Омогтой 12 эрс (кино тойм) 1957 онд хийгдсэн эртний нэгэн бүтээлийн талаар санал бодлоо хуваалцъя. Тарантиногийн 8-тай адил энэ киноны тухай бичихийн тулд багадаа 5 удаа үзсэн гэдгээ нуулгүй хэлчихье. Киноны ерөнхий үйл явдал их энгийн тангарагтаны шүүхийн бүрэлдэхүүн шүүх хурлаар орсон залуухан хүүг буруутай эсэхийг хэлэлцээд л үйл явдал өндөрлөнө. Илүү нарийн мэдээлэлтэй байлгахын тулд АНУ-ын хууль, эрхзүйн тогтолцоог бага зэрэг судалж бичсэн бол дажгүй болох байсан биз. Гэхдээ энэ киног үзэхэд бараг тэгэх шаардлагагүйгээр ойлгомжтой болно.
Найруулагч: Сидни Люмэ /Sidney Lumet/Кино зохиолч: Режиналд Рөүс /Reginald Rose/Продюсер: Хенри Фонда /Henry Fonda/Хөгжимийн зохиол: Кэнион Хопкинс /Kenyon Hopkins/Ерөнхий зураглаач: Борис Кауфман /Boris Kaufman/Эвлүүлэгч: Карл Лернэр /Carl Lerner/Гол дүрүүдэд: Мартин Бальзам, Жон Фидлер, Лий Ж. Кобб, И.Ж. Маршал, Жак Клугман, Эдвард Бинс, Жак Ворден, Хенри Фонда, Жозеф Свини, Эд Бигли, Жорж Воскович, Роберт Веббер
1960-аад оны эхэн үе хүртэл Нэгдсэн улсын шүүхийн хэрэг шүүх процесст тангарагтаны шүүх буюу иргэний төлөөлөлөөс бүрдсэн шүүх багийн хөндлөнгийн дүгнэлт маш хүчтэй нөлөө үзүүлдэг байсан бололтой. Энэ нь манайд буруугаар эргэж завхраад байгаа шүүх тогтолцооны ялзрал, авилга зэргээс хамгаалах бас нэг боломжийн арга ч байж болох юм. Нэг үгээр хэлбэл тангарагтаны шүүхийн гаргасан шийдвэрийг бусад шүүх бүрэлдэхүүн ахин авч үзэх ёстой бөгөөд ингэснээрээ хэргийг илүү үнэн зөвөөр шийдэх бололцоо бүрдэнэ. Түүнээс гадна ижил төстэй хэргүүдийн кэйсийг байнга хэрэг шүүхдээ ашигладаг нь тус улсын шүүх тогтолцооны давуу талыг бий болгодог биз ээ. Мөн тангарагтаны шүүх бүрэлдэхүүн 100% санал нийлсэн шийдвэр дээр тогтддог байна. Ямартаа ч энэ кино маш өргөн хүрээг хамарсан сэдвийг өөртөө багтаажээ. Ерөөс эрх чөлөө, ардчилалын тулгуур хүчин зүйл нь шударга ёс, тэгш эрх, үүрэг хариуцлага юм. Харин энэхүү кинонд орчин үеийн эрх чөлөөт, ардчилсан улсуудын нэг жишээ болох америк орны шударга ёс хэрхэн тогтсон, түүнд иргэд, олон нийт ямар оролцоотой байдаг вэ, тэднээс хэр их зүйл шалтгаалдаг вэ гэдгийг тод харуулж өгсөн байна.
Найруулагч Сидни Люмэгийн хувьд "Сүлжээ" /Network/, "Чөтгөр үхсэнийг чинь мэдэхээс өмнө" /Before the Devil knows you’re dead/ зэрэг чанартай бүтээлүүдээрээ олонд танигдсан бөгөөд энд яригдаж буй “Омогт 12 эр” бол түүний залуу цагийн бүтээл болно. Киноны найруулга тун гайхалтай. Бүхий л үйл явдлыг гуравхан танхимд багтаан өрнүүлэх ба нийт үйл явдлын 80%-иас илүү нь ердөө ганцхан өрөөнд болж өнгөрнө. Кинонд биеийн, сэтгэлзүйн хүчирхийлэл, завдал, оролдогууд их олон илэрнэ. Бие биентэйгээ маргалдан мэтгэлцэж буй тангарагтаны шүүхийн 12 гишүүний зан характер , харилцан сэтгэлзүйн дайралт хийж буй байдал, өөрийн үзэл бодлыг хамгаалж буй болон бусдын ятгалганд автаж байгаа зэрэг үйл явдал их онцгой анзаарагдана. Түүнчлэн шүүхийн бүрэлдэхүүнд багтаж буй гишүүдийн тухайн ажилдаа өгч байгаа анхаарал, хариуцлага зэргээс үйл явдал хэрхэн эргэж байгааг харахад заримдаа зэвүүцмээр, заримдаа бахархаж талархмаар сайхан сэтгэгдэл төрнө. Ямартаа ч энэ киног үзээд сэтгэл хөдөлж, бусдыг хайрлаж энэрэх, хийж буй ажилдаа хариуцлагатай хандах, аливаа асуудлын зөв буруу нарийн дэнсэлж ялгаж сурах зэрэг эерэг өөрчлөлтүүдийн гялбаа гаргаж болох байх. Найруулагч энэ ажил дээр үнэхээр ямар ч алдаагүй төгс ажилласан. Киноны үйл явдал, зохиол, логикийн хувьд нэг ч алдаагүй. Мэдээж шүүх процессийн мэтгэлцээн үчраас үзэгчид киноны 90 минутын хугацаанд уйдах залхах байдал гарч магадгүй. Гэхдээ найруулагч энэнээс маш сайн хамгаалж өгч чадсан. 12 гишүүний зөвхөн нэг нь эсэргүүцсэнээр үйл явдал өрнөж эхлэх бол гишүүд нэг нэгээрээ шийдвэрээ өөрчлөх бүрт кино түр хугацааны хачир үйл явдлаар богино завсарлагууд авна. Харин хүчний тэнцвэр эсрэг тал руугаа болж эхлэх үед гурав дахь өрөөний сценээр нэг их завсарлага аваад үргэлжилнэ.
Үзэгч та энэ киноноос 12 өөр зан характер , ажил мэргэжил бүхий хүмүүс хэрхэн нэг баг болон дүгнэлт гаргах явцыг л харж байгаа бус, тэдний хувь хүн болгоны онцлог, өөрийгөө ялж эсвэл өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч цаашид яаж өөрчлөгдөж байгааг их сайн харж чадна. Ямартаа ч энэ бол киноны түүхэн дэх сод бүтээлүүдийн нэг учраас үзэлгүй өнгөрч болохгүй байх. Үүнээс санаа авч Япончууд 12 ууртай эр, Оросууд 12 нэртэй кинонуудыг бүтээсэн нь бий. Эндээс Никита Сергеевичийн 12-ыг маш сайн гэх юм билээ.
Киноны зохиолыг телевизийн цувралаар дагнан зохиол бичдэг Режиналд гэх эрхэм бичжээ. 37 настай байхдаа бичсэн энэ бүтээлд нь алдаа гээд өлгөөд хэлчихээр зүйл анзаарагдсангүй. Зохиолч ямар нэгэн илүүц чимэглэл хийгээгүй бөгөөд дүрүүдийн онцлог, тэдгээрийг бага багаар ахиулж кино руу оруулж өгөхөд их сайн ажиллаж өгсөн нь харагдана.
Продюсераар 12 тангарагтны 8 дугаархын буюу хамгийн эхэнд эсрэг санал өгч үйл явдлыг ундаргагч эрхмийн дүрийг бүтээсэн Хенри Фонда ажиллажээ. Энэ кино бол түүний продюссингийн түүхэнд ердөө цорын ганц бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд үүнээс гадна ердөө хоёр телевизийн цуврал продюсерлэсэн байна. Мөн энэ кино нь академийн шилдэг кино төрөлд нэр дэвшиж байсан гэхээр хэр зэрэг чансаатай нь ойлгогдох биз.
Хөгжмийн зохиолчоор Кэнион Хопкинс гэх эрхэм ажиллажээ. Энэ кинонд ер нь хөгжим дуугараад сүйд болоод байхаар зүйлгүй. Үйл явдлуудыг хөгжмөөр хүчитгэсэн зүйлс ч бараг анзаарагдахгүй. Ер нь бол эхлэл төгсгөл хоёр дээр л жаахан хөгжим явах нь бий. Хуучны кино болоод ч тэр үү дуу чимээний хувьд бол бага зэргийн бэрхшээлтэй. Гэхдээ илүүц шуум багатай учраас киног ойлгож мэдэрч үзэхэд нэг их төвөг болохгүй. Хэдэн жилийн өмнө Bluray бичлэгтэй гарсан болохоор одоо илүүг хүлээгээд дэмий биз. Энэ киноноос өөлөх зүйл нь гэвэл ердөө дуу чимээний асуудал л байгаа.
VIDEO Ерөнхий зураглаачаар нь 1970-аад оныг хүртэл Холливудад идэвхтэй ажиллаж байсан Борис Кауфман гэдэг эрхэм оролцсон байна. Киноны зураг авалт их энгийн аятайхан. Хуучин цагийн хар цагаан кино учир өнгөний ялгарал гэж сүйд болоод байхаар зүйлгүй. Ерөнхийдөө цагаан өнгө давамгайлсан бүтээл. Нийтийн ярианы сценүүд дээр дээрээс хажуугаас бага зэргийн хөдөлгөөнтэй авсан зургууд байх бол ганцаарчилсан ярилцлага болон үг хэлж буй үед зөвхөн тухайн илтгэгчийн нүүрэн дээр гэрэл ойлгож тодруулах байдлаар огт хөдөлгөөнгүй зураг авсан байгаа. Зарим нэг сэтгэл хөдлөлийн үед камерийн хөдөлгөөн, таталт түлхэлт баймаар байсан боловч энэ нь тухайн үеийн техник, технологийн боломжиндоо хязгаарлагдсан байсан биз.
Эвлүүлэгчээр Карл Рернэр гэж 1973 он хүртэл 20 орчим бүрэн хэмжээний бүтээл дээр эвлүүлэгчээр ажилласан туршлагатай нэгэн ажиллажээ. Зураг авалтыг эвлүүлэхдээ тун нягт нямбай ажилласан байгаа. Үйл явдлууд , тэдэнтэй хамаарах деталь хэсгүүдийн логикийг алдаагүй сайн нийлүүлж өгсөн байна билээ.
Дүрүүдийн хувьд бүгд жигд сайн дүрээ гаргаж өгсөн. За тэр дундаа хамгийн сүүлд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч буй 3 дахь тангарагтны дүрийг хийсэн Лий Ж. Кобб /Lee J. Cobb/, нэлээд чамбай, реалист маягийн дүрийг бүтээсэн 4 дэх тангарагтан И. Ж. Маршал /E. G. Marshall/, ханиадтай яхир өвгөнийг бүтээсэн 10 дахь тангарагтай Эд Бигли /Ed Begley/ нарын жүжиглэлт ёстой тансаг. Тэдний тэсрэлт, эцсээ хүртэл зөрүүдэлж буй байдал, өөртөө итгэлтэйгээр бусдыгаа ятгахын сацуу дарамталж байгаа, уурлаж хилэгнэж байгаа, цөхрөнгөө барж байгаа гээд бүтээж байгаа дүрүүдийнхээ сэтгэл хөдлөлийг гайхалтай сайн гаргаж өгчээ. За ер нь тэгээд цөөн жүжигчдийн багаар хэрхэн мундаг кино хийж болдгийн тод жишээ нь энэ бүтээл мөн. Ямартаа ч орчин үеийн ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн энэ киног үзэхгүй өнгөрч болохгүй санагдлаа.
Холбоотой мэдээ Сэтгэгдэл (3) АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.