ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ
Нийгмийн сэдэвт нийтлэлийн төрөлд Пулитцерийн шагнал хүртсэн бүтээл.
2015 оны гуравдугаар сард “The Post and Courier” сонинд хэвлэгдсэн долоон хэсэгт нийтлэлийг товчлон хүргэж байна.
(Сэтгүүлч: Дуг Пардю, Гленн Смитт, Женнефер Берри Хос, Натали Каула Хофф)
Өнгөрсөн 10-аад жилийн дотор АНУ-ын Өмнөд Каролина мужид 300 гаруй эмэгтэй эрчүүдийн гарт амиа алджээ. Тэдний 90-ээд хувь нь гэртээ амьсгал хураасан байна. Өөрөөр хэлбэл, 12 хоног тутамд нэг эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, нас барсан гэсэн үг. Энэ нь Америкийн дундаж үзүүлэлтээс 64 хувиар илүү юм. Гэмт хэрэгтнүүдийн олонх нь хохирогчдын найз залуу, нөхөр, эсвэл хуучин хамтран амьдрагч нь байлаа.
Гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг эрчүүдийн үйлддэг гэмт хэргийн гаралтаар нь тооцвол Өмнөд Каролина бол Америкийн хамгийн хэрцгий муж юм. Энд, кинонд гардаг шиг гудамжны буудалцаан, нүднээ ил аллага, үймээн самуун байхгүй ч хүний эрхийн хуульч, мэргэжилтнүүдийн ялигүй хэтрүүлж хэлдгээр хаалттай хаалга бүрийнх нь цаана хүчирхийлэл ямар нэг хэлбэрээр оршдог байна.
Тус муж эрчүүдийн гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн тоогоор улсдаа тэргүүлэх болсонд галт зэвсгийн хараа хяналтгүй, чөлөөтэй худалдаа, зохих хууль журамгүй эрх зүйн гажуудал, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах орогнох байрны хүрэлцээгүй байдал гээд олон зүйл нөлөөлснөөс хамгийн том хүчин зүйл нь ард иргэдийнх нь хандлага юм.
Хойд Америкийн “Библийн бүслүүр” гэгддэг нутаг дэвсэрт аж төрдөг, хэдийнээс гүн гүнзгий сүсэг бишрэлтэй байж, гэр бүлийн үнэт зүйл, нэр төрөө эрхэмлэж ирсэн өмнөд каролиначуудын хувьд салалт гэдэг шившигтэй явдал. Гэрлэх ёслолын үеэр санваартны өмнө өргөх “Үхэл биднийг хагацаах хүртэл өнчрөл, ядуурал, өвчин зовлонгийн алинд ч хамт байна” гэх андгай тангарагтаа үнэнч байх нь тэдэнд чухал.
Тэртээ 1861 онд боолчлолыг халах Линкольны бодлогыг эсэргүүцэн, уламжлалаа хамгаална хэмээн холбооны засаглалаас тусгаар тогтнох гэж зүтгэж байсан, хатуу дэг жаягтай, гэрлэлтийг амьдралын хамгийн чухал үйл явдал гэж үздэг баптист, католик, методистууд иргэдийнх нь дийлэнх хувийг эзэлдэг гэж бодохоор эмэгтэй хүнийг хэзээд хоёрдугаарт тавьж ирсэн энэ нутгийнхныг ойлгож болмоор.
Америкийн бусад хэсэгт эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглаж байхад энд л бүх зүйл алгуур явагдаж байлаа. Ердөө 1967 оноос шүүхэд мэдүүлэг өгөх, тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнд оролцох эрхтэй болсон Өмнөд Каролинагийн эмэгтэйчүүд бусад америк эмэгтэйчүүдээс бүтэн хоёр жилийн дараа буюу 1922 онд сонгуульд оролцох эрхтэй болж байв. Энд 1949 оныг хүртэл эмэгтэй хүн гэрлэлтээ цуцлуулах эрхгүй байсан бол Америкийн бусад мужаас өчнөөн олон жилийн дараа буюу 1991 онд л хамтран амьдрагч юм уу, эхнэр, нөхрийн бэлгийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэхийг хуульчилжээ. Умард нутгийнхны хуучинсаг хандлага ийнхүү өөрчлөгдөж байгаа ч бодит байдал дээр эмэгтэйчүүдийг дорд үзэх, гэр бүлийн аливаа асуудалд эмэгтэй хүнийг илүүтэй буруутгах нь давамгайлсан хэвээр байна.
Эмэгтэйчүүдийн дундах ядуурал, ажилгүйдлийн үзүүлэлтээр Өмнөд Каролина улсдаа зургаад, дунд сургууль дүүргээгүй эмэгтэйчүүдийнхээ тоогоор долоод ордог. 2011 онд тус муж анх удаа эмэгтэй Амбан захирагчтай болсон ч хууль тогтоох дээд байгууллагад нь түүнээс гадна ганц л эмэгтэй түшээ байна. Ийм байхад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай хууль журмыг мужийн Сенатаар батлуулна гэдэг бүтэшгүй зүйл. 25 настай, хоёр сартай жирэмсэн Эрика Олсен гэх эмэгтэй 2006 оны аравдугаар сард дөрөвхөн настай охиныхоо өмнө найз залуудаа 25 хутгалуулан амьсгал хураахад, 2012 оны хоёрдугаар сард 30 настай Дара Уатсон сүйт залуудаа боомилуулан нас барахад, 72 настай Андренна Батлер 2014 оны арванхоёрдугаар сард салсан нөхөртөө буудуулан амиа алдахад ч эмэгтэйчүүдийг хүчирхийлэгчдээс хэрхэн хамгаалах талаар мужийн Сенатад ам нээсэн хүн үгүй.
Хүний эрхийн хуульч, шинжээчдийн тооцоогоор Өмнөд Каролинад жилд дунджаар 380 гаруй эмэгтэй “Өрөө байхгүй” гэх шалтгаанаар хоргодох байрнаас буцдаг байна. Гэтэл мужийн бүх 46 тойрогт тэнэмэл муур, нохдыг байлгах дор хаяж нэг байр байдаг аж. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байр мужийн хэмжээнд ердөө 18 байна. Жилд дунджаар 36 мянган эмэгтэй сэтгэл зүйн дарамт шахалт, бэлгийн хүчирхийлэл, зодуур амсдаг гэх ийм газарт энэ нь дэндүү чамлалттай тоо. Мужийн баруун хойд захад орших Окони тойргийн Цагдаагийн газрын даргын хэлснээр уг тойрогт өнгөрсөн зургаахан сарын дотор долоон эмэгтэй найз залуу юм уу, нөхрийнхөө гарт амиа алджээ.
Тэдний нэг 58 настай Гуэндолин гэх эмэгтэй нөхрөөсөө зугтах гэж олонтаа оролдож, хоргодох байранд очсон ч буцаагдсан хүмүүсийн нэг аж. Харин нөхөр нь түүнийг буудаж хороон, дараа нь өөрийнхөө аминд хүрсний дараа тэдний 12 нохой, найман муурыг амьтан хамгаалагчид мужийн хөрөнгөөр асрах болж, тусгай байранд авчирсан байна. Энэ бол эмгэнэлтэй ч, инээдэмтэй ч хэрэг. Үүнийг “чимэх” нэгэн баримт онцлоход Өмнөд Каролинагийн албаны хүмүүсийн олонх нь гэр бүлийн хүчирхийлэл газар авч байгаад зовниж байна гэх хэрнээ гэрийнхээ тэжээвэр амьтантай зүй бус харьцсан хүнийг тав хүртэлх жил хорьдог ч эхнэр юм уу, найз бүсгүйдээ анх удаа гар хүрсэн хүнийг “харж үзэн”, дээд тал нь 30 өдөр л торны цаана суулгадаг журмаа “шалгарсан”, “сайн” хууль тогтоомж гэж үнэлсээр байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Өмнөд Каролинад өнгөрсөн 10 жилийн хугацаанд баригдсан хүмүүсийн гуравны хоёр хувь нь өмнө нь ямар нэг байдлаар хууль хяналтынхантай орооцолдож байжээ. Тэдний 70 гаруй хувь нь цагдаад нэгээс илүү баригдаж байсны олонх нь агсамнасан, гэр бүлийнхээ гишүүдийг, ялангуяа эхнэр, хамтран амьдрагчаа зодсон хэргээр хоригдож байж. Тэдний нэг нь Саммервилл хотын иргэн 59 настай Ли Делл Брэдли. Тэрээр найз бүсгүй, хамтран амьдрагчдаа гар хүрсэн хэргээр хэд хэдэн удаа баригдаж байсан ч ял шийтгэлгүй өнгөрч, хамгийн ихдээ 81 хоног торны цаана суугаад суллагджээ. Харин өнгөрсөн тавдугаар сард гэрлээд удаагүй эхнэрээ хутгалж хөнөөсөн байна. Хохирогчийн найз нөхөд, ар гэрийнхнийх нь мэдүүлснээр эмэгтэй Брэдлигээс зугтахаас айдаг байжээ. “Үхтэлээ чамайг явуулахгүй. Надаас өөр хэн ч чамайг тоохгүй” гэж Брэдли хохирогчийг сүрдүүлдэг байж.
Хүчинд автсан олонх хүний адилаар эмэгтэй өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж үзэн, өөртөө итгэх итгэлээ алдсан байв. “Намайг айлгах нь түүний хамгийн хүчтэй зэвсэг. Одоо салахаасаа өнгөрсөн. Хүмүүс ч юу гэх юм” гэж эмэгтэй алагдахаасаа хэд хоногийн өмнө найздаа бичжээ. Харин Брэдли шүүх хурал дээр “Түүнд хайртай байсан болохоор алсан. Үхтэлээ хамт байна гэсэн амлалтаа биелүүлсэн” гэж мэдүүлсэн байна. Чарлстон хотын иргэн 55 настай Дэвид Реган найз бүсгүйгээ гурван ч удаа зодсон хэргээр 10 сар хоригдох ялаар шийтгүүлсэн байв. Харин батлан даалтаар суллагдмагцаа найз бүсгүйгээ боомилж, хөнөөжээ.
Түүний адил батлан даалтад байхдаа эхнэрээ буудахыг завдсан Роб Жонстон гэгч этгээд харин гуравхан жилийн ял сонссон байна. Хуучин эхнэр Алися Алварез нь түүнийг удахгүй эрх чөлөөтэй болно гэхээс айдаг. Түүний хэлснээр хүчирхийлэл шуудхан зодоон цохион, аллага, хэрцгийллээр эхэлдэггүй. Харин өчүүхэн зүйлийг хүртэл шүүмжилж, өрөөлийн үйл хөдлөл, эд юмсыг сэжиглэх нь хүчирхийлэгчийн анхны шинж тэмдэг гэнэ. Өөрийг нь болон хоёр хүүхдийг нь хамгаална гэж Алися одоо ганц л зүйлд найдаж байгаа нь ирэх зургадугаар сард болох мужийн Сенатын их чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн тухай хууль юм. Зарим албаны хүн болоод хүний эрхийн хуульч, нийгмийн зүтгэлтэн, энгийн иргэдийн төлөөлөл нийлсэн хэсэг хүн шинэ хуулийн төсөлд хүчирхийллийн тухай тусгах санал оруулаад байгаа аж. Харин тэр хүртэл, Өмнөд Каролинагийн Статистикийн газрын тооцоогоор 30 эмэгтэй итгэж явсан эрийнхээ гарт амиа алдсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.