Арав.мн

Дэлхийг дулааруулсан хакерууд

Дэлхийг дулааруулсан хакерууд

Үнэргүй, үл үзэгдэх хэдий ч агаар мандалд хортой, үйлдвэрлэлийн хий ялгаруулах тусгай зөвшөөрлийг олон улсад нүүрстөрөгчийн кредит гэдэг. Дулаарлын хурдыг сааруулж, байгаль орчныг хамгаалах үүднээс ийм кредит бий болгосон бөгөөд хорт хий их хэмжээгээр ялгаруулдаг үйлдвэрлэгчид дэлхийг дулааруулж байгаагийнхаа хариуд ядаж илүү мөнгө төлөх ёстой гэсэн хандлагаас үүдэн 2005 онд ийм тогтолцоо бий болжээ. Нүүрстөрөгчийн кредитийн систем Европт хамгийн их хөгжсөн. Ийм кредиттэй байх нь үйлдвэрлэгчдийг татварын дарамтаас чөлөөлдөг бол агаарыг хэн хамгийн их бохирдуулдгийг мэдэх, тэдэнд хяналт тогтоох боломжийг албаныханд олгодог байна. Харин есөн жилийн өмнөөс нүүрстөрөгчийн кредитийг цахим сүлжээгээр худалдах болсон нь гуравдагч бүлэг этгээдийг буюу хакеруудыг энэ бизнес рүү татжээ. Одоо тэд шинэ зууны хамгийн “гар цэвэр”, нэр зүсгүй, нууц дээрэмчид болоод байна. 

Жугга хэмээх онлайны нууц нэртэй “бизнесмэн” нүүрстөрөгчийн кредитийг аль болох олноор нь хулгайлж, дамлан худалдахаар төлөвлөжээ. Тэгэхийн тулд Хар луу хочит хакерийг 2011 оны зургадугаар сард хөлсөлсөн байна. Харин Хар луу ийм хачин нэр томъёог битгий хэл, нүүрстөрөгч гэдэг үгийн учрыг ч мэддэггүй байлаа.
Хар луугийн жинхэнэ нэр Мэттью Бэддос юм. Английн төв хэсэгт, уурхайчны гэрт төрж, өссөн тэрбээр дунд ангиа ч дүүргэлгүй сургуулиа орхиж, компьютерийн янз бүрийн программ дээр бие даан ажиллаж сурчээ. Гэхдээ “авьяас”-аа буруу зүйлд ашиглаж, хэдэн зуун хүний зээлийн картаас олон мянгаар тоологдох фунт стерлинг хулгайлсан байна. Харин Хар луугаас тав ах буюу түүнтэй холбогдох үедээ 36 настай байсан Жугга нь Английн Лестершир хотын иргэн Жасдип Сингх Рандава гэгч байлаа. Тэрбээр өмнө нь элдэв төрлийн янжуур, задгай тамхи дамладаг хууль бус сүлжээнд ажилладаг байв.
Рандава нүүрстөрөгчийн бүртгэл буюу кредит худалддаг хөрөнгийн зах зээл гэж болох цахим сангийн “арын хаалга”-ыг хакеруудад нээж өгсөн нэгэн. Хэдийгээр ийм “бирж”-ийн брокерууд тусгай зөвшөөрөлтэй байдаг ч мэдээлэл сайтай л бол хэн хүссэн нь нүүрстөрөгчийн кредит худалдагч болох боломжтой байдаг. Бэддос Рандавагийн саналыг хүлээж авсан ч нүүрстөрөгчийн зах зээлд арын биш, гол хаалгаар нь орохыг зөвлөжээ. Түүнийхээр бол жинхэнэ худалдаачны дүр эсгэж байгаад кредит борлуулах, худалдаж авах хүмүүсийн дунд хор хутган, кредит цуглуулах нь хавьгүй “цэвэрхэн” ажил байлаа. Уг саналыг дэмжсэн Жугга Хар лууд урьдчилгаа болох 6000 фунт стерлинг буюу ойролцоогоор 10 мянган ам.доллар өгчээ. Харин албан ёсны кредит худалдагчдаас хэдэн мянган зөвшөөрөл “дэлсэж”, түүнийгээ үнэ хүргэж чадвал Жугга ганц өдрийн дотор олон арван сая доллартай болох байв.
Бэддос Рандаваг Германы Бонн хотод байх НҮБ-ын Нүүрстөрөгчийн бүртгэл, судалгааны хорооны төвд очиж, тэндхийн албан тасалгааны байр байдал, болбол цахим орчныг нь тандаад ирэхийг хүсчээ. Харин Рандава албан ёсоор кредит борлуулах шинэ “компани”- ийнхаа мэдээллийг файлаар, битүүмжилсэн цахим хавтсанд хийгээд хорооны төв компьютер луу илгээе хэмээн албаныхныг сэнхрүүлж дөнгөсөн байна. Ингээд Бэддос гол ажилдаа оров. Тэрбээр Zeus хэмээх вирус бүхий хавтас үүсгэж, вирус устгагч ямар ч программд дийлдэшгүй “зэвсэг” бүтээжээ. Түүнийг нь Рандава Бонн руу цахим шуудангаар илгээж, НҮБ-ын Нүүрстөрөгчийн бүртгэл, судалгааны хороонд “бөмбөг тэслэх” нь тэр. Zeus вирус кредит худалдааны системийг ганц цагийн дотор эвдэж, 426 мянган кредитийг Рандавагийн компьютер луу шилжүүлжээ. Тэдгээрийн тус бүрийн үнэ 10 евро бөгөөд бүгдийг нь ашиглан нүүрстөрөгч ялгаруулбал тонн орчим нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд “цутгасан”-тай дүйнэ. Ингэж шинэхэн хамтрагчдын эхний ажил бүтэмжтэй болжээ. Тэд хэд хоногийн дараа SQL гэх өөр нэг вирус ашиглан тус бүр нь 15 еврогийн үнэ хүрэх 350 мянган кредитийг Европын холбооны нүүрстөрөгчийн зах зээл дэх Испанийн хамгийн том компанийн сүлжээнээс хулгайлсан байна. (Хоёр жилийн дараа тэдгээр алдагдсан кредитийн заримыг Британийн нефть олборлогч хамгийн том компани BP юу ч сэжиглэлгүй, бараг 90 мянган еврогоор худалдаж авсан байдаг).
Гэхдээ Жугга, Хар луу хоёр удаан гар нийлсэнгүй. 2011 оны сүүлч гэхэд Их Британийн Зохион байгуулалттай болон онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх агентлагийнхан Бэддосыг эрэн сурвалжилж эхлээд байлаа. Зөвхөн 3G модем ашиглаж интернэтэд холбогддог, онлайнд байхдаа ч байршлаа нууцалдаг, ямар ч албан байгууллагын дотоод системд нэвтэрч чадна гэж сайрхдаг мань эр харин гэрийнхээ Wi-Fi сүлжээнд юу ч бодолгүй холбогдож, IP хаягаа цахим мөрдөгчдөд алдчихжээ. Нэгэнт байршлыг нь илрүүлсэн болохоор зартай, алдартай Хар лууг барих гэж Английн цагдаа нар удаж түвдсэнгүй. 2011 оны арваннэгдүгээр сарын дунд гэхэд Хар луу хэмээгдэх Мэттью Бэддос цахим гэмт хэрэг мөрдөгчдийн өмнө гэм нүглээ наманчилж суулаа. Түүнийг 2013 оны гуравдугаар сард Жугга буюу хамтрагч Рандаватай нь (тэд шүүх танхимд л анх удаа нүүр тулж уулзсан) хамт шүүж, хоёр жил хорих ялаар шийтгэжээ.
Сүүлийн 10-аад жилд хууль сахиулагчид болоод аж үйлдвэрлэлийн салбарынхны дунд чулуу хөөлгөж, хэдэн арван тэрбум ам.долларын ашиг олсон, энэ хоёр шиг хэдэн мянган хакер бий гэж Интерполынхон үздэг. Тус байгууллагын 2013 оны судалгаагаар нүүрстөрөгчийн кредитийн хууль бус худалдаа хэдхэн жилийн дотор хамгийн хурдан өсөж байгаа гэмт хэргийн нэг болжээ.
Дэлхийн жилийн дундаж температур одоогийнхоос цельсийн хоёр градусаар нэмэгдэхэд л дулаарлаас үүдэлтэй олон сөрөг үзэгдэл, байгалийн гамшиг болно гэж мэргэжилтнүүд анхааруулдаг. Харин дулаарлыг хурдасгадаг нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хянаж, зохицуулах нь дулааралтай тэмцэх хамгийн зөв зүйтэй арга гэж албаны хүмүүс үзсэн. Гэхдээ Бэддосын хэлснээр үүн шиг худал зүйл байхгүй гэнэ. Хулгайн кредитийн наймааг өөгшүүлэгчид нь бохир түлш буюу боловсруулаагүй нүүрс хамгийн ихээр хэрэглэдэг, үндэстэн дамнасан том компаниуд байдаг аж. Тэдгээр компани жилд нийтдээ 30-аад тэрбум ам.доллараар нүүрстөрөгчийн кредит худалдаж авдгийн талаас илүү нь хакеруудын нийлүүлдэг “бүтээгдэхүүн” байдаг гэж өдгөө нууц нэрээ өөрчилж Хар биш, Улаан луу болсон Бэддос ярьжээ.
Анх удаа ийм хэргээр шүүх танхимд ял сонсож, шийтгүүлсэн гэдгээрээ хэвлэлийн баатар болж, дэлхийг дулааруулсан “хамгийн нүгэлтэй хакер” гэгдсэн тэрбээр үнэн хэрэгтээ энэ адал явдалт “зохиол”-ын ердийн л нэгэн туслах дүр юм. Хар лууг хэдэн мянган кредит хулгайлахаас хэдэн сарын өмнө буюу 2011 оны нэгдүгээр сард Европын нүүрстөрөгчийн зах зээл дэх хамгийн ноцтой хэрэг Прага хотод гарчээ. “Нүүрстөрөгчийн шок” номын зохиогч, сэтгүүлч Марк Шапирогийн баталж буйгаар Чехийн Нүүрстөрөгчийн хэмжилт, бүртгэлийн газрын нэгдсэн системээс хэдхэн хормын дотор 1.2 сая кредит алдагдсан нь Австри, Грек, Румынд хүртэл нөлөөлж, сарын дотор 45 сая евро болон “хувирчээ”. Харин цахим сүлжээн дэх хэдхэн тоог ийм хэмжээний мөнгө болгосон “шидэт” хакерууд өнөө ч олдоогүй байна. Гэтэл бид тэдний хулгайлж, худалдсан кредитийг “түлэгчид”-ийн агаараар амьсгалсаар, хордсоор, дэлхийгээ дулааруулсаар байх. 

Эх сурвалж: The Foreign Policy


9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start