсэн биз дээ? Энэ чинь хэцүү биш шүү дээ! Маанаг хүн ч үүнийг санаж чадна” гэж хорлонтой хоолойгоор тагалогоор хэлнэ. Дараа нь аав ажлаасаа ирж, Лолаг загнах ээлжээ эдэлнэ. Аавыг хоолойгоо өндөрсгөхөд гэр бүхэлдээ жижгэрдэг байлаа. Заримдаа аав, ээж хоёр нэгдэж байгаад Лола руу уйлтал нь давшилна. Чухам уйлуулах зорилготой байсан мэт.
Ээж, аав хоёр надад болон ах, дүүсэд маань сайн ханддаг бөгөөд бид ч тэдэнд хайртай байв. Гэхдээ хүүхдүүддээ сайхан хандаж байсан тэр хоёр хормын дараа л гэхэд Лолад хэрцгий хандах нь намайг төөрөгдүүлж орхидог байв. Би 11 байна уу, 12 настайдаа Лолагийн нөхцөл байдлыг тод томруун хардаг болсон юм. Надаас найман насаар ах Артур удаан хугацаанд үүнд бухимддаг байжээ. Анх ах маань надад боол гэх үгийг заасан нь Лолаг хэн бэ гэдгийг ойлгоход минь тусалсан юм. Түүнийг хэлэхээс өмнө би Лолаг манай гэр бүлийн зүгээр л нэг золгүй гишүүн гэж боддог байжээ. Ээж аав хоёр маань Лола руу хашгичихад би дургүй байдаг байсан ч аав ээж хоёр, ер нь энэхүү харилцаа бүхэлдээ, ёс зүйгээс гажууд зүйл юм гэх бодлыг надад төрүүлж байгаагүй байжээ.
08
Зүүн: Лола зохиолч (зүүн гар талд) болон түүний ах дүүсийг өсгөсөн. Заримдаа гэрт нь байсан цорын ганц том хүн байжээ. Баруун: Зохиолч (зүүн гар талаас хоёр дахь нь) эцэг эх, ах дүүсийн хамт. АНУ-д ирсэнээс хойш 5 жилийн дараа
“Түүнд хандаж байгаа шиг өөр хүнд хэн нэгэн хандаж байгааг харсан уу?” гэж Артур асууна. “Түүн шиг амьдралаар амьдарч байгаа хүн байна уу?” Тэгээд Артур Лолагийн амьдралын бодит байдлыг базаж ойлгуулав: Цалин авдаггүй. Өдөр бүр ажилладаг. Удаан суулаа гэж, эрт унтлаа гэж загнуулдаг. Хариу дуугарлаа гэж зодуулдаг. Хуучин хувцас өмсдөг. Гал тогоонд ганцаараа хоолны үлдэгдэл иддэг. Гэр бүлээс гадуур найз бүү хэл хобби ч байхгүй. Бараг л гэрээс гардаггүй. Өөрийн гэсэн өрөөгүй. (Бидний амьдарч байсан байшин бүрт түүний унтах газар нь үргэлж ашиглаагүй үлдсэн жаахан талбай байв – буйдан, агуулах хэсэг, дүүгийн өрөөний булан гэх мэт. Заримдаа угаах хувцсан дунд ч унтдаг байв.)
Кино, зурагтаар гардаг боолуудаас өөр түүнтэй адилтгачих хэн нэгнийг би л хувьдаа хайж олж чадаагүй юм. ‘Либерти Валансыг буудсан хүн’ гэдэг зэрлэг өрнөдийн тухай киног үзэж байснаа санадаг юм. “Хүү” гэж өөрийнхөө дууддаг зарц Помпид тушаал зандрагч, буунд гаргууд Том Донифон гэгч фермийн эзний дүрд жүжигчин Жон Вэйн тоглодог юм. Наадхаа ав, Помпи. Помпи, эмч олоод ир. Ажилдаа эргээд ор, Помпи! Дуулгавартай, хүлцэнгүй Помпи өөрийнхөө эзнээ “Ноён Том” гэж нэрийднэ. Тэдний харилцаа тун ярвигтай. Том нь Помпигоо сургуульд явуулахыг зөвшөөрөхгүй боловч зөвхөн цагаан арьстнуудад зориулсан уушийн газарт дагуулж орно. Эцэстээ Помпи эзнээ галаас аварна. Помпи Томоос айдаг ч мөн түүнд хайртай гэдэг нь илт харагдана. Томыг үхэхэд нь гашуудна. Энэ бүхэн нь гол үйл явдал болох Том болон муу этгээд Либерти Валанс хоёрын халз буудалцаан хүртэлх туслах үйл явдал боловч би Помпигоос л харцаа салгаж авч чадахгүй байлаа. Лола чинь Помпи юм байна. Помпи чинь Лола юм байна гэж бодож байснаа би сайн санаж байна.
Нэг орой аав миний 9 настай дүү Лингийг оройн хоолоо идээгүй гэдгийг дуулаад Лолаг залхуурсан гэж бархирч гарлаа. “Би хооллохыг хичээсэн шүү дээ” гэж Лолаг хэлэхэд аав түүний дээрээс цоо ширтэж байлаа. Биеэ өмөөрсөн бяцхан үг аавын уурыг нь улам дүрэлзүүлж, Лологийн мөрнийх нь доохно тал руу цохисон юм. Лола өрөөнөөс гүйхээрээ гарч, би харин түүний эхэр татан уйлахыг сонсож байлаа. Амьтных шиг цурхираан.
Би “Линг өөрөө өлсөөгүй гэж хэлсэн шүү дээ” гэв. Ээж аав хоёр маань над руу харлаа. Тэд гайхсан нь илт. Нулимс гарахын өмнөх шиг нүүр ам таталдсан ч энэ удаа би уйлсангүй. Ээжийн нүдэнд миний урьд өмнө нь харж байгаагүй нэгэн зүйл тодрон гарав. Атаархал юм болов уу? Аав “Чи Лолаг өмөөрч байна уу? Тэгж байгаа хэрэг үү?” “Линг өөрөө өлсөөгүй гэж хэлсэн” гэж би дахин хэлэв. Энэ удаа шивнэх төдий л дуу гарав.
Би тэр үед 13-тай байсан юм. Бүтэн өдрийг намайг харж, халамжлахад зориулдаг тэр эмэгтэйг хамгаалах гэсэн анхны маань оролдлого энэ байв. Тагалог аялгуу аялж намайг бүүвэйлж унтуулдаг, том болсоны дараа ч намайг хувцаслаж, хооллоод өглөө хамт сургууль руу минь хүргэн өгч, орой авдаг тэр эмэгтэйг. Нэг удаа намайг удаан өвдөж, хоол идэх тэнхэлгүй болсон байхад миний хоолыг зажлаад ам руу минь бага багаар хийж өгч билээ. Бас нэг зун хоёр хөлөө гипсдүүлчихсэн байх үед (үе мөчний асуудалтай байсан юм) минь намайг усанд оруулж, шөнө дунд эм зөөж, олон сар үргэлжилсэн сэргээх эмчилгээнд минь тусалсан юм. Тэр бүх хугацаанд би ууртай, ааштай байсан ч Лола нэг ч удаа гомдоллож, тэвчээр алдаагүй. Харин одоо түүний цурхиран уйлахыг нь сонсох нь намайг галзууруулах гэж байлаа.
Өмнөх улсдаа байсан бол Лолад хэрхэн ханддагаа нуух шаардлагагүй байсан бол Америкт ирээд түүнд илүү муу хандах болсон ч түүнийгээ нуух гэж бөөн юм болдог байв. Зочид ирэхэд ээж аав хоёр түүний анзаарахаа больж, хүн асуувал худлаа хэлж, эсвэл түргэхэн шиг ярианы сэдвээ өөрчилнө. Хойд Сиаттлд таван жил амьдрахдаа бид Мисслерийн гэр бүлийн замын эсрэг талд амьдардаг байв. Тэд бол гич, яргай загасчлал болон хашааныхаа зүлгээ тэгшлэх талаар бидэнд зааж өгсөн найман гишүүн бүхий дуу шуутай гэр бүл юм. Зурагтаар хөлбөмбөг үзнэ. Хөлбөмбөг үзэхдээ орилж, хашгирна. Тоглолтын дундуур Лолаг орж ирээд идэж уух юмаар үйлчлээд гарахад ээж, аав хоёр түүн рүү инээмсэглэн, талархана. Нэг удаа Мисслерүүдийн гэрийн эзэн Том Жим “Та нарын гал тогоондоо байлгаад байдаг жижигхэн эмэгтэй хэн юм бэ?” гэж асуухад аав маань манай хамаатан байгаа юм гэж ичингүйрэн хэлж билээ.
Харин миний хамгийн сайн найз Билли Мисслер үүнд итгээгүй. Тэр манайд хангалттай их цагийг өнгөрүүлдэг байсан бөгөөд заримдаа амралтын өдрүүдээр ч бүтэн өнждөг байлаа. Ингэхдээ гэр бүлийн маань нууцаас цухас харчихна. Нэг удаа ээжийг гал тогооны өрөөнд орилохыг сонсоод Билли юу болсоныг мэдэх гээд ороход мэнчийтлээ улайчихсан манай ээж буланд чичрэн зогсох Лола руу давшилж байхыг олоод харчихаж билээ. Би хэдхэн секундын дараа түүний араас оров. Биллигийн нүүрнээс санаа зоволт болон гайхширлыг харж болохоор байв.
"Саяных юу байсан бэ?" Би хариуд нь “Сүртэй юм биш ээ, март” гэж хэлэв. Билли Лолаг өрөвддөг байсан байх. Тэр түүний хийсэн хоолыг шагшин магтаж, хэзээ ч инээж байгаагүйгээр нь инээлгэдэг байв. Манайд хонох үед нь Лола түүний дуртай Филиппин хоол болох будаан дээр тавьсан үхрийн махан тапа-г хийж өгнө. Ер нь Лолагийн хоол түүний сэтгэл санааг илтгэх цор ганц зүйл байсан юм. Хийсэн хоолноос нь биднийг зүгээр л хооллож байна уу, эсвэл бидэнд хайртай шүү гэдгээ хэлж байна уу гэдэг нь харагддаг байлаа.
Нэг удаа би Лолаг миний холын нагац гэж хэлэхэд Билли анх танилцахдаа чи манай эмээ гэж хэлж байсан биз дээ гэж билээ. “Юу л даа, аль аль нь юм уу даа” гэж би ойлгомжгүй хариулав. “Тэр яагаад дандаа ажиллаж байдаг юм бэ?” “Ажиллах дуртай юм аа” гэв. “Ээж, аав хоёр чинь яагаад дандаа түүн рүү хашгичиж байдаг юм бэ?” “Сонсгол нь муу болохоор нь л …”
Үнэнийг нь хэлчихвэл бид өөрсдийгөө илчлэх гээд байдаг. Бид эхний арван жилээ ирсэн газартаа дасан зохицоход зарцуулсан юм. Гэтэл боолтой байна гэдэг энд зохицохгүй зүйл. Боолтой байгаа байдал нь бид үнэндээ ямар хүмүүс юм бэ, ямар гээч газраас ирсэн юм бэ гэх гашуун бодолд намайг автуулдаг байв. Бид энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй юу гэх асуудал. Би энэ бүгдээс, ялангуяа өөрөө хамтран оролцож байгаадаа ичиж байлаа. Би түүний хийсэн хоолыг идэж, угааж, индүүдэж, шүүгээнд минь өлгөсөн хувцасыг өмсдөггүй гэж үү? Гэхдээ түүнийг алдана гэдэг сүйрэл болох байсан юм.
Лолаг нуух бас нэг шалтгаан байв: Түүний аялалын бичиг баримтын хүчинтэй хугацаа биднийг АНУ-д ирсэнээс хойш таван жилийн дараа буюу 1969 онд дуусчихсан. Анх ирэхдээ аавын ажилтай уялдсан тусгай пасспорттой байсан юм. Харин аав хэд хэдэн удаа удирдах албан тушаалтантайгаа муудалцсанаар консулын газрыг орхисон байлаа. Гэхдээ АНУ-д үлдэх хүсэлтэй байгаагаа албаны байгууллагад мэдэгдэж, гэр бүлийнхэндээ байнга оршин суух зөвшөөрөл авсан байна. Гэхдээ Лолад зөвшөөрөл олгосонгүй. Түүнийг нутаг буцаах ёстой байлаа.
07
Лола 51 насандаа, 1976 он. Энэ зургаас хэдэн жилийн өмнө түүний ээж нас барч, хэдэн жилийн дараа аав нь өнгөрчээ. Лола сонсоод гэртээ харихыг маш их хүссэн боловч чадаагүй.
Лолагийн ээж Фермина 1973 онд, түүний аав Хиларио 1979 онд нас барсан байна. Хоёулан дээр нь Лола гэртээ харихыг маш их хүссэн боловч ээж, аав хоёр маань “Уучлаарай. Мөнгө алга. Боломж алга” гэж хариулав. Хүүхдүүдэд Лола хэрэгтэй байлаа. Эцэг эх маань өөрсөддөө санаа зовсон гэж хожим надад хэлж билээ. Хэрэв түүнийг буцаах гэвэл эрх мэдэлтнүүд Лолаг хууль бусаар амьдарч байсныг мэдчихнэ. Харин мэдчихвэл манай гэр бүлд асуудал үүсч, бүгдийг маань албадан гаргах магадлалтай байсан юм. Тийм эрсдэл гаргахыг тэд хүссэнгүй. Лола хуулийн дагуу Филиппинчүүдийн нэрлэснээр tago nang tago буюу TNT- “зугтаж буй нэгэн” гэх статустай хүн болов. Тэр TNT чигээрээ 20 жил амьдарсан.
Ээж аав нь талийгаач болсон тухай сонсоод Лола хэдэн сараар дуугаа хурааж, дүнсийсэн юм. Аав ээж хоёрыг юм хэлэхэд бараг л дуугарахаа болив. Гэхдээ тэглээ гээд ээж аав хоёрын зэмлэл, үглэлт зогссонгүй. Харин Лола юм хэлэлгүй ажлаа хийсээр л байв.
Аав ажлаасаа гарсан нь манай гэр бүлийн хүнд үеийн эхлэл байлаа. Мөнгө ч хэцүү болж, эцэг эх хоёр бие бие рүүгээ давшлах болов. Гэр бүлээрээ хэд хэдэн удаа бууриа сэлгэв – Сиаттлаас Хонолулу, буцаад Сиаттл, тэгээд Бронксын зүүн урд хэсэг рүү. Эцэст нь Орегон мужийн Уматилла гэх 750 хүн амтай, тээврийн машинуудын дамжин өнгөрдөг тосгонд суурьшлаа. Ээж маань эмнэлэгт дадлагажигч, дараад нь резиндентээр 24 цагийн ээлжийн ажил хийж байв. Аав харин хэд хоногоор алга болно. Янз бүрийн сонин ажил хийхийн хажуугаар хүүхэн эргүүлж (бид сүүлд нь мэдсэн юм), өөр юу ч хийдэг байсан юм, бүү мэд. Нэг удаа тэр гэртээ ирээд бидний амьдарч байсан чингэлгийг 21 татах тоглоомын мөрийд алдсан тухайгаа хэлсэн юм.
Заримдаа хэдэн ч өдрөөр хамаагүй Лола манай гэрийн цорын ганц том хүн байдаг байв. Эцэг эхэд маань анхаарал хандуулах зав зай байхгүй хүүхдүүд бидний амьдралын жижиг сажиг зүйлсийг тэр л мэднэ. Бид найзуудаа гэртээ авчирна. Лола сургуулийн талаар, охид, хөвгүүд гээд бүх зүйлсийн талаар ярилцахыг маань чагнана. Зургадугаар ангиас ахлах сургууль хүртэлх хугацаанд миний дурлаж байсан охидын нэрсийг ч хэлж чадна.
Намайг 15 настай байхад аав биднийг бүр мөсөн орхин явлаа. Тухайн үедээ үүнд би итгэхийг хүссэнгүй. Гэхдээ л 25 жил үргэлжилсэн гэрлэлтийн дараа хүүхдүүдээ, эхнэрээ орхиод явсан нь үнэн хэвээр. Ээж маань дахиад жилийн дараа эмчийн гэрчилгээ авах ёстой байсан. Гэтэл дотрын эмчийн ажил нь өөрөө тийм ч өндөр цалинтай биш. Аав хүүхдүүдэд тэтгэмж өгдөггүй байсан тул мөнгөний асуудал үргэлж үүснэ.
Ээж маань тэвчээр гарган өглөө ажилдаа явж, орой нь харин уй гашууд автан сууна. Энэ үед түүнийг тайтгаруулах ганц зүйл нь Лола. Жижиг сажиг зүйлээр ч хамаагүй ээж түүнийг загнах тусам Лола улам л их халамжилдаг болов – дуртай хоолыг нь хийж, унтлагын өрөөг нь илүү сайн цэвэрлэнэ. Заримдаа ээж, Лола хоёр шөнө дөлөөр гал тогооны өрөөнд ярилцаад сууж байхыг хардаг байлаа. Аавын талаар ярилцаж, хааяа чанга чанга инээж, хааяа түүний өөдгүй занг муулан уурлацгаана. Хүүхдүүд орж, гарахыг ч анзаарахгүй.
Нэг шөнө ээжийгээ уйлж байхыг сонсоод зочны өрөө рүүгээ гүйн ороход түүнийг Лолад тэврүүлээд байж байхыг харсан юм. Лола яг л биднийг жаахан байхад тайтгаруулдаг байсан шигээ ээжтэй минь намуухан ярьж байж билээ. Би жаахан азнаснаа өрөө рүүгээ буцаж ороод, ээждээ санаа зовохын хажуугаар Лолаг бишрэн хэвтсэн юм.
Дүүдс дуу аялна. Би хэсэгхэн зуур дуг хийгээд түүний хөгжилтэй аянд сэрсэн юм. “Дахиад хоёр цаг явна аа” гэж байна. Би зотон даавуун цүнхэндээ байгаа хуванцар савыг шалгаад зам руу харав. МакАртурын өргөн чөлөө. Цаг руугаа нэг харав. “Хөөе, хоёр цагийн өмнө л дахиад хоёр цаг явна гэж хэлсэн байна шүү дээ”. Дүүдс дуу аялсан хэвээр.
Тэр миний аяллын зорилгыг мэдэхгүй нь сайн хэрэг. Тэртэй тэргүй миний дотор хангалттай их юм болж байлаа. Би ээж ааваасаа дээр биш байж. Лолаг чөлөөлөхийн тулд илүү ихийг чадах л байсан шүү дээ. Түүний амьдралыг сайхан байлгах боломж байсан. Яагаад тэгээгүй юм бэ? Би ээж аавынхаа эсрэг босч болох байсан л байх. Тэгвэл манай гэр бүл хоромхон төдийд нуран унах байлаа. Оронд нь ах, дүүс бид бүгдийг дотроо хадгалж байв. Ингэснээр хоромхон төдийд нуран унах байсан манай гэр бүл арай удаанаар нурж байлаа.
Дүүдс бид хоёр үзэсгэлэнт нутгаар явж байв. Аялалын сурталчилгааны зураг шиг гоё биш ч гэсэн илүү бодит, илүү амьтай. Хоттой харьцуулахад хамаагүй чөлөөтэй. Замын хоёр талаар уулс зэрэгцэн тогтожээ. Баруун талд Замбалын уулс, зүүн талд Сиерра Мадре уулс. Цайвар ногооноос эхлээд бараг хар мэт ногоон өнгийг ч харж болохуйц юм.
Дүүдс алсад харагдах дүрсийг заав. Пинатубо уул. Би энд 1991 онд ирж, 20-р зуунд тохиолдсон галт уулын хоёр дахь том дэлбэрэлтийн талаар сурвалжлага хийж байсан юм. Галт уулаас үүдэлтэй хөрсний урсгал (лахар гэж нэрлэдэг байв) арав гаруй жил үргэлжилж, эртний тосгонуудыг сөнөөн, гол мөрөн, тал хөндийг дүүргэж, экосистемийг бүхэлд нь арчин хаяжээ. Лолагийн эцэг, эхийн нас барах хүртлээ амьдарсан нутаг, нэгэн үед ээжтэй минь хамт амьдарч байсан Тарлак мужийн цөмд ч лахар хүрсэн байна. Манай гэр бүлийн үүх түүхийн ихээхэн хэсэг дайн болон үерт алдагдсан бол одоо үлдсэн хэсэг нь 20 тохой гүнзгий шаварт булагдсан байлаа.
Эндхийн аж амьдралд үерийн аюул байнга нүүрлэнэ. Хүний аминд хүрэх далайн хар шуурга жилд хэд хэдэн удаа дайран өнгөрнө. Эцэс төгсгөлгүй дээрэмчдийн халдлага. Нойрсож байсан галт уулс гэнэт сэрэхээр шийднэ. Гамшгийн аюулыг газар нутагтаа шингээчих Хятад, Бразильтай харьцуулахад Филиппин их өөр. Энэ үндэстэн далайд тараан асгасан чулуу шиг нутагт аж төрнө. Гамшиг боллоо гэхэд тэр газар усан доогуур хэсэг хугацаанд алга болно. Харин эргэн гарч ирэх үед амьдрал дахин цэцэглэж, Дүүдс бид хоёрын аялаж байгаа шиг үзэсгэлэнт газар нутгийг таашаах боломжийг бүрдүүлнэ. Ердөө л тэр газар энэ бүхний дараа одоо хүртэл байсаар байгааг нь гайхамшигтай.
06
Лолагийн төрсөн газрын ойролцоо орших Маянток дахь будааны талбай
Эцэг, эх хоёр маань салснаас хэдэн жилийн дараа ээж дахин гэрлэж, найзаараа дамжуулан танилцсан Иван гэх хорват хүнд үнэнч байхыг Лолагаас шаардав. Иван бол ахлах сургууль ч төгсөөгүй хүн. Дөрвөн удаа гэрлэж байсан, засаршгүй мөрийтэй тоглоомчин байлаа. Түүнд ээжийн маань дэмжлэг, Лолагийн үйлчилгээ таалагддаг байв.
Иван Лолагаас бидний хэзээ ч харж байгаагүй нэгэн зан чанарыг гаргаж ирсэн юм. Ээж тэр хоёрын гэрлэлт анхнаасаа л хэврэг, мөнгөн дээр тулгуурласан – ихэвчлэн л ээжийн мөнгийг үрдэг – байлаа. Нэг удаа ээж уйлж, Иван бархирсан хэрүүлийг үеэр Лола тэр хоёрын дундуур орсон юм. Тэр Иван руу хараад, хүчтэйгээр түүний нэрийг ганцхан удаа хэлэхэд Иван зогтусч, сандал дээр суусан юм.
Миний охин дүү Индай бид хоёр яаж ч чаддаггүй байхад энэ лагс том, 110 кг жинтэй, гэрийн ханыг доргиосон баргил хоолойтой хүнийг Лолагийн хэлсэн нэг л үг нам дарсан юм. Яг ижилхэн явдал дахиад хэдэн удаа тохиолдохыг би харсан. Тэгсэн ч гэсэн Лола ээжийн хүссэнээр Иванд асуудалгүй үйлчилдэг байлаа. Лола өөрийгөө Иван шиг хүний эсрэг тавихыг харах үнэхээр хэцүү санагдана. Гэхдээ намайг ээжтэйгээ хагаралдахад хүргэсэн зүйл үүнээс ч муухай байсан юм.
Ээж Лолаг өвдөх бүрт асар их уурлана. Зардал мөнгө гаргахыг, эмх замбараагүй байдалтай нүүр тулахыг хүсдэггүй байсан тэрээр Лолаг худлаа жүжиглэлээ, өөрийгөө олигтой арчилсангүй гэж буруутгана. 1970-аад оны үеэр Лолагийн шүд унаж эхлэхэд ээж хоёр дахь аргаа хэрэглэлээ. Уг нь Лола шүд нь өвдөж байна гэж хэдэн сар хэлсэн юм. “Шүдээ олигтой угаахгүй болохоор ингэдэг юм” гэж ээж түүнд хэлнэ.
Би Лолаг шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй гэж хэлэв. Тавь гарсан ч Лола нэг ч удаа шүдний эмч дээр очиж байсангүй. Би нэг цагийн зайтай газар коллежид сурдаг байсан бөгөөд гэртээ ирэх бүртээ энэ асуудлыг сөхнө. Нэг жил өнгөрлөө. Хоёр жил өнгөрлөө. Лола өдөр бүр өвчин намдаах гэж аспирин уух болов. Түүний шүднүүд яг л Стөүнхэнжийн нурж буй балгас шиг харагдаж байлаа. Нэг орой түүнийг арай гайгүй үлдсэн гэх хэдхэн шүдтэй талаараа талх идэх гэж оролдож байгааг хараад би үнэхээр тэсээгүй юм.
Ээж бид хоёрын маргаан шөнөжин үргэлжилж, хэн хэн нь уйлав. Ээж бүгдийн төлөө хурууныхаа ясаа гартал зүтгэсээр ядарч байгаа тухайгаа, хүүхдүүд нь үргэлж Лолагийн талд ордогт гомддог тухай, тэр хараал идсэн Лолагаа хүсвэл аваад явахгүй юу гээд, анхнаасаа л Лолаг авахыг хүсээгүй тухайгаа, бурхан өөрт нь над шиг биеэ тоосон, хуурамч хүүхдүүд өгөөгүй байгаасай гэж хүсдэг тухайгаа хэлэв.
Би түүнийг үгийг сайтар сонсов. Дараад нь миний ээлж болоход хуурамч хүний талаар түүн шиг сайн мэдэх хүн байхгүй бөгөөд түүний бүх л амьдрал нь өнгөлөн далдалсан хуурмаг зүйл гээд, өөрийгөө ганц хором ч болтугай өрөвдөхөө болиод Лолагийн шүд эрүүнээс нь өмхөрч унаж байгаагаас болж юм ч идэж чадахгүй байгааг анзаарч хараач, өөрт чинь үйлчлэхийн тулд л амьд байлгаж байгаа боол биш, ‘хүн’ гэдгээр нь ганц удаа харж чадахгүй байна уу гэлээ. “Боол оо?” ээж энэ үгэнд их ач холбогдол өгөв. “Боол гэв үү?”
Ээж надад Лола тэр хоёрын харилцааг би хэзээ ч ойлгож чадахгүй гэж хэлснээр тэр шөнийн хэрүүл дууссан юм. Хэзээ ч шүү. Түүний хоолой бүр цаад угаас нь гарсан, шаналал дүүрэн байсан бөгөөд энэ олон жилийн дараа одоо энэ талаар дурсахад элэг рүүгээ цохиулах мэт санагдаж байна. Ээжийгээ үзэн ядах муухай. Тэр шөнө би түүнийг үзэн ядсан юм. Ээж ч намайг үзэн ядсан нь нүднийх нь харцнаас харагдаж байлаа.
Энэ хэрүүл хүүхдүүдийг нь Лола урвуулчихлаа гэх ээжийн айдас дээр нэрмээс болж, түүнээс хариугаа авах болов. Түүнд улам бүр хатуурхаж эхлэв. “Чиний хүүхдүүд намайг үзэн яддаг болсонд баярлаж байгаа биз дээ?” гэж түүнийг тарчлаана. Гэрийн ажилд биднийг туслахаар “Явж унтсан чинь дээр байх шүү, Лола. Хэтэрхий их ажиллаад байна. Хүүхдүүд чинь чамд санаа зовоод байх шиг байна” гэж ёжлоно. Тэгээд Лолаг өрөө рүүгээ авч ороод ярилцана. Лола нулимс дүүрэн нүдтэй гарч ирдэг байлаа. Эцэст нь Лола түүнд туслахгүй байхыг биднээс гуйсан юм.
"Та яагаад энд байгаад байдаг юм бэ?" гэж биднийг асуухад, “Хэн хоол хийх болж байна?” гэж хариулах нь Хэн бүгдийг хийх болж байна? Хэн биднийг асрах билээ? Ээжийг хэн халамжлах вэ? гэсэн утгатай байлаа. Нэг өдөр тэр надад “Би өөр хаачих билээ?” гэж хэлсэн нь үнэнд хамгийн ойр туссан хариулт гэж надад санагдсан юм. Бидний хувьд Америкт ирсэн явдал маань галзуу мэт тэмцэл байсан бөгөөд дөнгөж амьсгаа авах төдийд арван жил хэдийнээ өнгөрсөн байжээ. Эргэж хартал хоёр дахь арван жил дуусах дөхөж байлаа. Лолагийн үс бууралтжээ. Мөнгөөр туслана гэж амласан ч огт юу ч аваагүй хамаатнууд нь өөрт нь юу тохиолдсон талаар сураглаж байгааг сонссон Лола буцахаас ч ичиж байв.
Түүнд Америкт таних хүн байсангүй. Явах газар ч байсангүй. Утас түүний толгойг эргүүлнэ. Механик зүйлс – АТМ, интерком, автомат машин, компьютерийн гартай бүх зүйлс – түүнийг сандаргаж орхидог байв. Хурдан ярьдаг хүмүүс түүнийг будилуулж, түүний хагас хугас англи хэл нь эргүүлээд хүмүүсийг будилуулна. Тэр уулзалт товлох, аялал төлөвлөх, аливаа маягт бөглөх битгий хэл ямар нэг туслалцаагүйгээр хоол ч захиалж чаддаггүй байв.
Би Лолад өөрийнхөө данстай холбосон АТМ-ын карт авч өгөөд, яаж ашиглахыг нь зааж өглөө. Нэг удаа тэр чадсан ч хоёр дахь удаа нь бүтэлгүйтэж, түүнээс хойш дахиж нэг ч удаа оролдож үзээгүй юм. Гэхдээ тэр картыг өөрт нь өгсөн бэлэг гэж бодоод хадгалсан байж билээ.
Бас нэг удаа түүнд жолоо барихыг заах гэж оролдсон юм. Тэр гараа савчин татгалзсан ч намайг түүнийг өргөж аваад машин руу аваачин жолоочийн суудал дээр суулгах үед бид хоёул чангаар инээж байж билээ. Түүнд хэрхэн удирдах тухай болон арааны талаар заах гэж 20 минут өнгөрүүлсэн. Нүд нь баяр хөөрөөс айдас болон хувирав. Намайг машиныг асаахад хянах самбарын гэрэл асав уу, үгүй юу, үг хэлж ч амжаагүй байхад минь тэр машинаас гарч гүйн гэр рүүгээ харайлгасан юм. Би дахиад хэдэн удаа оролдож үзсэн л дээ.
Уг нь машин жолоодоод сурчихвал Лолагийн амьдрал өөрчлөгдөх байх гэж бодсон юм. Ийш тийшээ явж болох юм. Хэрэв ээжтэй байх тэсвэрлэхийн аргагүй болвол бүр мөсөн ч явж болно гэж бодсон юм.
Дөрвөн эгнээ зам хоёр эгнээтэй болж, засмал зам хайрган зам боллоо. Машинууд болон хулс ачсан шар үхэрнүүдийн дундуур гурван дугуйт унасан хүмүүс сүлжилдэнэ. Үе, үе ямар нэг нохой эсвэл ямаа гэнэт зам дээр гарч ирэн машинд шүргүүлэнгээ алдана. Дүүдс хурдаа сааруулахгүй. Өнөөдөр зам гарч чадаагүй тэр амьтан маргаашийн биш юмаа гэхэд өнөөдрийн шөл болно – хөдөөний замын дүрэм ийм байлаа.
Би газрын зургаа гарган зорьж буй Маянток тосгон хүрэх замаа харав. Цонхны цаана тэртээ алсад бүсэлхийгээрээ тонгойсон хүмүүс тахир хадаасууд мэт харагдана. Олон мянган жилийн өмнөхтэйгээ яг л адилаар будаа хурааж байгаа хүмүүс. Бид хүрэх газраа ойртож байлаа.
Хямд хуванцар хайрцгаа тоншиж үзээд шаазан эсвэл зандан модоор хийсэн жинхэнэ бумба аваагүйдээ би харамсана. Лолагийн ар гэрийнхэн юу гэж бодох билээ? Тэднээс тийм ч олон хүн үлдээгүй л дээ. Тэр хавьд амьд мэнд үлдсэн ганц эгч нь одоо 98 настай Грегориа юм. Түүний ухаан санаа орж, гардаг болсон гэнэ лээ. Лолагийн нэрийг сонсох бүртээ уйлдаг ч төд удалгүй яагаад уйлснаа мартчихсан байдаг гэж хамаатууд нь хэлсэн.
05
Зүүн: Лола зохиолчийн хамт 2008 онд. Баруун: Зохиолч Лолагийн эгч Грегориатай.
Би Лолагийн эгчийн хүүхдүүдтэй холбоотой байсан юм. Намайг очиход тэр бүх л бэлтгэлийг хийсэн байлаа. Багахан хэмжээний ёслол, залбирал болон Маянтокийн Мөнхийн амгалан гэх оршуулгын газарт чандрыг нь хийх газар. Лола нас барснаас хойш таван жил өнгөрсөн ч би салах ёсоо хийгээгүй байсан тул юу болохыг гадарлаж байсан юм. Бүхэл өдрийн турш уй гашууд автсан би сэтгэлээ онгойтол уйлах хүслээ хүчээр дарж байв. Дүүдсийн дэргэд уйлмааргүй байсандаа л тэр. Лолад манай гэр бүл яаж ханддаг байснаас илүүтэй, Маянток дахь түүний гэр бүл надад яаж хандахаас эмээх түгшлээс илүүтэй өчигдөрхөн л Лолаг алдсан мэт санагдах тэрхүү хүнд зүйл намайг зовоож байлаа.
Дүүдс Ромулогийн өргөн чөлөөгөөр баруун хойд зүгийг чиглэн давхина. Дараад нь миний ээж болон дэслэгч Томын төрсөн нутаг Камилинг руу зүүн эргэв. Хоёр эгнээ зам нэг эгнээтэй болж, хайрган зам шороон зам боллоо. Зам Камилинг голыг даган үргэлжилж, нэг талд бөөгнөрүүлэн барьсан хулсан байшингууд, нөгөө талд ногоон уулс харагдана.
Ээжийн оршуулгын ёслолд би үг хэлсэн бөгөөд амнаас минь гарсан үг бүр минь жинхэнэ байсан юм. Тэр зоригтой, омголон нэгэн байсан. Азгүйтэх тохиолдол байсан ч амьдралын төлөө бүхий л чадлаараа зүтгэсэн тухай. Аз жаргалтай байхдаа гэрэл цацруулсан эмэгтэй байсан тухай. Хүүхдүүддээ хайртай бөгөөд ’80, ’90-ээд оны үед бидэнд байгаагүй Орегон мужийн Салемд байрлах тэр л гэр орныг бидэнд бий болгосон тухай. Үүнд нь талархсанаа дахин илэрхийлэх боломж олдоосой гэж хүсдэг тухайгаа. Бид бүгд түүнд хайртай байсан тухайгаа.
Гэхдээ Би Лолагийн талаар дурдаагүй. Ээжийнхээ амьдралын сүүлийн жилүүдэд Лолагийн талаар албаар ярьдаггүй байсныхаа адил нэг ч үг хэлээгүй. Ээжийгээ хайрлахын тулд ийм өөрчлөлтийг тархиндаа суулгах шаардлагатай байсан юм. Ингэж байж л бид ээж, хүү хоёр шиг байлаа. Түүний бие ’90-ээд оны дундуур муудаж эхлэсэн. Чихрийн шижин. Хөхний хорт хавдар. Хүндэрсэн хэлбэрийн цус багадалт. Хурдацтай өсч буй цус, чөмөгөн дэх хорт хавдар. Тэр бараг өдрийн дотор л тэнхлүүн нэгнээс сул дорой нэгэн болж хувирах шиг л болсон.
Бид хоёрын дунд болсон том хэрүүлээс хойш би гэртээ очихоос зайлсхийх болж, 23 настайдаа Сиаттл руу нүүсэн юм. Буцаж очих үед харин өөрчлөлт харагддаг болсон байлаа. Ээж ээж хэвээрээ байсан ч арай бага догшин болсон байна. Лолад сайн чанартай хиймэл шүд авч өгсөн байх бөгөөд тустаа өрөөтэй болгосон байна. Ах, дүүс бид Лолагийн TNT статусыг өөрчлөхөөр хөөцөлдөхөд ч ээж туслав. Роналд Реганы 1986 онд гаргасан цагаачлалын талаарх тогтоолд хууль бусаар амьдарч байсан сая сая цагаачдад өршөөл үзүүлсэн юм. Удаан үргэлжилсэн ажил болсон ч Лола 1998 оны 10-р сард албан ёсны иргэн боллоо – ээжийг цус багадалт өвчнөөр оношлогдсоноос хойш дөрвөн сарын дараа юм. Ээж маань дахиад нэг жил амьдарсан.
Ээж, Иван хоёр хааяа Орегон мужийн эрэг дээрх Линкольн хот руу аялахдаа Лолаг авч явдаг байлаа. Лола далайд дуртай нэгэн байв. Далайн нөгөө талд түүний эргэн очихыг мөрөөдсөөр ирсэн арлууд байгаа. Гэвч ээжийг дэргэд нь тайван байхад Лола хамгийн ихээр баярладаг байв. Далайн эрэг дээр өдрийг өнгөрөөх, эсвэл гал тогооны өрөөндөө хөдөө амьдардаг байсан хуучин цагаа дурсан 15 минут ярихад л Лола тарчлан өнгөрүүлсэн амьдралаа мартах шиг болдог байв.
Би харин тийм амархан мартаж чадаагүй юм. Гэхдээ би ээжийгээ арай өөрөөр хардаг боллоо. Ээж маань нас барахынхаа өмнө хоёр том чемодан дүүрэн өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрүүдээ надад өгөв. Хажууханд минь түүнийг унтаж байх хооронд би тэр дэвтрүүдийг нь уншиж байхдаа энэ олон жилийн турш түүнээс харахыг хүсээгүй тэр амьдралынх нь багахан хэсгийг олж харж байлаа. Тэр эмэгтэйчүүдийн төдийлөн зүрхэлдэггүй эмнэлгийн сургуульд оржээ. Америкт ирээд эмэгтэй хүний хувьд, цагаач эмчийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх гэж тэмцжээ. Тэрээр Салемд байрлалтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан Фэйрвью сургалтын төвд 20 жил ажиллажээ. Хачирхалтай нь тэр бүхий л амьдралаа өөрөөсөө дорд хүнд үйлчлэхэд зориулсан байлаа. Тэд түүнийг тахин шүтдэг байв. Хамт ажилладаг хүүхнүүдтэйгээ дотно үерхэж, хамтдаа дүрсгүйтэж, охидын хийдэг янз бүрийн юмыг хийдэг байж – дэлгүүр хэсч, нэг нэгнийхээ гэрт даашинзтай үдэшлэг зохиож, эр эрхтэн шиг хэлбэртэй саван, хагас нүцгэн эрчүүдийн зурагтай хуанлиг бие биенээ шоглох гэж бэлэглэж, инээж хөөрөлддөг байжээ. Үдэшлэгүүдэд авахуулсан зургуудыг нь харах зуур ээжид гэр бүл, Лолагаас гадуур өөр амьдрал, өөр хүн байсан гэдгийг нь санууллаа. Мэдээж шүү дээ.
Ээж хүүхэд бүрийнхээ талаар маш нарийвчлалтай бичдэг байжээ. Бид тухайн өдөр ямар байсан, биднээр бахархсан уу, хайр нь хүрсэн үү, эсвэл уурлаж хилэгнэсэн үү зэргийг уншиж болж байлаа. Мөн өөрийнхөө нөхрүүдийн талаар маш ихийг бичиж, өөрийн амьдралын түүхэн дэх ярвигтай дүрүүд болгон оруулсан байв. Бид бүгдээр ямар нэг үйл явдлын үр дүнд үүссэн хүмүүс байсан бол Лола ганцаараа тохиолдлын хүн байлаа. Лолагийн талаар хааяа нэг дурдах тохиолдолд өөр хэн нэгний түүхийг бичих үед хальт гарах дүр байв. “Өнөө өглөө хайрт хүү Алексыг минь Лола шинэ сургуульд нь хүргэж өглөө. Тэр хурдхан найзуудтай болоосой. Тэгвэл дахиад л нүүлээ гэж гунихгүй байх даа...” Тэгээд миний талаар дахиад хоёр хуудас бичсэн байх ч Лолагийн талаар дахиад нэг ч үг гарч ирэхгүй.
Ээжийг нас барахын өмнөх өдөр Католик лам ёслол үйлдэхээр манай гэрт ирсэн байсан юм. Лола ээжийн орны дэргэд суугаад, аманд нь уух зүйл хийхэд бэлэн байдалд соруултай аяга барин сууна. Тэр сүүлийн үед ээжид илүү их анхаарал тавьж, улам ч энэрэнгүй болсон байлаа. Уг нь ээжийн сул дорой байдлыг ашиглаж, өшөөгөө авч болох байсан ч харин ч эсрэгээр нь улам бүр халамжилж байв.
Ээжийг өнгөрөхийн өмнөхөн лам түүнээс хийж байсан ямар нэг зүйлдээ өршөөл хүсмээр байна уу гэж асуусан юм. Зовхи нь хүндэрсэн нүдээрээ өрөөг нэг тойруулж хараад, нэг гараа өргөөд Лола руу харахгүйгээр, толгой дээр нь тавьсан юм. Тэр нэг ч үг хэлээгүй.
Лола надтай хамт амьдрахаар ирэх үедээ 75 настай байлаа. Би хоёр жаахан охинтой, гэр бүлтэй, тохилог байшинд амьдардаг байв. Хоёр дахь давхрын цонхоор Пагет Саунд харагддаг. Бид Лолад өрөө бэлдэж өгөөд, хүссэн бүхнээ хийх эрхийг нь өгсөн юм: өдөржин унтах, савангийн дуурь үзэх, эсвэл юу ч хийхгүй байх. Амьдралдаа анх удаагаа юу ч хийхгүйгээр чөлөөтэй байж, амрах боломжтой. Гэхдээ энэ нь тийм амар зүйл биш гэдгийг би гадарлах хэрэгтэй байж л дээ.
Намайг залхаадаг Лолагийн тэр олон зүйлийг би мартчихаж. Ханиад хүрчихвий гээд надад ноосон цамц өмсүүлэх гэнэ (50 дөхөж байгаа хүнд шүү). Аав, Иван хоёрын талаар байнга үгэлнэ. Аав залхуу, Иван харин шимэгч, хачиг гээд л. Явцын дунд би түүний үгийг анхаарахгүй, чихнийхээ хажуугаар өнгөрүүлж сурсан юм. Гэвч анхаарахгүй байхад хэцүү нэг чанар нь юу ч хаядаггүй зан нь байлаа. Тэр бүү хэл бидний хаясан хогийг ухаж, хэрэгтэй зүйл хаячихсан байх вий гэж шалгана. Цаасан алчуурыг угаагаад, гарт нь уусч алга болох хүртэл нь дахин хэрэглэнэ. (Бусад нь тэрэнд нь ойртох ч үгүй.) Манай гал тогооны өрөө гялгар уут, тарагны сав, даршилсан өргөст хэмхний шилэнд дарагдаж, гэрийн бусад хэсгүүд ч “новш” гэхээс өөрөөр нэрлэж болохооргүй зүйлсийг агуулах хэсэг болон хувирч байлаа.
Бидний хэн нь ч өглөө юм идэхгүй, ихэвчлэн хаалгаар гүйн гарах зуураа гадил, эсвэл үр тарианы шахмал зууш амандаа хийхээс хэтэрдэггүй байсан ч хамаагүй Лола өглөөний цай заавал бэлддэг байлаа. Тэр бидний орыг хурааж, хувцас угаадаг байв. Гэр цэвэрлэчихнэ. Би эхэндээ түүнд эелдгээр “Лола, та ингэх хэрэггүй шүү дээ”, “Лола, бид өөрсдөө хийчихнэ ээ”, “Лола, наадах чинь охидын хийх ёстой ажил шүү дээ” гэж хэлдэг байлаа. Тэр “За” гэдэг ч хийсээр л байна.
Хааяа түүнийг гал тогооны өрөөнд зогсоогоороо хоол идэж байгааг харах, эсвэл намайг өрөөнд ороод ирэнгүүт биеэ бариад, цэвэрлэгээ хийгээд эхлэх нь надад хэцүү байдаг байлаа. Хэдэн сар өнгөрсний дараа нэг өдөр би түүнийг дэргэдээ суулгасан юм.
“Би аав биш шүү дээ. Та боол ч биш” гээд түүний хийгээд байдаг боолын ажлуудыг нь жагсаан бичив. Түүний цочирдсон байхыг би хараад гүнзгий амьсгаа аван, хоёр хацраас нь хоёр гараараа барив. Түүний жижигхээн царай нь надаас ямар нэг зүйл хайх мэт өөдөөс харна. Би түүний духан дээр үнсэв.
“Энэ бол таны гэр. Та энд бидэнд үйлчлэх гэж амьдраагүй. Та тайван амарч болно, за юу?” гэхэд минь тэр “За” гэв. Тэгээд цэвэрлэгээгээ үргэлжүүлж эхэллээ.
Тэр өөрөөр яаж байхаа мэддэггүй байлаа. Ингээд би өөрийнхөө зөвлөгөөг дагаад өөрөө тайван байхаар шийдлээ. Хэрэв тэр хоол хиймээр байгаа бол хийг. Түүнд баярлалаа гээд аяга тавгаа угаа. Зүгээр байгаагаар нь л байлга гэж би өөртөө байнга сануулдаг боллоо.
Нэг орой гэртээ ирээд түүнийг хөлөө өргөөд тавьчихсан, зурагтаа асаачихсан, буйдан дээр үг хайх тоглоом тоглоод сууж байхтай таарлаа. Хажууд нь аягатай цай. Тэр над руу хараад, өнөөх цав цагаан хиймэл шүдээ гарган ичсэн байдалтай инээмсэглэв. ‘Ахиц шүү’ гэж бид дотроо бодож билээ.
Арын хашаанд цэцэрлэг байгуулж эхэллээ – сарнай, алтан зул, бүх төрлийн цахирмаа. Тэгээд бүтэн өдөржингөө тэднийгээ арчилна. Тэр 80 хүрээд үе мөчний үрэвслээс болж таягтай явах боллоо. Түргэн хоолны газрын тогооч шиг байсан тэрээр гал тогооны өрөөнд зөвхөн хиймээр санагдсан үедээ л хоол хийдэг нэг тийм, дээд зэрэглэлийн тогооч болж хувирав. Тогоо дүүрэн хоол хийж, биднийг идэхийг таатай нь аргагүй инээмсэглэн харж суудаг болов. Лолагийн өрөөний хажуугаар явахдаа түүнийг Филиппиний ардын дууг сонсож байгааг нь үе үе сонсдог байв. Нөгөө л нэг хуурцгаа дахин дахин сонсоно. Тэр бүх мөнгөө – эхнэр бид хоёр түүнд долоо хоногт 200 доллар өгдөг байсан юм – нутагтаа байгаа хамаатнууд руугаа илгээж байгааг би мэддэг байлаа. Нэг өдөр түүнийг арын тавцан дээр нутгаас нь ирсэн нэг зургийг хараад сууж байхад нь очсон юм. “Та гэртээ харьмаар байна уу, Лола?” Тэр зургаа эргүүлээд, хуруугаараа бичээс дээгүүр нь гүйлгэснээ, дахин эргүүлээд нэг зүйлийг л харах мэт сууж байна. “Тийм ээ.”
83 насны төрсөн өдрийнх дараа би түүний гэр рүүгээ буцах нислэгийн билетийг авч өгөв. Сарын дараа би түүний араас очиж АНУ руу хамт буцахаар боллоо – хэрэв тэр буцахыг хүсвэл шүү дээ. Уг аяллын хэний ч дурдаагүй далд зорилго нь энэ олон жилийн дараа түүний очихыг ингэтлээ их хүссэн газар нь одоо хэр гэр шиг нь санагдах болов уу гэдгийг мэдэх явдал юм.
Тэр хариултаа олсон байлаа.
Маянтокоор хамт алхаж байхдаа тэр надад “Бүх зүйл өөрчлөгдсөн байсан” гэж хэлсэн юм. Хуучин байсан фермүүд байхгүй болсон байна. Гэр нь алга. Эцэг эх, ах дүүсийнх нь ихэнхи нь байхгүй болжээ. Багын найзуудаас нь амьд үлдсэн хэд нь танихгүй хүнээс өөрцгүй болцгоож. Тэднийг харах сайхан л байлаа, гэвч... Бүх зүйл өөрчлөгдсөн байсан юм. Магадгүй амьдралынхаа сүүлийн мөчүүдийг энд өнгөрүүлэхийг хүсч байгаа хэдий ч одоогоор тэр цаг нь биш байна гэж хэлж билээ.
“Та цэцэрлэг рүүгээ буцахад бэлэн байгаа бололтой.” “Тийм ээ. Гэртээ харьцгаая.”
04
Зүүн: 83 насныхаа төрсөн өдрийнхөө дараахан Лола Филиппинд урт хугацаагаар ирэв. Баруун: 65 жилийн дараа өөрийн дүү Жулианагийнхаа хамт.
Ах, дүүс биднийг асрахад бүхнээ зориулсан Лола одоо бидний охидыг асрахад бүхнээ зориулж байлаа. Хичээлээсээ ирснийх нь дараа тэдний ярих түүхийг сонсож, идэх юм бэлдэж өгнө. Эхнэр бид хоёроос ялгаатай нь (ялангуяа надаас) Лола сургууль дээр болдог бүх арга хэмжээ, үзүүлбэрүүдийн минут бүрт дуртай байсан юм. Уйдна гэж байхгүй. Хамгийн урд сууж, хөтөлбөрүүдийг нь тэмдэглэнэ.
Лолаг баярлуулах амархан. Түүнтэй хамт гэр бүлээрээ амралтанд явдаг ч гэсэн тэр уулын доохно талд байрлах тариаланчдын зах руу явахдаа ч ижилхэн баярладаг байлаа. Яг л хээрийн аялалд явж буй нүд нь тормолзох бяцхан хүүхэд болон хувирч, “Тэр хулууг хараач ээ!” гэж уулга алдана. Түүний өглөө сэрээд хийдэг эхний ажил нь байшингийн бүх хөшгийг нээх. Цонх бүрийн урд нь очоод хэсэг зогсож гадагш харна.
Тэр өөрөө уншиж сурав. Үнэхээр гайхалтай байж билээ. Хэдэн жилийн хугацаанд тэрээр үсгүүдийн авиаг дуудаж сурсан байлаа. Үсгэн дундаас үг хайдаг тоглоомыг тоглоно. Түүний өрөөнд харандаагаар дугуйлагдсан мянга мянган үгсээр дүүрсэн үг хайх тоглоомууд өрөөстэй байдагсан. Өдөр бүр мэдээ үзэж, өөрийнхөө мэддэг үгээ сонсдог байв. Тэр үгсээ сонин дээр тэмдэглэж, утгыг нь судалж олно. Дараад нь өдөр бүр сонинг ар өвөргүй уншдаг болов. Аав түүнийг эгэл хүн гэдэг байсан. Харин би түүнийг 8 настайгаасаа будааны талбай дээр ажиллахын оронд уншиж, бичиж сурсан бол ямар байх байсан болоо гэж боддог юм.
Манай гэрт амьдарсан 12 жилийн хугацанд би түүний талаар асуулт асууж, амьдралынх нь түүхийг хэсэг хэсгээр нийлүүлж ойлгох гэж хичээдэг байв. Үүнд тэр байнга л гайхна. Асуулт болгоны хариулт “Яах гэсэн юм?” гэж эхэлнэ. Яагаад түүний бага насны талаар асууж байгаа юм? Дэслэгч Томтой анх яаж уулзсан талаар асууж яах нь вэ?
Нэг удаа би Лолагийн хайр дурлалын талаар мэдэх санаатай Линг дүүтэйгээ хуйвалдах гэв. Магадгүй түүнтэй ярихад хялбар байж болох юм гэж бодсон хэрэг. Линг тургив. Надад туслахгүй гэж хэлж байгаа нь. Нэг удаа Лола бид хоёр авсан хүнсээ далд хийж байх зуураа “Лола, та хэн нэгэнтэй хайр дурлалын харьцаатай байсан уу?” гэж асуулаа. Тэр инээмсэглээд, хайр гэдэг зүйлтэй хамгийн их ойртсон ганц явдлаа ярьж өгсөн юм. Түүнийг 15 настай байхад нь Педро гэгч царайлаг хүү хажуугийн фермд байдаг байжээ. Хэдэн сарын турш тэр хоёр мөр зэрэгцэн будаа хураасан байна. Нэг удаа тэр өөрийнхөө боло-г (будаа хураахад ашигладаг хутга) унагачихаж л дээ. Педро маш хурдан хөдлөөд, түүнийг нь авч буцааж өгсөн байна. “Тэр надад таалагддаг байсан юм.”
Чимээгүй болов. “Тэгээд?” “Тэгээд тэр нүүчихсэн”. “Тэгээд?” “Тэгээд л тэр.” “Лола, ингэхэд та секс хийж үзсэн үү?” Би өөрийн мэдэлгүй асуучихав. “Үгүй ээ”.
Тэр хувийн асуултад хариулж сураагүй байлаа. “Катулонг ланг ако” гэж хариулна. Би ердөө л зарц шүү дээ. Асуултад нэг, хоёр үгээр л хариулна. Хамгийн энгийн түүх сонсох гэж л хэдэн өдөр, хэдэн долоо хоног үргэлжлэх 20 гаруй асуулт хариултын тоглоом болдог байв.
Ямартай ч миний олж мэдсэн зарим зүйлс гэвэл: Тэр олон жилийн турш өөрт нь хэрцгий хандаж байсан ээжид маань хичнээн уур нь хүрдэг байсан ч түүнийг үгүйлдэг байв. Лола залуу байхдаа маш их ганцаардавч уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй байжээ. Гэхдээ түүний эр хүнтэй байхыг мөрөөддөг байсан үеийг нь би мэддэг байсан юм. Том дэр тэврээд унтаж байхыг нь харж байлаа. Одоо харин ээжийн нөхрүүдтэй хамт амьдарсан тэр олон жилийн дараа ганц бие байх тийм ч муу зүйл биш байсан байж болох юм гэж хэлж билээ. Хоёр нөхрийг лав Лола огтхон ч үгүйлдэггүй байлаа. Магадгүй тэр Маянтокд үлдээд, гэр бүлтэй болж, эгч дүүстэйгээ хамт амьдарсан бол бол илүү дээр байх байж ч болох юм. Эсвэл бүр дор ч байх байсан юм бил үү? Түүний хоёр охин дүү Франциска, Зеприана нар өвчнөөр өөд болсон. Ах Клаудио нь бусдад хөнөөгдсөн. Ер нь энийг одоо асуух ямар хэрэг байна аа гэж тэр надаас асууна. ‘Бахала на’ гэх үзлийг тэр даган мөрддөг байлаа. Болох юм болдгоороо л болно. Түүнд тохиолдсон юм нь харин өөр гэр бүл байсан юм. Энэ гэр бүлдээ тэр найман хүүхэдтэй байлаа: Ээж, ах дүү бид тав, одоо миний хоёр охин. Бид найм амьдралыг нь утга учиртай болгосон гэж тэр ярьдаг юм.
Бидний хэн маань ч түүнийг ингээд гэнэтхэн нас барчихна гэж бодоогүй байж билээ.
Түүний зүрхний шигдээс гал тогооны өрөөнд оройн хоол бэлдэж байхад нь эхэлжээ. Би тэр үед нь гэрээ янзалж байв. Намайг очиход түүний шигдээс яг тэг дундаа орж байсан юм. Юу болж байгааг ойлгох сөхөөгүй байхад минь Лола хоёр цагийн дараа эмнэлэгт таалал төгссөн юм – оройны 10 цаг 56 минутанд. Бүх хүүхдүүд, ач, зээ нар түүнийг 11-р сарын 7-ны өдөр буюу ээжтэй нэг өдөр өнгөрсөнд гайхан ярилцана. Ээжээс яг 12 жилийн дараа.
Лола 86 насыг зоогложээ. Одоо хүртэл түүнийг эмнэлгийн түрдэг орон дээр байгаа нь надад харагддаг юм. Хүүхдээс томгүй энэ бор эмэгтэйг тойроод зогссон эмч нарыг хараад түүний ямар амьдрал туулж өнгөрүүлснийг нь гадарлах ч үгүй дээ гэж бодож байсныгаа би санаж байна. Ихэнхи хүмүүс өөрийнхөө төлөө амьдардаг бол Лола өөрийг нь хүрээлсэн хүмүүсийн төлөө бүхнээ зориулж, тэр нь ч эргээд бид бүгдийн хувиршгүй хайрыг татсан юм. Тэрээр гэр бүлийн минь нандин гишүүн болсон билээ.
Дээврийн хөндийд хураасан түүний хайрцгуудыг үзэхэд хэдэн сарын юм болж билээ. Хэзээ нэгэн цагт уншиж сурахаараа хийнэ хэмээн аль 1970-аад онд хадгалсан хоолны жорууд бүхий сэтгүүлийн хуудсууд. Ээжийн минь зурагтай зургийн цомог. Бидний хэрэггүй хэмээн хаясан байсан сургуульд байхдаа хожсон шагналууд. Нэг удаа би өөрийнхөө бичиж, нийтэлж байснаа ч мартсан нийтлэлүүдийн минь шаралж гандсан хайчилбаруудыг нямбайлан хадгалсан байсныг хайрцагны ёроолоос олоод уйлах дөхөж билээ. Тэр үед Лола уншиж чаддаггүй байсан. Гэсэн хэдий ч хадгалсан байж.
02
Лолагийн бага насаа өнгөрүүлсэн газар
Дүүдсийн машин хулс, банзаар хийсэн байшингууд дунд байрлах ганц бетонон байшингийн урд ирээд зогсов. Байшингуудын эргэн тойронд зах хязгааргүй мэт харагдах будааны талбайнууд ногоорно. Намайг машинаас бууж ч амжаагүй байхад хүмүүс гэрээсээ гарч ирцгээж байлаа.
Дүүдс тэр дороо жаахан дуг хийх гэж сандлынхаа түшлэгийг налуулав. Би даавуун цүнхээ мөрөндөө үүрээд, гүнзгий амьсгаа аваад хаалгаа онгойлгов.
“Ийшээ” хэмээх нэгэн зөөлөн хоолой сонсогдож, би ч өнөөх бетонон байшин руу зүглэн алхав. Намайг дагаад хөгшин залуу 20 орчим хүн явна. Тэдний ихэнхи нь хөгшин аж. Дотор орсоны дараа бүгд хана дагуулан өрсөн вандан сандлууд дээр сууж, өрөөний голд би ганцаар үлдэв. Би гэрийн эзнийг хүлээн зогссоор байлаа. Өрөө нь жижигхэн бөгөөд харанхуй юм. Хүмүүс надруу ямар нэг зүйл хүлээх мэт харсаар.
“Лола хаана байна?” гэж хажуугийн өрөөнөөс нэг хүн дуугарав. Үүний дараа гэрийн даашинз өмссөн дунд эргэм насны эмэгтэй инээмсэглэсээр гарч ирэв. Лолагийн эгчийн охин Эбиа. Энэ түүний гэр аж. Тэр намайг тэврээд, дахин “Лола хаана байна?” гэж асуув.
Би мөрнөөсөө даавуун цүнхээ аван түүнд өгөв. Тэр инээмсэглэсэн хэвээр над руу харж, цүнхийг минь болгоомжтой аваад модон вандан дээр суулаа. Тэгээд цүнхнээс хуванцар хайрцгийг гаргаж ирээд, ийш тийш хараад “Лола хаана байна?” гэж дахин асуув. Эндхийн хүмүүс талийгаачдаа чандарлах нь ховор аж. Тэр яг юу хүлээж байснаа мэдэхгүй байх шиг байлаа. Тэгээд тонгойн өвөр дээрээ тавьсан хуванцар хайрцаг дээрээ духаа тавив. Би эхлээд түүнийг инээж байна гэж бодсон (баярласандаа) боловч төд удалгүй уйлж байгааг нь мэдсэн юм. Мөр нь хөдөлж, чангаар уйлж эхлэв. Тээр нэг өдөр Лолагийн уйлж байсан шиг харамссан, яг л амьтаных шиг цурхираан.
Эндхийн хүмүүс Лолад ингэж санаа тавина гэж төсөөлөөгүй тул би чандрыг нь авчралгүй хэдэн жил болсон юм. Тэднийг ингэтлээ гашуудна гэж бодоогүй. Эбиаг тайтгаруулах гэтэл гал тогооны өрөөнөөс нэгэн эмэгтэй гарч ирэн, Эбиаг тэврээд мөн л уйлж эхлэв. Нэг мэдэхэд өрөө тэр аяараа уйлж байлаа. Сохор хөгшин, шүдгүй хэдэн хөгшчүүд бүгд чангаар уйлна. Арваад минут үргэлжиллээ. Энэ бүхэнд гайхсан би хацраа даган урсах нулимсаа ч анзаарсангүй. Уйлаан намжиж, дахин чимээгүй болцгоолоо.
Эбиа тайвширч, бүгдэд маань хоолны цаг болжээ гэв. Бүгд гал тогооны өрөөнд орцгоож, бүлцийсэн нүдтэй ч гэсэн сэтгэл нь хөнгөрцгөөсөн хүмүүс янз бүрийн түүх хуучилж эхэллээ. Би вандан сандал дээрх хоосон даавуун цүнхээ харангаа Лолаг төрсөн нутагт нь авчирсан минь зөв байжээ гэж бодон суулаа.
Орчуулсан Э.Очирт
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.